Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 181/2019/00160/И |
Дугаар | 181/ШШ2019/02123 |
Огноо | 2019-10-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2019/02123
2019 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2019/02123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, Ерөнхий шүүгч Б.Баатар, шүүгч Ч.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Г ХХК-д холбогдох,
Иргэний нэр төр алдар хүндийг ашигласны хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Кармен Фратита Флорина, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, орчуулагч А.Пүрэвдаваа, иргэдийн төлөөлөгч М.Цэнгэлсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч компани нь Европын холбооны 5 сая орчим долларын санхүүжилттэй, 4 жил үргэлжлэх TRAM төсөлд оролцохоор болсон. 2016 онд зарлагдаж Монгол үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэд хэдэн компани тендерт өрсөлдсөн боловч Германд бүртгэлтэй Го компани ялж 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төсөлд оролцоогүй байхдаа 2016 оны 10 сарын эхээр Го компаниас надтай холбогдож тендерт орж ялалт байгуулахад нь туслахыг хүссэн ба миний бие мэргэжлийн эдийн засагч, судлаачийн хувьд Монголын гадаад худалдааны талаарх судалгаа, мэдээлэл, зөвлөмжүүдээр тус компанийг ханган бүхий л чадлаараа ажилласан. Улмаар тус компани намайг тендерт орох багийн гишүүнээр урьсан бөгөөд надаас шаардагдах анкет, бичвэр ярилцлагууд гээд бичиг баримтуудыг бүрдүүлэн авсан. Тендерт ялсан тохиолдолд non-key expert буюу төслийн хэрэгжүүлэгч экспертийн ажлыг өгнө хэмээн санал болгосон, тендерт ялахад тухайн улсын иргэн, нутаг орны мэдлэг, туршлагатай эдийн засагч, экспертүүд оролцох чухал үүрэгтэй байдаг.
TRAM төслийн тендерт миний хамтран оролцсон Го компаний баг ялсан бөгөөд харамсалтай нь тендер авсныхаа дараа тэд надад тавьсан саналаасаа татгалзаж өөр хүмүүсээр багаа бүрдүүлэн төслийг эхлүүлж, хэрэгжүүлэн явж буй нь шударга бус явдал юм.
Энэ асуудлаар миний бие Го компаний менежер Kim Cacace, TRAM төслийн удирдагч эксперт Тоби Филпотт нартай холбогдсон боловч тоймтой тайлбар аваагүй бөгөөд, надтай дахин холбогдоно хэмээгээд өдийг хүртэл холбогдоогүй зугтаасан.
Миний ажиллаж байсан газар, дадлага туршлага, нэр хүндийн талаарх мэдээллийг агуулсан танилцуулга, мэдлэг оюун ажил хөдөлмөрийг минь ашиглан тендер шалгаруулалтад оролцож ашигтай байдлыг бий болгосны дараа хөсөр хаяж байгаа нь монгол хүний үнэлэмжийг дордуулсан тохуурхсан явдал болсон.
Хариуцагч тал намайг ажилд авна, өндөр цалингаар хангах үүрэг хүлээсэн байсан боловч энэхүү хэлцэлдээ хүрэлгүй хуурч миний нэр төр алдар хүндийг ашиглаж тендерт ялсан явдал нь надад сэтгэл санааны хохирол учруулсан төдийгүй, хууртагдсаны улмаас миний бие өөр ажил хайх, ажилд орох боломжоо алдан 2 жил ажилгүй сууж санхүүгийн хохирол амссан тул хохирлыг буруутай хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Го ХХК нь ХБНГУ-д хуулийн этгээдийн бүртгэлтэй. Манай компаний зүгээс Х.Б гэдэг хүнтэй холбогдоогүй, бид нэхэмжлэгчийг ажилд авна гэж хэзээ ч санал тавьж байгаагүй, бидний хооронд ямар нэгэн гэрээ контракт байгуулагдаагүй юм. Тухайн үед Го ХХК богино хугацааны бие даасан зөвлөхөөр ажиллаж байсан Ина гэх эмэгтэйтэй холбогдож хамгийн анхны удаа 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр и-мэйлээр харилцсан байдаг. "Бидний тендерийн саналд үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр танилцуулагдах сонирхол байгаа бол та өөрийн анкетаа төслийн шаардлага болох худалдааны талаарх өөрийн туршлагаа онцгойлон дурьдаад бидэнд явуулна уу" хэмээн харилцаж байсан.
Нэхэмжлэгч тендерийн саналд ямар ч мэргэжлийн болон техникийн хувь нэмэр оруулаагүй, ямар ч баримт бичиг, ярилцлага өгөөгүй. Харин тендерийн саналд зөвхөн зураг бүхий урьдын ажиллаж байсан туршлагыг хавсаргаж өгсөн. Го ХХК нэхэмжлэгчийг TRAM төслийн тендерийн саналд үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр танилцуулсан ба Х.Б нь тендерийн саналд үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр танилцуулсан 18 хүний нэг нь юм. Зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тохиолдолд тухайн тодорхой үйл ажиллагааны даалгаварыг нарийвчлан гаргаж энэ үйл ажиллагааны зөвлөхийн Анкетийг санал болгодог.
Иргэний хуулийн 9.1-т иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл бий болно. Гэтэл нэхэмжлэгч Х.Батсуурийн хувьд Го ХХК-ийн хувьд гэрээний болон үүргийн эрх зүйн харилцаанд оролцсон нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Х.Б болон хариуцагчийн хооронд гэрээ байгуулагдаагүй, түүний эрхийг ноцтой зөрчсөн түүнд эдийн засаг болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл байхгүй. Го ХХК-ийн зүгээс арх ашгийг зөрчсөн, хохироосон эрх зүйн харилцаа бий болоогүй учраас хариуцагч биш гэж үзэж байна. Х.Бтай гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас түүний өмнө бид ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй.
Тендер сонгон шалгаруулах болон TRAM төсөл хэрэгжиж байх хугацаанд нэхэмжлэгч өөр ажил хайх эрх нь нээлттэй, Го ХХК өөр ажилд орохыг нь хориглоогүй, ялангуяа төслийн саналд богино хугацааны зөвлөхөөр ажиллахаар танилцуулагдсан тохиолдолд "Давуу тал, чадавхийн тухай" мэдэгдэлд гарын үсэг зурах шаардлагагүй байдаг. Энэ мэдэгдэлд үндсэн зөвлөхөөр ажиллахаар танилцуулагдсан экспертүүд заавал гарын үсэг зурах шаардлагатай байдаг.
Х.Батсуурийн нэр төрийг ашиглаж тендерт ялсан, түүнийг сэтгэл санааны хохиролд оруулсан үйлдэл гаргаагүй, Тэрээр үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр ажиллах ажлын нөхцөлийн талаар буюу байнгын ажлын байр биш гэдгийг мэдэж байсан. Х.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б, ХБНГУ-ын “ГО Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг” төлөөлөгчийн газарт холбогдуулан иргэний нэр төр, алдар хүндийг ашигласны хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ...”Го”-гиас надтай холбогдож тендерт ялалт байгуулахад нь туслахыг хүссэн ба миний бие мэргэжлийн эдийн засагч, судлаачийн хувьд Монголын гадаад худалдааны талаарх судалгаа, мэдээлэл, зөвлөмжүүдээр тус компанийг ханган бүхий л чадлаараа ажилласан. ...намайг тендерт орох багийн гишүүнээр урьсан бөгөөд надаас шаардагдах анкет, бичвэр ярилцлагууд, бичиг баримтуудыг бүрдүүлэн авсан, ...тендер авсныхаа дараа тэд надад тавьсан саналаасаа татгалзаж өөр хүмүүсээр багаа бүрдүүлэн төслийг эхлүүлж, хэрэгжүүлэн явж буй нь шударга бус явдал юм” гэж,
-хариуцагч “Манай компаний зүгээс Х.Б гэдэг хүнтэй холбогдоогүй, бид нэхэмжлэгчийг ажилд авна гэж хэзээ ч санал тавьж байгаагүй, бидний хооронд ямар нэгэн гэрээ контракт байгуулагдаагүй, Нэхэмжлэгч тендерийн саналд ямар ч мэргэжлийн болон техникийн хувь нэмэр оруулаагүй, ямар ч баримт бичиг, ярилцлага өгөөгүй, Х.Б болон хариуцагч гэх Го ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаагүй, түүний эрхийг ноцтой зөрчсөн түүнд эдийн засаг болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл байхгүй болно” гэж маргажээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2-д “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Шүүх Нэхэмжлэгчээс “... Го компаний менежер Ким Какасэ /Kim Cacace/ гэх хаягтай харилцсан и-мэйл болон орчуулгууд /хх-6-15/ ” –ыг нотлох баримтаар,
-хариуцагчаас “...Х.Батсуурийн Го компаний менежер Ким Какасэ /Kim Cacace/ гэх хаягтай харилцсан и-мэйл болон орчуулгууд /хх-28-39/, "Европын холбоо болон Европын хөгжлийн сангийн төсвөөр хэрэгжиж байгаа гадаад үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр үйлчилгээ үзүүлүүлэгч нар дагаж мөрдөх ерөнхий нөхцлүүд" журам, орчуулга /хх-40-56/, Европын холбооны гадаад харилцааны ажиллагааг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ, орчуулга /хх-57-59, 109-111/, Европын холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газрын 2017.01.19-ний өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах мэдэгдэл, орчуулга /хх-60-61/, Давуу тал, Чадавхийн тухай мэдэгдэл /хх-62-63, 159/, ХБНГУ-ын Го ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэл, түүний орчуулга /хх-103-108/, Хавсралт 2. ажлын удирдамж /хх-130-158/, ХБНГУ-ын “ГО Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг”-ийн гэрчилгээ /2хх-31/,” баримтуудыг нотлох баримтаар,
-шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох “нэхэмжлэгч Х.Батсуурийн [email protected] и-мэйл хаягт хийсэн үзлэг /хх163-164/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Го төлөөлөгчийн газрын хувийн хэрэг /2хх-36-180/, Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан тоот” зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч Цэнгэлсайхан “гэм буруугийн талаар-сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг барагдуулах ёстой” гэж дүгнэжээ.
ХБНГУ-ын “ГО Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг” нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгж бүхий төлөөлөгчийн газар, бүртгэлийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан байна. /2хх-37, 51/
Төлөөлөгчийн газар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.-д зааснаар Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй ба Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.5.-д зааснаар Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулах ба ХБНГУ-ын ГО ХХК-с 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Кармен Фратитаг Х.Батсуурийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт компанийг төлөөлөн оролцуулахаар, А.Пүрэвдавааг тус иргэний хэрэгт Кармен Фратитагийн орчуулагчаар тус тус томилон итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хариу тайлбар ирүүлжээ. /хх-21, 186, 230, 26-27, 240-243/
Хэрэгт авагдсан баримтуудаар “...2016 онд ХБНГУ-ын ГО ХХК нь Европын холбооны 5 сая долларын санхүүжилттэй, 4 жил үргэлжлэх TRAM төсөлд оролцсон, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс энэхүү төслийг ХБНГУ-ын “ГО Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг” төлөөлөгчийн газар хэрэгжүүлж эхэлсэн” үйл баримт тогтоогдсон.
Төслийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч Х.Батсуурийн нэр төр, алдар хүндийг ашиглаж тендерт ялсан, Го ХХК нь TRAM төслийн тендер хэрэгжүүлэхдээ үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр авч ажиллуулаагүйгээс түүнд сэтгэл санааны хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хууль / 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. 497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ./-д зааснаар нэхэмжлэгч Х.Батсуурийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хариуцагчаас хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн “...Манай компаний зүгээс Х.Б гэдэг хүний нэр хүндийг ашиглаагүй, бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, үүрэггүй тул хариуцлага хүлээхгүй” гэх татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ХБНГУ-ын “ГО Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг” төлөөлөгчийн газарт холбогдох иргэний нэр төр, алдар хүндийг ашигласны хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар хариуцагчаас эд мөрийн баримтаар өгсөн “...3 ширхэг гарын авлага”-ийг хэрэгт хавсаргасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7-14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд шүүх гардуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧИД Б.БААТАР
Ч.ИЧИНХОРЛОО