Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар  2023/ШЦТ/350

 

 

 

     2023        3           14                                         2023/ШЦТ/350

           

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч/хохирогч С , Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С , Г нарт холбогдох эрүүгийн 2306 00000 0173 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С  нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-198 тоотод Г шалтгаангүйгээр зодсоны улмаас зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-198 тоотод С ийг ядуу хоосон гэж хэллээ гэх шалтгаангүйгээр зодсоны улмаас тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С , Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч С , Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч/хохирогч С  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүгдэгч/хохирогч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз С  шар хаданд байдаг гэрт нь ирж хамт 1 шил архи хувааж уугаад сууж байтал, намайг “ядуу тарчиг, боловсрол муутай” гээд байхаар нь өөдөөс нь хэрүүл хийж, улмаар бид 2 маргалдан С гараараа миний нүүр хэсэг рүү цохисон, үүний дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед уусан архиндаа их согтсон байсан учраас сайн мэдүүлэг өгч чадахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

Хохирогч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ байхад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед, Г “Налайхад явж байна, танайд очъя” гэж хэлэхээр нь ирж болно, ойрд хүйтэн байна, дулаан орохоор ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Г над руу 17 цагийн үед 2 удаа залгахаар аваагүй ба байшингийн цонхоор харахад, Г хашааны хаалга дээр зогсож байхаар нь хашааныхаа хаалгыг онгойлгон өгч, оруулахад Г нэлээн согтуу, чихэр жимс, 0,5 литр Соёрхол нэртэй архи авчирсан, уг архийг Г бид хувааж уусан. Тэгээд 19 цагийн үед Г гэрлүүгээ явах гэхээр нь хоноод яв, гадаа хүйтэн байна гэхэд Г охинтойгоо яриад, манайд хонохоор болсон. Би дэлгүүрээс 0,5 литр Соёрхол нэртэй архи авчраад, хувааж ууж байгаад, Г дахиад гэрлүүгээ явна гээд байхаар нь эхнэр Баасанхүү бид 2 Г г гаргаж таксинд суулгаж өгье гээд хувцсаа өмсөөд зогсож байхад, Г над руу гэнэт салаавч гаргаад, баруун талын шанаа нүд, уруул, эрүү хэсгүүд рүү гараараа олон удаа цохисон /хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй/, толгойны дагз хэсэг рүү хөнгөн цагаан шанагаар цохихоор нь би уурлаад Г г заамдаж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа олон удаа цохисон ба эхнэр Баасанхүү цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай нөхрийн найз Г нь манайд 1 шил бариад ирсэн. Тэгээд манай нөхөр Г хоёр нөгөө архийг хувааж уугаад, Г манайд хүүхэдтэйгээ утсаар яриад, хонохоор боллоо гэсэн. Нөгөө хоёр гарч дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авчирч, уугаад тэр архиа дуусгаагүй байж байгаад цаг орой болсон байсан тул ор засаад, Г г унтуулах гэж байсан. Тэгээд би унтах гэж байтал манай нөхөр “Г явах гээд байна, хоёулаа гаргаж өгөөд, унаад суулгаж өгье” гэхэд нь би цаад өрөөндөө хувцсаа өмсөж байтал, Г гийн дуу чанга гараад, байхаар нь очоод хартал, хоёр зууралдаад зодолдоод байхаар нь би салгах гээд дундуур нь ороод дийлээгүй. Г гийн шанаа хэсгээс цус гараад, байхаар нь цагдаад дуудлага өгсөн. С гараараа Г гийн нүүр хэсэгт 2 удаа цохиж байсан. Г д гартаа жижиг цүнх барьж байсан тэр цүнхээрээ нэг удаа толгой хавьд цохиж байгаа харагдсан. Би тэр хоёрыг маргалдаж зодолдох болсон шалтгааныг мэдэхгүй хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Г манайд анх ирэх үедээ ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1115 дугаар: “... Г биед зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1312 дугаар: “...С ийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.’ гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

Шүүгдэгч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Г г гаргаж таксинд суулгаж өгье гээд хувцсаа өмсөөд зогсож байхад Г над руу гэнэт салаавч гаргаад баруун талын шанаа нүд, уруул, эрүү хэсгүүд рүү гараараа олон удаа цохисон. Толгойны дагз хэсэг рүү хөнгөн цагаан шанагаар цохихоор нь би уурлаад Г г заамдаж байгаад нүүр хэсэг лүү нь гараараа олон удаа цохисон ба яг хэдэн удаа цохисон талаараа мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Шүүгдэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би хариу үйлдэл үзүүлж 1-2 удаа С луу сарвалзсан. Тэгээд л С  эхнэр цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 59, 81-83 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49, 72 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70,  дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51, 73 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 75-78 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), шүүгдэгч С , Б нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, Прокурорын ялын санал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч С  нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-198 тоотод Г шалтгаангүйгээр зодсоны улмаас зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-198 тоотод С ийг ядуу хоосон гэж хэллээ гэх шалтгаангүйгээр зодсоны улмаас тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С , Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч С , Б нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С , Б нар нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-198 тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан байна.

Хохирогч Г Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1115 дугаар дүгнэлтээр “зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт” гэмтэл

Хохирогч С ид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1312 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С , Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С , Б нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Г Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1115 дугаар дүгнэлтээр “зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт” гэмтэл

Хохирогч С ид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1312 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С , Б нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С , Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С , Б нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

С , Б нар нь хохирогчийн хувиар шүүхэд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтдээ “бид хоёр хоорондоо тохиролцсон, ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн байх тул С , Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу С , Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, С , Б нар уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч С , Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С , Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С , Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С , Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С , Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С , Б нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С , Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С , Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С , Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                       

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ