Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2021/0941/З |
Дугаар | 128/ШШ2022/0112 |
Огноо | 2022-02-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0112
2022 02 21 128/ШШ2022/0112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогтой Г
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ц
Хариуцагч: ГЕГ дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Г нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан “...Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрээр “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны ... Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож А.Г г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн б/623 дугаар тушаалаар “А. Г г 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон.
Улмаар “Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байгаа” гэх үндэслэлээр маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/642 дугаар тушаалаар “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2172 дугаар албан бичгээр “Та тухай асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг авсан.
Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Өмнө нь ГЕГ намайг ажлаас хууль бусаар халсан болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын шаардлагаар Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 тоот тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон ч ердөө 5 ажлын өдрийн дараа маргаж буй энэхүү захиргааны актыг гарган дахин миний хөдөлмөрлөх эрхэд халдсан.
Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчиж бодит нөхцөл байдалд огт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр иргэн миний хөдөлмөрлөх эрхэд халдсан.
Захиргааны актын үндэслэл болсон гэх Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9504 дугаар албан бичигтэй танилцах хүсэлтээ сонсох ажиллагааны үеэр хэлсэн боловч ГЕГ-ын дарга нь тэрхүү “албан бичгийг” огт танилцуулаагүй.
Мөн маргаж буй захиргааны актын үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт буюу “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах" ямарваа нэгэн үйл баримт огт тогтоогдоогүй бөгөөд бодит нөхцөл байдалтай огт нийцдэггүй. Түүнчлэн тухайн актын үндэслэх хэсгийн бусад заалт болох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл буюу төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэх, зөрчсөн бол хэн хэзээ тогтоосон талаар огт дурдаагүй. Гаалийн ерөнхий газрын дарга нь иргэн намайг ямар ч хамаагүй үндэслэлээр ажлаас холдуулах ганцхан субьектив байр сууринаас хандаж энэхүү марган буй захиргааны актыг гаргаж намайг 3 жил гаруй үргэлжлүүлэн хохироосоор байна.
Миний бие өөрөө Авлигатай тэмцэх газарт хандсаны тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/10985 дугаар албан бичгээр “тухайн хэрэгт албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх санал”-ыг гаргаагүй гэсэн агуулгатай хариуг өгсөн байдаг.
Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б/623 дугаар А.Г г ажил эргүүлэн томилох тухай тушаал гарсан. Уг тушаалаар Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу А.Г г ажилд эгүүлэн томилсон байдаг. Гаалийн байгууллага А.Г г ажилд эгүүлэн авахгүй байх, түүний хөдөлмөрлөх эрхэд халдах субьектив ашиг сонирхол байсан гэж харж байна. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа үедээ нэгэнт хэрэг нь хаагдсан Авлигатай тэмцэх газарт өөрийн албан тушаалтнаар гомдол гаргуулаад 7 хоногийн дараа тухайн тушаалаа гаргасан. Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 2711.1.11 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9504 дүгээр албан бичгийг үндэслэн гаргасан байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр А.Г г ажилд эгүүлэн томилоод 9 дүгээр сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын албан бичгийг авсан.
Сөрөг үр дагавар бүхий захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах ёстой. Сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д зааснаар “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”-ийг нэхэмжлэгч А.Г д танилцуулах ёстой. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байхыг шаардана. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хууль эрх бүхий байгууллагын шийдвэрээр албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болно гэж заасан. Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.13-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан "ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх" үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж болохгүй. Цагдаа болон Прокурорын байгууллага зэрэг эрх бүхий этгээдийн шийдвэр нь хэлбэрийн хувьд заавал хууль тогтоомжид үндэслэсэн байхыг шаардана” гэж дурдсан. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын тухайн албан бичигт ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх ямар агуулга байдаггүй.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хөдөлмөрлөх эрхэд албан тушаалтан хууль бусаар, үндэслэл бүрдээгүй байхад, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нэртэй тушаал гаргаад 7 хоногийн дараа ажлаас түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг эрхийг хуульд заасны дагуу сэргээж өгнө үү.
Нэхэмжлэгч А.Г нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хөдөлмөрийн маргаан гэж үзээд Төрийн албаны зөвлөлд хадсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх асуудлыг манайх шийдвэрлэх боломжгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Үүний дараа шүүхэд хандсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн гэж үзэж байгаа. Түдгэлзүүлнэ гэдэг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа хэлбэр гэж үзэж байна. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/480 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж А.Г г гаалийн улсын ахлах байцаагчийн ажлаас халсан. Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс А.Г г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг албан ёсоор тогтоосон. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Гаалийн ерөнхий газрын дарга захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй, А.Г г гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй, цалин олговрыг нь нөхөн олголгүй 2 жил гаруй хугацааг өнгөрүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өмнө эхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон нэртэй, дүр үзүүлсэн Б/623 дугаар тушаалаа гаргасан. Үүнээс 8 хоногийн дараа ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тушаал гарсан. Энэхүү тушаалд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан бичгийг үндэслэсэн. Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэснийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоосны дараа ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тохиолдолд прокурорын тогтоол гарах ёстой. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын дээр тушаал нь өмнөх асуудлаар Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлээд хэд хоногийн дараа А.Г гийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. А.Г г 2018 онд Бичигт дэх гаалийн газарт Ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа зөрчил дутагдал гаргасан талаарх өмнө нь хууль хяналтын байгууллагад гаргасан гомдол, мэдээлэлд дурдсан асуудлыг дахин шалгуулахаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл нэг үйл баримтыг дахин дахин шалгуулахаар үндэслэлгүйгээр гомдол мэдээлэл гаргаж нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Түүний нэр төр, ажил амьдралд нь бүдүүлгээр халдсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтнууд гаргасан гэж үзэхээр байна. Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан гомдлыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгасан, Сүхбаатар аймгийн прокурорын газрын хянан шалгасан 2020 оны 5/129 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байсаар байтал дахин тухайн асуудлаар гомдол гаргасан. Энэ нь Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны хууль эрх зүйн чадвар дутуу, дулимаг байна уу, эсхүл цаг хугацаа хожих зорилгоор зориудаар жирийн иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд байна уу. Хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаар тогтоол тухайн хэргийн урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй гэсэн үндэслэлээр гарсан. Нэгэнт шалгагдсан байна гэсэн хариуг өгөөд байхад дахин гомдол гаргаж хууль хэрэгжүүлж буй байгууллага албан тушаалтны ажилд хүндрэл учруулж, нэг иргэний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа цаад шалтгаан нь юу юм бэ. Прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах Гаалийн ерөнхий газрын гомдлын дагуу Сүхбаатар аймгийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан орлогч прокурор н.Уртнасан хариу мэдэгдэх хуудсаар “...А.Г д холбогдуулан гаргасан гомдол, 2020, 2021 онд шалган шийдвэрлэсэн хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт дурдсан асуудал нь 2018 оны санхүүгийн ажиллагааны зөрчил, гэмт хэргийн шинжгүй үйлдэл учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй” гэж маш тодорхой хариуг ирүүлсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
А.Г нь Бичигт дэх гаалийн газрын эрхлэгчийн шударга бус үйлдэлд ажил үүргийн дагуу хориглосон шаардлага тавьсны төлөө ажлаас халагдсан. Одоо албан үүргээсээ түдгэлзүүлэх хэмжээнд хүрч албан тушаалтны хууль бус үйлдлийн золиос болж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаад байна. Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн үндсэн эрхэд халдаж, үндэслэлгүйгээр ажлаас халж, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх зэргээр дарамт шахалтыг байнга үзүүлдэг. Гаалийн байгууллагад олон жил ажилласан ажилтныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хүнлэг бусаар хандаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, шийдвэр гарсны дараа түдгэлзүүлэх ёстой. Иймд хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын дарга 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр А.Г г тодорхой шалтгаанаар буюу Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж мөрдөн шалгаж байгаа гэдэг үндэслэлээр А.Г гийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 2711.1.11 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9504 дүгээр албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр ГЕГ ажил, албан тушаалыг нь түдгэлзүүлсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч А.Г гаас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна хэмээн үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:
1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй”,
2. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 39.1.4 дэх заалтыг баримталсан байх боловч тухайн үйл баримтыг тогтоосон баримт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Нэхэмжлэгч А.Г г Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/480 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагч А.Г г гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, А.Г г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн б/623 дугаар тушаалаар “Адъяагийн Г г 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд” эгүүлэн томилсон.
Улмаар “Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байгаа” гэх үндэслэлээр маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/642 дугаар тушаалаар “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж” шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0095 дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/623 болон Б/642 дугаар тушаалууд болох холбогдох бусад баримтаар,
Гаалийн ерөнхий газраас 2021 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 01-2/2171 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргад хандан “...Бичигт дэх гаалийн газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх үед илэрсэн санхүүгийн зөрчилд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа эсэх, хэрэв хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг хуулбарлан манайд ирүүлж хамтран ажиллана уу” гэсэн агуулга бүхий албан бичгийг явуулсны хариуд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9504 дүгээр албан бичгээр ГЕГ т хандан “...Бичигт дэх гаалийн газрын албан тушаалтан нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд 213000182 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хүргүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлсэн болох нь,
Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 213000182 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтад шилжүүлснийг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаар тогтоолоор “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Гаалийн ерөнхий газрын 2021 оны 01-2/2171 дүгээр албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06/9504 болон 2022 оны 06/769 дүгээр албан бичиг, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2021 оны 152 дугаар тогтоол болон Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 1/110 дугаар албан бичиг, холбогдох бусад баримтаар,
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/642 дугаар тушаалыг гаргахтай холбогдуулан хийсэн сонсох ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06/9504 дүгээр албан бичигт “...Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хүргүүлэх боломжгүй болохыг” мэдэгдсээр байхад тухайн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч А.Г д холбогдох асуудал шалгагдаж байгаа эсэх асуудлыг бүрэн гүйцэт тодруулаагүй буюу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий, шаардлагатай тодруулах, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Нэхэмжлэгчээс Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичигтэй танилцах хүсэлт гаргахад танилцуулахаас татгалзах байдлаар захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, тодруулга гаргах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 213000182 дугаартай хэрэгт “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах” саналыг гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн огноо бүхий “Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл”, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/10985 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална хэмээн, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” хэмээн,
Гаалийн тухай хуулийн 2711 дугаар зүйлийн 2711.1.10-т Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох”, 2711.1.11-т “гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах” бүрэн эрхтэй хэмээн,
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” хэмээн,
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-т “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” хэмээн тус тус хуульчилсан.
5. Үүнтэй холбогдуулан шүүх, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, хуульд тухайлан заасан эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх шаардлагыг тавиагүй байхад маргаан бүхий захиргааны акт болох “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” 2021 оны Б/642 дугаар тушаалтыг гарган Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт тус тус заасан “ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх”-тэй холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дугаар зүйлийн 2711.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот “А.Г гийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгож, А.Г г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М