Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/02149

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/02149

Улаанбаатар хот

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э-д холбогдох,

 

Нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, иргэдийн төлөөлөгч Б.Халиунаа, гэрч Ж.Наранпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ч миний бие Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан.

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Зорчигчийн вагон депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайлан, сонгуулийн хурал болохтой холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хурлын зааланд Галт тэрэгний дарга /тухайн үед/ Г.Э нь нийт ажилтнуудын дунд ”Хүний нөөцийн тасгын дарга Н.Байгалмаа ажлаас халуулсан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад 10 хуудас материал өгч Г.Эийг шалгуулсан, ҮЭ-ийн хорооны даргад нэр дэвших эрхийг нь хохироосон, нэр дэвшигч Б.Мөнхтөрийг УБТЗ-ын дотоод аудитын шалгалтаар оруулж ялихгүй зүйлээр шалтаглаж сонгуульд оруулахгүй байгаа ер нь дугарсан хүн болгоныг шударга бусын хонгилд чирж оруулж байгаа талаар ямар ч үндэслэлгүйгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийт ажилтанууд, галт тэргэнд шалгалтаар явсан билет шалгагч, байцаагч нарт тарааж миний хууль ёсны эрх ашиг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн.

Тус хууль бус гүтгэлэгтэй холбогдуулж Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр гүтгэсэн нь тогтоогдож 2.000.000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Улмаар Г.Э нь хэсгийн байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 358 шийдвэрээр гомдлыг хангахгүй орхиж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 0009731 дугаартай шийтгэлийн хуудсын хэвээр үлдээсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажилхэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажилхэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.” хэмээн заасан байдаг.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Эрдэнэсүхийг уг үйлдэлд няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г.Э нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэн Б.Чыг гүтгэсэн зөрчил үйлдсэн хэмээн 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 0009731 дугаартай шийтгэвэр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр биелүүлж “Төрийн сан 2611180756“ тоот дансанд 2.000.000  төгрөгийн торгуулийг төлж шийтгэврийн биелүүлсэн.

Хариуцагч Г.Э нь ...хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд дахин хариуцлага ноогдуулах, тодорхой үйлдэл хийхийг эрх бүхий байгуулага буюу шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Чын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь Г.Ээд холбогдуулан иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэх, нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, мөн дахин 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хурлын зааланд ... ямар ч үндэслэлгүйгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийт ажилтанууд миний хууль ёсны эрх ашиг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн, үндэслэлгүй нэр төр гутаасан мэдээлэл тараасан /хх1-2/гэж,

 -хариуцагч “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хууль бус үйлдэлд хариуцлага хүлээсэн, дахин хариуцлага ноогдуулах, тодорхой үйлдэл хийхийг шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний нэр төр гутаасан мэдээлэл тараагаагүй /хх-17/ гэж маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2-д “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.  

Иргэдийн төлөөлөгч Б.Халиунаа “нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй” гэж дүгнэжээ.  

Нэхэмжлэгч нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Ордны хурлын зааланд Галт тэрэгний дарга Г.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилтнуудын дунд ямар ч үндэслэлгүйгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тарааж миний хууль ёсны эрх ашиг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

Харин хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Чыг гүтгэсэн зөрчлийг гаргасан хэмээн 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн, уг шийтгэлийг Г.Э нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр биелүүлж торгуулийг төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд мөн шийдвэр биелэгдсэн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн дуу, дүрс бичлэг бүхий сиди бичлэгт хийсэн үзлэгээр “2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын ордонд бус 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үйл явдал” бэхжүүлэгдсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... дахин 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Үйлдвэрчний соёлын ордонд 870 орчим ажилчдын өмнө Эрдэнэсүх нь миний хууль ёсны эрх ашиг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн” гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Г.Э 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг хууль бусаар гэм буруутай тараасан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул эрх нь зөрчигдсөн гэх этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэггүй.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-д зааснаар энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгах үүрэгтэй ба зөрчил тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Ч иргэний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгахаар шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэр /хх-6-8/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн 18 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-9/, Б.Чын Зорчигчийн вагон депод ажилладаг тухай тодорхойлолт /хх-34/ ”-ыг нотлох баримтаар,

-хариуцагчаас “...2019.5.16-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2611180756 тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-18/ ” баримтуудыг нотлох баримтаар,

-шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох “нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн СД-нд хийсэн үзлэг /хх-37/” зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                             ТОГТООХ нь: 

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Г.Ээд холбогдох иргэний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгах тухай Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогцхүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН

  

 

                                    ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

          

                                                                              С.ХИШИГБАТ