Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүгчийн туслах: Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Ж.Очирбат

Хохирогчийн өмгөөлөгч:Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар

Хохирогч: Э.Бат-Очир

Шүүгдэгч: Ж.Отгонтөгс нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Отгонтөгсөд холбогдох 201512000252 тоот хэргийг 2017 оны 1  сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1965.04.29-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 5-21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗП65042905/ Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгс нь тарчлаах буюу Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А/ Холбогдсон хэргийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнө нь өгч байсан миний мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэргээ ойлгож, гэмшиж байгаа. Тухайн үед уур бухимдлаа барьж чадаагүй юм. Өөрийн буруугаа ойлгож, хүүг зодсондоо гэмшиж байна. Хүүг сайн сайхан яваасай гэж бодож байна  гэж мэдүүлэв.

- Шүүгдэгч Ж.Отгонтөгс мөрдөн байцаалт болон 2016.10.11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2015 оны 10 сард “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байхдаа өдрийн хоол хийгээд хүүхдүүдэд хоол өгсөн. Энэ үеэр анги даасан багш нь гараад явсан байсан. Би тэгээд 3 хүүхдийг зэрэг хооллосон. Энэ үеэр Соёмбо гэх хүүхэд хоолоо огт идэхгүй болохоор нь хүч хэрэглэж хоолыг нь өгсөн. Соёмбын аав нь тэр өглөө хүүхдээ хүргэж ирэхдээ хоол ундаа идэж байгаа юм уу, өлсөж очоод байна, хоолыг нь сайн өгөөрэй гэж багш Янжинлхамд нь хэлсэн гээд багш нь надад хэлсэн. Тэгээд би өдөр хоолыг нь өгсөн юм. Би хоолоо сайн идэхгүй болохоор нь хоолыг өгөх гээд уурандаа л зодсон гэжээ. /1-р х.х-72, 74, 2-р х.х-132/,

- Ж.Отгонтөгсөд 2017.01.17-ны өдөр ял өөрчилж сонсгон байцаахад: Би урьд өмнө хийсэн хэргээ бүгдийг нь ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Бодит хохирлыг бүрэн нөхөн төлсөн гэжээ. / 2-р х.х-221/

- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч 1500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Сүүлд 1 сая төгрөг бид нарт хэлэлгүйгээр хүүхдийн дансанд хийсэн байсан. Хүүхэд маань цэцэрлэгтээ явж байгаа. Одоо зовиур байхгүй ч цаашдаа эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх бол гэдэгт санаа зовж байна. Хүүхэд өөрөө хоолоо идэж байгаа. Гар нь татаад  байдаг нь гайгүй болсон. Хүүхдийнхээ цаашдын эрүүл мэндэд нь санаа зовж байна. Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэж байгаагаа дэмжиж байна  гэж мэдүүлэв.

- Хохирогч Э.Бат-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Сайнцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны-хөгжил” цэцэрлэг 2015 оны 09 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн 10 сартай хүү Б.Соёмбыг өгсөн. Цэцэрлэгт явсанаас хойш 2015 оны 9 сарын дунд үеэс эхлэн бие нь өвдөөд ханиалгаад, халуураад, шингэн алдаад, хоолны дуршил байхгүй, тархи нь доргисон, хөлрөх, уур уцаартай байдалтай болоод байхаар нь тухай бүрд нь эмнэлгээр үзүүлээд тархи толгойг нь бариулаад эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд болохгүй болохоор нь 2015.10.19-ний өдөр хамгийн сүүлд явуулаад дахин цэцэрлэгт нь өгөөгүй. Тэгж байтал 2015.12.01-ний өдөр манай хүүхдийн ангийн багш байсан Янжинлхам гэдэг хүн өөрийн гар утсан дээр байсан видео бичлэгийг надад үзүүлсэн. Тэгтэл уг бичлэг дээр манай хүүхдийг тус цэцэрлэгийн тогооч гэх эмэгтэй хооллох нэрийдлээр зодож байгаа бичлэг байсан. Одоо манай хүүхэд толгой нь үе үе салганаж сэгсэрдэг, арагшаа савж унадаг, унтаж байхдаа гарын хуруунууд нь таталт өгдөг, хоол унданд дургүй, биеийн байдал сул, биеийн жин огцом буурч турж эцсэн байдалтай байгаа гэжээ. /1-р х.х-22/

- Гэрч Э.Янжинлхам мэдүүлэгтээ: Манай хүүхэд өлсөж ирээд байна. Хоолондоо цадахгүй байна гэж Соёмбын аав нь хэлсэн. Тэгэхэд нь би Отгонтөгс эгчид өглөө нь хэлэхэд яасан их иддэг юм, өдрийн хоолон дээр би хооллоно гэсэн. Хүүхдүүдийг хооллож байхад Отгонтөгс би Соёмбоог хооллоно гэхээр нь би бичлэгийг хийсэн. Ийм асуудал гарахад хэнд яаж ханддаг гэдгийг мэдэхгүй байсан болохоор хугацаа алдсан. Мөн энэ бичлэгийг өгсөн өдрөө ажлаас халагдана гэдгээ мэдэж байсан гэжээ /1-р х.х-27-28, 2-р х.х-14-15, 143-149/

- Гэрч Ж.Оюунчимэг мэдүүлэгтээ: 2015 оны 11 сарын 16-ны өдөр Янжинлхамд танай ангийн хүүхдийн тоо цөөрөөд байна, 192000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлсэн байсан. Тэгэхэд би тэгж чадахгүй манай ангийн хүүхдийн тоо цөөрөөд байгаа нь Ж.Отгонтөгс хүүхэд зодсонтой холбоотой гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ж.Отгонтөгс яахаараа хүүхэд зоддог юм, би итгэхгүй байна гэхэд бичлэг авчирна, манай ээжид бичлэг байгаа гэсэн. Тэгээд ээж нь бичлэг авчирсан. Бичлэгийг үзээд би Ж.Отгонтөгсийг ажлаас нь халсан. Байгууллага буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч  байгаа гэжээ /1-р х.х-29, 2-р х.х-13, 137-143/

- Шинжээчийн 2015.12.07-ны өдрийн №17390 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед одоогоор гэмтэл тогтоогдохгүй байна” гэжээ. /1-р х.х-55/

- Шинжээчийн 2016.01.19-ний өдрийн №78 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед гэмтэл тогтоогдсонгүй. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан №17390 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /1-р х.х-58-59/

- Шинжээчийн 2016.06.02-ны өдрийн 678 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор 2015.12.07-ны өдрийн №17390 тоот шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт болон 2016.01.19-ний өдрийн №78 тоот шинжээч эмч Ч.Эрдэмболор, Д.Мөнхбат, М.Отгонбаатар нарын гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2,3,6 Б.Соёмбын биед гэмтэл тогтоогдсонгүй. 4. Б.Соёмбо нь урьд ямар нэг архаг хууч өвчтэйг тогтоох эмнэлэгийн баримт байхгүй байна. 5. 2015.10.19-ний үед Б.Соёмбо нь бусдад зодуулсан гэх холбогдох эмнэлгийн нотлох баримт байхгүй байна” гэжээ. /2-р х.х-28-29/

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016.05.31-ний өдрийн 2/127 тоот албан бичигт “1. 10 настай гэж уг тогтоолд дурьдсан хүүхэд бидэнд үзүүлэхээр ирэх үед 1 нас 5 сартай байв. 2. 1 нас 5 сартай хүүхдийн хэл яриа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул сэтгэцийн дүн шинжилгээг /дэлхий аль ч улс оронд/ хийх боломжгүй. 1 нас 5 сартай Б.Соёмбыг нэр бүхий эмч нар хамтран үзсэн боловч дээр дурьдсан шалтгааны улмаас шүүх сэтгэцийн магадлан шинжилгээ хийх боломжгүй болохыг мэдэгдье гэжээ. /2-р х.х-31-32/

- Гэрч А.Балдан-Осорын “ Би Соёмбо гэх 10 сартай эрэгтэй хүүхдийг 9, 10, 11 саруудад үзэж байсан. 9 сард 5 удаа, 10 сард 3 удаа тархи хөдөлсөн байсан тул толгойг нь барьсан. 11 сард үзэхэд тухайн хүүхэд хордлоготой байсан тул толгойг нь бариагүй” гэх мэдүүлэг / 1-р х.х-45/ 

- Гэрч С.Энхтайваны “Би хүргэнийхээ хамт Янжинлхамынд очиход манай зээ хүүг туслах багш Отгонтөгс зодож байгаа бичлэг гар утсан дээр нь байхаар нь уг бичлэгийг гар утас руугаа хуулж аван маргааш нь мэргэжлийн хяналтын газар өргөдөл бичин хавсаргаж өгсөн. Манай зээ хүү Соёмбод хоол хүчээр өгч, алгадаж, ямар нэгэн шалтгаангүйгээр зодож байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг / 1-р х.х-46/

- Гэрч С.Ууганбаярын “Уг бичлэгийг аваад өөрийн “Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар” гэсэн facebook хуудсанд 2015.12.03-ны өдөр байрлуулсан. Байгууллагын удирдах ажилтанууд шийдвэр гаргаж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны үндсэн дээр Facebook хуудсанд байрлуулсан юм” гэх мэдүүлэг / 1-р х.х-44/ 

- Шинжээчийн 2015.12.07-ны өдрийн №586 тоот дүгнэлтэд “Ж.Отгонтөгсийн биед баруун зүүн нүдний зовхи, духанд цус хурсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1-р х.х-48/  

- Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 2015.11.14-ний өдрийн №04 хуудсанд “бөөлжилттэй, шингэн алдалт, хордлоготой, хүүхдийн тасагт хэвтүүлнэ” гэжээ. /1-р х.х-89-90/

- Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтод” Б.Соёмбо нь 2015 оны 10 сарын 9, 15, 26-ны өдрүүдэд халуурсан, бөөлжсөн, суулгаж гүйлгэсэн өвчний учир үзүүлж эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал сайжраагүй тул дараагийн шатлалд шилжүүлж эмчлүүлсэн” гэжээ. /1-р х.х-85/

- Өвчний түүх /1-р х.х-91-96/

- Эмчийн үзлэгийн бүртгэл /1-р х.х-97-98/

- “Оюуны хөгжил” цэцэрлэгийн дүрэм, аюулгүй байдлын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ /1-р х.х-106-123, 132-133/

- Ажилд авах, чөлөөлөх тушаал /1-р х.х-134-138/

- Ажлын байрны тодорхойлолт /1-р х.х-141-145/

- Дундговь аймгийн Засаг даргын 2015.12.09-ний өдрийн №А/528 дугаар захирамжид “Оюуны хөгжил төрийн бус цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэжээ. /1-р х.х-146/

- Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн материал /1-р х.х-151-158/

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015.12.09-ний өдрийн №13-09-021/28 тоот актаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг таслан зогсоосон байна. /1-р х.х-147-150/

- Ангийн журнал

- Ижил бичлэг бүхий 2 ширхэг цахим зээрэнцэг, уг зээрэнцэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р х.х -18-19, 2-р х.х -3-7/ болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 2015 оны 10 дугаар сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах  “Оюуны хөгжил”  цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай Б.Соёмбыг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодсон болох нь  дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгсийн үйлдсэн хэрэг нь тодорхой сэдэлттэй буюу Б.Соёмбын эцэг, эхээс гаргасан “манай хүүхэд өлсөж ирээд байна” гэсэн гомдолд дургүйцэж, эсэргүүцсэнээс үүдэлтэй байна. Тухайлбал: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “ урьд өдөр нь хүү Соёмбыг цэцэрлэгээс авахад цэцэрлэгээс гэр хүртэл машинаар явах замд цайны печенийг бүтнийг  идсэн. Маргааш нь цэцэрлэгт өгөхдөө манай хүүхэд өлсөж очлоо, хоолыг нь ахиухан өгч болдоггүй юм уу гэж хэлсэн. Эрхлэгч Оюунчимэгийн хүүхдэд нь ч хэлсэн” гэх мэдүүлэг / 1-р х.х-228/, гэрч Э.Янжинлхамын “нэг өдөр Соёмбын ээж нь ирээд манай хүүхэд өлсөөд ирлээ, хоол ундандаа ямархуу байна гэхээр нь би тэрийг нь тогооч Отгонтөгсөд хэлсэн. Тэгсэн Отгонтөгс би өдөр Соёмбыг хооллоно шүү гэж надад хэлсэн. Нэг л сэжигтэй, заналтай хэлсэн болохоор нь би гар утасныхаа бичлэгийг асаагаад цонхон дээр утсаа тавиад гарсан. Гал тогоонд уух юм бэлдээд байж байхад Отгонтөгсийн дуу нь хадаад идээч чи, гэртээ очоод мангас шиг иддэг гэсэн биз дээ гээд хашгираад байсан. Хүүхэд уйлаад л байсан. Тэгээд намайг орж ирэхэд энэ муу чинь будаа идэлгүй түй гээд хаячихлаа гээд ууртай босч ирж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-27-28/; гар утасны бичлэгт Ж.Отгонтөгс нь Б.Соёмбыг зодохоосоо өмнө өөр 2 хүүхдийг хооллож байх бөгөөд тэдгээр хүүхэдтэй хэвийн харьцаж хооллож байх хоорондоо Б.Соёмбыг тусд нь хажуудаа суулгаж хааяа хааяа халбагаар аманд нь хоол хийж “ ид чи” гэх мэтээр алагчилж харьцаж байгаа байдал, мөн Б.Соёмбыг зодож байх явцдаа “мангас шиг иддэг гээ биз дээ, ид чи” гэх мэтээр аманд нь халбагаар гударч байгаа байдал, хэлсэн үг зэргээр Б.Соёмбын эцэг, эхийн зүй ёсны шаардлагад дургүйцэж, эсэргүүцэж энэхүү үйлдлийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь өмнө нь “ би шазуур зуугаагүй, тухайн үед гэнэт уур хүрээд зодсон” гэж мэдүүлсэн /2-р х.х-133/ нь дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 10 сартай Б.Соёмбыг өвдөг дээрээ хэвтүүлж байгаад нүүр лүү нь удаа дараалан хүчтэй алгадаж, мөн нуруу, гар луу нь хүчтэй алгадах, шалан дээр хүчтэй огцом шидэж суулгах, хүүхэд хоол идэх дургүй уйлж байхад нь ам руу нь  халбагаар гударч хоол хийж, улмаар хивсэн дээр унасан будааг түүж ам руу нь чихэх зэрэг үйлдлийг 3 минут 30 секундын хугацаанд үргэлжлүүлэн зодож байна.

Ийнхүү зодох явцдаа чангаар зандран загнаж байгаа болох нь эд мөрийн баримт гар утасны бичлэгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгсийн үйлдлийн улмаас Б.Соёмбын бие махбодид гэмтэл учирсан эсэх болон шүүгдэгч нь хохирогчийг байнга зодож байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй боловч тодорхой сэдэлтээр, нэг удаагийн хүч хэрэглэсэн тохиолдлоор, тухайн цаг мөчид  10 сартай хүүхдийн бие махбодь, сэтгэцэд онцгой нөлөөлөх өвдөлт, зовуурь шаналал учруулсан хэрцгий үйлдлийг олон удаа, идэвхитэйгээр үргэлжлүүлэн үйлдэж байгааг шүүх “ тарчлаах” гэмт хэрэг мөн гэж дүгнэлээ.

Иймд өмнө нь улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял оногдуулах тухай санал гаргаж байснаа өөрчилж, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял сонсгон байцааж /2-р х.х-219/, тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт /2-р х.х 226-228/ үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Отгонтөгсийг “тарчлаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 

Б/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч нь баримтаар нийт 1503123 төгрөгийн эд хөрөнгийг хохиролд, баримтгүйгээр  сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөгжил” цэцэрлэгт тогооч, бага бүлгийн туслах багшаар ажиллаж байсан болох нь түүнтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр /1-р х.х 122-123, 132-133/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ” гэж, мөн зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1….-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй ” гэж тус тус заажээ.

     Энэ хэргийн тухайд ажил олгогч байгууллага буюу иргэний хариуцагч нь 2014.01.23-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Дундговь аймгийн 7-р баг, Нарлагийн 2-1 тоотод байрлах “Дундговь Оюуны хөгжил” ХХК байна. 

     Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр уг компанийн захирал нь Эрхэмбаатар овогтой Энхсоёл гэсэн ба компани нь гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа болон сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг гэжээ. /1-р х.х-100, 105/

      Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015.12.04-ний өдрийн 13-09-021/28 тоот актаар Сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулахыг  2015.12.04-ний өдрөөс эхлэн таслан зогсоосон, Дундговь аймгийн Засаг даргын 2015.12.09-ний өдрийн А/528 тоот захирамжаар “Оюуны хөгжил” төрийн бус өмчийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. /1-р х.х 146-150/

    Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараар уг компани нь татан буугдаагүй, цэцэрлэгээс бусад үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа болох нь тогтоогдож байна.

      Зүй нь ажилтны бусдад учруулсан гэм хорыг ажил олгогч буюу Дундговь Оюуны хөгжил ХХК хариуцан арилгаад, дараа нь ажилтнаасаа нэхэмжлэх байтал энэ хэргийн иргэний хариуцагч гэм хорын хариуцлагыг хүлээх талаар санаачилга гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

Холбогдох хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэх бөгөөд компани нь удирдах байгууллагаараа дамжуулан эрх зүйн харилцаанд оролцоно.

Тухайн тохиолдолд Дундговь Оюуны хөгжил ХХК-ийн удирдах байгууллага нь захирал Эрхэмбаатар овогтой Энхсоёл мөн байна. /Дундговь Оюуны хөгжил ХХК-ийн дүрэм, дүрмийн “гурав” дугаар зүйл 1-р х.х 101-102/

Иргэний хариуцагч компанийн захирал Э.Энхсоёл, иргэн Э.Энхсоёл нь эрх зүйн байдлын хувьд ялгамжтай гэдгийг иргэний хариуцагчид тайлбарлах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан, Б.Соёмбын нас, биеийн онцлогоос хамааран сэтгэцийн шинжилгээ хийх боломжгүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016.05.31-ний өдрийн 2/217 тоот албан бичгээр тогтоогдож байгаа тул сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хожим баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч компаниас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс 2016.03.23-нд 1503123 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн /1-р х.х-215/,  2016.12.01-нд 1 сая төгрөгийг Б.Соёмбын дансанд шилжүүлэн хийсэн /2-р х.х-182/ болох нь баримтаар тогтоогдож байх тул энэ талаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдлаа.

Шүүгдэгчийн зүгээс бодитой гарсан зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл, түүнийг нотлох баримттай холбогдуулан ямар нэгэн маргаан гаргаагүй, баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан тул шүүх эмчилгээ, шинжилгээ, өмгөөлөлтэй холбогдон гарсан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй юм. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурьдсанаар энэ хэргийн иргэний хариуцагч нь Дундговь Оюуны хөгжил ХХК тул иргэн Ж.Отгонтөгс, Г.Сайханбаяр, Г.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Угтаалын 9-03 тоотод байрлах 750 м.кв газрыг битүүмжилсэн, уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг хураасан мөрдөн байцаагчийн шийдвэрийг /2-р х.х 8-10/  цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй байна.

Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

В/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /2-р хх-210/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны буюу 10 сартай хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрхи нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар их, учруулсан хор уршгийн шинж чанарыг тогтоох боломжгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Отгонтөгсийг тус шүүхийн 2016.10.11-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын дагуу 2016 оны 10 сарын 11-нээс 12 сарын 13-ны өдөр хүртэл цагдан хорьсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

Харин шүүгдэгч нь 51 настай, өөрөө шууд хариуцах учиргүй ч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодитой хохирлыг нөхөн төлсөн, эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах талаар санаачилгатай хандсан, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгааг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Г/ бусад асуудлын талаар:

 

  1.  Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нотлох ажиллагааг хийхэд дараахь нөхцөл байдал илэрсэн байна. Үүнд:
  • эд мөрийн баримт “Ангийн журнал”-д хохирогч Б.Соёмбыг 2015 оны 10 сарын 1-нээс 15-ныг хүртэл хугацаанд “ирсэн”, 10 сарын 16-наас 30-ны хооронд “өвчтэй” гэсэн бүртгэл  хийсэн хирнээ Х/5-нд өвчтэй байсан Соёмбо…нар ирсэн гэсэн тэмдэглэл хийсэн нь  уг журнал үнэн зөв хөтлөгдсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа,
  • Шинжээч “Оюуны хөгжил” цэцэрлэгийн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2015 оны 9 сарын 1-нээс 12-р сарын 4-ний өдөр хүртэл дүрс бичлэг бичигдээгүй байна. Жич: хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжинд дүрс бичлэгийг бичилгүйгээр харах горим байдаг. Дээрх горимоор тохируулагдсан тохиолдолд дүрс бичлэг бичигдэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан /1-р х.х-51/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бат-Очир: …2015.10.19-ний өдөр хамгийн сүүлд явуулаад дахин цэцэрлэгт нь өгөөгүй. Тэгж байтал 2015.12.01-ний өдөр манай хүүхдийн ангийн багш байсан Янжинлхам гэдэг хүн өөрийн гар утсан дээр байсан видео бичлэгийг надад үзүүлсэн. Тэгтэл уг бичлэг дээр манай хүүхдийг тус цэцэрлэгийн тогооч гэх эмэгтэй хооллох нэрийдлээр зодож байгаа бичлэг байсан. Янжинлхам надад хэлэхдээ 2015 оны 10 сарын 19-ний өдрийн бичлэг гэж хэлсэн” гэж мэдүүлсэн /1-р х.х-22/
  • Гэрч Э.Янжинлхам мэдүүлэгтээ ”би бичлэг хийсэн сар өдрөө сайн мэддэггүй. Яагаад гэхээр миний өөрийн утас эвдэрсэн. Би бичлэг хийснээсээ нилээд хэд хоногийн дараа ээжийнхээ утсанд хуулж өгч байсан юм. Манай ээжийн утсан дээр байгаа” гэж мэдүүлсэн /1-р х.х-27/
  • Гэрч Э.Янжинлхам 2016 оны 10 сарын 11-ний шүүх хуралдаанд “Цэцэрлэгийн камерийг шүүгээд бичлэг хийгдсэнийг нөгөө ангийн багш, дуу хөгжмийн багш хоёрт харуулсан. Тэгэхэд 2015 оны 10 сарын 19-ний 14 цаг 35 минутад хийгдсэн байна гэж үзүүлж байсан ” гэжээ. /2-р х.х-147/
  •  Гэрч Ш.Мандах мэдүүлэгтээ ”2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн охин Янжинлхамын гар утсан дээрх бичлэгийг өөрийнхөө утсан дээр блютээр нь татаж авсан юм. Тэгж утсанд хуулахад он сар нь гардаггүй юм билээ. Би 2015.10.19-ний өдөр буюу нэг дэх өдөр Оюунчимэг дарга минь яасан бэ, энэ бичлэгийг яах вэ гэхэд өөдөөс Ж.Отгонтөгсийг ажлаас нь халсан гэж хэлсэн” гэжээ /2-р х.х18-20/

Дээрх баримтууд өөр хоорондоо зөрчилтэй, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш бараг 2 сарын дараа илэрсэн байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг тодорхой нотлох боломжгүй болжээ. Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн он, сарыг “2015 оны 10 дугаар сар” гэж шийтгэх тогтоолд тусгасан болно.

2. Шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг зөвхөн шүүгдэгч Ж.Отгонтөгсийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу 10 сартай Б.Соёмбыг зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял сонсгон ирүүлсэн хэргийн хүрээнд явууллаа. Тодруулбал: Монгол Улсын 1990.01.26-нд гарын үсэг зурж, 1990.07.05-нд соёрхон баталсан “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд зааснаар “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах; хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдүүдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авах” үүргийг Монгол Улс хүлээсэн.

Дээрхи конвенцийн дагуу батлагдсан Монгол Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм зэрэг хууль тогтоомжийг эрхлэгч Ж.Оюунчимэг, туслах багш Э.Янжинлхам нар нь зөрчсөн эсэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоолгохоор өмнө нь буюу 2016 оны 4 сарын 21-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоолын заалтыг биелүүлээгүй, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүхэд хэргийг ирүүлсэн тул шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хийх ч үндэслэлгүйг талуудад тайлбарлах нь зүйтэй байна.  

3. Давж заалдах шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 07 дугаар магадлалд заасан зөрчлийн талаар: Анхан шатны шүүх хэргийг 2017.01.10-ны өдөр хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх хуралдаан даргалагчийг шинээр томилсон ба шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог буруу бичсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад арга хэмжээ тооцуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт албан бичиг хүргүүлсэн болно. Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн эсэх талаар лавлагаа авахад 2016 оны 10 сарын 11-нд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэсэн байна /2-р х.х-209, 210/ Энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй, давж заалдах шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 07 дугаар магадлалаар хүчингүй болсон тул энэ талаар ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төвд залруулга хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283- 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ж.Отгонтөгсийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчаас иргэн Ж.Отгонтөгс, Г.Сайханбаяр, Г.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Угтаалын 9-03 тоотод байрлах 750 м.кв газрыг битүүмжилсэн, үл хөдлөх хөрөнгийн Г-0813000418 дугаартай гэрчилгээ хураан авсан 2016.06.09-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь хохирогчид 1503123 /нэг сая таван зуун гурван мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Соёмбын ХААН банкин дахь 5450595112 тоот дансанд 1 /нэг/ сая төгрөг шилжүүлсэн ба бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

           7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.Бат-Очир нь энэхүү нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, №000056395 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар 0811001092, 3432173 регистрийн дугаартай Дундговь Оюуны хөгжил ХХХ-иас (захирал Э.Энхсоёл) иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тус бүр 10 минут 28 секундын бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг цахим зээрэнцэг, “ангийн журнал”-ын нүүр хуудас, 23, 24 дүгээр талын хуулбарыг Ж.Отгонтөгсөд холбогдох 201512000252 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ангийн журнал”-ыг иргэний хариуцагч Э.Энхсоёлд, үл хөдлөх хөрөнгийн Г-0813000418 дугаартай гэрчилгээг Ж.Отгонтөгсөд буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Отгонтөгсөд энэхүү тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.

11.  Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт нь шийтгэх  тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонтөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                     С.СЭРЖМЯДАГ