Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Тк,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Г  холбогдох эрүүгийн 2335000000096 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, ........... өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын ...................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г. Г, (РД:.................................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн В.Ч хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тогоог хулгайлан авч, бусдад 50.000 (тавин мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн В.Ч хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тогоо хулгайлан авч нийт 50.000 (тавин мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н  шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байсан. Тухайн үед ямар шалтгаанаас болж гэмт хэрэг үйлдэх болсон талаараа мэдүүлсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан нь хохирогчийн тодорхойлолт, мөн хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээн байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийдвэрлэж  өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Миний буруу. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2335000000096 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт болон эд зүйл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-20 дахь тал);

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-27 дахь тал);

3. Хохирогч В.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 10:30 цагт хашаандаа ирэхэд хашааны гүйдэг дааман хаалга дотогшоо унасан байсан. Хашаагаар орж харахад байшингийн үүдний хажуу талын том цонх хагарсан байсан тул цагдаад дуудлага өгсөн юм. Байшингийн дотор талаас гал тогооны шүүгээн дээр байсан цахилгаан тогоо алдагдсан байсан. Цахилгаан тогооны залгуурыг байсан газарт нь үлдээсэн. Тогооны тагыг хагарсан цонхны дэргэдэх ширээн дээр орхисон байна. Мөн байшингийн цонхыг хагалсан байна. Цахилгаан тогоог 3 жилийн өмнө 70.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ширмэн тогоо бөгөөд доод суурь нь бор өнгөтэй, ширэм нь хар өнгөтэй, хэвийн ажиллаж байсан. Цонхыг 2017 онд шинэ вакум цонх суурилуулсан. Хэдэн төгрөгөөр авсныг санахгүй байна. Өөр авчихаар зүйлс нөүтбүүк, компьютер эд зүйлс байсан боловч аваагүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал);

4.  Гэрч Д.Б-О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Увс аймгийн Улаангом сум ............... тоот хашаанд дугуй засвар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг ажиллуулдаг юм. Өнөөдөр ажлаа хийж байх үеэр цагдаагийн алба хаагч нар надтай уулзаж "Танд сүүлийн үед цахилгаан тогоо авч ирж өгсөн үү" гэж асуусан. Би цагдаагийн алба хаагч нарт хэд хоногийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19, 20 цагийн орчимд 60 орчим насны хүн улбар шар өнгийн цахилгаан тогоо авч ирж өгсөн. Тэр хүний царай, өмсөж явсан хувцас манай хяналтын камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн гэж хэлж өгсөн. Уг хүн тэр тогоог авч ирж өгөхдөө өөрийнх нь, ажиллахаа больчихсон тогоо гэж хэлж байсан. Манай хяналтын камерт 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бичлэг хадгалагдаж байгаа. Надад цахилгаан тогоо зарсан хүний нэрийг би мэдэхгүй. Би тухайн хүнийг дахин харвал биеийн ерөнхий хэлбэр, царайгаар нь танина. Тэр хүн өмнө нь бас манай хоёрдогч түүхий эд худалдан авах цэгт төмрийн хаягдал зарж байсан юм. Би тэр хүнээс тухайн цахилгаан тогоог 6000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр цахилгаан тогоог худалдаж авсныхаа дараа төмөрт ачуулах гээд суурийг нь хагалаж хаясан. Цахилгаан тогооны суурьнаас бусад нь хашаан дотор байгаа төмрийн хаягдал дотор байгаа..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 44-46 дахь тал);

5.  Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дугуй засварын газар руу улбар шар өнгийн тогоо барьж орсон хүний бичлэгийг харуулсан. Тухайн бичлэгт гарсан хүнийг би хараад шууд таньсан. Уг хүн нь миний нөхөр Э.Г нагац ах Г.овогтой Г. байсан. Уг хүнийг таньчихаад би цагдаагийн алба хаагч нарт "Энэ хүнийг Г. овогтой Г .гэдэг юм" гэж хэлж өгсөн" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 48, 52 дахь тал);

6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 2 дугаар сарын байдлаар цахилгаан тогоо 50.000 төгрөг, 2 ширхэг вакум цонхны шил 2х84.448=160.869 төгрөг, эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 218.896 (хоёр зуун арван найман мянга найман зуун ерэн зургаа) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57 дахь тал);

7. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгөтэй цахилгаан тогоо, хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний нагац ах Г. Г нь 1962 онд Увс аймгийн Улаангом суманд Г. 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Улаангом суманд Г.Г ахын төрсөн эгч миний ээж 4 дүгээр багт амьдардаг ба Г.Г ах манай гэрийн хаягт бүртгэлтэй амьдардаг. Г.Г ах ......... онд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр 8 жилийн сургууль, ................ онд Зөвлөлт Холбоот Улсад барилгын техник мэргэжлийн сургуулийг арматурчин мэргэжлээр суралцан төгсөж ирээд Улаанбаатар хотод Орбитын холбооны цэргийн ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Тэгээд Увс аймгийн Барилга трест гэх газарт арматурчин хийж байгаад зах зээлд шилжсэн, 1995 оноос Улаанбаатар, Дархан зэрэг газар ажил хийж байсан. Г.Г ах хүний үгнээс гардаггүй, ажилч хөдөлмөрч, төлөв даруу, дуу цөөтэй, тусархуу, огцом түргэн ааш, авир байдаггүй. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч хүнтэй маргалдаад байдаггүй. Г.Г ах хүнтэй сууж гэр бүл зохиож байгаагүй, өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө, унаа машин байхгүй ба ах дүү нарын гэрээр ирж очин амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй өөрт таарсан ажил хийж, ойр зуурын хэрэгцээгээ хангаж амьдардаг. Г.ахад бид нарын зүгээс мөнгө төгрөг өгөөд байдаггүй ба боломжтой үедээ түүнд ганц нэг ээлжийн хувцас авч өгдөг" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 50 дахь тал);

2. Гэрч Н.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Г  ах хүний үгнээс гардаггүй, ажилч хөдөлмөрч, төлөв даруу, дуу цөөтэй, тусархуу, огцом түргэн ааш, авир байдаггүй...Улаангом суманд манай гэр бүлээс өөр төрөл садангийн хүн байхгүй. Г.Г ах улсаас тэтгэвэр, тэтгэмж, халамж авдаггүй бөгөөд тогтсон ямар нэгэн ажил хөдөлмөр хийдэггүй..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 52 дахь тал);

3. Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 63-65 дахь тал);

4. Г.Г яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаангом сумын ......................... хаягт оршин суух бүртгэлтэй боловч надад өөрийн гэсэн гэр, орон байхгүй ах дүү, зээ дүү нарын гэрээр хонож өнжиж амьдардаг. Өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд өөрийн хийж чадах нийтийг хамарсан цэвэрлэгээ, ногоо хадлан, тэжээл бэлдэх зэрэг ажил хийдэг. Өндөр насны тэтгэвэрт орохоор хөөцөлдөж байгаа. Би В.Ч гэрээс халуун тогоо хулгайлсан үйлдэлдээ их гэмшиж байна, миний буруу. Би урьд өмнө барилга дээрээс унаж тархи толгой, гартаа бэртэл авч байсан. Миний хөдөлмөрийн чадвар муудсан, нас өндөр гарсан тул надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 71-72 дахь тал)

5.  Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал);

6. Увс аймгийн Улаангом сумын ......... багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай “Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн Г.Г нь ам бүл-1, тус багийн 11-11 тоотод оршин суудаг. Г.Г  нь төлөв даруу зантай болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал);

7. Увс аймгийн Цагдаагийн газарт хохирогч В.Ч  гаргасан “иргэн Г.Г  нь надад учруулсан эд материалын хохирлоо бүрэн барагдуулсан. Иймд надад гомдох зүйлгүй болно. Г.Г  нь надад учруулсан хохиролд бэлнээр 220,000 төгрөгийг өгсөн” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 Шүүгдэгч Г.Г  нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч Г.Г  нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн В.Ч хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тогоог хулгайлан авч нийт 50.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Г  нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн В.Ч хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тогоог хулгайлж, хоёрдогч түүхий эд авах хүнд худалдан борлуулсан нь тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Шүүгдэгч Г.Г идэвхтэй үйлдлээр хохирогч В.Ч хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж, учрах саадыг арилган дотогш орж,  цахилгаан тогоог хулгайлсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэх  хүндрүүлэх шинжийг хангаж байна.

3. Шүүгдэгч Г.Г нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Иймд шүүгдэгч Г.Г  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч Ө.Н дэмжиж оролцсоныг  тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Г.Г  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Ч  эд хөрөнгөд буюу цахилгаан тогоо-50.000 төгрөг, 2 ширхэг вакум цонхны шил 160.896 төгрөг нийт 218.896 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 57 талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Ч-оос “Г.Г  нь надад учирсан хохирлыг барагдуулж, бэлнээр 220.000 төгрөг өгсөн. Иймд надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 88 дахь талд авагджээ.  

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г  гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийдвэрлэж  өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Г.Г  нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Миний буруу, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.

5. Шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Г  нь хувийн байдлын хувьд ........ онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 буюу Увс аймгийн Улаангом сумын ...............ганцаараа амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Г  хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 50, 52 дахь талд авагдсан Э.Г  Н.Х нарын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

-Шүүгдэгч Г.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэргийн хор уршигт 220.000 төгрөгийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Шүүгдэгч Г.Г  нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон ба шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Г.Г гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, суурьгүй халуун тогоо 1 ширхгийг хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.

9. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт Г. Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Г  нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, суурьгүй халуун тогоо 1 ширхгийг хохирогчид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА