Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/576

 

3 дугаар хэсэг:

талаар хавтаст хэрэгт авагдсан зүйл байхгүй. Ажлын хэсгийн гишүүд бүгд бид нар хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан нөлөөлгүй ээ, бид нарт өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд бүрдүүлсэн материалыг харж шийдсэн гэдэг. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч магадлал гаргасан. Бусад нэр бүхий 4 компани шаардлага хангаагүй. Тэр хүний мэдлэг чадвар ямар гэдгийг нь мэдэхгүй. Ажлын хэсгийн 7 хүн шаардлага хангаж байна гэж сонгосон байхад тэнд нэг мөрдөгч шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Бодлого зохицуулалтын газрын дарга нар Монгол улсад шаардлага хангасан аж ахуйн нэгж цөөхөн хэдэн гурилын үйлдвэр л байна гэдэг зүйл хэлж байна. Энэ хоёрыг ялгаж заагласан зүйл байхгүй байна. Ажлын хэсэг бүрдүүлсэн материалынх нь хүрээнд дэмжсэн гэдгээ хэлдэг. Тэдгээр хүмүүсийг хайнга хандсан гэж үзэж болохгүй. Шүүх хуралдаанаар ороод гэм  буруутайд тооцогдоод эрүүгийн хариуцлага оногдсон бол эдгэр хүмүүс хайнга хандсан гэж үзсэн бол өөр хэрэг. Гэтэл эдгээр хүмүүс нь хайнга хандсан гэж дүгнэж байгаа нь шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй. Ч  гэж ярихаасаа илүүтэйгээр бусад 28 компани яг ижилхэн. Тус 28 компаниас 4 хүнийг яллаж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ямар ажиллагаа хийлгүүлэх талаар хэлж байсан. Н.Б, Л.Ч нар хоорондоо найзууд. Миний үйлчлүүлэгч Хөдөө аж ахуйн их сургуульд олон жил багшилсан. 1000 гаруй шавьтай, хөдөө аж ахуйн салбарт таньж мэдэх хүн олон, харилцаа хамааралтай. Прокурор Н.Б өөрийнх нь өгсөн мэдүүлэг, эхнэрийнхэн өгсөн мэдүүлэг, М.Э-ийн өгсөн мэдүүлэг зэргээр нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэлж байна. Энэ хоёр хүн зээлийн талаар ярилцсан асуудал хавтаст хэрэгт авагдаагүй. Гэрээгээ хийсэн үү гэдэг нотлох баримт байгаа. Гэрээгээ хийсэн үү гэдгийг миний үйлчлүүлэгч тайлбарладаг. Би сайдаас өгсөн эрх хэмжээнийхээ хүрээнд гэрээгээ хийсэн үү гэж асуусан гэдэг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа гэх юм бол 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болдог. Тухайн өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мсжээр харилцсан байдаг. Эрүүгийн хэргийн үндсэн зарчим бол гарцаагүй байх ёстой. Эдгээр хүмүүсийн үйлдлээс болоод хохирол хор уршгийг тооцох ёстой. Эдгээр хүмүүсийн нэг нь ажлын хэсэгт байсан. Нөгөөх нь ажлын хэсэгт гаднаас нөлөөлсөн гэдэг зүйл яригдаж байгаа. Ажлын хэсгээс гарсныхан дараа төрийн нарийн бичгийн дарга дээр очсон, дараа нь сайд дээр очсон, дараа нь мал хамгаалах сан руу ирж байгаа. Дамжлагаар явсаар байгаад гэрээ байгуулагдаад дууссан. Хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна. М.Э нь Л.Чид хэзээ хэрхэн нөлөөлсөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. М.Э-ийн өөрийнх нь мэдүүлгээр үндэслэж байгаа. Гэхдээ М.Э-ийн мэдүүлэг нь гэрч Т-ийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн ажлын хэсгийн гишүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах хэргийн үйл баримт тогтоогдов.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдад 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хүүндрэл, бэрхшээлгүй даван туулах бэлтгэл хангахнтай холбогдуулан ОХУ болон хөрш зэргэлдээ улс орнуудаас өв, тэжээл, тосны ургамал болон гурил, малын тэжээл үйлдвэрлэх зориулалтаар үр тариа импортоор оруулах, 2018 шаардагдах улаан буудайн үрийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авч нөөцлөх, ур зориулалтаар гадаад, дотоодын зээл, тусламж авах талаар гэрээ хэлэлцээр хийх, зохих зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна. (7 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас)

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох ажлын хэсгийн 1 дүгээр,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 2 дугаар, хяналт тавих ажлын хэсгийг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгруулах төслийн баримт бичгийг боловсруулан батлуулж, сонгон шалгаруулалтыг явуулан, дүнг танилцуулахыг ажлын хэсэг М.Э-т үүрэг болгожээ. (7 дугаар хавтаст хэргийн 122-125 хуудас)

Уг тушаалын 2 хавсралтад “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталсан байх бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Э, ажлын хэсгийн гишүүдэд Б.Б , А , Ч.Э, Ц.Н, Г нарыг, нарийн бичгийн даргаар Б.Т нар тус тус томилогдсон.

Дээрх томилогдсон ажлын хэсэг “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг” боловсруулан төслийг 2017 оны 10 дугаар сраын 31-ний өдрийн ажлын хуралдаанаар хэлэлцэж, уг баримт бичгийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлахаар шийдвэрлэжээ. (7 дугаар хавтаст хэргийн 136 хуудас)

Төсөл шалгаруулалтын ӨТСШ/17/11/01 дугаартай “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах барим бичиг”-ийг тус яамны төрийн нарийн бичгийн дарга баталсан байна. (7 дугаар хавтаст хэргийн 129-133 хуудас)

Улмаар уг ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар баруун 5 аймагт 9 аж ахуйн нэгжүүдийг, төвийн болон говь, хангайн бүсэд нийт 20 аж ахуйн нэгжийг тус тус шалгаруулж, уг 20 аж ахуйн нэгжид “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК, “Ч ” ХХК нар багтаж сонгон шалгарчээ. (7 дугаар хавтаст хэргийн 137-140 хуудас)

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А-156 дугаар тушаалаар “Малын тэжээлийн ханагамжийг нэмэгдүүлэхэд зориулан олгох төсвийн зээлийн гэрээ байгуулахыг Мал хамгаалах сангийн захирал Т.Ц-д” зөвшөөрсөн байна. (7 дугаар хавтаст хэргийн 165 хуудас)

Ингээд Мал хамгаалах сан нь “Ч ” ХХК-тай 3,000,000,000 төгрөгийн (1 дүгээр хавтас хэргийн 162-171 хуудас), “И” ХХК-тай 1,100,000,000 төгрөгийн (10 дугаар хавтас хэргийн 164-174 хуудас), “Б ” ХХК-тай 190,000,000 төгрөгийн (10 дугаар хавтас хэргийн 130-138 хуудас), “Э ” ХХК-тай 650,000,000 төгрөгийн (10 дугаар хавтас хэргийн 149-158 хуудас) тус тус Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээ нь 9 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус яамны Мал хамгаалах сангаас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02825 дугаар шийдвэрээр “И” ХХК-аас 908,857,332 төгрөгийг гаргуулан ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд олгож, (10 дугаар хавтаст хэргийн 229-233 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/2148 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шалны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2510 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00631 тогтоолоор “Э ” ХХК-аас 716,972,100 төгрөгийг гаргуулан ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд олгож, (10 дугаар хавтаст хэргийн 238-244 дугаар хуудас),

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03819 дугаар захирамжаар “Ч ” ХХК-аас 2,282,000,000 төгрөгийг ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд олгож (11 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),   

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00173 дугаар шийдвэрээр “Б ” ХХК-аас 110,675,200 төгрөгийг гаргуулан ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд олгож тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд “Б ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00356 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор дуусгавар болсон байна. (10 дугаар хавтаст хэргийн 228, 234-237 дугаар хуудас),

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Ч нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “албан үүргээ зохих ор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”, 12.1-д “...Албан тушаалтан өөрийн  болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас  хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд өөрийн найз Н.Б үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч ” ХХК-ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

-Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх,

-Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх,

-Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 3,000,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон,

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э нь тус яамны Мал аж ахуйн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохыг хориглоно”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “... албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

8 дугаар зүйлийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 8.6 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.” 9.1-д “...Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа Н.Бы үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч ” ХХК-ийг шалгаруулах зорилгоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн ийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

-Өвс, тэжээл импортлох эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон удад түгээх малчдад борлуулах салбар, хүн хүч материаллаг баазын чадавхтай аж ахуй нэгжүүд байна.

-Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх,

-Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах шаардлагуудыг хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал таалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 200,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Мөн Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг шалгаруулах зорилгоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

-Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх,

-Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх,

-Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэж үзэж,

шүүгдэгч Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэж хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлж өгсөн.

“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгоно гэжээ.

Мөн уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, харьцуулан шинжилж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар үнэлж дүгнэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар шүүгдэгч Л.Ч нь ажиллаж байхдаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд нөлөөлж Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд шаардлага хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 2,000,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан шаардлага хангаагүй “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-ыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагдагчаас шүүгдэгч Л.Ч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд нөлөөлж Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд шаардлага хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 2,000,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан шаардлага хангаагүй “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-ыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон болох нь:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-149 дугаартай тушаал, хавсралтууд (2 дугаар хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас),

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаартай тушаал, хавсралтууд (7 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас),

“Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн боловсруулсан сонгон шалгаруулалтын баримт бичиг (7 дугаар хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаар тушаалаар байгуулагдсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 137-140 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам (7 дугаар хавтаст хэргийн 148-151 дүгээр хуудас),

Мөрдөгчөөс “Ч ” ХХК-ийн 2017-2018 оны санхүүгийн баримтад үзэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн: “...Ч  ХХК нь мал хамгаалах сангаас олгосон 3,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтээс 1,802,279,767.95 төгрөгийг баримтаар зарцуулж 1,197,793,732.05 төгрөгийг гэрээний дагуу зарцуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1 “...Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно...”, 14.4.1-д Нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээг бүртгэнэ...”, Мал хамгаалах сангийн захирал Т.Ц-ийн баталсан 2017.11.29-ний өдрийн 2017/Ү/20 тоот гэрээний 1.3-д “Оросын холбооны улсаас малын тэжээл импортлон борлуулах малын тэжээл хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийг зарцуулна. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно”, 1.8-д “Зээлийн гэрээний 1.4-т заасан зориулалтын дагуу ашиглах” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэх мөрдөгчийн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 91-121 дугаар хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2/933 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтад үзлэг хийсэн: “...Ч  ХХК нь 2015, 2016, 2017 онуудад малын тэжээл, хивэг, улаан буудай гэх мэт малын тэжээлтэй холбоотой бүтээгдэхүүн импортолсон мэдээлэл байхгүй. Дээрх онуудад зөвхөн гутал, цамц, будаг, усны сав, хувин гэх мэт бараа бүтээгдэхүүн импортолсон мэдээлэл байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2/933 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн нотлох баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 170-177 дугаар хуудас),

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажпын албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/267, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/610 албан бичгээр ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

“Ч ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/20 дугаартай “Ч ” ХХК-тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ, ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б-79 дугаар “М.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 162-171 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 107-116 дугаар хуудас),

“Ч ” ХХК ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (6 дугаар хавтаст хэргийн 213-250 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 1-57 дугаар хуудас),

“Ч ” ХХК-ийн төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас),

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Ч ” ХХК-ийн Төрийн банкны 384000047276, 104400478710 дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас),

Иргэний хариуцагч Н.Б гар утсанд үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01- 2/1638 дугаартай албан бичиг түүний хавсралтаар “Ийст вест ресурс” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн талаар ирүүлсэн баримт (11 дүгээр хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас),

“Б ” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 130-139 дүгээр хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/17 дугаартай “Э ” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ 10 дугаар хавтаст хэргийн 149-158 дугаар хуудас),

ОХУ-аас Малын өвс, тэжээл импортолж оруулж ирэх аж ахуй нэгжтэй байгуулах зээлийн гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 164-167 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/17 дугаартай “И” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 164-174 дүгээр хуудас),

“И” ХХК-ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 26-51 дүгээр хуудас),

“Б ” ХХК-ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 52-72 дугаар хуудас),

“Э ” ХХК-ийн Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 73-108 дугаар хуудас),

“Ийст вест ресурс” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК- ийн төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (11 дүгээр хавтаст хэргийн 38-46 дугаар хуудас),

“Б ” ХХК-г төлөөлөх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл (10 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

“И” ХХК-г төлөөлөх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл (10 дугаар хавтаст хэргийн 178 дугаар хуудас),

Мөрдөгчөөс “Ийст вест ресурс” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэгхийсэн магадалгаанууд (11 дүгээр хавтаст хэргийн 114-153 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2825 дугаар шийдвэр, хариуцагч "И” ХХК (10 дугаар хавтаст хэргийн 229-233 дугаар хуудас),

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагч “Борбанди групп” ХХК (10 дугаар хавтаст хэргийн 234-237 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар шийдвэр, хариуцагч “Э ” ХХК, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00631 дүгээр тогтоол (10 дугаар хавтаст хэргийн 238-244 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/ЮЗ дугаартай албан тушаалд томилох тухай тушаалаар М.Э-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилсон баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн Б/102 дугаартай Л.Ч-ийг ажилд томилох тухай тушаалаар түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилсон баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нарантуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 14, 11 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас)

гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

гэрч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),

иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 28-29, 78 дугаар хуудас),

иргэний хариуцагч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 23, 208, 210-211 дүгээр хуудас),

Л.Ч, М.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85, 88 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэгджээ.

Яллах дүгнэлтэд дурьдагдсан дээрх нотлох баримтуудыг агуулга болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нэг бүрчлэн хянаж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ч-ийг өөрийн найз Н.Б “Ч ” ХХК-г шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлж, шүүгдэгч М.Э-ыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэгдсэн.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Ч, М.Э нарын үйлдэл холбогдолтой холбоотойгоор дээр дурьдсанчлан бүх нотлох баримтуудыг жагсааж бичсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Ч-ийг гэм буруутай эсэхэд хамааралтай иргэний хариуцагч Н.Б гар утсанд үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр хуудас), гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 28-29, 78 дугаар хуудас), Л.Ч, М.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85, 88 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.

Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Т  хэлэхдээ Э  дарга мэдэж байгаа. Ч  дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон...” (7 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас) гэсэн байх бөгөөд уг мэдүүлэг нь дамжлан нотлох баримт байх ба мэдүүлгийн эх сурвалж нь Б.Т байна.

Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад М.Э дарга надад юу гэж ч хэлээгүй. ... Асуулт: “Тус ажлын хэсгийн гишүүн А  гэрчээр хэрэгт мэдүүлэг өгөхдөө “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Т  хэлэхдээ Э  дарга мэдэж байгаа. Ч  дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон. Би шууд гутлын дэлгүүр байна гэж мэдсэн...” гэж мэдүүлсэн байна. Та А д дээрх байдлаар хэлсэн зүйл байгаа юу? М.Э болон Ч  танд “Ч ” ХХК-ийг дэмжих чиглэл өгсөн зүйл байгаа юу?” гэхэд “Надад М.Э болон Ч  нар ингэж хэлээгүй ээ, үнэхээр тэгж хэлээгүй, А  яагаад ингэж мэдүүлснийг бол би мэдэхгүй байна...”  (1 дүгээр хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

Гэрч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ч  шалгарахад Л.Ч-ийг нөлөөлсөн гэх тал дээр надад мэдэх зүйл байхгүй. ... Л.Ч гэдэг хүн сонгон шалгаруулалт явагдаж байхад орж ирээгүй. М.Э Л.Ч гэдэг хүнд нөлөөлсөн үгүйг би мэдэхгүй. ...Ажлын хэсгийн 7 гишүүн саналын ижил тэгш эрхтэй, хэн нэгэн нь давуу эрхгүй. Ажлын хэсгийн нэг гишүүнд нэг хүн нөлөөлөөд, нөлөөлөлд автсан нэг ажлын гишүүн бусдадаа нөлөөлөөд нэг компани шалгарах боломжгүй. Би А гэдэг хүнд ямар нэгэн зүйл хэлээгүй, өгсөн мэдүүлэгтэй нь танилцсан ...” гэснээс үзэхэд гэрч А ийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж болох гэрч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ удаа дараа А ийн мэдүүлэгт тусгагдсан зүйлийг огт ярьж хэлээгүй талаар мэдүүлж байх тул гэрч А ийг мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Ч нь“Ч ” ХХК-г шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлсөн гэх агуулга бүхий мэдүүлэг огт өгөөгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж үндсэн хэргийг баталгаатай эдлэхээр заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж тус тус заасан.

Улсын яллагчаас яллах дүгнэлт үндэслэлээ болгосон нотлох баримтын нэг нь шүүгдэгч Л.Ч, М.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг байх бөгөөд уг шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчих үндэслэлтэй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсгийн 8.3-т тус тус зааснаар шүүгдэгч Л.Ч, М.Э нарын ялладагчаар өгсөн мэдүүлгүүд нь дангаараа яллах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иргэний хариуцагч Н.Б гар утсанд үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр Л.Ч, Н.Б нар нь хоорондоо найз нөхдийн харилцаа холбоотой байсан болох нь тогтоогдож байх боловч Н.Б үүсгэн байгуулсан компанийг сонгон шалгаруулахаар шүүгдэгч Л.Ч нь М.Э-т нөлөөлөхтөй холбоотой хоорондоо харилцсан гэж үзэх зүйл тогтоогдохгүй байна.

Мөн сонгон шалгаруултын ажлын хэсгийн бусад гишүүдүүдээс тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Яг энэ “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-д орж ажилласан талаараа санахгүй байна...” гэж (1 дүгээр хаваст хэргийн 46-48 дугаар хуудас),

гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “... Яг надад бол чиглэж чи тэрийг дэмжээрэй гэсэн юм бол байхгүй. Бүгд ажлын хэсгээр хуралдаад санал нэгдэж шалгаруулсан. ... “Ч ” ХХК, “Х” ХХК-ийн тухайд бол тусгайлан санахгүй байна. Надад бол огт тийм үүрэг чиглэл өгөөгүй...” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),

гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “... Надад бол энэ сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллахад ямар нэгэн аж ахуйн нэгжийг дэмжих, шалгаруулах үүрэг чиглэл өгсөн албан тушаалтан байхгүй. ... Надад бүр ямар ч хүн тийм зүйл хэлээгүй, нөлөөлөөгүй, үүрэг чиглэл өгөөгүй. Мөн л тийм үүрэг надад хэн нэгэн өгөөгүй...” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас),

гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол Мал хамгаалах сангийн ажилтан, би бол Ч тэй шууд харьцдаггүй, яамнаас ямар нэгэн албан хаагч надад тусгайлан энэ аж ахуйн нэгжийг шалагруулна шүү гэж хэлсэн, нөлөөлсөн зүйл бол байхгүй. Ч  ийм үүрэг өгөөгүй...” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас) тус тус мэдүүлэг өсгөн байх бөгөөд уг гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Ч нь ажлын хэсгийн ахлагч шүүгдэгч М.Э-т болон ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн зүйл огт байхгүй талаар тодорхой мэдүүлжээ.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөн яллах дүгнэлт үндэслэлээ болгосон өөр бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ч нь М.Э-т нөлөөлж, шүүгдэгч М.Э-ыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж үзэх нотлох баримтууд байхгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдож байж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба ямар нэгэн таамаглалд үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг мадагдлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Л.Ч нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байх ба гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Э-ын хувьд улсын яллагчаас шүүгдэгч Л.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлагуудыг хангаагүй “Ч” ХХК-г сонгон шалгаруулж, Н.Б-д давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулж, уг гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК-иудыг шаардлагуудыг хангаагүй байхад сонгон шалгаруулж, Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэгдсэн.

Шүүгдэгч Л.Ч нь М.Э-т нөлөөлж, шүүгдэгч М.Э-ыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Э нь шүүгдэгч Л.Ч-ийн нөлөөлөлд орж сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

“Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг”, Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэх малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл, Ажлын хэсгийн гишүүд болох Б.Б , А , Ч.Э, Ө.Г , Б.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд ажлын хэсгийн гишүүд нь ижил эрхтэй, хэн нэгэн давуу эрхгүй, 100 хувийн саналаар компаниудыг сонгон шалгаруулсан байх бөгөөд ажлын хэсгийн ахлагч М.Э нь үүрэг даалгавар чиглэл өгч, нөлөөлсөн гэх зүйл тогтоогдохгүй ба дангаараа шийдвэр гаргах боломжгүй байна.

Улсын яллагчийн зүгээс “ажлын хэсгийн гишүүд 100 хувийн саналаар төслийг дэмжсэн нь шүүгдэгч нарын үйлдлийг үгүйсгэхгүй, нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нөлөөлсөн аливаа үйлдлийн талаар өөрийн удирдах албан тушаалтан эрх бүхий байгуулагад мэдэгдэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай мэдэгдэж хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй атал хэрэгжүүлэн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, албаны чиг үүргээ албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашигласан нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт үйлдсэн гэж дүгнэхээр байна” гэж яллах дүгнэлт гаргасан.

Л.Ч болон Ж.С-ын зүгээс шүүгдэгч М.Э-ыг ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу сонгон шалгаруулалтыг явуулахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд ашиг сонирхлын зөрчил, хувийн ашиг сонирхол бий болоогүй байна гэж үзэв.

Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлгээр “Ж.С, М.Э нь нэг нутгийн, нутгийн ах, найзууд” гэх боловч уг нийтлэг тохиолдох нөхцөл байдлыг ашиг сонирхол нэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д нэгдмэл сонирхолтой этгээдгэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д ашгийн төлөө үйл ажиллагаа гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгоно гэж тус тус зааснаас үзэхэд Ж.С, М.Э нар нь гэр бүлийн болон төрөл садны хүн биш, хоорондоо ямар нэгэн ашгийн төлөө үйл ажиллагаа хамтарч явуулдаггүй байх тул ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Э-ын эхнэр Б.Т нь Ж.С-ын хамаарал бүхий компанид ажилладаг гэх боловч сонгон шалгаруулалт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон байх бөгөөд шүүгдэгч М.Э-ын эхнэр Б.Т нь Ж.С-ын хамаарал бүхий компанид 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн байгаа нь шүүгдэгч М.Э-ын ажил үүргээ гүйцэтгэсэнтэй буюу сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэгт орж ажилсантай холбогдуулан, Ж.С-ын хамаарал бүхий компанийг сонгон шалгарсантай хамааруулж ойлгох боломжгүй, харилцан хамааралтай гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч М.Э нь сонгон шалгаруулалт явуулахад Ж.С-ын хамаарал бүхий компаниуд байсан эсэхийг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй, Ж.С нь түүнд нөлөөлж, өөрийн хамаарал бүхий компаниудыг дэмжүүлэн сонгон шалгаруулсан эсэх талаар нотлох баримт байхгүй ба ажлын хэгийн ахлагч нь дангаар сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй.

Улсын яллагчаас шүүгдэгчээс бусад ажлын хэсгийн гишүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч М.Э-ыг Ж.С-тай “найзууд, нутгийн ах” гэсэн үндэслэлээр ашиг сонирхол нэгдмэл, хувийн ашиг сонирхолтой гэж үзэн, ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн ашиг сонирхолтойгоор сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажилласан нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Иймд шүүгдэгч М.Э Ж.С нар нь “найзууд, нутгийн ах” гэх үндэслэлээр нэгдмэл, хувийн ашиг сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Харин шүүхээс “Ч ” ХХК, “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг холбогдох шаардлага шалгуурыг хангаагүй байхад сонгон шалгаруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн үйл баримт нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Э-ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э-ийг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөв.

Эрүүгийн хуулийн тусгай 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хайнга хандах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх заалтад “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

“Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн 3.2-т “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн баримт бичгийг холбогдох ажлын хэсэг хянаж, шалгаруултыг явуулна” гэж заасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгүүдийг хянаж, шалгуурт тэнцсэн эсэх шалгаруулалт явуулах хийгдвэл зохих ажил үүргээ биелүүлээгүй буюу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

-Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх,

-Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг гаазтай байх, -Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагыг хангаагүй “Ч ” ХХК, “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж хайнга хандсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч М.Э нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандаж “Ч ” ХХК, “И” ХХК, “Б " ХХК, “Э ”  ажлын хэсгийн хуралдаанд сонгон шалгаруулж, “Ч ” ХХК, “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-тай тус тус Мал хамгаалах сантай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн сангаас олгогдсон үнийн дүнгээр тооцох нь зүйтэй бөгөөд 50,000,000 төгрөгөөс дээш байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар их хэмжээний хохирол учирсан гэж хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.ХХХ

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Эхнээсээ төлөлтөөсөө төлөгдөөгүй, огт төлөлт хийгдэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг шүүх рүү явуулъя гэдэг шийдвэрийг тухайн үеийн захирал гаргаж, түүнийхээ дагуу материалыг бүрдүүлж Иргэний хэргийн шүүхэд хандаж байсан. Өнөөдрийн яллах дүгнэлтэд дурдагдсан компаниудаас “Э ” энэ хоёр компанийн Иргэний хэргийн шүүхэд санг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байсан. Гурван шатны шүүхээр яваад Дээд шатны шүүхээс тогтоол гарснаар шүүхийн асуудал дуусаад шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн. Одоогоор шийдвэр гүйцэтгэгч дээр ажиллагаа хийгдээд явж байгаа” гэж,

иргэний хариуцагч Ж.С “мал хамгаалах санд шүүхийн шийдвэрийн дагуу төлөөд явж байгаа” гэж,

иргэний хариуцагч Н.Б “Би авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг зээлээ одоог хүртэл төлөөд явж байгаа” гэж тус тус мэдүүлсэн.

Мөн хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02825 дугаар шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шүүхийн шийдвэр, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00173 дугаар шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2825 дугаар шийдвэр, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00631 дүгээр тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03819 дугаар “Зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг Иргэний хэргийн анхан шатны болон дээд шатны шүүхийн шийдвэрүүд авагджээ.

Хэдийгээр шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй Мал хамгаалах сангаас байгуулсан зээлийн гэрээнд зааснаар Иргэний хэргийн шүүхээс холбогдох шийдвэрүүд гарч хүчин төгөлдөр болсон.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн Тавин хоёрдугаар бүлэгт заасан “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг”-ээр хохирогчид учирсан хохирлыг гаргах хууль зүйн зохицуулалттай.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “иргэний хариуцагч” нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэлдэг.

“Ч ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК тус тус төлөөлөх эрх бүхий этгээдээр Ж.Сыг тус тус тогтоож иргэний хариуцагчаар татжээ.

Нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийгдэж байх тул иргэний хариуцагч Н.Б, Ж.С нараас төлөгдөөгүй үлдэгдэл хохирлыг гэм хорын хохирол гэж үзэх гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэгэнт хүчин төгөлдөр болсон ижил шатны, эсхүл дээд шатны шүүхийн шийдвэрийг хянах эрх хэмжээ олгогдоогүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч М.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч Л.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дээр саналгүй. Шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  дугаар зүйлийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.Э-ийг шүүхээс хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхийн компаниудад мөнгө олгож байгаа нь гэмт хэргийн хор уршиг юм. Шалгарах ёсгүй компаниуд шалгараад хор уршиг учирсан. Үүнийг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй. Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан 468.000.000 төгрөг болон 110.000.000  төгрөгийг мал хамгаалах санд олгуулах саналтай байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр ч гэсэн энэхүү хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр компаниуд нь зээл нэгэнт авчихсан эргээд төлөх нь зүйтэй. Ч  компани захирал Н.Б эзэмшлийн данснууд болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтыг цуцлуулах, эд мөрийн баримтаар хураагдсан нэр бүхий компаниудын төслийн баримт бичгүүдийг хэрэгт хавсаргуулж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгч М.Э-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан шинж байгаа эсэхийг шалгаж өгөөч. Дараагаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэнээр нэр бүхий ажлын хэсгийн гишүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн байна. Уг хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас үйл холбогдлыг  яллагдагчаар татах боломжгүй байна гэсэн утга бүхий тайлбарыг хийсэн. Прокурор өөрөө бусад 6 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг яллах дүгнэлт дээрээ дурдаж өгсөн хэрнээ өнөөдөр М.Э-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж асуудалд хандаж байна. Гэмт хэрэг эхэлсэн мөн дууссан цаг хугацаа маш чухал. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр М.Э-ийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрөөр хэлбэл эдгээр нэр бүхий компаниудыг сонгон шалгаруулснаар гэмт хэрэг дуусаж байгаа юм. Мөнгө өгсөн асуудал нь дараа дараагийн шатлалдаа явж байгаа гэрээний үүргийн асуудал. Гэмт хэрэг эхэлсэн цаг хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань гэмт хэрэг ангиллынхаа хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Хорих ялын дээд хэмжээ нь нэг жилийн хугацаагаар хорих ял байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “энэ хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш нэг жилийн хугацаанд гэж зааж өгсөн. Гэмт хэрэг эхэлсэн болон дууссан цаг хугацаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр юм. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 2021 оны 10 дугаар сард татсан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 3 жилийн дараа яллагдагчаар татаж байна. Прокурор нөгөө 6 хүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан харин М.Э-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх,

Шүүгдэгч Л.Ч-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас тусгайлан гаргах саналгүй гэв. дүгнэлт саналыг тус тус гаргасан.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад зааснаар 1 жил байна. 

“Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас 2,000,000,000 төгрөг олгогдсон,

“И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-тай тус тус ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан, “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулсан байх ба гэмт хэрэг эхэлсэн хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 05 өдрөөр тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э-ыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 86 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор яллагдагчаар татсан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хэргийн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э-ын хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дууссаны буюу хэрэг гарснаас хойш 3 жил 10 сар 18 хоногийн дараа яллагдагчаар татсан байх тул шүүгдэгч М.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

ХХХХэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсэн “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК “Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах” төслийн баримт бичгүүдийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж,

мөн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” прокурорын зөвшөөрөл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1662 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” прокурорын зөвшөөрлөөр тус тус хэрэгт битүүмжлэгдсэн ................. зэрэг үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

мөн “Ч ” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн, нийт 486,500,000 төгрөгийг, “И” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн, нийт 110,000,000 төгрөгийг тус тус ХХААХҮЯ-ын харьяа Мал хамгаалах санд олгов.

 

ААН

Огноо

Дүн

Хаана

8хх69

“Ч ” ХХК

2021.10.29

10,000,000

АТГ /100900033401/

8хх70

“Ч ” ХХК

2021.10.22

5,000,000

АТГ /100900033401/

8хх71

“Ч ” ХХК

2021.10.18

10,000,000

АТГ /100900033401/

8хх72

“Ч ” ХХК

2021.10.13

10,000,000

АТГ /100900033401/

8хх73

“Ч ” ХХК

2021.10.09

3,000,000

АТГ-хохирлын нөхөн төлбөр /100900000717/

8хх74

“Ч ” ХХК

2021.10.06

10,000,000

АТГ-хохирлын нөхөн төлбөр /100900000717/

8хх79

“Ч ” ХХК

2021.07.01

8,500,000

АТГ-хохирлын нөхөн төлбөр /100900000717/

8хх158

“Ч ” ХХК

2021.11.30

100,000,000

АТГ /100900033401/

8хх237

“Ч ” ХХК

2022.01.07

10,000,000

АТГ /100900033401/

8хх238

“Ч ” ХХК

2022.01.16

10,000,000

АТГ /100900033401/

8хх239

“Ч ” ХХК

2022.01.25

10,000,000

АТГ /100900033401/

8хх240

“Ч ” ХХК

2022.01.30

50,000,000

АТГ /100900033401/

11хх48

“Ч ” ХХК

2022.03.18

250,000,000

АТГ /100900033401/

НИЙТ: 486,500,000 төгрөг

10хх245

11хх198

“И” ХХК

2021.10.07

50,000,000

АТГ /100900033401/

10хх246

11хх197

“И” ХХК

2021.10.01

20,000,000

АТГ-хохирлын нөхөн төлбөр /100900000717/

11хх195

“И” ХХК

2021.5.31

20,000,000

Улсын төсвийн хохирлын нөхөн төлбөр /100900000717/

11хх196

“И” ХХК

2021.6.28

20,000,000

Улсын төсвийн хохирлын нөхөн төлбөр /100900000717/

НИЙТ: 110,000,000 төгрөг

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Ч-д урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10,  37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Э-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

3. Шүүгдэгч М.Э-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч М.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. “Ч ” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн, нийт 486,500,000 төгрөгийг, “И” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн, нийт 110,000,000 төгрөгийг тус тус ХХААХҮЯ-ын харьяа Мал хамгаалах санд олгосугай.

7. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” прокурорын зөвшөөрөл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1662 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” проукрорын зөвшөөрлөөр тус тус хэрэгт битүүмжлэгдсэн ..... зэрэг үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсэн “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК “Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах” төслийн баримт бичгүүдийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Чид урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ