Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/02

 

Э.У-д холбогдох

       эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                    Н.Энхнаран   

Прокурор                                             С.Алтай

Хохирогч                                             Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ө.Батболд

Шүүгдэгч                                              Э.У нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.У холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: А овогт Э.У, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэрийн 42 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД/

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэрийн байрны 42 тоотод нэг удаа, мөн 2018 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны 5-02 тоотод 2 удаа Э.А-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай нь шүүгдэгч Э.У-г “хохирогчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэж, жирэмсэн болгосон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч А овогт Э.У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.У-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4/ Шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

5/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.У 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Э.У 26 настай, эцэг эхээс гурвуулаа, хүний ганц хүү. Би өөрийн үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан. Хохирогч А ямар шалтгааны улмаас миний хэргийг хүндрүүлж “алаад булна гэж хэлээд толгой руу 2-3 цохисон” гэх зүйлийг хэлж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би прокурорын яллах дүгнэлтэд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний бүтэлгүй, гэнэн томоогүй алдаанаас хүү минь мэндэлсэн. Би ямар ч байсан өөрийн хүүгийн өмнө эцэг хүнд байх ёстой бүх үүрэг хариуцлагыг үүрэх болно. Миний аав 2 чих нь сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй, группэд байдаг, эмээ минь 84 настай өндөр насны тэтгэвэрт хэвтрийн дэглэмтэй, ээж минь 51 настай сахарын өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдаад группэд байдаг зэргийг харгалзан үзэж, миний гаргасан алдааг уучилж, надад оногдуулсан 3 жилийн хорих ялаас хөнгөрүүлж ялыг минь багасгаж өгнө үү. Би хүүгийн ээж А, аав Г нараас өөрийн гаргасан алдааг минь уучилж өгөөч гэж маш ихээр хүсч байна” гэжээ.

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...дараах гомдлыг гаргаж байна. ...Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээд ял халдаахдаа оролцогчийн эрх зүйн байдал, сэтгэл зүйн үр дагаврыг нарийвчлан анхаарч үзэлгүй, эрх зүйн байдлыг дордуулж ял халдаасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Э.У-ын хувьд хохирогч гэх А-тай ойролцоо насны, нэг дор өссөн, бие биенээ сайн мэдэх хөрш айлууд төдийгүй эмээ нар нь нэг газар насаараа хамт ажиллаж байсан бие биеэ маш сайн мэдэх хүмүүс байхаас гадна А, У нарын хувьд нас биенд хүрсэн улсууд гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй байна.

Хохирогч Э.А-гийн мэдүүлгээр “2018 оны 10 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын ................. тоотод 2 удаа 2-3 удаа цохиж хүчиндсэн... хүнд хэлэх юм бол би чамайг хүнгүй газар аваачаад булна... тэгээд би хэнд ч хэлж чадаагүй юм” гэдэг боловч яг тэр үг хэллэгүүд болсон гэдгийг хохирогчийн мэдүүлгээс өөр үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогоогүй хэрнээ Э.У-д жилийн хорих ял оногдуулж буй нь дэндүү хайран санагдана.

Хэргийн нөхцөл байдлаас харахад Э.А-ийн тухайд гэмт хэрэг гарах үед нь энэ асуудлыг ийм хүндрэлтэй нөхцөл байдалд аваачихгүй байх бүрэн боломжтой байсан. Чин үнэн зүйл бол Э.А энэ бэлгийн харилцааг үргэлжлээд байгааг мэдсээр байж хэзээ нэгэн цагт хөл хүнд болох эрсдэл бий болохыг их бага хэмжээгээр мэдэх бүхий л боломжтой нөхцөл байдалтай байгааг анхаарч түүнийг таслан зогсоох бүрэн боломжтой нь харагдана.

Хэдийгээр Э.У нь хуулиар хориглосон зүйл буюу гэмт үйлдлийн үр нөлөөгөөр хорвоод нэгэн сайхан үрийг төрүүлжээ. Мэдээж буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөг, өөрийн хүү мөн эсэх тал дээр маргаан үүсгэдэггүй, эцэг хүний үүрэг ямар байх ёстой яг тэр асуулгаар харж хандана гэдгээ бүрэн ухамсарлаж байхаас гадна хохирогчийн хохирол гэх зүйлийг хуульд заасан үндэслэлээр бүрэн барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөөд, гэм буруутай эсэх асуудалд ямар ч маргаан гаргаагүй байхад ял хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.А: Ялыг нь хөнгөрүүлмээргүй байна. Хүүхдээ 3 жил харах мөнгийг гаргуулмаар байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.У, түүний  өмгөөлөгч Ө.Б нарын  гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 01 дүгээр сард  Дорнод аймгийн Хэрлэн сумын .................. тоотод нэг удаа, мөн 2018 оны 11  дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны 5-02 тоотод хоёр удаа хохирогч Э.А-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Э.А-ийн мэдүүлэг, хүүхдийн биологийн эцэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Э.Ууганбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.У-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд, оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтад нийцжээ. Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөөнд халдаж, хохирогчийн болоод түүний ар гэрийнхэнд сэтгэл санааны арилшгүй хар толбо, зовлон, шаналал учруулдаг шинжээрээ нийгмийн хор аюул ихтэй бөгөөд Э.У нь хохирогчийг гурван удаа хүчиндэж, улмаар жирэмсэн болгосон байх тул “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ө.Б нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн хүүхэд асрахад зайлшгүй шаардлагатай хугацаанд сар бүр 320,000 төгрөгөөр тооцож төлбөр авахыг хүссэн хохирогчийн нэхэмжлэл нь агуулгын хувьд хүүхдийн тэтгэлэг гэх ойлголттой төстэй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ө.Б нарын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.У-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс  2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР