Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн /№1030/

Шүүгдэгч Ц.Лувсандорж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Лувсандоржид холбогдох 201612000124 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1944.10.06-нд төрсөн, эрэгтэй, 72 настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Хулд сум 2-р баг “Олгойн тойром”-ын “Шар тохойн” бууцанд нутагладаг гэх, Засгийн газрын хүндэт жуух бичиг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ХХААЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1991 оны “Улсын аварга” малчин, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ44100615/ Бадрах овогт Цэндийн Лувсандорж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр аймгаас Хулд сум руу гэрийн зүг хэдэн хүн аваад явсан. Бодьсогийн уснаас баруун тийш Баяраагийн бууцны тэнд явж байхад зөв талын урд дугуй хагараад руль зөв тийш булааж дугтарсан. Аспальтан зам дээр чулуу байсан, түүнийг дайрсан. Тэгээд руль ажиллагаагүй болсон. Тэгээд тоормос гишгэх боломж олдохгүй Цаад зайд нь тоормос гишгэх боломж олдохгүй машин далан даваад унасан. Миний машины хөндлөн чак, урд чулак хоёрын завсар чулуу хавчуулагдаад руль залах боломжгүй болсноос болж ойчсон гэж Н.Батчулуун гэдэг хүн дүгнэлт гаргасан. Манай хүргэн Эрдэнэбулган лоом төмрөөр хөшиж  байж чулууг авч хаясан гэсэн. Миний хувьд машин барьж яваад унасан. Мэдүүлгээ цаг тухайд нь бүрэн дүүрэн өгч чадаагүй байсан. Хангалттай дүгнэлт гаргасангүй гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ө.Баттөрийн “2016.06.20-ны өдөр Дундговь аймагт айлын ажил явдалд оролцоод Ц.Лувсандорж, Уламбаяр, Бадамханд, Түвшинчимэг бид хэд Хулд сум явах гэж байтал замын хүн болох Гүнсэндулам, Өлзийсайхан нартай таараад Хулд сум руу хамт 16 цагийн үед явсан. Тэгээд Луус өнгөрөөд унтаж явсан. Тэгтэл гэнэт хүн хөөе гэсэн би хальт сэрээд хартал машин замын хажуу талын далан руу тонгойж байсан. Тэгээд нэг мэдэхэд машины 4 дугуй дээшээ хараад онхолдсон. Ард сууж байсан би Бадамханд, Уламбаяр, Гүнсэндулам, Түвшинчимэг бид хэд машины цонхоор гараад урд сууж байсан. Лувсандорж, Өлзийсайхан 2-н хаалгыг онгойлгож өгөөд гаргасан. Миний 6, 7 дугаар хүзүү хугарсан. Өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-30/

- Шинжээчийн 2016.06.24-ний өдрийн 8835 тоот дүгнэлтэд Ө.Баттөрийн биед хүзүүний нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 6-р нугалмын 2 талын хөлөнцрийн хугарал, хүзүүний нугасны няцрал, хүзүүний орчмын зөөлөн эдийн няцрал зулайн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ /хх-70-71/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-10/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 20-23/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/

- Шинжээчийн 2016.07.09-ний өдрийн дүгнэлтэд “1. Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнийн 2016.06.07-ны өдөр гаргасан ослын акт үндэслэлтэй байна. 2. Ланд-80 маркийн 79-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Лувсандорж нь МУ-ын ЗХД-ийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ /хх-73/

- Шинжээчийн 2016.09.03-ны өдрийн дүгнэлтэд “1. Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Нэмэхбаярын 2016.07.09-ний өдөр гаргасан ослын акт үндэслэлтэй байна. 2. Ланд-80 маркийн 79-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Лувсандорж нь МУ-ын ЗХД-ийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ /хх-76/

- Шинжээчийн 2016.11.05-ны өдрийн 607 дугаар дүгнэлтэд “1.Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Жолооч Ц.Лувсандорж нь МУ-ын ЗХД-ийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Жолооч Ц.Лувсандорж нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталсан бол замын эсрэг урсгалд байсан чулууг мөргөхгүйгээр өөрийнхөө урсгалд зогсох боломжтой. 4. Хариулт 3-р хариулагдсан гэжээ /хх-138-139/

- Шинжээчийн 2016.07.07-ны өдрийн техникийн дүгнэлтэд “1. 79-39 ДУА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл нь 2016.04.13-нд Дундговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан байх талтай. 3. Ослын улмаас урд купер хэмхэрсэн, баруун зүүн урд крыло хэмхэрч урагдсан. Урд их гэрэл, дохионы гэрлийн хамт хагарсан. Копуд цөмөрсөн. Урд хөндлөн травис зүүн тийш гүйж муруйсан, нүүр хагарсан, лонжром пөмбийсөн, дээд хөндлөн травис муруйсан, гидрийн трүба тасарсан, кабин хэмхэрч яажийсан, салхины бүх шилнүүд хагарсан, тольнууд хагарсан, хөргөлтийн болон кондейшиний радиатор  хагарсан, аккумляторын суурь хагарсан, агаар шүүгчний суурь хагарсан, рүлийн хөндлөн татуурга муруйж тэнхлэг алцайсан. Урд 2 дугуй хагарсан зэрэг эвдрэл гэмтэл илэрлээ. 4. Дээрхи эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн бөгөөд тээврийн хэрэгсэл асах боломжгүй тул тоормоз болон бусад эд ангийг хэвийн ажиллагаатай эсэхийг шалгах боломжгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь зүүн урд дугуйгаараа зам дээр байсан чулууг мөргөж хагарсан, тухайн том чулуу нь урд тэнхлэг рүлийн хөндлөн татуурганы завсар хавчуулагдаж рүлийг хөдөлгөх боломжгүй гацааснаас болж осол болсон байх талтай” гэжээ. /хх-44/

Дээрх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Лувсандорж нь 2016 оны 6 сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хулд сумын төвөөс хойш 12 км-т Бодьсог гэх газарт 79-39 ДУА улсын дугаартай Тоёота Ланд круй,зер-80 маркийн автомашиныг жолоодон явж байхдаа засмал замын сөрөг урсгал дээр байсан гэх чулууг дайран дээгүүр нь гарч, улмаар замын хажуугийн далангийн ус зайлуулах хоолойг даван онхолдон унаж, зам тээврийн осол гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас зорчигч Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Ш.Бадамханд, Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг, жолооч Ц.Лувсандорж нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр / хх-70-71, 45, 47, 51, 56, 61/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Лувсандорж нь “зөв талын урд дугуй гэнэт хагараад руль зөв тийш булааж дугтарсан, улмаар сөрөг урсгал дээр байсан чулууг дайрсан. Руль ажиллагаагүй болж, тоормос гишгэх боломж олдохгүй машин далан даваад унасан” гэж мэдүүлж байна.

Техникийн шинжээчийн дүгнэлтэд /хх-44/ “Тухайн тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан байх талтай. Ослын улмаас…., рүлийн хөндлөн татуурга муруйж тэнхлэг алцайсан. Урд 2 дугуй хагарсан зэрэг эвдрэл гэмтэл илэрлээ. Дээрхи эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь зүүн урд дугуйгаараа зам дээр байсан чулууг мөргөж хагарсан, тухайн том чулуу нь урд тэнхлэг рүлийн хөндлөн татуурганы завсар хавчуулагдаж рүлийг хөдөлгөх боломжгүй гацааснаас болж осол болсон байх талтай” гэсэн, гэрч  Р.Эрдэнэбулганы “би тэр өдөр очиж машиныг нь чирээд босгоод явах гэтэл руль нь хөдлөхгүй гацсан байсан. Доогуур нь ороод хартал рулийн хөндлөн чак, чулак 2–ын завсар том чулуу хавчуулаатай, хөндлөн чак муруйсан байсан. Тэгээд лопаткаар цохиж хагалж авсан. Тэгээд руль зүгээр хөдөлж байхаар нь чирүүлээд гэрийнхээ хашаанд авчирч тавьсан” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн сөрөг урсгал дээр байсан гэх чулууг мөргөхөөс өмнө зөв талынх нь урд дугуй хагарч, улмаар уг чулууг дайран гарсаны улмаас зүүн урд дугуй хагарсан, тухайн том чулуу нь урд тэнхлэг рүлийн хөндлөн татуурганы завсар хавчуулагдаж рүлийг хөдөлгөх боломжгүй гацааснаас болж осол болсон байх боломжтой байна.

Гэхдээ 2016 оны 6 сарын 23-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-25/ “…чулуу орсон байсан гэх рулийн чулакны хэсэгт ямар нэгэн чулуу байхгүй, шавар болсон байлаа. Машины жолоочийн эсрэг талын дугуй хагархай обудны дотор талд хэсэг газар цөмөрсөн байлаа” гэсэн, үзлэг хийх үеийн гэрэл зураг /хх-27/ зэрэгт тухайн автомашины зөв талын дугуй хагарсан байсан эсэх талаар тэмдэглэгдээгүй хирнээ 2016 оны 7 сарын 6-ны өдөр техникийн шинжээч очиж үзэхэд автомашины урд 2 дугуй хагарсан байсан нь шүүгдэгчийн мэдүүлгийг эргэлзээтэй болгож байна. Мөн тухайн үед автомашинд зорчиж байсан хүмүүс зүүрмэглэж явсны улмаас осол гарсан нөхцөл байдлын талаар мэдээгүй болох нь зорчигч Ш.Бадамхандын тайлбар /хх-19/, насанд хүрээгүй гэрч Б.Гүнсэндулам, гэрч Т.Өлзийсайхан, Р.Түвшинчимэг, Л.Уламбаяр нарын мэдүүлэг /хх 35-41/, хохирогч Ө.Баттөрийн мэдүүлэг /хх-30/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад баримтаар давхар нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тухайн зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 3-н удаагийн шинжээчийн дүгнэлтийг баримтлахаар шийдвэрлэлээ.

Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Энэхүү үүргээ мэдсээр байж, үүргээ зөрчсөний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.

Үүнд: хөдөлгөөнд оролцож байх үедээ автомашины дугуй гэнэт хагарсны улмаас жолоодлого алдан зам тээврийн осол гаргах, зам дээр байсан чулууг харалгүй дайран гарсны улмаас зам тээврийн осол гаргах үйлдлийн аль аль нь хамаарахыг шүүгдэгч Ц.Лувсандоржид тайлбарлах нь зүйтэй.

Эдгээр нөхцөл байдал, баримтыг харгалзан шүүх жолооч Ц.Лувсандоржийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын ”Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргээс үзэхэд жолооч Ц.Лувсандорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.-ын “б”-д жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт, мөн дүрмийн 21.8-ын “а”-д тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглосон заалтыг тус тус зөрчсөн болох нь тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, гэрэл зураг 79-39 ДУА автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Эдгээр зөрчил нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй боловч цаашид ийм зөрчил гаргахгүй байхыг жолооч Ц.Лувсандоржид анхааруулах зорилгоор энэ тухай дурьдлаа.

 

2/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Зам тээврийн ослын улмаас зорчигч Ш.Бадамханд, Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг, жолооч Ц.Лувсандорж нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй боловч тухайн автомашинд явсан нэг зорчигч болох Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан үйлдэлд нь Ц.Лувсандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа тул энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Бадамханд, Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг нарын бие махбодид учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулсан зардал, эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт нэг мөр шийдвэрлэх ёстой. Гэвч иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч Ц.Лувсандоржоос ямар нэгэн төлбөр зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд энэ тухай шийтгэх тогтоолд дурьдаж, иргэний нэхэмжлэгч нар нь жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдлээ.

Хохирогч Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлүүлэхийн тулд хэн нэгнээс төлбөр зардал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан нь тодорхой боловч Ө.Баттөр нь мөн хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч Ө.Баттөр нь эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Бусдын эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбогдон гарсан зардал, иргэний нэхэмжлэл нь Ц.Лувсандоржийн үйлдсэн энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул дээрх шийдвэрийг гаргалаа.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Лувсандорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа /хх-86/ хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь хохирогч Ө.Баттөр, иргэний нэхэмжлэгч Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг нарын тайлбар /хх-11-12, 15-19/, мэдүүлэг /хх-30, 31-41/, хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт санал /хх 118-122/, Ц.Лувсандоржийн охин Алтантуяагийн ХААН банкны депозит дансны 2016 оны 6 сарын 1-нээс 6 сарын 30-н хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /4 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.10-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн шүүгдэгч Ц.Лувсандорж нь 72 настай, нутаг орондоо нэр хүндтэй, сайн малчин бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул шүүгдэгчийн “миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Мөн энэ зүйл хэсэгт заасан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан хугацааны дээд хэмжээнээс дээш буюу “хоёроос гурван жил хүртэл хугацаагаар хасах” гэж ойлгож хэрэглэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Лувсандорж нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч болох 2 тооны тэмээг битүүмжилсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй,  мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх-107/ хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293.2, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бадрах овогт Цэндийн Лувсандоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Ө.Баттөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ц.Лувсандоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Лувсандоржид оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Лувсандорж нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогч Ө.Баттөр, иргэний нэхэмжлэгч Ш.Бадамханд, Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Лувсандоржид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Лувсандоржид энэхүү тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч Ө.Баттөр, иргэний нэхэмжлэгч Ш.Бадамханд, Т.Өлзийсайхан, Л.Уламбаяр, Р.Түвшинчимэг нар нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ц.Лувсандоржоос нэхэмжлэх эрхтэйг заасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ц.Лувсандоржийн 2 тооны тэмээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.09.20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тоёота Ланд круйзер-80 маркийн 79 39 ДУА улсын дугаартай автомашины №АЯ03275779 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Лувсандоржид буцаан өгч, Ц.Лувсандоржийн №426041 дугаартай B ангиллын жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ талаар прокурорт мэдэгдэж, баримтыг 201612000124 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.     

10. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лувсандоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ