Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0300

 

 

 

“ХӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.В

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ХӨ” ХХК

Хариуцагч: Д аймгийн Хг сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хг сумын Я багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “ХӨ” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах”  шаардлага гаргасан.

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.В, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шд, хариуцагч Э.Бж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 116/2024/0043/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 53 дугаар зүйлийн 53.5-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “ХӨ” ХХК-ийн Д аймгийн Хг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Хг сумын Я багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “ХӨ” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.В шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Өнөөдөр алдарт М тал нутгийг маань зэрэмдэглэн сүйтгэж байгаа Нефтийн хайгуул, өрөмдөлт, машин механизмын дуу чимээ, тоос шорооноос ан амьтан нь хулжин дайжиж, өвс ногоо ч ургахаа больж, хааяагүй хэдэн мянган нефтийн цамхгууд өдөр шөнөгүй дохилзон ажиллаж, зарим газар нефтийн хаягдал нэлийтэл урсаж, байгаль орчин эх нутаг маань нүд халтирмаар сүйдэж байна

 

2.2. Хятадууд нефть олборлож эхэлснээс хойш М талын байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж нөхөж баршгүй гарз хохирол учирч байгааг төсөөлөхийн аргагүй.

 

2.3. Бид бүхний нүдэн дээр унаган төрхөө алдаж байгаа М их тал нь цагаан зээрийн гол бэлчээр нутаг бөгөөд жил бүр хэдэн зуун мянгаараа цагаан зээр сүрэглэн ирж өвөлждөг, олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт тэгш тал нутаг гэдгээрээ үнэлэгдэн дэлхийн шим мандлын салшгүй хэсэгт бүртгэгдэн хамгаалагдаж байдаг билээ. Иймд иргэд бид чадлынхаа хирээр хамгаалж, алга дарам газрыг нь ч гэсэн авч үлдэх юм сан гэж зүтгэж, хүний буруутай үйл ажиллагааны улмаас бий болж буй цөлжилттэй тэмцэж, шороо элсний нүүдлийг нь зогсоохын төлөө байдаг юм.

 

2.4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа "Тэр бум мод" тарих үндэсний хөдөлгөөний төслийг монголчууд бид баяртайгаар хүлээн авч өөр өөрийн нутаг орондоо ихээхэн ажил өрнүүлж байгаа билээ. Тус "ХӨ" ХХК нь Монгол төрийнхөө энэхүү мэргэн бодлого, буянт үйлсийг дэмжиж, хувь нэмрээ оруулах зорилгоор Д аймгийн ахмад настан иргэдийн санаачилгаар байгуулагдсан "Цөлжилтийн эсрэг-ХАМТДАА" ахмадын нөхөрлөл болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, мод үржүүлгийн газартай хамтран "мод тарьж, агро ойжуулалт" хийх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

2.5. Иргэд бид юуны өмнө М талыг сүйтгэж, байгаль орчны онгон байдлыг хайр найргүй устгаж байгаа гадаадын компанийн сэтгэлгүй хүйтэн цэвдэг мөнгөний төлөөх үйл ажиллагаанаас газар нутгаа хамгаалахын төлөө багахан ч гэсэн 15000 га талбайд мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан нөхөн сэргээлт хийх ажиллагааг эхний ээлжид Мэнэн, Тамсагийн бүс нутагт хэрэгжүүлэхээр зориг шулуудан хүчээ нэгтгэн ажиллаж байна. Иргэд Бидний мод тарьж, Агро-ойжуулалт хийхээр төлөвлөж байгаа газар нь Хг сумын төвөөс 250 км. Тамсгаас 70км-т орших алслагдсан хязгаар нутаг бөгөөд сүүлийн үед газрын тос олборлох ажиллагааны сөрөг нөлөөгөөр цөлжилт, доройтол, шар шороо элсний нүүдэлд хүчтэй өртөж буй бүс нутагт хамрагдаж байгаа юм.

 

2.6. Бид дээрх талбайд худаг ус гаргаж, мод тарьж, агро ойжуулалт хийн нөхөн сэргээлт хийхийн зэрэгцээ эхний ээлжид 3-5 сая мод бүхий хамгаалалтын ойн зурвас байгуулж, цаашид 10-20 сая мод тарих эдийн засгийн боломж нөхцөлийг бүрдүүлээд байна. Тэр ч байтугай ойн зурвас хооронд хүнсний тосны үнэт түүхий эд болох "СЭНДЭН" мод тарихаар суулгацыг нь авах гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна.

 

2.7. Уг нь Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 тоот тогтоолоор Тус "ХӨ" ХХК-ийн хүсэлтийн дагуу сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулж, "Я" багийн нутаг дэвсгэрт X" ****76.59 Y" ****269.62 координат бүхий 15000 га газарт мод тарьж, газар хамгаалахыг дэмжсүгэй, гэж шийдвэрлэн тодорхой эрх зүйн акт гаргасан юм.

 

2.8. Уг тогтоолыг зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газар хянаж үзээд зөрчилгүй болохыг тогтоон 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1/2052 тоот дүгнэлт гаргаж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Хг сумын Засаг даргад 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1/2053 тоот албан бичгээр хүргүүлэн дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

 

2.9. Үүнд: “зөрчилгүй нэгж талбарыг Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүртгэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг боловсруулж баталгаажуулах ажлыг хэрэгжүүлж ажиллана уу” гэжээ. Энэ дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2024-09-1/697 тоот албан бичиг үйлдэн Хг сумын Засаг даргад зөвлөмж, хүргүүлсэн байна.

 

2.10. Гэтэл Хг сумын Засаг дарга тус "ХӨ" ХХК-ийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй энэ үеийг хүртэл саатуулж, Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ зөрчиж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй дэргэд нь байгаа М тал нутаг нь аюултай байдалд орж байгааг мэдсээр байж юу ч хийхгүй байгаа нь гайхмаар байгаа бөгөөд бараг "гэмт хэргийн" шинжтэй байна гэж үзэхэд хүргэж байна.

 

2.11. Ийм ч учраас миний бие Д аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргасан юм.

 

Үүнд: - Хг сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Уртын хөндийн 01 тоотод байрлах цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн 15000 га хадлангийн газрыг газар хамгаалах мод тарьж, агро ойжуулалт хийх зориулалтаар ХӨ ХХК /РД 2801671/-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх асуудлыг "Газрын тухай хуулийн 53.5... Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас байгуулах зэргээр өөрийн хүч хөрөнгөөр санхүүжилт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг эзэмшүүлж болно гэж заасны дагуу Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 тоот тогтоолыг үндэслэн шийдвэрлэж өгөхийг тус сумын Засаг дарга Э.Бжд даалгаж өгөхийг хүссэн юм.

 

2.12. Өргөдлийн үндэслэл ердөө л энэ. Мод тарих хөдөлгөөнөө эхлүүлээч Үндсэн хуульд Байгаль хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан эрх үүргээ хэрэгжүүлэх иргэд бидний санал санаачилгыг дэмжээд өгөөч л гэж байгаа юм. Гэтэл юу болов гэмээр гайхмаар шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа. Шүүхэд ийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв өө?  Мод тарих төрийн бодлогын эсрэг ингэж хандах шалтаг, шалтгаан хаанаас гарав аа?  Аль эсвэл Нефтийн талбайгаа өргөтгөх алсын зорилго бүхий хөрөнгө мөнгө ихтэй гадаадын компани Хг сумын удирдлага болон эрх бүхий хүмүүст нөлөөлөөд байна уу... гэж хардахад хүргэж байна.

 

2.13. Ер нь энэ үйл явдал бол зүгээр нэг асуудал биш, ноцтой учир шалтгаантай нь тодорхой байна. Энэ ноцтой үйл ажиллагаа, гэм буруутай хүмүүсийн үйлдлийг зохих газарт нь хандан шалгуулах эсэхээ ч бодоход хүргэж байна. Хг сумын Засаг дарга: Шүүх хурал дээр тус компанийн мод тарьж, агро ойжуулалт хийх бүс нутагт "Цөлжилт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь бүр ч гайхмаар байна. Мэнэн Тамсагийн талыг ТАМ болтол доройтуулж, нийгмийг хамарсан бухимдал тэмцэлд хүргээд байгаа сумын Засаг дарга ийнхүү худал хуурмаг тайлбар хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Мөн Хг сумын Засаг дарга, түүний Тамгын газарт удаа дараа хандан мод тарьж, агро ойжуулалт хийн нөхөн сэргээлт хийх хүсэлтээ Газрын тухай хуульд заасан нэмэлт материалыг нэг бүрчлэн бүрдүүлэн хүлээлгэн өгсөөр байтал хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна.

 

2.14. Гэтэл Монгол орон маань цөлжилт эрчимтэй явагдаж буй дэлхийн 10 орны тоонд багтаж, Д аймаг маань цөлжилт доройтолд хамгийн ихээр өртөж буй 8 аймагт нэрлэгдэх болсныг хэн бүхэн мэдэж байгаа билээ. Түүгээр ч үл барам хуулиас давсан журам зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газраас нэг бүрчлэн цуцлуулж байгааг мэдсээр байж Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн Ерөнхий газрын зөвлөмжид дурдсан хуулиас давсан тайлбарыг иш татан /энэхүү журмууд нь бүрэн цуцлагдсан байна. / Газрын тухай хуулийн 53.5 дахь хэсэгт дурдсан заалтыг хүчингүй болсон мэтээр шүүхийн өмнө тайлбарлаж буй Хг сумын Засаг даргын үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2.4 шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэсэн заалтыг илтээр зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна. Гэтэл шүүх хэт нэг талыг барин дээрх хүчингүй болсон журмыг үндэслэл болгон шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.

 

Иймд Дэлхийн байгалийн шим мандлын нэгээхэн хэсэг болсон "Д монголын дархан цаазат газар" болон "Мэнэн" "Тамсаг"-ийн бүс нутгийг цөлжилт доройтлын гамшигт үзэгдлээс хамгаалах үйлсэд багахан ч болов ашиг тусаа өгөх тус "ХӨ" ХХК-ийн санал санаачилгын ач холбогдлыг анхааран үзэж Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч ХӨ ХХК-иас Д аймгийн Хг сумын Засаг даргад холбогдуулан ““Хг сумын Я багийн нутаг дахь хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан хамгаалах зориулалтаар 15,000 га газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, цөлжилтөөс хамгаалах зорилгоор ахмадын нөхөрлөл байгуулж ажиллаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18/03 шийдвэр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсны дагуу мод тарьж, агро ойжуулалт хийхээр 15,000 га газрыг эзэмшүүлэх хүсэлтийг хариуцагчид гаргасан боловч шийдвэрлэж өгсөнгүй” гэж маргажээ.

3.Хариуцагчаас “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 18/03 дугаар тогтоолоор газрыг эзэмшүүлж, ашиглахгүйгээр зөвхөн мод тарихыг дэмжиж гарсан. Маргаан бүхий газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхгүй, нийтийн эдэлбэр газраар ашиглуулна.” гэсэн тайлбарыг өгчээ.

4.Д аймгийн Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолоор[1] “...Я багийн нутаг дэвсгэрт мод тарьж газар хамгаалахыг дэмжих”-ээр шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын дагуу Хг сумын 2 дугаар баг, Я багийн нутаг дэвсгэр “Уу” гэх газарт мод тарих, газар хамгаалахыг дэмжих үйл ажиллагааны зориулалтаар 15,000 га газрыг эзэмших талаар төлөвлөгөөнд тусгасан.[2]

5.“ХӨ” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн Хг сумын Засаг даргад хандан “...Я 2-р багийн нутаг дэвсгэрт Уртын хөндийн 01 тоотод байрлах цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн 15,000 га газрыг газар хамгаалах, мод тарьж, агро ойжуулалт хийх зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх” хүсэлтийг гаргажээ.

6.Хэрэгт авагдсан баримт, хариуцагч талын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг хариуцагчаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 1/2044, 1/2052 албан бичгүүд, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д заасныг үндэслэн газар олгох боломжгүй, нийтийн эдэлбэр газрын зориулалтаар ашиглах боломжтой гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.  

7.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг эзэмшүүлж болно” гэж тус тус заажээ.

8.Д аймгийн Хг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18/03 дугаар тогтоолоор “...Я багийн нутаг дэвсгэрт мод тарьж, газар хамгаалахыг дэмжих”-ээр шийдвэрлэсэн боловч  нэхэмжлэгч компани маргаан бүхий хадлангийн газарт өөрийн хүч, хөрөнгөөр мод тарьж, сайжруулалт хийж ойн зурвас бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Сумын Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг дээр дурдсан Газрын тухай хуулийн холбогдох заалтад буюу хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж үзэх шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

9.Түүнчлэн Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын агуулга нь сумын Засаг даргад хадлангийн газрыг иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн шинжтэй бус харин тодорхой нөхцөл хангасан иргэн, хуулийн этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх бүрэн эрхийг Сумын Засаг даргад олгосон хуулийн заалт гэж ойлгохоор байна.

10.Иймээс анхан шатны шүүхийн “... Сумын Засаг дарга газрын алба, газрын даамлын зөвшөөрлөөр хадлангийн талбайг усалгаатай болгосон, ойн хамгаалалтын зурвас бий болгосон зэргээр тухайн хадлангийн талбайн үр өгөөж, ашиглах нөхцөлийг зориулалтынх нь дагуу сайжруулж, хамгаалсан этгээдэд Хурлын шийдвэр, зөвшөөрлийн үндсэн дээр хадлангийн талбайг зориулалтын дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэж болох бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эсэх нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

11.Харин нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу дахин газар эзэмших хүсэлт гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдав.

12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Вгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 26 хуудас

[2] Хавтаст хэргийн 30 хуудас