Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/ШШ2025/0019

 

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/ШШ2025/0019

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Шүүгч А.Сарангэрэл

Нэхэмжлэгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Э.Ч

Хариуцагч: Боловсролын сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 221/2024/0056/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2395 дугаар захирамжаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Э.Чээс гаргасан Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Боловсролын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:

2.1. Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/64 тоот тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам буюу захиргааны хэм хэмжээний актын зарим зүйл, заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

-Захиргааны хэм хэмжээний акт нь нийтийн ашиг сонирхол, хүүхдийн эрх зөрчсөн

-Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн

2.2. Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/64 тоот тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын зарим зохицуулалт нийтийн ашиг сонирхол, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь энэхүү акт батлан гарсантай холбоотой санал, гомдлоо Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж, хөдөлмөрлөж буй багш, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд нээлттэй илэрхийлсээр ирсэн билээ. Тодруулбал:

-Багш нарын зүгээс салбарын яамны бодлого, шийдвэр нь багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг бууруулсан-д туйлын их гомдолтой байна.

-Эцэг эхчүүдийн зүгээс энэхүү журамд СӨБ, ЕБС-д багш бус мэргэжилтнийг дөчин тавхан хоногийн сургалт, дамжаагаар багш болгож, тэдгээр мэргэжилтэн нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үр дагавар үүссэн-ийг эцэг, эхчүүд эсэргүүцэж байна. Гол асуудал нь Үндсэн хуульд заасан төрөлх, язгуур эрх болох хүүхдийн сурч боловсрох эрх мөн эцэг, эх, суралцагчдын мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөнд оршино.

-Боловсрол судлаач, эрдэмтэд багш мэргэжил бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог мэргэжил мөн гэж үзэж байна. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хариуцлагын тогтолцоо зайлшгүй шаарддаг цөөн хэдэн мэргэжлийг ийнхүү сонгодог мэргэжил хэмээн тодотгон үздэгийн гол утга холбогдол нь нэгдүгээрт, тусгай мэдлэг, ур чадвар шаарддаг, түүнийг нь их сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу академик болон тодорхой цаг хугацааны практик сургалтаар эзэмшдэг гэдэгт, хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг, мэргэжлийн соёл, ёс зүйтэй гэдэгт тус тус оршдог. Иймээс маргаан дагуулаад буй энэхүү журмын холбогдох зохицуулалт нь мэргэжлийн онолын суурь зарчим, үзэл баримтлалд онцгой харш хэм хэмжээ гэж шүүмжилж байгаа болно. Мөн багш бус мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуульд кредит дүйцүүлж тодорхой хугацааны сургалтад хамрагдаж багш мэргэжлийн бакалаврын диплом авсны үндсэн дээр багш мэргэжил рүү хөрвөн ажиллах журам хэрэгжээд явж байгааг анхаарч үзэх нь зүйтэйг сануулж байна.

2.3. Маргаад буй акт нь Захиргааны ерөнхий хууль буюу материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх дараах 4 үндэслэл байна. Үүнд:

1/ Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна гэсэн заалт бий. Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам- ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү журмын 2.1, 2.3-т заасан багшлах эрх олгох сургалтыг магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна. Сургалтыг мэргэжлийн байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно заасан байна. Эдгээр байгууллагуудын санал авч актын төсөл бэлдэх хуулийн шаардлагыг хангасан эсэх асуудал тодорхой бус байна.

2/ Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 буюу Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг ЗААВАЛ хийнэ гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой байна. Энэхүү нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ хэрэгжсэнээр мэргэжлийн эрх ашиг нь хөндөгдөж буй бүлэг болох нэг ч БАГШ-ийн санал авахгүйгээр тус актыг батлан гаргажээ.

3/ Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/64 тоот тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ыг хүчингүй болгох хуульд заасан бас нэгэн үндэслэл бол Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн явдал юм.

Өөрөөр хэлбэл, БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ гэх нэр томьёог нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй гэж үзэж байна. Энэхүү багшлах эрхийн гэрчилгээ гэх ойлголтын нийтээр хүлээн зөвшөөрсөн утга нь багш мэргэжилтэй хүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лиценз-ийг илтгэдэг атал хэн дуртай нь дамжаанд суугаад гардан авдаг зүйл мэтээр хэрэглэжээ биш. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гуравдугаар бүлэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэсэн бүлэг бий. Тус бүлгийн зохицуулалтаас харвал Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана, Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэх зохицуулалтууд бий.

Энэхүү зохицуулалтын дагуу хуульчдын холбоо хуульчийн эрхийн гэрчилгээ, өмгөөллийн холбоо өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгодог. Эмч, сувилагчдын хувьд ч эмчлэх, сувилах эрхийн лиценз гээд бид бүгд мэднэ. Үүнийг л судлаач эрдэмтэд сонгодог мэргэжил гээд байгаа юм. Боловсролын ерөнхий хууль болон Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль дахь багшлах эрх, багшлах эрхийн гэрчилгээ гэсэн нэр томьёо нь дээрх хуулиудтай ижил утгаар хэрэглэсэн гэдэг нь тодорхой юм. Гэтэл Багшлах эрхийн гэрчилгээ гэх ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэхгүйгээр бакалаврын зэрэгтэй өөр мэргэжлийн хүнийг дөчин тавхан хоног сургалтад хамруулаад ЕБС, СӨБ-ийн багш болгоно гэсэн журам гаргажээ. Ийнхүү хуулийн нэр томьёог буруу ойлгож, нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэхгүйгээр, дураар авирлаж, судалгаа, үндэслэлгүй тушаал, шийдвэр гаргаж байгаа нь багш мэргэжилд, цаашлаад Монголын боловсролд асар сөрөг нөлөөтэй юм.

4/ Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэж заасны дагуу Боловсролын ерөнхий хууль болон Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн Монголын боловсролын чанар, үр дүнг сайжруулах, багшаа хөгжүүлэхэд чиглэнэ гэсэн зорилгод нийцсэн байх ёстой билээ. Гэтэл 100 жилийн ухралт хийсэн, дэлхийн боловсролын болоод багш боловсролын бодлогын эсрэг чиглэсэн, онол, зарчим зөрчсөн журам батлан гаргаж, хэрэгжүүлж эхлээд байгаа нь салбарын сайдын гаргасан тус журмын зарим зүйл, заалтыг хүчингүйд тооцуулах дөрөв дэх үндэслэл болж байна.

2.4. Товчоор хэлбэл, Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/64 тоот тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын зарим зүйл, заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

1.    Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг бууруулж, нийтийн ашиг сонирхол, суралцагчдын сурч боловсрох эрх, хүүхэд, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг ноцтой зөрчсөн

2.    Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлдэх процесс зөрчсөн

3.    Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг ЗААВАЛ хийнэ гэсэн тусгай зохицуулалт зөрчсөн

4.    Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй,

5.    Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулийн агуулга, зорилгод нийцээгүй байна.

2.5. Нэмж дурдахад өмгөөлөгч Э.Ч би дээд боловсролын байгууллагад 16 жил Боловсролын эрх зүй хичээл зааж, тус чиглэлээр, тэр дундаа багшийн мэргэжлийн эрх, эрх зүйн байдлын асуудлыг 10 гаруй жил судалж, судалгааны үр дүнгээ тайлагнаж, эрдмийн зэрэг хамгаалсан болно. Тус судалгааны явцад миний бие дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон орны нэр нөлөө бүхий эрдэмтэн судлаачдын багш мэргэжил-ийн шаардлага, шалгуурыг сулруулах нь үндэсний боловсролын чанар, үр дүнд асар сөрөг нөлөөтэй" байгаа талаар дүгнэлт, үнэлгээ бүхий олон арван судалгааны үр дүнтэй танилцаж, өөрийн бүтээлдээ ишилж, үндэслэсэн билээ.

2.6. Гэтэл Монгол Улсын боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас багшийн хомсдол, дутагдал нэрийн дор судлаачдын орчин үеийн үзэл, хандлага, судалгаа, үндэсний боловсролын эрх ашгийг үл харгалзан, багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг буруулахын зэрэгцээ Монголын боловсролд 100 жилийн ухралт хийсэн заалт, зохицуулалт бүхий нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлан гаргаж, олон нийтийн болон Монголын багш нарын шүүмжлэл эсэргүүцлийг үл тоож, эрх мэдлээр далайлган, хэрэгжүүлж байгаад миний бие тус салбарын судлаач, эрдэмтний хувьд санал огт нийлэхгүй байгаа тул хуулиар олгосон нэхэмжлэгчийн шаардах эрхийнхээ хүрээнд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа болно гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

3.1. Нэг. Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох агуулга, зорилтод нийцээгүй болон Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг бууруулж, нийтийн ашиг сонирхол, суралцагчдын сурч боловсрох эрх, хүүхэд, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг ноцтой зөрчсөн талаар: Боловсролын ерөнхий хуульд 1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын зорилго, зарчим, тогтолцоо, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4.1. Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино гэж хуульчилсан. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд 1.1.Энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тус тус хуульчилсан.

3.2. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.5.Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ гэж заасны дагуу багшийг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж буй багш бэлтгэдэг их сургуулиуд бэлтгэдэг. Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын зорилго нь багшийн мэргэжлээс бусад мэргэжилтэй иргэнд багшлах эрх олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна. Өөрөөр хэлбэл, журамд заасны дагуу хувилбарт сургалтаар багш мэргэжил эзэмших харилцаа хөндөгдөөгүй болно.

3.3. Журамд хувилбарт сургалтад хамрагдах иргэн тодорхой шаардлага хангахаар тусгасан. Тухайлбал, 3.1.1. математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх, эсхүл эдгээр чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-00c доошгүй голч оноотой суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр ангийн суралцагч байх гэсэн шаардлагыг тусгасан. Иргэн сургалтыг амжилттай төгссөн тохиолдолд багшлах эрхийн гэрчилгээ олгохоор зохицуулсан нь суралцагчдын сурч боловсрох эрхийг хангах, боловсролын чанартай үйлчилгээ авахад боломжийг бүрдүүлж байна.

3.4. 2024 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар журамд заасан шаардлагыг хангасан магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 6 их сургуульд багшлах эрхийн гэрчилгээ олгох хувилбарт сургалтад багш бус мэргэжлийн 199 иргэн бүртгүүлээд байна. Хувилбарт сургалтад хамрагдсан иргэд 4 жил суралцан эзэмшсэн дээд боловсрол дээр хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, тухайн түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх технологи, үнэлгээний зэрэг агуулгыг багтаасан сургалтын хөтөлбөрөөр суралцах юм. Тухайн иргэний хувьд цаашид багшийн мэргэжил эзэмшихээр суралцах эрх нь нээлттэй юм. Нэхэмжлэлд Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг бууруулж, нийтийн ашиг сонирхол, суралцагчдын сурч боловсрох эрх, хүүхэд, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг ноцтой зөрчсөн, Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох агуулга, зорилтод нийцээгүй байна гэсэн нь нотолгоогүй, бодит байдалд нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй болно.

3.5. Хоёр. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх процесс зөрчсөн болон Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэснийг зөрчсөн талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэж, 65.2-д Энэ хуулийн 60,61,62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй гэж тус тус заасан байдаг.

3.6. Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/64 тоот тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг ханган, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6923 дугаартайгаар бүртгэгдсэн /https://legalinfo.mn/mn/detail?lawid=17141438188261/

3.7. Захиргааны хэм хэмжээний акт болох Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ыг бүртгүүлэхэд Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-ыг /https://legalinfo.mn/mn/detail?lawId=208589&showType=1/ мөрдлөг болгон ажилласан.

3.8. Түүнчлэн дээрх журмын төслийг Боловсролын яамны дотоод сүлжээ болон яамны албан ёсны цахим сайтад 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хуульд заасан хугацаанд санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд журмын төсөлд 430 сонирхогч этгээдээс хандалт хийсэн бөгөөд огт санал ирүүлээгүй болно. Дээрх тайлбартай холбоотой холбогдох /https://moe.gov.mn/post/154826/ баримтыг хавсаргав.

3.9. Гурав. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй талаар:

Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.5. Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно, 12.8. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь багшлах эрхийн гэрчилгээтэй байна, 12.9. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.5-д заасан багшлах эрхийг энэ хуулийн 12.8-д заасан багшлах эрхийн гэрчилгээтэйд тооцно гэж тус тус хуульчилсан /https://legalinfo.mn/mn/detail?lawid=16759958962301/. Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны журмыг батлах-ыг Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.14 дэх заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар тус тус зохицуулсан.

3.10. Нэхэмжлэлд багшлах эрхийн гэрчилгээ-г мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лиценз гэж үзээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дурдсан байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лиценз хэлбэрээр зохицуулдаг. Харин шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуулийн үзэл баримтлал болон тус хуульд багшлах эрхийн гэрчилгээ-г лиценз хэлбэрээр зохицуулаагүй бөгөөд уг нэр томьёог огт хамааралгүй хуулийн нэр томьёотой холбон маргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

3.11. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээний 3.1.3-д "бага анги, англи хэл, математик, монгол хэл, уран зохиол, технологи зэрэг судлагдахууны багшийг хувилбарт сургалтаар нэмж бэлтгэх, хөрвөх боломжийг олгох гэж туссан. Иймд нэхэмжлэлд маргаад буй акт нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулийн агуулга, зорилгод нийцээгүй байна, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй гэсэн нь үндэслэлгүй болно.

3.12. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмын зарим зүйл, заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө γγ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны төрлийг нэрлэн зааснаар 112.1.1-д хамаарах маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын нэхэмжлэгчээс хүчингүй болгохоор маргаж буй холбогдох заалтуудыг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

3. Нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Э.Чээс Боловсролын сайдад холбогдууланБоловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.1. Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ыг шинэчлэн баталсан байх бөгөөд тус журмын 2.1-д Сургуулийн Өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад ажиллах хүсэлтэй иргэнийг багшлах эрх олгох хувилбарт сургалтаар бэлтгэнэ, 2.2-т Энэхүү журмын 2.1-д заасан хувилбарт сургалт доор дурдсан төрөлтэй байна гээд 2.2.1-т багшаас бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнд багшлах эрх олгох сургалт, 2.2.3-т багшаас бусад мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй суралцагчдад багшлах эрх олгох сургалт, 2.5-д Энэ журмын 2.1, 2.3-т заасан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төгсөгчид багшлах эрхийн гэрчилгээ, 2.4-д заасан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төгсөгчид батламж олгоно, 3.5-д Багшлах эрх олгох сургалтын хугацаа 45 хоногоос дээшгүй байна, 5.1-д Багшлах эрхийн гэрчилгээтэй иргэн нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан гэрээ байгуулж ажиллана гэж тус тус заажээ.

3.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...мэргэжлийн байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын санал авч актын төсөл бэлдэх хуулийн шаардлагыг хангасан эсэх асуудал тодорхой бус, ... мэргэжлийн эрх ашиг нь хөндөгдөж буй бүлэг болох нэг ч багшийн санал авахгүйгээр тус актыг батлан гаргасан, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлдэх процесс зөрчсөн, ...Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн тусгай зохицуулалт зөрчсөн, ...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй, ...Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулийн агуулга, зорилгод нийцээгүй хэмээн тодорхойлон маргасан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна, 61.2-т Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна, 61.3-т .Энэ хуулийн 61.2-т заасан саналыг аваагүй бол үндэслэл, шаардлагыг тайлбарлан хүргүүлнэ. 61.4-т Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ, 62 дугаар зүйлийн 62.1-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна, 62.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж тус тус заажээ.

5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Боловсролын яамны цахим хуудаст журмын төслийг хуульд заасан хугацаанд байршуулсан байх бөгөөд уг үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй.

5.1. Харин хавтаст хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн судалгаанууд, журмын төсөл хэлэлцэх графикчилсан төлөвлөгөө /сайд гарын үсэг зурж баталгаажуулаагүй/ зэрэг баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийж, нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэх зэргээр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх хүрээнд тодорхой ажил гүйцэтгэснийг нотлохоос бус хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авахажиллагааг явуулсанд хамаарахгүй бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

6. Тодруулбал, нэхэмжлэгчээс ...эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийгээгүй, ...журмын төсөл нь батлагдан гарахдаа өөрчлөгдсөн байгаа нь хэнээс ирүүлсэн ямар саналыг үндэслэн хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй хэмээн маргаж байна. Гэтэл хариуцагч Боловсролын яамны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/2949 тоот албан бичгээр ...журмын төслийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр санал авахаар байршуулсан бөгөөд журмын төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал ирүүлээгүй гэх хариуг ирүүлсэн боловч тус журмын төсөл батлагдан гарахдаа хэний ямар саналыг хэрхэн хэлэлцүүлж, ямар үндэслэлээрБоловсролын яамны цахим хуудаст байршуулсан журмын төслөөс өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

7. Хэдийгээр хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бид журмын төслийн хэлэлцүүлгийг хоёр удаа МУБИС дээр хийсэн, ...яамны харьяа холбогдох албан хаагчид, судалгааны хүрээлэн, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан багш нарт боломжоороо оролцоорой гэж утсаар мэдэгдсэн, ...миний компьютерын хард шатсан учир энэ талаарх баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болсон, холбогдох бичиг баримтыг архивлаж амжаагүй, үүнээс илүү баримт байхгүй учир гаргаж өгөөгүй, байгаа бүх баримтаа шүүхэд гаргаж өгсөн хэмээн тайлбарлан маргаж буйг шууд үгүйсгэх боломжгүй ч холбогдох нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс ...журмын төслийн хэлэлцүүлгийн талаар мэдэгдээгүй, ямар ч хэлэлцүүлэг хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд хариуцагчийг хуульд заасан журмын дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй.

8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...тус журмын дагуу 129 иргэн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан үүнээс 68 багш ЕБС-д гэрээний дагуу цагийн багшаар ажиллаж байгаа, өмнө багшлах эрхийн гэрчилгээгүй багшилж байсан 21 багшийг гэрчилгээтэй болгож багшлах эрхийг баталгаажуулсан нь хүүхдүүдийн сурах эрхийг хөндөх бус харин сурч, боловсрох эрхэд дэмжлэг үзүүлж байгаа, багшийн дутагдал хомсдолыг арилгахад тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө үзүүлж байгаа гэж тайлбарлан маргаж буйг буруутгах боломжгүй хэдий ч захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа, тухайлбал,захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг болон тусгай зарчмыг хангасан байхаас гадна мөн хуульд заасан тусгайлсан журамд нийцсэн байх учиртай бөгөөд эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

8.1. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийжоролцогчийг сонсох, сонгох боломжийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх замаар уг хэм хэмжээний актыг дахин батлан гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

8.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төслийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хуульд зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсны үндсэн дээр Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ыг батлах нь Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим, түүнчлэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзэхээр байна.

9. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг дөрвөнсарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Боловсролын сайдад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд "Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам"-ын дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авч, гэрээний дагуу цагийн багшаар ажиллаж байсан болон өмнө багшлах эрхийн гэрчилгээгүй багшилж байгаад тус сургалтад хамрагдаж багшлах эрх нь баталгаажсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болохыг тэмдэглэв.

11. Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, 61 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд тус тус заасныг баримтланБоловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хариуцагчБоловсролын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтууд хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                   Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                   А.САРАНГЭРЭЛ