Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж.Ц холбогдох эрүүгийн 2335000000108 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................... өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн ................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т. овогт Ж.Ц регистрийн дугаар:........................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “АПУ” хүнсний бөөний төвөөр үйлчлүүлэхдээ худалдагчийн лангуу дээр байсан хохирогч Б.Э эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “АПУ” хүнсний бөөний  төвөөр үйлчлүүлэхдээ худалдагчийн лангуу дээр байсан хохирогч Б.Э эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ж.Ц нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй талаар тодорхойлолт гаргаж өгсөн. Шүүгдэгч Ж.Ц өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ мэдүүлсэн. Ж.Ц нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Айлд туслах малчин хийж амжиргаагаа залгуулдаг. Үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2335000000108 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5 дахь тал);

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал);

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дэх тал);

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-13 дахь тал);

5. Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би АПУ бөөний төвд худалдагч хийдэг бөгөөд өнөөдөр дэлгүүрт ажиллаж байхдаа 14:20 цагийн орчимд гар утсаараа оролдож байгаад үйлчлүүлэгч орж ирсэн тул гар утсаа кассын дэргэд лангуун дээр ил тавьсан. Тухайн үед бараа ирсэн тул хүлээж аваад хэсэг байж байгаад эргээд харахад гар утас алга байсан. Уг гар утас нь миний өөрийн эзэмшлийн Самсунг А-53 загварын утас бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр PC-mall дэлгүүрээс 1.650.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан, арын хэсэгт цагаан өнгөтэй, ямар нэгэн өө сэвгүй, урд шилэн наалт цуурсан, хар өнгөтэй араас нь угладаг SWAROUVSKY гэсэн бичээстэй, саан хээтэй гэртэй, гэрийг 10.000 төгрөгөөр, шилэн наалтыг мөн 10.000 төгрөгөөр утас авахдаа авч наалгасан юм. Утсыг нээхэд тоо хийдэг кодтой юм. Ямар нэгэн гэмтэлгүй, шинэвтэр утас юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй... Би тухайн үед өөрийн эзмэшлийн гар утсыг алдсан боловч тухайн өдрийн орой нь цагдаагийн байгууллагаас миний утсыг олж өгсөн, миний утсыг авсан хүн ямар нэгэн байдлаар ашиглаж гэмтэл учруулаагүй, хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, утсаа алдсантай холбоотой зардал гараагүй.. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал);

6. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед ээж маань гэртээ согтуу ирсэн бөгөөд дэлгүүрт утас унасан байсныг авлаа гэж хэлээд цагаан өнгийн гар утас өгсөн. Утсыг асааж үзэхэд код нэхээд нээгдэхгүй байсан тул хойморт байсан шүүгээний татлагад хийж орхисон. Удалгүй орой нь цагдаа нар ирээд тэр утсыг аваад явсан..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 24 дэх тал);

7. Гэрч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин урьд өмнө хулгай хийж байсан удаа байхгүй, харин тухайн үед архи уугаад явж байгаад хүний эд зүйлийг авсан байсан, гэхдээ авсан утсаа удалгүй шууд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 29 дэх тал);

8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай “... Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 3 дугаар сарын байдлаар Самсунг А-53 загварын гар утас зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал);

9. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:

1. Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр Ж.Ц 2006 онд албан ёсоор гэр бүл болж, одоо гурван хүүхдийн хамт Улаангом суманд оршин сууж байгаа. Том хүү 15 настай, 10 дугаар ангид сурдаг, хоёр бага хүүхэд ихэр бөгөөд 15 настай, 7 дугаар ангид сурдаг. Манай гэр бүлийн хувьд тогтсон орлого байхгүй бөгөөд хүүхдийн мөнгө, өвөлд мал малладаг, зуны улиралд барилгын ажил хийдэг. Монгол гэрт амьдардаг, өөрийн эзэмшлийн газар, эд хөрөнгө байхгүй. Ж.Ц нь зан байдлын хувьд төлөв даруу, ямар ч ажлыг сайн хийдэг, амьдралын болон хүүхдийнхээ төлөө тэмцэж чаддаг. Хааяа намайг байхгүй үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28 дахь тал);

2. Гэрч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Ц нь манай зургаа дахь охин бөгөөд Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 8 дугаар анги төгссөн. 45 хоногийн тогоочийн дамжаанд сууж тогооч мэргэжилтэй болсон. 2006 онд нөхөр Х.Б гэр бүл болж 3 хүүхдийн хамт Улаангом суманд оршин сууж байгаа. Одоогоор манай хашаанд Монгол гэрт амьдардаг, өөрсдөө ямар нэгэн мал, эд хөрөнгө, машин гэх зүйл байхгүй. Хуваариа нөхрийн хамт хийж болох хөлсний ажил хийж аж амьдралаа авч явдаг. Ж.Ц нь зан байдлын хувьд төлөв даруу, хар бор бүхий л ажил хийж амьдарч байгаа. ..” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 29 дэх тал);

3. Ж.Ц яллагдагчаар өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);

4. Ж.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал);

5.  Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд хохирол, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.Ц хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ж.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах АПУ хүнсний бөөний төвөөр үйлчлүүлэх явцдаа дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Б.Э эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон хяналтын камерын бичлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Э  насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч Х.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

4. Шүүгдэгч Ж.Ц нь “АПУ” хүнсний бөөний төвөөс худалдан авалт хийж, үйлчлүүлэхдээ худалдагчийн лангуу дээр ил тавьсан Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Ж.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

6. Шүүгдэгч Ж.Ц болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт болон согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Ж.Ц гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э эд хөрөнгөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung А-53” загварын гар утсыг шүүгдэгч Ж.Ц биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 22, 66 дахь тал)

2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ц-гаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ж.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Ц нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Ц урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 49 дэх тал), 

Мөн шүүгдэгч Ж.Ц-гийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан Х.Б, Х.Ц нарын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна

-Шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

-Шүүгдэгч Ж.Ц нь .........онд төрсөн, .........настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс доош оноотой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

 4. Иймд шүүгдэгч Ж.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

5. Шүүгдэгч Ж.Ц-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг  мэдэгдэх нь зүйтэй.

6. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ц-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Энэ хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА