| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г. овогт А. Г холбогдох эрүүгийн 2335000000044 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..................... Увс аймгийн ..................... суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ..................... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Г. овогт А. Г (регистрийн дугаар: .............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..................... сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийн дагуу очсон ..................... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.А албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний баруун шанаа орчим газарт гараараа хоёр удаа цохиж, хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..................... сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийн дагуу очсон ..................... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.А албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний баруун шанаа орчим газарт гараараа хоёр удаа цохиж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, албан хаагчийн урдаас эсэргүүцэл үзүүлсэн нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлоо нөхөн төлж барагдуулна, хохирогчоос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал);
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал);
4. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 92-94 дэх тал);
5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дэх тал);
6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай “Үзүүлэгч О.А биед баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Баруун хацарт үүссэн зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
7. Хохирогч О.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Намайг гэрт ороход А.Г согтуу, эхнэр нь мөн согтуу, эхнэрийнх нь нүүр нүд хавдсан байдалтай, эхнэрийн аав Д, ээж” Ч” ирчихсэн, А.Г хүүхдүүд мөн хамт байсан...Би тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж А.Г эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байх тул гэрт нь үлдээж болохгүй гэж бодоод, дахин гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьчилан сэргийлж А.Г цагдаагийн байранд түр саатуулах, согтуурал шалгах гээд та хувцсаа өмсчих, цагдаагийн хэсэг рүү таныг авч явна гэж удаа дараа шаардаж, ойлгуулж хэлсэн боловч А.Г нь урдаас чадахгүй, би сумын кобан ордог бага гар биш, аймгийн төвөөс хүмүүс ирвэл явна, гээд над руу салаавч гаргасан. Би түүний хувцсыг өмсүүлэхээр ойртон очиход санамсаргүй байхад миний баруун хацар, шанаа орчимд гараараа хоёр удаа цохисон. Түүний дараагаар надтай ноцолдож хоёр хөлөөс татаж хойшоо унагасан. Би босох гэж оролдож, түүний гарыг тавиулах гэж байхад миний цээж хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөн гарын чигчий хуруу хөшиж гэмтээсэн. Би ноцолдож байхад миний дохиур мод хугарсан байсан. А.Г намайг заналхийлж, чамайг сайн явахыг харна, чам руу эзэнгүй тоосго явуулна, зун чамайг наадам дээр гарч ирэхэд чинь морьтой залуу явуулж алуулна, би хэд хоног суугаад гарч ирээд чамаас заавал хариугаа авна гэх мэтээр надад хандаж, амь насанд заналхийсэн...Гэрт нь үлдээвэл илүү их хэмжээний хохирол учирч болзошгүй гэж үзээд түүнийг цагдаагийн хэсэг рүү авч явах шаардлага тавьсан боловч биелүүлээгүй, миний биед халдсан...миний дохиур мод хугарч дахин ашиглах боломжгүй болсон тул түүний үнэ, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ..................... Улаангом сумын хооронд явахад гарсан замын зардал 150,000 төгрөгийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 15-16, 97 дахь тал);
8. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....цагдаагийн ахлах ахлагч О.А над руу утасдаад А.Г гэх айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлага ирлээ... О.А нь хоёр удаа цохиуллаа гэж хэлсэн. Улаан мод нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
9. Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө миний зээ хүү над руу утасдаад уйлсан байдалтай аав ээжийг зодоод байна. Зодохоо болихгүй байна, та хүрээд ир гэсэн...Охин Д.О өрөөсөн нүд, хацар, уруул хавдсан, хамар дээгүүр нь хөх туяа татсан байдалтай байсан... цагдаад дуудлага өгсөн... сумын цагдаа ирээд А.Г цагдаагийн байр руу авч явах гэтэл А.Г эсэргүүцээд улаан модыг нь хугалчихсан мөн явахгүй, хувцаа өмсөхгүй гээд ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 106 дахь тал);
10. Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....цагдаа түүнийг авч явахаар гараас нь татахад эсэргүүцэж түүнтэй барьцалдаж аваад зууралдаад цагдаагийн барьж явсан улаан модыг хугалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 103 дахь тал);
11. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Сумын цагдаа О.А ганцаараа орж ирээд намайг зодуулсан байхыг хараад А.Г цагдаагийн хэсэг рүү авч явна, та эхнэрээ зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Тэр үед нөхөр маань явахгүй гээд цагдаатай зууралдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 124 дэх тал);
12. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 396 дугаартай “Тус аймгийн ..................... суманд 2022 оны 12 дугаар сарын байдлаар Солонгос дохиур модны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 39.000 (гучин есэн мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч цагдаагийн ахлах ахлагч О.А хууль сахиулагч гэж үзнэ.
Хохирогч О.А нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь цагдаагийн ахлах ахлагч О.А томилсон тушаал, албан хаагчийн үнэмлэх, албан тушаалын тодорхойлолт гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 77-93 дахь тал)-аар мөн дуудлага өгсөн тухай хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн А.Г нь хууль сахиулагч О.А хүч хэрэглэж буюу түүнийг цохиж, мөн хүч хэрэглэхээр заналхийлж шаардлагыг нь эсэргүүцсэн болох нь тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос А.Г дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Г “хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.
Хохирогч О.А нь “...А.Г нь надад учирсан хохирол болох 189.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Цаашид надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолт, Хаан банкны мөнгөн гүйлгээний баримт ирүүлсэн нь хавтаст хэргийн 29-130 дахь талд авагдсан байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Г гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1.Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
3. Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч А.Г хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ө.Н нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч А.Г эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, хугарсан дохиур модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. овогт А.Г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Г-д нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох шийтгэлийг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч О.А албан хэрэгцээндээ ашиглаж байсан хугарсан дохиур модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА