Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0654

 

2021 10 13 128/ШШ2021/0654

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э.Э.Б.Э.Г” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 тоот тушаал хууль бус болохыг тогтоож “Э.Э.Б.Э.Г”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Улаанбаатар хот Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс болох А аманд 3,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх авсан.

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч, гэрчилгээ гарсан боловч Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаатай хамтран хийх 3 талт гэрээ хийгдэхгүй удаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Д******* болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А******* нартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019/155 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж, тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар төлөвлөж, хашаа татаж, барилгын ажлаа эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байх үеэс эхлээд манай газартай холбоотой асуудлаар шүүхийн маргаан эхэлж он дамжин үргэлжилсний эцэст энэ оны буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн ... дүгээр тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж бид өөрсдийн газартайгаа үлдэж чадсан. Гэвч энэхүү шүүхийн маргаан дөнгөж дуусмагц Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаал гарч, манай компанийн эзэмшиж байгаа газрын эрхийг хүчингүй болгосон байна.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын 1 дэх хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэжээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байдаг бөгөөд хуульд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд цуцлах үндэслэл болох учиртай. Манай компанийн хувьд дээр дурдсанчлан хуульд заасны дагуу ашиглахын тулд зайлшгүй шаардлагатай байдаг 3 талт гэрээг биднээс шалтгаалахгүй байдлаас болж 2019 онд байгуулсан, гэрээ байгуулмагц тухайн газартай холбоотой шүүхийн маргаан эхэлж жил гаруй үргэлжилсний эцэст 2021 оны эхээ буюу дэлхий нийтийг хамарсан коронавирусын ид дэгдэлтийн үеэр саяхан дууссан. Манай газартай холбоотой шүүхийн маргааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 128/ШЗ2019/8... дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамжаар актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд, биднээс шалтгаалахгүй нөхцөлөөр 3 талт гэрээ байгуулаагүй, тухайн газартай холбоотой шүүхийн маргаан удаан үргэлжилсэн учраас үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй байхад эсхүл тухайн газартай холбоотой шүүхийн маргаан өрнөж байхад хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй учраас газрыг зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын 1 дэх хэсэгт ... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэжээ. Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд үүргийг хойшлуулах, чөлөөлөх асуудал яригддаг. Манай компани газрын асуудал маргаантай, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй, эргэлзээтэй нөхцөл байдалд байсан хэдий ч Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хууль болон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-нд заасны дагуу газрын төлбөрүүдийг төлж ирсэн. Иймд газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлгүй.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын үндэслэх хэсэгт заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 буюу Хязгаарлалтын бүсийн дэглэм (Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно: аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах)-ийг зөрчиж аялагчдын түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаас өөр орон байр барьсан зүйл байхгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх болох тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд саад болж байгаа тухай мэдэгдэж байгаагүй. Мөн үндэслэх хэсэгт заасан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ зөрчсөн үйл байхгүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2019/155 тоот Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г зөрчсөн тухай ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэдий ч биелүүлж байсан.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 28 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг хэрэгжүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байхад хуулийн энэхүү заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг цуцалсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..., , мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх..., 35.3.3-т ...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх..., 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах... гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл “Э.Э.Б.Э.Г” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд 3.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дах заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан гэтэл нэхэмжлэгч нь гурвалсан гэрээ 2019 онд байгуулсан нь дээрх журмыг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Э.Э.Б.Э.Г ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, Э.Э.Б.Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дүгээр тушаалаар Б уулын А аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан байх бөгөөд[2] уг тушаалыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0160...  дугаар газар ашиглах гэрчилгээг олгожээ[3].

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байжээ.

Мөн нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан байна[4].

Уг гэрээгээр мөн газар ашиглах хугацааг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэж заажээ.

Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Э.Б.Э.Г ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ[5].

Дээрх маргаан бүхий тушаалын хавсралтын 98 дугаарт нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК-ийн нэр бичигдсэн байна.

I. Нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зөрчлийг гаргасан эсэх үндэслэлийн тухайд;

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК нь 2018 онд 49,174,000 төгрөг, 2019 онд 21,150,000 төгрөг, 2020 онд 25,052,391 төгрөг, 2021 онд 124,317,369 төгрөгийг газар ашигласны төлбөрт төлсөн талаарх баримт, лавлагааг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс тус шүүхэд ирүүлжээ[6].

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

II. Нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зөрчлийг гаргасан эсэх үндэслэлийн тухайд;

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.; гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газрыг зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөл бүрдсэн, газрыг зориулалтын дагуу ашиглахад саад болох хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлөхөөргүй байх бөгөөд тийм нөхцөл бүрдсэн байхад 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр газар ашиглах гэрчилгээтэй газраа зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөл бүрдээгүй байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2019/3... дүгээр захирамжаар Эгарден ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай 128/ШЗ2019/4... дугаар захирамжаар “Э.Э.Б.Э.Г”  ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулжээ[7].

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн тухай 793 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, ... тухай 128/ШЗ2019/8... дугаар захирамжаар Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[8].

Дээрх “Э.гарден” ХХК, иргэн Ж.О нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байх бөгөөд[9] шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Э.гарден” ХХК, Ж.О нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 11 дүгээр шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ[10].

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлгүй байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь шүүхийн маргаантай, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаарх нөхцөл байдлыг мэдэж байсан атлаа нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгаж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй байна.

III. Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлийн тухайд;

Нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компани хүлээж аваагүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 09/7988 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

IV. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд;

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх хуралдаан товлон зарлах тухай128/ШЗ2021/6165 дугаар захирамжаар уг хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлон зарлажээ[11].

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2021/6... [12], 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/....[13], 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2021/7...[14], 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2021/7...[15] дүгээр захирамжуудаар нийт 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай, ээлжийн амралтын хугацааг дуусах хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн[16] бөгөөд шүүхээс жинхэнэ хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн[17] боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/47.. дугаартай албан бичгээр Өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй гэх агуулга бүхий хариуг ирүүлсэн[18] тул ээлжийн амралттай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчны сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “Э.Э.Б.Э.Г”  ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын хавсралтын 98 дугаарт бичигдсэн “Э.Э.Б.Э.Г”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Э.Б.Э.Г”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 86-87 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 156-160 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 8-9 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 8-10 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 96-88 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 6-7 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 43-46 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 49-59 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 60-114 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 115-119 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 214 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 218-219 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 231-232 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 14-15 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 25-26 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 21 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 30 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 41 дүгээр хуудас