Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/02396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  АИ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ЭМЯ-анд холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт 1,130,676,843 төгрөг, барьцаа 202,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2013 онд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан СТШ-НТШ-04/2013 тоот Сумын төвийн шинэчлэлт төслийн хүрээнд Замын-Үүд суманд баригдаж буй 100 ортой эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу ...оролцож Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж 4,056,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж, Барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Бид тухайн үед гадаад валютын ханш төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үнийн саналтай тооцож тендерт оролцож байсан.

Дээрхи санхүүжилтүүд хугацаандаа хийгдээгүйгээс Барилга угсралтын ажлын гэрээг 2013, 2014, 2015, 2016 онд сунгагдсаар ирсэн ба нийт 76 хувийн санхүүжилт хийгдэж барилга угсралтын ажил нийт 85 хувийн гүйцэтгэлтэй байна гэж сунгасаар ирсэн.

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Засаг дарга болон БХБЯ-аас Эрүүл мэндийн сайдад Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлын дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт тусган эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж ажиллахыг даалгаж шилжүүлсэн.

2019 онд ЭМЯанд барилга шилжиж ирснээс хойш 633,000,000 төгрөгийн гүйцэтгэл батлагдан нийт 4,056,000,000 төгрөгийн санхүүжилтийг БХБЯ-аар баталгаажуулан барьцаа дансанд нийт 202,800,000 төгрөгийг барьцаа дансанд үлдээлгэн 3,853,200,000 төгрөгийн санхүүжилтийг авсан.

2018 оны 9-р сарын 27-ны өдрийн магадлалаар Замын-Үүдийн 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэл 5,186,676,843 төгрөг болсон. ЭМЯнаас хийсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 1,130,676,843 төгрөгийн санхүүжилт авахаар удаа дараа хандсан боловч шийдвэрлэгдэхгүй байгаа юм.

Иймд ажлын гүйцэтгэлийн зөрүү 1,130,676,843 төгрөг, барьцаа дансанд санхүүжилтээс авч үлдсэн 202,800,000 төгрөг, нийт 1,333,476,843 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Уг ажил нь 2013-2018 оны төсөвт Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдсан ажил бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Дорноговь аймгийн Засаг даргад эрхээ шилжүүлэн хэрэгжүүлсэн. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд энэхүү төсөл арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын багцад шилжин тусгагдаж ЭМЯны зүгээс уг төсөл, арга хэмжээг хүлээлгэн өгөхийг Барилга, хот байгуулалтын яамнаас удаа дараа шаардсан.

Гэвч Барилга, хот байгуулалтын яам болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар холбогдох баримт бичиг, материалуудыг ЭМЯанд хүлээлгэн өгөлгүй нилээд хугацаа алдсан.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Барилга хот байгуулалтын яамнаас Дорноговь аймгийн Засаг даргад эрх шилжүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын- Үүд сум/ төсөл арга хэмжээний холбогдох материалыг хүлээн авах" үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан энэхүү царцаагдсан барилгыг хөдөлгөх зорилгоор ЭМЯ 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр АИ ХХК-тай хугацааг сунгах гэрээ байгуулсан.

Ажил хүлээлцэх явцад Барилга хот байгуулалтын яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас гүйцэтгэгч байгууллагатай гүйцэтгэл, төлбөр тооцоотой холбоотой асуудлаа эцэслэн шийдвэрлэж ЭМЯанд хүлээлгэж өгөх ёстой байсан.

Иймд ЭМЯ өмнөх дутуу санхүүжилттэй холбоотой тус нэхэмжлэлийг хариуцах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн бичсэн үйл баримт, нөхцөл байдлыг ЭМЯны зүгээс ойлгож байгаа ч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нотлох баримтаар гаргаж өгөх зүйлгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч АИ ХХК нь ЭМЯанд холбогдуулж гэрээний үүргийн биелэлт 1,130,676,843 төгрөг, барьцаа 202,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ...2013 онд ...гэрээг ... 4,056,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж, Барилга угсралтын ажил эхлүүлсэн хэдий ч санхүүжилт хугацаандаа хийгдээгүй, ханш өссөн, барилгын ажлын зураг төсөв дутуу, магадлал хийгдээгүй зураг төслөөр ажил эхлүүлсэн, гадна шугам сүлжээний ажлууд нэмэгдэж хийгдсэн, 2018 оны магадлалаар 5,186,676,843 төгрөгийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэл 94 хувьтай дуусч байгаа, гэрээгээр хүлээсэн үүрэг ЭМЯанд шилжсэн тул үүргээ биелүүлэх ёстой гэж,

-хариуцагч ...үйл баримт, нөхцөл байдлыг ЭМЯны зүгээс ойлгож байгаа ч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч талаас: 2019.07.05-ны өдрийн СТШ-НТШ-04/2013-04-126 тоот Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээний сунгалт /хх-11-23/, 2013.07.04-ний өдрийн СТШ-НТШ-04/2013 тоот Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээ /хх-24-37/, Гэрээний сунгалтууд /хх38-45/, тооцоо нийлсэн акт /хх-46/, АИ ХХК-ийн санхүүжилт хүссэн тухай хүсэлтүүд /хх47- 49/, Шинэ баланс аудит ХХК-ийн аудитийн тайлан /хх50-59/, ЭЗТ ХХК-ийн барилгын ажлын төсөв 2018 он /хх-60-146/, Бөлинтэ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /хх147-148/, Бөлинтэ ХХК-ийн Мэдэгдэл гаргах тухай 2018112 дугаартай албан бичиг /хх-149/, АИ ХХК-ийн 2013.05.18-ны өдрийн 146 дугаартай албан бичиг /хх154/, Дорноговь аймгийн засаг даргын 2013.05.29-ний өдрийн 11666 дугаартай албан бичиг /хх-155/, 100 ортой эмнэлэгийн барилгын гүйцэтгэлийн явцад хяналт хийсэн бүрэлдэхүүний хурлын тэмдэглэлүүд /хх156-163/, АИ ХХК-ийн Дэмжлэг хүсэх тухай албан бичгүүд /хх164-173/, Монгол улсын үндэсний аудитын газрын 2017.10.26-ны өдрийн 01/1035 дугаартай Хариу өгөх тухай албан бичиг /хх174/, МУИХ-ын 2014.4.17-ны өдрийн 30 дугаар тогтоол, хавсралт /хх175-178/, ЭМЯны 2/3132, 1а/4672 дугаартай албан бичгүүд /хх179-180/, Төсөл /181-183/, Монгол улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл /хх184/ зэргийг,

хариуцагчаас ... нотлох баримтаар гаргаж өгөх зүйлгүй гэх хариу тайлбар /хх-/ зэргийг, нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Зохигч 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр СТШ-НТШ-04/2013-04-126 тоот Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээнд сунгалт хийж, уг гэрээний 1 дэх хэсэгт зааснаар ...хууль тогтоомжийн дагуу инженерийн хийцтэй барилга байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан үүрэг хүлээх, хариуцлагыг тогтоох-оор харилцан тохиролцжээ. /хх-11/

Түүнчлэн талууд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЭМЯанд болсон 01 тоот хуралдаанаар ...1. ...СТШ.НТШ-04/2013 оны гэрээг ЭМЯ АИ ХХК-тай сунган байгуулж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, 2. ...барилгын нэмэлт хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ажлын хэсэг /ЭМЯ, Барилгын төвийн хамтарсан/-т даалгаж, 3. ...барилгыг 2019 онд багтааж ашиглалтанд оруулахыг гүйцэтгэгчид үүрэг болгож шийдвэрлэжээ. /хх-12-23/

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар хуралдаанаар ...1. ...Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлын дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг 2019 онд улсын төсөвт тусган эмнэлгүүдийн барилгыг ашиглалтанд оруулж, ...ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж шийдвэрлэжээ.

 

Талууд дээрх Барилга угсралтын ажлын гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр СТШ-НТШ-04/2013-04-126 тоот Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээ-г бичгээр байгуулж, хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурсан байх тул шүүх энэхүү гэрээг хууль /Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 155 дугаар зүйлийн 155.1, 343 дугаар зүйлийн 343.1/-д заасан шаардлагыг хангасан, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ захиалагч ЭМЯ, гүйцэтгэгч АИ ХХК биелүүлэх үүрэгтэй.

 

2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Эмнэлгийн барилга усралтын гэрээний нийт дүн 4,056,000,000 төгрөгөөр байгуулсан /хх-24-37/ байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дүгнэсэн актаар угсралтын ажил 46,4 хувийг 1,883,500,000 төгрөгийн санхүүжилтаар 70 хувь хийгдсэнээр /хх-38-39/, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дүгнэсэн актаар /хх-40-41/, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээг дүгнэсэн актаар /хх-42-43/, 2016 оны гэрээ дүгнэсэн акт /хх-44-45/-аар тус тус сунгаж байжээ.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх барилга угсралтын ажлын тооцоо нийлсэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №01 акт /хх-46/-аар тус барилгын төсөвт өртөг /ЭМСайдын багц 2019 он/ 6,356,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон өртөг 4,056,000,000 төгрөг /Дорноговь/, гүйцэтгэлээр олгосон санхүүжилт 3,423,071,091 төгрөг, урьдчилгаа төлбөрийн баталгаагаар /2018 он/ 633,00,000 төгрөг, нийт 4,056,071,091 төгрөг олгож үүнээс 202,803,555 төгрөгийг барьцаалжээ.

АИ ХХК нь хариуцагч ЭМЯанд санхүүжилт олгох тухай хүсэлтийг 2019 оны 7, 8, 9 дүгээр сард тус тус гаргасныг шийдвэрлээгүй байна. /хх-47-49/

Эдгээрээс дүгнэхэд талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-д зааснаар Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр..., ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхөөр тохиролцсон байна.

ЭЗТ ХХК нь Дорноговь аймаг, Замын Үүд сумын 1-р баг, 100 ортой эмнэлгийн барилгын ажлын төсөв 8,058,258,679 төгрөг /хх-60-107/,

-үүнээс үлдэгдэл ажлын төсөв 2,871,581,836 төгрөг /хх-108-146/ зэрэг үйл баримт тогтоогдлоо. Энэ талаар зохигч маргаагүй болно. Иргэний хуулийн 345 дугаар зүйлд зааснаар Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй. Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.

Шинэ баланс аудит ХХК-ны 2018 оны 05-р сард хийсэн АИ- ХХК-ийн 2013 оны 05-р сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хугацаанд тус барилга угсралтын ажлын санхүүжилт болон зарцуулалтын тайлангийн дүгнэлтэнд АИ ХХК нь ...угсралтын ажлын зардлыг 5,583,160,077 төгрөгөөр санхүүжүүлж, ...үүнээс 3,186,873,075 төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээн авсан зөрүү 2,065,569,699 төгрөгийг ...дансны авлагад тусгасан. ...ажлын бодит гүйцэтгэлийн төсөвт өртгийг 5,296,252,129 төгрөгөөр тооцож баталгаажуулсан байна гэжээ. /хх-50-59/

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч 5,186,676,843 төгрөгийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,056,000,000 төгрөг үүнээс 3,853,200,000 төгрөгийг барилга угсралтын ажилд зарцуулсан байх тул барьцаа 202,800,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын зөрүү 1,130,676,843 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,825,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМЯнаас 6,825,335 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ЭМЯнаас 1,333,476,843 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АИ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,825,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМЯнаас 6,825,335 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН