Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч:  УБГ ХХК -д холбогдох,

гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн УБ Групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ болон Хөлсөөр ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулан тус өдрөөс ажиллаж эхэлсэн. Уг хугацаанаас хойш Хөлсөөр ажиллах гэрээнд заасан чиг үүргийг миний бие хэрэгжүүлэн ажилласаар ирсэн болно.

Гэтэл 2019 оны 9-р сарын 30-ны өдөр УБ Групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Батбаатар өрөөндөө дуудан ажлаас халах тухай ярьж Хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тухайгаа хэлсэн бөгөөд ямар үндэслэлээр халж байгаа талаар тайлбар хэлээгүй юм. Бидний хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ямар үндэслэлүүд хамаарч байх талаар тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд миний хувьд гэрээ болон холбогдох хуульд заасан гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчлийг гаргаагүй болно.

...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Т би УБ Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Одбаярт хандан Ажлаас халах тухай тушаал гарсан бол уг тушаалыг гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд тушаалыг албан ёсоор гаргуулж түүнд ажлаас халсан үндэслэлийг (байгаа бол хууль зүйн үндэслэл, байхгүй бол энэ тухайгаа тодорхой тусгах) тодруулах талаар бичсэн ба өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм. Иймд намайг ажлаас халсан тушаалыг албан ёсоор бичгээр гардуулаагүй учир ямар үндэслэл шалтгааны улмаас намайг ажлаас халсныг одоог хүртэл ойлгохгүй байна. Тушаалыг гардуулаагүй учир нэхэмжлэлд хавсаргаж өгөх боломжгүй байна.

Хэдий талууд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан боловч УБ Групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах байнгын ажлын байр тул тус хуульд заасан зохицуулалт, нөхцөл, шаардлага үйлчлэх боловч хариуцагчийн зүгээс уг хуулийн шаардлагыг огт биелүүлэлгүй, ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар ...гэрээг цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд 2 cap ба түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг төлнө гэж гэрээндээ харилцан тохиролцсоны дагуу оруулсан байдаг.

Иймд УБ Групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд Б.Тыг эгүүлэн тогтооож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Б.Т нь Д.Болор захирлын охин бөгөөд анхны уулзалтуудаар компанийн хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, үйл ажиллагааны стратеги төлөвлөлтийн талаар мэргэшсэн, энэ талаар маш их туршлагатай гэдэг байсан. Үүнийгээ өөрийн гүйцэтгэж байсан гэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярьсан учраас Монголд маш цөөхөн байдаг өндөр ур чадвартай менежерүүдийн нэг юм гэсэн ойлголтыг авсан.

Улмаар УБГ ХХК нь иргэн Б.Таар Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирал-ын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2019 оны 5 сарын 01-ний өдөр 041 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2019 оны 6 сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож Б.Тын хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлж, гүйцэтгэлийн урамшуулал, тусгай урамшуулал олгохоор Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Ингээд ажил үүргээ гүйцэтгэх явцад бизнесийн хөгжил, стратеги төлөвлөлтийн ямар ч туршлагатай гэхэд бодит эргэлзээнүүд төрж эхэлсэн. Учир нь анх хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа ярилцаж тохиролцсоны дагуу УБГ ХХК болон түүний хөрөнгө оруулсан бизнесүүд, хамаарал бүхий хуулийн этгүүдийн бизнес төлөвлөгөө гаргах, бизнес бүрийн онцлогт нийцсэн стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэнэ, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдийг татах төлөвлөгөө боловсруулна, одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэсэн боловч уг ажлаа огт гүйцэтгээгүй. Эхний ээлжинд 5 жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө боловсруулж уг төлөвлөгөөтэй холбогдуулан жил жилийн төлөвлөгөө гаргахаар тохиролцсон. Ингээд гүйцэтгэх ажил үүрэг, төлөвлөгөөгөө гэрээ байгуулахад бэлэн болгож гэрээний хавсралтаар баталгаажуулахаар тохиролцсон. Гэвч энэ ажил нь ч хийгдээгүй.

Мөн манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хуримын ордны хойно баригдаж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компанийн хэрэгжүүлж байгаа Радиссон Монголиа төслийг худалдан авахаар хэлэлцээр хийж байсан. Уг төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байсан бөгөөд гадаадын болон Монголын талын хувьцаа эзэмшигчдийн хоорондын үл ойлголцлоос шалтгаалан гадаадын хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулахаар мэргэжлийн байгууллагыг сонгож уг байгууллагатай нь манай компанийн зүгээс холбоо тогтоон ажиллаж байсан.

Уг төслийн гадаад хувьцаа эзэмшигчид нь Швед, Финланд, Дани, Кипр зэрэг орны хуулийн этгээдүүд байсан бөгөөд олон улсын мэргэшсэн аудитын PWC компани мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Миний хувьд Англи, Орос хэлний мэдлэг багатай учраас анхнаасаа энэ төслийг бизнес хөгжил, стратеги, гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг туршлагатай учраас Б.Т захирал хариуцсан. Тэрээр гадны хөрөнгө оруулагчидтай албан ёсоор харилцан төслийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авч надад танилцуулдаг байсан. Компанийн хувьцаа шилжүүлэх, эрх хүлээн авах нь нарийн төвөгтэй ажиллагаа бөгөөд хувьцааны үнэ, санал болгох хугацаа, төслийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, ашгийн тооцоолол зэрэг нь маш нууц бөгөөд эдгээр мэдээлэл алдагдах нь манай бизнест ноцтой үр дагавар авч ирж болзошгүй байсан. Гэтэл Б.Т нь уг төслийн талаарх мэдээллийг бусад этгээдүүдэд задруулж, хөрөнгө оруулалт босгон ажиллах боломжтой гэж мэдээлэл өгч байсан нь илэрсэн.

Дээрх хоёр шалтгаанаар 2019 оны 9 сарын 30-ны өдөр Б.Т захиралтай уулзсан. УБГ ХХК болон охин компаниудын бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх, дунд болон богино хугацааны төлөвлөгөөг танилцуулах ажлыг яаралтай гүйцэтгэх шаардлагатай байгаа тухай болон Радиссон Монголиа төслийн хүрээнд цаашид ажиллуулахгүй болсон, төслийн хүрээнд хүлээн авсан болон харилцаж байсан мэдээллийг хүлээлгэн өгөх, төслийн мэдээллийг цаашид дахин задруулахгүй байх талаар анхааруулж сануулсан, уг төслийг худалдан авах aжиллагааг гадаадын мэргэжлийн зөвлөх байгууллага болон хуульчдаар хийлгэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Энэ үеэр манай компанийн оффисын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байсан, ямар уулзалт болсон талаар мэдэж байгаа. Гэвч Б.Т тэр өдрөө ажлаа орхиод явсан байсан. Төслийн талаарх мэдээлэл, гүйцэтгэж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй. Энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. Б.Ттай байгуулсан гэрээтэй холбоотой түүний хүрэх ёстой үр дүн, урамшууллын талаар шийдвэрлээгүй орхигдсон зүйлс бий. Тэрээр өнөөдөр ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Харин гэрээгээр хүлээсэн ажил үүргээ тасалдуулсан тохиолдолд нийгмийн даатгал төлөгдөхгүй гэдгийг тодруулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь УБГ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/13727 дугаартай захирамжаар хуралдааныг хойшлуулсан.

Энэхүү шүүх хуралдааны товыг хариуцагчийн хаягаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр утсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ...намайг ажлаас халахдаа тушаал шийдвэрийг бичгээр гаргаагүй, хууль болон гэрээнд заасан хугацаа болох 2 сарын өмнө халах тухай мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж, /хх-1-2/

хариуцагч ...Б.Т нь уг төслийн талаарх мэдээллийг бусад этгээдүүдэд задруулж, хөрөнгө оруулалт босгон ажиллах боломжтой гэж мэдээлэл өгч байсан нь илэрсэн, Б.Т тэр өдрөө ажлаа орхиод явсан, ...ажлаа хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй. Энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. ...өнөөдөр ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой гэж маргасан. / хх-33-35/

 

Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Хөлсөөр ажиллах гэрээ /хх5-10/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-12-14/, Депозит дансны хуулга /хх-44-49/, Мобиком корпораци ХХК-ийн 2019.12.05-ны өдрийн тодорхойлолт /хх-77/ баримтууд,

-хариуцагчаас ...хариу тайлбар /хх-33-35/, УБГ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.5.01-ний өдрийн Б-44/19 дугаар тушаал /хх-61/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-62-66/, 2019.05.01-ний өдрийн 041 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх-67-69/, Б-41/19 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах тухай гэрээ /хх-70-72/, баримтуудыг,

-шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох вайбер болон гар утсанд хийсэн үзлэг /хх-84-88/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж, дүгнэв.

Ажил олгогч УБГ ХХК, ажилтан Б.Т нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Тыг УБГ ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлаар 3 сарын туршилтын хугацаатай байхаар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. Мөн өдрөө талууд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах тухай гэрээнүүдийг байгуулжээ. /хх 70-71/

Түүнчлэн зохигч 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлүүдийг үндэслэн харилцан тохиролцож мөн өдрөөс 5 жилийн хугацаатай, сарын 3 сая төгрөгийн цалинтай Контрактын /хөлсөөр ажиллах/ гэрээг байгуулжээ.

Хариуцагч нь Б.Т контрактад заасан ажил үүргээ биелүүлээгүй, төслийн нууц задруулсан гэж маргаж байгаа ч уг тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хөлсөөр ажиллах гэрээний 4.2-т ...гэрээг цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд 2 сар ба түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор тохиролцжээ. Түүнчлэн ажилтан Б.Т нь мөн гэрээний 4.4.-т заасан ...ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх-7/

Ажил олгогч нь ажилтны ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Тыг УБГ ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 56 хоног байна.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар Б.Тын ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 6, 7, 8 дугаар саруудын 11,120,666 цалингийн дундаж сарын 3,706,888 төгрөг, ажлын өдөр 21.5 хувааж, 1 өдрийн цалин 172,413 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 56 хоногт үржүүлэхэд 9,655,128 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид 169,432 төгрөгийг гаргуулан улсын орлогод төлүүлэхээр хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Тыг УБГ ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, УБГ ХХК-иас ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,655,128 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг УБГ ХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 169,432 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Оролцоогүй талд мөн хугацааны дотор гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН