Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0456

 

 

 

 “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Бб

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаар шийдвэр,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ЖЖСЭ” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: ВШЛ /WX/

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721, Ү-*****44719, Ү-*****44718, Ү-*****44717 дугаар олгон БНХАУ иргэн ВШЛ /WX/-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мж, гуравдагч этгээд ВШЛ /WX/, орчуулагч Аг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бс, Н.Уц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам

Хэргийн индекс: 128/2024/0763/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаар шийдвэрээр:

1.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.1, 13.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасныг  баримтлан “ЖЖСЭ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 2 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721 дугаар олгон БНХАУ иргэн WX-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;

ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 3 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44719 дугаар олгон БНХАУ иргэн WX-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;

ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 4 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-*****44718 дугаар олгон БНХАУ иргэн WX-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;

ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 5 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-*****44717 дугаар олгон БНХАУ иргэн WX-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны **-р сарын 02-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Ббаас “анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргажээ.

2.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн дүгнэлт хийжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч "ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч WX-н-д холбогдох "Орон сууц захиалах болон худалдах-худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлээд Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2021/00403 дугаар тогтоолоор Талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хийсэн нь хүчин төгөлдөр, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид зээлүүлсэн 2.500.000 юанийг орон сууцны төлбөрт төлсөн, захиалагч үлдэгдэл төлбөр болох 1.725.000 юаныг нэхэмжлэгчид төлснөөр хариуцагчийг орон сууц захиалах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд гуравдагч этгээд болох WX миний бие нь нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-д орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт ба үүнийг дахин нотлохгүй юм.

2.2.Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдан авах гэрээний эрх зүйн талаар дүгнэлт хийж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан 2015 оны **-р сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах" 2015****дугаар гэрээний төлбөр тооцоо болон хэн өмчлөх эрхтэй талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн хуульд заасан, үндэслэл журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоо" бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй зөрчилдөж, төлбөр хийснээ дахин нотолж, улсын бүртгэлд хандах агуулга бүхий шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх, дахин нотлохгүй байх үүргээ ноцтойгоор зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болсон гэж дүгнэж байна.

2.3.Түүнчлэн анхан шатны шүүх Үндэслэх нь хэсэгтээ "...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч гуравдагч этгээдийг өмчлөгчөөр тооцсон шийдвэр гараагүй байна.." гэжээ. Гэтэл миний бие WX нь нэгэнт 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь илэрхий тодорхой байх тул шүүх дахин өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргахгүй бөгөөд гагцхүү тус өмчлөх эрхийг олж авсан гэрээ хэлцлийг хүчинтэй гэж тооцсон нь миний бие WX-д нэгэнт үүссэн өмчлөх эрх хууль ёсны болохыг тогтоосон байна.

2.4.Гэтэл шүүхээс дээрхи нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.5.Энэхүү хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг дараах агуулгад тусгайлан анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Үүнд:

"Гуравдагч этгээдийг өмчлөгчөөр тооцсон шийдвэр гараагүй байна" гэх дүгнэлтээр энэхүү хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар хэрхэн үнэлж буй тухайгаа шүүх тайлбарласан байх бөгөөд энэхүү тайлбар нь "Шүүх нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн" гэж буй болно.

2.6.Хуулийн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй ямар ч этгээд нь МУ-ын аливаа шүүхэд "би хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоё" гээд худалдах худалдан авах гэрээ болон өмчлөх эрхийн гэрчилгээгээ бариад шүүхэд хандах ёстой байсан мэтээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Хэрвээ бодит байдал дээр ийм үйлдэл хийгдсэн тохиолдолд анхан шатны шүүхээс "та хууль ёсны гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагагүй, зөрчигдсөн эрх байхгүй, тогтоолгох эрх ашиг байхгүй" гэж үзэж нэхэмжлэлийг огт хүлээн авахгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хууль ёсны худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан этгээдийг "өмчлөх эрхээ шүүхээр тогтоолгох ёстой бөгөөд ийм шийдвэр байхгүй" гэдэг агуулгаар өмчлөх эрхийг нь үгүйсгэх үндэслэл болгон хавтаст хэрэгт буй хуулийн хүчин төгөлдөр иргэний шүүхийн шийдвэрийн үр дагаврыг тайлбарлаж буй нь илт үндэслэлгүй байна.

2.7.Харин тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагавар нь "энэхүү захиргааны хэргийн нэхэмжлэгч талд тухайн хөрөнгө хамааралгүй, тухайн хөрөнгөнд хамааралтай субъектив эрх байхгүй" гэх үр дагаврыг үүсгэж буй юм. Учир нь нэхэмжлэгч тал иргэний шүүхэд:

  • WX-ийн тухайн байрыг өмчлөх эрхийн үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээг хүчин төгөдлөр бус болгох
  • Тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох гэх мэт маргаж болох бүхий л үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргахад бүх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, WX-ийн одоогийн өмчлөл болон байр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байдаг

Энэ нь ямар үр дагавар үүсгэж буй гэвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд нэхэмжлэгч ЖЖСЭ ХХК-д ямар ч субъектив эрх байхгүй гэж ойлгож болно. Гэтэл шүүхээс тухайн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үүсгэж буй үр дагавараар нь биш, хууль тогтоомжид үүсгэх боломжгүй үр дагаврыг/өмчлөгчийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биш гэх/ үүсгээгүй гэдгээр тайлбарлаж шийдвэрлэсэнг анхаарч шийдвэрлэж өгнө үү.

2.8.Нэхэмжлэгчид ашиг, сонирхол байгаа эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь энэхүү агуулгын хүрээнд хэрэгжиж, нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл хангагдсанаар эрх нь хэрхэн сэргэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

2.9.Аливаа захиргааны маргаанд шүүхээс хэргийн агуулгад формаль эрх зүйн шаардлага болон материаллаг эрх зүйн шаардлага хангагдсан гэдэг агуулгаар дүгнэлт хийж, хэргийн агуулга руу орохоосоо өмнө:

  • Эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр үүсэх ажиллагаа гэж үзэж буй тохиолдолд нэхэмжлэлийн зүйл, түүнд тавигдах шаардлага
  • Цаашлаад эрх нь зөрчигдсөн этгээдийн хүчингүй болгох нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөлийг хангаж буй эсэхийг шалгасны үндсэн дээр, тухайн тусгай урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа хэргийн агуулгад хууль зүйн дүгнэлт өгөх журамтай.

2.10.Хүчингүй болгох нэхэмжлэлийн тусгай урьдчилсан 4 нөхцөлөөс "Нэхэмжлэл гаргах эрхтэй байх шаардлагыг нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК нь хангаагүй буюу WX миний өмчлөх эрх, түүнийг гэрчлэх өмчлөх эрхийн гэрчилгээний талаар хөндлөнгийн гуравдагч этгээд болох “ЖЖСЭ” ХХК нь маргах эрхгүй.

2.11.Энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэрээр ЖЖСЭ ХХК-д сэргээгдэх, хамгаалагдах ямар ч эрх ашиг байхгүй. Өнөөдөр энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрээр ЖЖСЭ ХХК-ийн ямар эрх ашиг хэрхэн яаж сэргээгдэж буй тухай үр дагавар шийдвэрт байхгүй ба бодитоор ч байхгүй болно.

2.12.Эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр үүсэх ажиллагаа, түүнд тавигдах шаардлагад: "эрх нь зөрчигдсөн, өөрт хамааралтай" асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага тавигддаг. Хавтаст хэрэгт авагдсан иргэний шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч "ЖЖСЭ” ХХК-г тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбогдох эрх байхгүйг тогтоосон буюу тухайн хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн, хөндөгдсөн эрх байхгүй, үүсээгүй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотолсон байдаг.

2.13.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн субьектив эрх хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй ба гагцхүү улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлд шууд дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг алдагдуулж, аливаа сэргээгдэх эрх ашиггүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар миний бие WX-н нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2.14.Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсанаар "ЖЖСЭ” ХХК-д тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрх үүсэхгүй бөгөөд миний бие WX нь тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан Иргэний эрх зүйн харилцаа хуулийн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлээр баталгаажсан, улмаар гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээ бүрэн гүйцэтгэсэн нь нэгэнт тогтоогдсон байна.

2.15.Өмчлөх эрхийн үндэслэл болсон гэрээ болон түүнээс урган гарах бусад баримт бичгүүд бүгд хууль ёсны болохыг тогтоосон буюу WX миний өмчлөл хууль ёсны бөгөөд зөвхөн гэрчилгээ авах үедээ бүртгэл хийлгэхэд мэдүүлдэг мэдүүлгийн хуудсыг бөглөж өгөхдөө Монгол хэлээр мэдүүлэх болохоор миний орчуулагч бөглөсөн мөн миний гарын үсгийг мэдүүлэгт зурсан байдаг. Энэхүү мэдүүлэг дээрх гарын үсэг минийх биш гэдэг агуулгаар WX миний өмчлөх эрхийг бүхэлдээ үгүйсгэх мэтээр ойлгох дүгнэлтийг шүүх өгсөн. Мэдүүлэг дээрх гарын үсэг орчуулгын гарын үсэг зурагдсан нь тухайн хөрөнгийг WX би өмчлөх эрхтэйг үгүйсгэх үндэслэл болохгүй.

2.16.Мэдүүлэг дээрх гарын үсэг зөрсөн, тухайн этгээдийн гарын үсэг биш гэх агуулга нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй байх, тухайн этгээдийн эрх ашгийг зөрчсөн байхаас сэргийлэх агуулгаар хууль тогтоогч хуульчилсан зорилготой бөгөөд эцсийн дүндээ хууль ёсны өмчлөгчийн эрхийг хамгаалах хүрээнд зохицуулсан зорилготой болохоос уг байдлыг хууль ёсны өмчлөгчийн эсрэг ашиглах байдлаар зохицуулаагүй. Учир нь Иргэний хуулийн 68.1. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална", 65.1. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй." гэж зохицуулсан. Миний бие орчуулагч маань миний өмнөөс улсын бүртгэлийн мэдүүлэгт гарын үсэг зурж өгснийг өөрөө мэдэж байсан ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бодитоор 8 жил хууль ёсны дагуу өмчлөөд явж байгаа нь тухайн үйл баримтын улмаас миний эрх ашиг зөрчигдөөгүй, тухайн орчуулагчийн намайг төлөөлсөн үйлдлийг зөвшөөрсөн болохын илрэл болно.

2.17.Хамгийн гол нь "мэдүүлэг дээрх гарын үсэг нь өөрийнх нь биш байна" гээд хөндлөнгийн хамааралгүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргахад түүнийг хүлээн аваад өмчлөгчийн гэрчилгээг хүчингүй болгож буй шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргааныг шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болжээ.

2.18.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг шүүх зөрчсөн.

Тухайлбал анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгтээ "... ЖЖЭС" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтэд зурсан тус компанийн ерөнхий захирал YW rарын үсэг түүнийг гарын үсэгтэй тохирохгүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1090 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна гэжээ.

2.19.Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлт нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бөгөөд хамааралгүй ба "ЖЖЭС" ХХК нь хэнээр гарын үсэг зуруулж өгснийг миний бие WX мэдэх ёстой, эсхүл мэдсэн байх шаардлагагүй ба компанийн тамга тэмдэг баталгаажсаныг үнэн зөв гэж үзэж хүлээн авсан байдаг.

2.20.Нэхэмжлэгч компаниас үйлдэгдсэн, тамга тэмдгээр баталгаажсан баримт дээрх гарын үсгээс үүдэн гарах үр дагавар нь нэхэмжлэгч надад огт хамаагүй. Өөрөөр хэлбэл аливаа барилгын компани байр худалдан авсан этгээдэд "төлбөр тооцоо дууссан" гэх бичгийг хийж өгөхдөө эрх бүхий этгээд нь санаатайгаар гарын үсгээ буруу зурах, өөр этгээдээр зуруулангаа тамга тэмдгээ дарж өгсний дараа миний гарын үсэг биш тул зарсан байраа буцааж авъя" гэх үндэслэлгүй үйлдлийг зөвтгөсөн агуулга бүхий шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан.

2.21.Харин хэн нэгэн хуурамчаар гарын үсэг зурсан эсэх асуудал Эрүүгийн эрх зүйн зохицуулагдах асуудлын хүрээнд шийдвэрлэгдэх учиртай юм. Улсын бүртгэлийн байгууллага нь YW гарын үсэг зурсан эсэх асуудлыг тогтоох чиг үүрэг хүлээсэн байгууллага биш бөгөөд тус хүсэлтийг гаргаж өгсөн "ЖЖСЭ” ХХК нь хариуцах юм. Анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ, нотлох баримтын хамаарал, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодитой дүгнэлт өгөлгүйгээр тус тусын салбар эрх зүйгээр зохицуулагдах харилцааг нэгтгэн дүгнэсэн мэт шийдвэр гаргаж буй нь буруу юм.

2.22.Эцэст нь дүгнэхэд миний бие WX нь ЖЖСЭ” ХХК-иас өгсөн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь тухайн хүсэлтэд бичигдсэн гарын үсэг YW-ний гарын үсэг биш гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

2.23.Шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.8 дугаар зүйлд заасан "... мэдүүлгийг өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.." гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь WX миний бие мэдүүлэг гаргах үйл ажиллагааг төлөөлөгчөөр дамжуулан гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад хүрэлцэн очиж мэдүүлгээ гаргасан талаар тайлбарладаг ба эх хэлээрээ мэдүүлэг гаргах боломжгүй Монгол хэлээр мэдүүлэг гаргах, болон тэмдэгтийн хураамж төлөхөд Банкны эрх зүйн харилцаанд оролцох зэрэгтээ Монгол улсын хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд орчуулагч оролцуулсан үйл баримт тогтоогдсон болно.

2.24.Орчуулагч нь гагцхүү үйлчилгээ авч буй иргэний хүсэл зоригийг илэрхийлэх бөгөөд түүний үйлдлээс гарах аливаа үр дагавар нь үйлчилгээ авч буй иргэн WX миний биед үүсэх юм.

Иймд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчуулагчийн хамт оролцсон, улмаар орчуулагчдаа хэлж, өөрийн зөвшөөрснөөр өөрийгөө төлөөлүүлэн мэдүүлэгт нэрээ бичүүлсэн үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүхэлд нь буруутгаж, аливаа субьектив эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй нь WX миний биед Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болжээ.

2.25.Үндэслэх нь хэсгийн 5-д "Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээд WX өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг өөрөө гаргаагүй, түүнийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг хууль бус болох нь тогтоогдож байх тул" гэдэг дүгнэлтийг гаргасан нь илэрхий үндэслэлгүй дүгнэлт болно. Өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг хууль бус болохыг тогтоодог этгээд нь иргэний болон эрүүгийн журмаар хянан хэлэлцдэг шүүх бөгөөд энэхүү шүүхүүдээс WX миний өмчлөлийг хууль ёсны болохыг тогтоосон шийдвэрүүд нь удаа дараа гарсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараахь үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж гомдлыг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-аас “ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 372 м.кв талбайтай бүхий 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721, Ү-*****44719, Ү-*****44718, Ү-*****44717 дугаар олгон БНХАУ иргэн ВШЛ /WX/-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Анх гуравдагч этгээд нь маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг 85%-ийн гүйцэтгэлтэй, барьж дуусаагүй байхад нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд  өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг, өргөдөл гаргасны дагуу маргаан бүхий үл хөдлөх  эд хөрөнгийг анхны удаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721, Ү-*****44719,  Ү-*****44718, Ү-*****44717 дугаарт тус тус бүртгэж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээг гээсэн тухай өргөдөл гаргасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон бол 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийг 100 хувь болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин гэрчилгээ олгосон байна.

Улмаар нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-иас дээрх бүртгэлүүдийг олгосон улсын бүртгэл нь хуурамч баримтыг үндэслэн олгосон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 07 дугаар сарын 17, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ХУ дүүргийн **-р хороо, АЗ гудамж, ЗВХы **/* байрны 2, 3, 4, 5 тоот байрны улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.

1.“Мэдүүлэгийг гуравдагч этгээд өөрөө гаргаагүй” гэх анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

1.1.Гуравдагч этгээд ВШЛ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргахдаа мэдүүлгийн маягт нь монгол хэл дээр учир орчуулагчаар бөглүүлэн, орчуулагчийн гарын үсгийг зуруулсан гэдэг нь гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

1.2.Мэдүүлэгт зурсан гарын үсгийг орчуулагчаараа төлөөлүүлэн зурахыг гуравдагч этгээд ВШЛ нь өөрөө зурахыг хүлээн зөвшөөрсөн, мэдэж байсан байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн “гуравдагч этгээд өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгээ өөрөө гаргаагүй“ гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий бүртгэлүүдийг хуульд нийцээгүй гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.2015 оны **-р сарын 30-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал, маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар:

2.1.Анх гуравдагч этгээд нь маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг 85%-ийн гүйцэтгэлтэй, барьж дуусаагүй байхад нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд  өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг, өргөдөл гаргасны дагуу маргаан бүхий үл хөдлөх  эд хөрөнгийг анхны удаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721, Ү-*****44719,  Ү-*****44718, Ү-*****44717 дугаарт тус тус бүртгэж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

2.2.Гуравдагч этгээдээс маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ гаргасан мэдүүлэг, өргөдөл, “ЖЖСЭ” ХХК-ийн ерөнхий захирал ЯВМ-ээс ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2015 онд гаргасан “...орон сууцыг худалдан авагч тал ...төлбөрийг бүрэн дуусгасан нь үнэн болно.” гэх агуулга бүхий хүсэлт, мөн “ЖЖСЭ” ХХК-ийн ерөнхий захирал ЯВМ-ээс ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “...ЗВ орон сууцыг “ЖЖСЭ” ХХК...барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа болно., ...орон сууцыг худалдан авагч тал ...төлбөрийг бүрэн дуусгасан нь үнэн болно.” гэх агуулга бүхий хүсэлт, 2015 оны **-р сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ”, болон бусад баримтуудыг үндэслэн хариуцагч бүртгэлийн байгууллгаас маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

2.3.Маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэхдээ гуравдагч этгээдээс хавсарган өгсөн 2015 оны **-р сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон иргэний хэргийн анхан, давж заалдах, Улсын дээд шүүхийн шийдвэрүүд (шийдвэр, магадлал, тогтоол) гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов.

Тодруулбал, нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-иас БНХАУ иргэн ВШЛ //WX/-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны **-р сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг ХУ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрээр[1] “...хариуцагч ВШЛ нь 2014 оны 7 дугаар сард БНХАУ-д байхдаа Ян Минд  2,500,000 юань зээлдүүлж, тэрээр Монгол Улсад өөрийн компанийн нэр дээр барьж байгаа барилгын хөрөнгө оруулалтад зориулах тухайгаа хэлж, төлбөрийг хүүгийн хамт 6 сарын хугацаанд төлөхөөр тохирсон байна. Улмаар тэдний хооронд 2,500,000 юаны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольж, энэ тухайгаа 2015 оны 01 сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, улмаар талуудын хүсэлт зоригийн дагуу дараагийн хэлцэл хийгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны **-р сарын 30-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж дүгнэн “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалаар[2] хэвээр үлдээсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар тогтоолоор[3] шийдвэр, магадлалд “БНХАУ-ын иргэн ВШЛ-д холбогдох” хэсгийг” “БНХАУ-ын иргэн ВШЛ/WX/-д холбогдох” гэж, “хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” гэснийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.4.Дээрх шүүхийн шийдвэрээс гадна, ХУ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1674 дүгээр шийдвэрээр[4] ЖЖСЭ” ХХК-иас БНХАУ-ын иргэн ВШЛ-д холбогдуулан гаргасан 2015 оны **-р сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Кассын орлогын баримт №14, 2015 оны **-р сарын 27-ны өдрийн Кассын орлогын баримт №15-ыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ХУ дүүргийн **-р хороо, “ЗВ” амины орон сууцын хотхоны **/* дугаар байрны 02. 03, 04, 05 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 210/МА2024/01454 дүгээр магадлалаар[5] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэсэн үндэслэлд хамаарч байна”, “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэлд заасан үндэслэл бүрээр тус тусад нь нэхэмжлэл гаргах эрхийг тухай бүр олгосон гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл, түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг нэг удаа гаргах боломжтой байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.” гэсэн дүгнэлтүүдээр хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх 2024 оны **-р сарын 14-ний өдрийн 1370 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талаас гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

2.5.Улмаар нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн, нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлтүүдийг Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар[6] болон мөн шүүхийн 2023 оны **-р сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолуудаар[7] хэрэгсэхгүй болгосон байна.

2.6.Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар, маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн үндэслэл болсон 2015 оны **-р сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ”-г талуудын хүсэл зоригийн дагуу хэлцэл хийгдсэн,  хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гээд уг гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол/ байгаа гэдэг нь тогтоогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн “өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдов.

2.7.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.4-д тус тус “гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч гуравдагч этгээдийг өмчлөгчөөр тооцсон шийдвэр гараагүй байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг өмчлөгчөөр тооцсон шийдвэр гараагүй…, хэн нь өмчлөх эрхтэй талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын бүртгүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.8-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 15 дугаар зүйлийн 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.” гэж заасныг тус тус хариуцагч бүртгэлийн байгууллагаас зөрчиж, хууль бус бүртгэл үйлдсэн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

3.“ЖЖСЭ” ХХК-ийн ерөнхий захирал ЯВМ-ээс ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийн талаар:

3.1.Гуравдагч этгээдээс мэдүүлэг гаргахдаа хавсарган өгсөн “ЖЖСЭ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд гаргасан хүсэлт бүхий албан бичиг дээрх гарын үсэг нь “ЯВМ”-ий гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. гэсэн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн шинжээчийн 2020 оны 1090  дүгнэлтээр тогтоогдсон, харин “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн шинжээчийн 2021 оны 744 дүгээр дүгнэлтээр уг хүсэлт дэх гарын үсэг нь “ЯВМ”-ий гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй боловч компанийн тамга нь мөн болох нь тогтоогджээ.

3.2.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий 4 үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн маргаж буй “ЖЖСЭ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ХУ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд гаргасан хүсэлт бүхий албан бичиг дээрх гарын үсэг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд гаргасан мэдүүлэг дээрх гарын үсгийг хуурамч болохыг мэдэх боломжгүй байсан, мөн уг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлт нь дангаараа гуравдагч этгээдийг маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэдгийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй, бүртгэл хийлгэх мэдүүлэгтэй хавсарган өгсөн 2015 оны **-р сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ”-г шүүхээс хүчин төгөлдөр гэдгийг тогтоосон, мөн уг гэрээний агуулга нь гуравдагч этгээдийн гаргасан мэдүүлэг, мөн “ЖЖСЭ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлттэй зөрүүтэй биш зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гуравдагч этгээдийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг гаргаж өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.  

3.4.Иймээс анхан шатны шүүхээс “...өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг хууль бус болох нь тогтоогдож байна” гэж үзэн маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хариуцагчаас үйлдэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.8-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 15 дугаар зүйлийн 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.” гэж заасныг тус тус заасныг зөрчсөн, хууль бус бүртгэлүүд хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дүгнэхэд, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын маргаан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлүүд нь хуульд нийцээгүй бөгөөд уг маргаан бүхий бүртгэлүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрх зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.1, 14.1.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4-т тус тус заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “ХУ дүүрэг, **-р хороо, АЗ гудамж, **/* байрны 372 м.кв талбайтай бүхий 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*****44721, Ү-*****44719, Ү-*****44718, Ү-*****44717 дугаар олгон БНХАУ иргэн ВШЛ /WX/-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны **-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

 ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 2-р хавтас 123-134 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас 135-150 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 150-165 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 186-197 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 198-202 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 166-174 дэх тал

[7] Хэргийн 2-р хавтас 175-181 дэх тал