Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга С.Уянга

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам 

Шүүгдэгч Д.Хатанбаатар нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Д.Хатанбаатарт холбогдох эрүүгийн  201612000058 тоот  хэргийг  2016 оны  12 сарын 09-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй Тар овгийн Даваажавын Хатанбаатар /РД:ЗН85042311/

            Шүүгдэгч Д.Хатанбаатар нь 2016 оны 4 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн  Цагаандэлгэр сумын 1-р баг Хараатын 2-16 тоотод байх байшинд шунахайн зорилгоор, хууль бусаар нэвтэрч Ч.Даваасүрэнгийн 0,5 граммын  шилтэй цэвэр спирт, 0,75 граммын алтан чингис, алтан түрүү архи тус бүр 1 ширхэгийг, мөн Ч.Мөнхжаргалын жи мобайлын гар утас, цүнх 1 ширхэг, цамц 5 ширхэг, өмд 5 ширхэг болон бэлнээр 61000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдад нийт 321000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 3 сард Дундговь аймгийн  Цагаандэлгэр суманд ирсэн.  Гэртээ ирсэн чинь гэрийнхэн маань байхгүй, ээж маань өнгөрчихсөн  байсан.  Тэгээд найз нөхөдтэйгөө уулзаад сумандаа 2-3 хоносон. Үнэнийг хэлэхэд надад орох газар байгаагүй, найзуудтайгаа архи ууж, гадуур айлаар хонож өдөр, хоногийг  өнгөрөөж байсан.  Хотруу буцах зорилготой явж байсан юм. Даваасүрэн гэдэг айлтай манайх айл саахалт байсан. Тэгээд тэднийд очоод аяга хоол идээд, зардлын мөнгө гуйя л гэж бодсон. Очсон хашааных нь хаалга онгорхой, цонх нь хагарчихсан байсан. Цонхоор нь орсон чинь шүүгээн дээр нь 3 шил архи байсан. Архинуудыг, сирвантан дотор байсан жи мобайлын гар утас, түрүүвчтэй мөнгө, цүнхтэй хувцасыг аваад гарсан. Ийм хэрэг  хийсэндээ гэмшиж, харамсаж байна. Би ажил хийж найз охинтой болж амьдрал маань сайхан л болж байсан.  Дорноговь аймагруу хүнд бараа зөөж өгдөг байсан. Барааг нь өгчихөөд буцаад вагоноор явж байхдаа хүнтэй муудалцаад захиргааны арга хэмжээ авахуулсан. Тэгээд намайг эрэн сурвалжилсан  байгаа гэж цагдаад бүх үнэнийг хэлсэн. Хурдан энэ хэргээ шийдүүлчих юмсан гэсэн бодолтой амьдарч байсан. Ханиа дагуулаад сум орон нутагтаа ирэхэд  энэ хулгайч хэрэг хийгээд явсан гэж хэлүүлэхгүй, ардаа цочих юмгүй амьдрах юмсан гэж л бодсон. Хүмүүсээс гуйх шаардлагагүйгээр өөрөө ажил хийгээд явахад сайхан амьдрах боломж байгаа юм билээ. Тухайн үед архи уугаад ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Миний амьдралд та бүхэн боломж олгооч гэж хүсч байна гэв.

2.Хохирогч Ч.Даваасүрэнгийн  “Би 2016.04.06-ны өдөр 16.00 цаг өнгөрч байхад хөдөө гэрээсээ суман дээр ирээд Хараатын 2-16 тоот өөрийнхөө хашаанд орох гэтэл үүдэн дээр нь хашааны монгол цоож 2 хэсэг болчихсон хэвтэж байсан. Тэгээд дотогшоо ороод байшингийнхаа хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод ортол таамбарын хамаг эд зүйл задарчихсан, дотор хаалга нь онгорхой байсан.  Бас таамбарын 1 жижиг вакум цонх, том өрөөний нэг цонх хагарсан гаднаас хүн орж ирээд, гарсан шинжтэй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид өөрөө очиж мэдэгдсэн. Жи мобайлын антентай хар өнгийн гар утас 1 ширхэг, 0.75 литрийн Алтан чингис архи, 0.75 литрийн Алтан түрүү архи 1 ширхэг, 0,5 граммын  шилтэй цэвэр спирт, цэнхэр өнгийн том цүнхтэй хувцас алдагдсан. Цүхэн дотор манай хүү Мөнхжаргалын төв явахдаа өмсдөг жинсэн өмд 5 ширхэг,  цамц 5 ширхэг байсан. Хуулиатай байсан марль байсан чинь тэрнээс ураад авсан юм шиг байсан. Надад санал гомдол, нэхэмлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 81/

3.Хохирогч Ч.Мөнхжаргалын “Ээжийн байшинд цүнхтэй  хувцасаа  үлдээсэн  байсан  юм. Тэр цүнхтэй  хувцас алга  болсон гэсэн. Байшин  дотор сервантан дотор “АЗ” серийн  дугаартай, 20.000, 10.000, 1000 төгрөг тус бүр 1 ширхэг,  мөн энгийн серийн дугаартай 20.000 төгрөг, 10.000 төгрөг тус бүр 1 ширхэг  нийт 61.000 төгрөг  алдсан юм. Мөн жи-мобойлын хар өнгийн  гар  утас алдсан. Цүнхэн  дотор жинсэн  өмд 5, даавуун цамц 5 ширхэг  байсан.  Надад гомдол  санал, нэхэмлэх зүйл  байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 108/

4. Гэрч Х.Цэрэндоржийн “2016.04.01-ний орой 17.00 цагийн үед манай гэрт Хатанбаатар орж ирээд “Доржоо ахаа намайг 14-р зөрлөг хүргээд өг , би бензин хийж өгье, манай дүү Шооноо хотод гэмтлийн эмнэлэгт хүнд зодуулаад ухаангүй байна” гээд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би зөвшөөрөөд НИК ШТС руу явах гэж  байтал Готов гуайнд манай аав байгаа, би  уулзаад  байж байя, чи бензинээ  аваад ир гэсэн. Готов гуайнд эргээд ирэхэд Хатанбаатар  аавдаа 0.75 литрийн Чингис архи өгч байсан. Тэгээд 18.00 цагийн үед гараад төмөр замын  14-р зөрлөг дээр очоод Хатанбаатар буугаад үлдсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23/             

5.Гэрч А.Ганбатын “...2016.04.01-ний өдөр 18.00 цагийн орчимд манайд гаднаас Хатанбаатар ганцаараа орж ирээд цай уучихаад, аавдаа золгоно, тэгээд Улаанбаатар явлаа гэсэн. Манайд байхдаа гар утас гаргаж ирээгүй. Баруун гарын чигчий хуруугаа цагаан марлиар ороосон, хамран дээр нь бага зэрэг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-рт/

6. Цагаандэлгэр сумын үнэлгээний  комиссын 2016.4.7-ны өдрийн №02 дугаартай  эд зүйлд үнэлгээ хийсэн  акт /хх-ийн 26-рт/

7. Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээллийг хүлээн  авсан тэмдэглэл /хх-ийн 5/

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 6-14/

9. Эд зүйл хураан авсан  тухай тэмдэглэл /хх-ийн 15/

10. Эд мөрийн баримтаар  тооцож,  хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19/

11. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи баримтууд болон шүүгдэгчийн  хувийн  байдалтай  холбоотой  бусад баримтыг хуульд заасан үндэслэл, журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Хатанбаатар  нь 2016 оны 4 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р баг Хараатын 2-16 тоотод байх байшинд шунахайн зорилгоор, нэвтэрч Ч.Даваасүрэнгийн 0,5 граммын  шилтэй цэвэр спирт, 0,75 граммын алтан чингис, алтан түрүү архи тус бүр 1 ширхэгийг, мөн Ч.Мөнхжаргалын жи мобайлын гар утас 1 ширхэг, цүнх 1 ширхэг, цамц 5 ширхэг, өмд 5 ширхэг болон бэлнээр 61000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдад нийт 321000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Хатанбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн  хувийн  байдал, үйлдсэн гэмт  хэргийнх нь  нийгмийн  аюулын хэр хэмжээг харгалзан  Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгө  хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001.05.09-ний өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  мөн хугацаагаар хойшлуулсан /хх64-67/

-Мөн шүүхийн 2003.05.28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар /хх-60-63/,

-Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2003.07.03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар тус шүүхийн 2003.05.28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял  дээр 4 сарын хугацаагаар  баривчлах ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 4 сарын хорих ялаар /хх-57-59/ шийтгүүлж,  Дархан –Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2004.12.02-ны өдрийн 48 дугаар захирамжаар 7 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацаанаас өмнө сулласан /хх-42/,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005.11.03-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж /хх-43-44/, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2008.08.28-ны өдрийн 210 дугаар захирамжаар 7 сарын өмнө тэнсэн суллагдсан,/хх-ийн 45-46/

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009.07.27-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж /хх-47-48/, 2010.6.10-ны  өдөр ялын хугацаа  дуусч  суллагдсан /хх-ийн 49/,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011.05.09-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т  зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж /хх-50-51/, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015.11.06 өдрийн 326 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялаас өршөөгдсөн  /хх-52/ болох  нь  хэрэгт  авагдсан баримтуудаар  тогтоогдож  байна.

Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Д.Хатанбаатарын ялтайд тооцогдох  хугацаа  нь  дуусаагүй  ба  ялтай байх хугацаанд  дахин  гэмт  хэрэг үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн  56 дугаар  зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар  ял  хүндрүүлэх  нөхцөл байдал  болох  ба ял хөнгөрүүлэх  нөхцөл  байдал  тогтоогдоогүй  болно. Шүүгдэгч Д.Хатанбаатар нь өөрөө цагдаад үнэнээ хэлж хэргээ  хүлээсэн гэх боловч энэ  талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2016.10.14-ний өдрөөс 2016 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсон ба энэ хугацааг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Даваасүрэн, Ч.Мөнхжаргал нар нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг  тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  монгол цоож, цүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Даваасүрэнд хүлээлгэн өгч, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 285, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3,  291, 294, 297, 298, 299, 301, 303-т заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тар овгийн Даваажавын Хатанбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хатанбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах ял эдлүүлэх байранд эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хатанбаатарын  энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас битүүмжлүүлсэн эд хөрөнгөггүй, хохирогч Ч.Даваасүрэн, Ч.Мөнхжаргал нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол цоож, цүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Даваасүрэнд олгож, баримтыг 201612000058 тоот хэрэгт хавсаргахыг  шүүгчийн  туслах Г.Нямаад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хатанбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах, улсын яллагч, дээд  шатны  прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ