Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2020/0334/З/Н |
Дугаар | 128/ШШ2021/0614 |
Огноо | 2021-09-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2021/0614
2021 09 30 128/ШШ2021/0614
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.М
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н.М миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дугаар захирамжаар Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмших эрх олгогдсон билээ.
Тухайн газрын холбогдох баримт бичиг болох гэрээ, гэрчилгээг алдаж үрэгдүүлсэн тул нөхөн олгуулах хүсэлтийг бусад холбогдох баримт бичгийн хамт Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан.
Гэтэл тус албаны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02-04/318 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад гэрчилгээ олгогдсон байх тул нөхөн олголт хийх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасанд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07/623 дугаартай албан бичгээр гэрээ, гэрчилгээг нөхөн олгох боломжгүй тул хяналтын байгууллагад хандах чиглэл өгсөн.
Иймд хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр гэрээ, гэрчилгээг нөхөж олгохоос татгалзаж байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулж өгнө үү.
...Гэрчилгээг 2017 онд авч үүнээс хойш үүндээ итгэж газар дээр тодорхой хэмжээний зураг төсөл хийлгэж, хүмүүстэй уулзаад их зардал гарсан. Ингээд мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах гээд очтол өмнөөс энэ газар асуудалтай гэсэн хариу хэлсэн. Үүний дагуу тухайн хүмүүстэй эргэж холбогдоход ямар ч асуудал байхгүй, алдаа гаргасан байх гэсэн тайлбарыг хуучин удирдлагууд нь өгсөн. Хэсэг хугацаанд хүлээж бай гэсэн. Гэрээ, гэрчилгээг сэргээж аваад иргэн хүний хувьд үйл ажиллагааг цааш нь явуулж урьдын эрхээ сэргээж авах хүсэлтэй байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2017 онд анх уг хоёр газрыг гэрээ гэрчилгээ бичигдэж авч байсан. Уг газар дээр үйл ажиллагаа явуулах гэсэн боловч газрын эзэмшил нь давхардсан. Газрын албанд энэ асуудлаар хандахад бидэнд тайлбар бичиг өгсөн. Энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлэе гээд шүүхэд хандсан. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй байхад гэрчилгээ олгогдсон байх тул тус алба нь нөхөн олголт хийх боломжгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/156 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдоогүй бөгөөд газрын эрх зүйн талаар зохицуулаагүй захирамж юм.
Нэхэмжлэлд гэрчилгээ нөхөн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг дурдсан бөгөөд иргэн Н.М-н газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах өргөдлийн хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02-04/319 дугаар албан бичгээр өгсөн. Өргөдлийн хариуг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07/623 дугаар албан бичгээр шийдвэрлэн хариу өгсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх,, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Н.М-д эзэмшүүлсэн газрууд нь өөр байгууллагад олгогдсон байна. Тэр газартаа үйл ажиллагаа явуулж байгаа. Олгогдсон захирамжийг аваад үзвэл С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж үзлэг хийхэд газар эзэмшүүлсэн захирамжийн дугаар нь Т.О, М.О гэсэн хоёр хүнд олгогдсон хоёр иргэнд бүртгэгдсэн газар нь хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр иргэн Н.М-д олгогдсон газрын бүртгэл нь буруу мөн үндэслэж байгаа захирамж нь өөр агуулгатай байдаг. Нэг нь гадаадад албан томилолтоор ажиллах гэх мэт агуулгатай буюу захирамжууд нь зөрүүтэй байдаг учир боломжгүй. Хоёрдугаарт, шинжээч гарын үсэгт шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлт гарсан. Н.М , Н.М хоёр нэрээр олгогдсон 00680... дугаартай 540 м.кв газрыг эзэмших, 006807.. дугаартай гэрчилгээний 209 м.кв газрыг Б дүүргийн 0 дүгээр хороонд эзэмшүүлсэн гэх гэрчилгээнүүд нь С дүүрэг дээр давхардаад олгогдсон байна. Иймд уг асуудлаар гэрчилгээ олгогдох боломжгүй байна.
Иргэн Н.М-д эзэмшүүлсэн газрууд нь өөр байгууллагад олгогдсон байна. Тэр газартаа үйл ажиллагаа явуулж байгаа. Олгогдсон захирамжийг аваад үзвэл С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очоод үзлэг хийхэд газар эзэмшүүлсэн захирамжийн дугаар нь Т.О, М.О гэсэн хоёр хүнд олгогдсон байсан. Манайд бүртгэлтэй захирамжийг хараад үзвэл хоёр иргэнд бүртгэгдсэн газар нь хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр иргэн Н.М-д олгогдсон газрын бүртгэл нь буруу мөн үндэслэж байгаа захирамж нь өөр агуулгатай байдаг. Нэг нь гадаадад албан томилолтоор ажиллах гэх мэт агуулгатай буюу захирамжууд нь зөрүүтэй байдаг учир боломжгүй. Хоёрдугаарт шинжээчээр гарын үсэгт шинжилгээ хийсэг шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Н.М , Н.М хоёр нэрээр олгогдсон 00680... дугаартай 540 м.кв газрын эзэмших, 006807.. дугаартай гэрчилгээний 209 м.кв газрыг Б дүүргийн 0 дүгээр хороонд эзэмшүүлсэн гэх гэрчилгээнүүд нь Сонгинохайрхан дүүрэг дээр давхардаад олгогдсон байна. Иймд уг асуудлаар гэрчилгээ олгогдох боломжгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Н.М-с Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хэрэг нэгтгэх тухай 6648 дугаартай захирамжаар иргэн Н.М н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2020/0... индекстэй захиргааны хэргийг иргэн Н.М-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2020/0334/З/ индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэжээ[2].
Иргэн Н.М-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2020/0... индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах гэжээ[3].
Дээрхээс үзвэл, иргэн Н.М гийн нэхэмжлэлтэй дээрх хоёр захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагууд нь ижил байх тул Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дугаар захирамжаар Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар Б дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмших эрх олгогдсон. Тухайн газрын холбогдох баримт бичиг болох гэрээ, гэрчилгээг алдаж үрэгдүүлсэн тул нөхөж олгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт, гомдлыг холбогдох материалын хамт Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Өргөдлийн хариу 02-06/1..., 02-06/17.. дүгээр албан бичгүүдээр Б дүүргийн 00, 00 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 186445102.... , 1863230917.... дугааруудтай газрын гэрээ, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах тухай таны өргөдлийг хянан үзэхэд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад гэрчилгээ олгогдсон байх тул нөхөн олголт хийх боломжгүй байна. Иймд Газрын тухай хуулийн ... 60 дугаар зүйлийн 60.2-т ... заасны дагуу хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ үү. гэжээ[4].
Дээрх албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б овогт Н-ын М-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжийг үндэслэн Б дүүргийн ... дугаар хороонд үйлчилгээний зориулалттай 209 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0006807.. дугаартай гэрчилгээний хуулбар, Б овогт Н-ын М-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дугаар захирамжийг үндэслэн Б дүүргийн ... дугаар хороо, ...-р хороололд үйлчилгээний зориулалттай 540 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000680... дугаартай гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргажээ[5].
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/94 дугаар захирамжаар Улаанбаатар хотод Дүүжин тээврийн систем-ийг нэвтрүүлэх талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Гадаад томилолтын тухай А/156 дугаар захирамжаар ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдах үзэсгэлэнд албан тушаалтнуудыг оролцуулж, томилолтоор ажиллуулах асуудлуудыг тус тус шийдвэрлэжээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Н.М-д олгогдсон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд бичигдсэн Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь газар эзэмших эрх олгосон захирамжууд биш байна.
Хэрэгт Х овогт Т-ийн О-д С дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг үндэслэн С дүүргийн ... дугаар хороонд амины хашааны зориулалттай 536 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 0006807.. дугаартай гэрчилгээний хуулбар, Ц овогт М-ын О-д С дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг үндэслэн С дүүргийн ... дугаар хороонд амины хашааны зориулалттай 330 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 000680... дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар авагджээ[6].
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2 иргэний газрын хувийн хэрэг хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн 2 иргэн газар эзэмших эрхийн зөрчилгүй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2080 дугаартай шинжээчийн дүгнэлтээр[7] ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №000680... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Э.*******ы гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, зонхилох чиглэл, налалт, хэмжээ, холболт, суналт, даралт, зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, тоо, хэмжээ, холболт, чиглэл, үйлдэц зэрэг элемент гүйцэтгэлийн хувь онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Н.М-д олгогдсон гэх газар эзэмших эрхийн 000680... , 0006807.. дугаар бүхий гэрчилгээнүүдийг хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олгогдсон гэрчилгээнүүд гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжийг үндэслэн бичигдсэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хэрэгт нотлох баримтаар авагджээ[8].
Уг гэрээнд газар эзэмшүүлэгчийг төлөөлж: Нийслэлийн газрын албаны дарга Э.*******, Газар зохион байгуулагч Б.Б*******, Газар эзэмшигчийг төлөөлж: Иргэн Ш.М нар гарын үсэг зуржээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжийг үндэслэн бичигдсэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд зурагдсан Нийслэлийн газрын албаны дарга Э.*******, Газар зохион байгуулагч Б.Б******* нарын гарын үсэг, уг гэрээнд дарагдсан тамга зэрэгт шинжилгээ хийж, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1483 дугаар шинжээчийн дүгнэлт[9] гаргасан бөгөөд уг дүгнэлтээр ... 1. "Улсын бүртгэлийн дугаар 18*******, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэсэн баримтын Э.******* гэсний урд зурагдсан гарын үсэг нь Э.*******ы гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна .
2. 2017.05.26 гэсэн огноотой, "Улсын бүртгэлийн дугаар 18*******, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэсэн баримтын Б.Б******* гэсний урд болон 1-р нүүрний баруун дээд хэсэгт Улсын бүртгэлийн дугаар 18******* дугаарын дор тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Б*******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.
3. " 2017.05.26 " гэсэн огноотой, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэсэн баримтын "Э.******* гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан байна.
4. 2017.05.26" гэсэн огноотой, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан:, Газар эзэмшүүлэгчийг төлөөлж гэсэн хэсэгт байрлах шинжилж буй тамганы дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Нийслэлийн газрын алба -ны тамганы дардасны загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна гэж тогтоогдож байна гэжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч Н.М д олгогдсон гэх иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олгогдсон гэрээ гэж мөн үзэхээргүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Н.М-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дугаар захирамжаар Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмших эрх олгогдоогүй байх бөгөөд мөн хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас уг газруудад нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Иймд ...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад гэрчилгээ олгогдсон байх тул нөхөн олголт хийх боломжгүй ... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М-гаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 27-28 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 92-93 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 6, 67 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 18, 72 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 182, 195 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 1-2 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 5-6 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 56-78 дугаар хуудас