Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                   Н.Энхнаран

Прокурор                                                   Б.Төрболд

Яллагдагч *******ийн өмгөөлөгч    Г.Цэрэндолгор

Яллагдагч                                                      ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайханы 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/678 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1821001700336 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

*******тай хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч *******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч *******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд яллагдагч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/678 дугаар шүүгчийн захирамжаар:

1/ Яллагдагч *******, ******* нарт холбогдох 1821001700336 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр Прокурорт буцааж,

2/ Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, баримт бичгээр ирүүлсэн яллагдагч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг хэргийн хамт Прокурорын газарт хүргүүлж, 

3/ Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т авсан цагдан хорих, яллагдагч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.

Прокурор Б.Төрболд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан эсэргүүцэлдээ: ...шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: ...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг. Энэ нь гэм буруутай этгээдийн гэмт үйлдлүүд нь хоорондоо нийлж байж нэг гэмт хэргийн обьектив талыг /шинж/ бүрдүүлэх ойлголтыг хуульчилсан байна. Гэтэл шүүх шүүгдэгчийн 2 өөр хуулийн үйлчлэлийн үед удаа дараа үйлдэгдсэн бие даасан хэд, хэдэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж хуулийг буруу ойлгосон гэж үзэхээр байна.

... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэжээ. Яллагдагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгүүлсэн. ... *******ийн үйлдлүүд нь 2015 оны 07 сараас 10 сарын хоорондох 5 удаагийн үйлдэл байдаг бөгөөд дээрх үйлдэл нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхээс өмнө таслан зогсоогдож ... шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Шийтгэх тогтоолд *******ийг 449 хоног цагдан хоригдсон талаар дурдсан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагдан хорьсноор дээрх 3 үйлдэл таслан зогсоогдсон гэж дүгнэхээр байна. Гэтэл шүүхээс яллагдагч *******ийн 2015 оны 07 сараас 10 сарын хоорондох үйлдэл одоог хүртэл дуусаагүйгээр үл барам шүүгдэгч нь 2018 оны 03 сард үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэгт хамаатуулж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтоож чадаагүй байна гэж дүгнэж байна.

Шүүхээс *******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолыг заавал хүчингүй болгон, хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хэвээр үлдээж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

*******т холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлийн алинд ч хамаарахгүй байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн сүүлд үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж байна.

Тодруулбал яллагдагч *******ийн өмнө ял шийтгүүлсэн болон одоо шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: ...Би үйлдсэн хэрэгтээ гэм буруугийн талаар маргаж байгаа зүйл байхгүй. Хэргээ үнэн зөвөөр, шударгаар хүлээсэн байгаа. Цагдаагийн газрын дэд дарга Баянжаргал болон тухайн үед миний хэргийг шалгасан Болорбат, Мөнхдалай гэдэг мөрдөгч нараас би “...намайг Улаанбаатар хотод хэрэгтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би энэ гэм буруугаа хүлээж байна. Миний үйлдсэн энэ хэргийг Улаанбаатар хот дахь хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлж өгөөрэй. Би дахин дуудагдаж ирж, ял нэмүүлэх хэмжээнд хүрмээргүй байна. Би хэргээ нэг мөр шийдвэрлүүлээд, гарч ирээд сайхан амьдармаар байна...” гэж хэлэхэд “...тэгнэ, араас чинь энэ хэргийг явуулна...” гээд Дорнод аймгаас Улаанбаатар хот руу цагдаа дагалдуулж автобусаар явуулж байсан. ... Хамгийн гол нь үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар болон саналдаа: ...Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд байгаа. Гэтэл энэ хүний үйлдсэн хэрэг хугацааны хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас 2 сарын өмнө гарсан байдаг. ...Тиймээс энэ хүний хувьд хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдээгүй. Зөвхөн хулгайн үйлдлээ үргэлжлүүлэн явсан асуудал байгаа. Ялтай үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдол нэмж нэгтгэх, тусад нь шийдвэрлэх боломжтой хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүний хувьд ял аваагүй, яллагдагчаар татагдаад явж байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсч байгаа. Иймд хулгайн гэмт хэргийг нэгтгээд нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Төрболд гаргасан дүгнэлтдээ: ...Нэгдүгээрт, үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж, хуулийг буруу ойлгож хэрэглээд байгаа. Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ. Хоёрдугаарт, гэмт хэрэг таслан зогсоогдсон байсан. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг шүүхээс зөв тогтоож чадаагүй. Гуравдугаарт, шүүхээс өмнө нь хэргийг буцаахдаа “...нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ...” гэж үзэж буцаасан байсан. Тэгэхлээр хоёр өөр хуулийн үйлчлэлийн үед үйлдсэн хэд хэдэн бие даасан гэмт хэргүүдийг нэг гэмт хэрэг гэж үзэж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байдлаар шүүхээс буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Тиймээс тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. ... Иймд эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч ******* нь 2015-2016 оны хооронд Улаанбаатар хотод нийт 7 удаагийн үйлдлээр 21,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаар шийтгэх тогтоолоор 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар уг хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, Улсын дээд шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус хянан шийдвэрлэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч өмнөх үйлдсэн хэргийн сүүлчийн үйлдэл 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төгссөн ба түүнээс хойш 2 жилийн дараа буюу 2018 оны 03 дугаар 01-02, 2018 оны 03 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд үйлдэгдсэн хэрэгт холбогдсон байх тул бие даасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурдсан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх боломжтой гэсэн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/678 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******т авсан цагдан хорих, яллагдагч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНБАЯР

 

ШҮҮГЧИД                                       З.ЭНХЦЭЦЭГ

 

Ж.ДОЛГОРМАА