Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0721

 

Иргэн М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч М.Одонхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Иргэн М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т тус тус заасныг баримтлан М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/504 дүгээр тушаалын М.Одонхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Одонхүүг өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

М.Одонхүү нарт явуулсан албаны шалгалтаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоо нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн шалгаж буй эрүүгийн хэргийн холбогдогч БНХАУ-ын иргэн Чин овогт Алмазаас “хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” гэж хэлж 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Одонхүү нь дээрх хууль бус үйлдлийн талаар мэдэж байсан атлаа нуун дарагдуулсан, Б.Батзолбоогийн бусдаас хууль бусаар авсан мөнгийг авч хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон атал шүүх М.Одонхүүгийн гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл тохироогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/504 дүгээр тушаалаар М.Одонхүүг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, “Цагдаагийн ахмад” цолыг хураажээ.

М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд нь дээрх тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.1, 4.1.4-д заасныг тус тус зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан, нэхэмжлэгчийн мөнгө зээлсэн үйлдлийг ноцтой зөрчилд хамруулж, сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй шийтгэл ногдуулсан байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ: “нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийн буруу хэрэглэсэн” гэсэн байх боловч дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.1-д “сануулах”,  26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.З-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Одонхүү нь хамт ажилладаг хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоогоос хувийн журмаар 500.000 төгрөг зээлж авсан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна. Дээрх хохирлын мөнгийг /эд мөрийн баримтыг/ хадгалж, хохирогчид хүлээлгэн өгөх үүрэг нь нэхэмжлэгч М.Одонхүүд биш цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод байжээ.  Иймд нэхэмжлэгчийг уг зөрчилд шууд буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн мөнгө Б.Батзолбоод өгсөн гэх БНХАУ иргэн Ч.Алимусу /CHENALIMUSU/-г эрүүлжүүлэхээс ирж авч байсан /түүний хөрш/ Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Цогтсайхан илтгэх хуудас бичсэн, түүний ажилладаг хэлтэс М.Одонхүүд холбогдох зөрчлийг шалгасан зэрэг нь хяналт шалгалтыг явцад цугларсан баримтыг “эргэлзээгүй” гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

Мөн Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгох тухай” 51 дүгээр тогтоолоор М.Одонхүүд холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 Хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн байлаа ч дээрх зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг болон харгалзан үзэлгүй төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халж, цагдаагийн ахмад цолыг нь хураасан нь нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР