Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Д.О  холбогдох эрүүгийн 2335000000112 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, ........... өдөр Увс аймгийн ...................... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн ...................... сумын ...багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б. овог Д. О.   (РД:...........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багийн нутаг “Ар бэл” гэх нэртэй газарт байрлах иргэн Д.Г гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 230.000 төгрөг, 4 шил Эдэн гэх нэртэй архи, 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи зэргийг тус тус хулгайлж нийт 434.500 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.О нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ...................... сумын дүгээр 1 –р багийн нутаг “Ар бэл” гэх нэртэй газарт байрлах иргэн  Д.Г  гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 230.000 төгрөг, 4 шил Эдэн гэх нэртэй архи, 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи тус тус хулгайлж, нийт 434.500 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч гаргасан үйлдэлдээ хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэлтэй байгаа. Иймд  Д.О  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийдвэрлэж  өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2335000000112 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);

2. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал);

3. Хохирогч Ж.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай бага хүү Г.М  эхнэр, аймаг руу явахаар болж нөхөр маань Г.М  хонь хариулахаар доошоо явсан. Би өөрсдийнхөө бог малыг өглөө 10 цаг болж байхад дээшээ мод руу туугаад хариулж байгаад 16 цаг болж байхад гэртээ ирж галаа түлсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр муудсан хурга, ишгэндээ баасны эм авах гэж авдраа онгойтол авдар дотор байсан архи харагдахгүй байхгүй байсан. Авдар дотор байсан Эдэн нэртэй 1 литрийн 4 шил архи байсан ба бүгд алга болсон байсан. Орой нь нөхөр Д.Г мал хариулж гэртээ ирэхээр нь "Авдар дотор байсан архийг бүгдийг нь аваад уусан юм уу" гэж асуухад нөхөр  Д.Г.  "Үгүй би юу гэж ууж байдаг юм бэ, хүн орж ирээд аваад явсан юм биш үү гээд авдраа онгойлгож үзэхэд дотор нь байсан 800.000 төгрөгнөөс 230.000 төгрөг, мөн 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи, авдарт байсан 4 шил Эдэн нэртэй 1 литрийн архи алга болсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад” Б”  өчигдөр Түргэний дэнжид ах нь болох  Ш.М  хамт архи уусан явсан, дундаа 2 шил архи тавьсан ууж байна лээ гэж багийн төвийн манаач” О “ тэгж хэлсэн гэж ярьсан ба хөдөө тэр хоёрт ямар архи олддог юм бэ, тэр хоёр ирж манай гэрээс хулгай хийсэн юм байна гэж хоорондоо яриад хаясан. Тэгээд нөхөр  Д.Г.   “Б”  очиж уулзахад "Б” нь би танай гэрээс хулгай хийсэн, би төлж өгнө, та битгий гомдол гаргаачээ, гэрийн чинь гадна талын цоожийг татаад онгойлгосон, авдрын чинь түлхүүр толины чинь ар талд байхаар нь онгойлгож, архи, мөнгө, тамхи аваад явсан. Би танд 500000 төгрөг төлж өгье гэж хэллээ гэж нөхөр надад хэлсэн. Мөн манай хүү Г.М. “ Б “ тааралдах үедээ би танай аав, ээжийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж хэлсэн байна лээ. Тэгээд би энэ асуудлаар танайд “Б“ шалгуулахаар гомдол гаргасан. Эзгүй цоожтой айлд орж ирж хулгай хийж байгаад нь гомдолтой байна. Зүгээр орж ирээд гуйгаад асуувал би “Б”  архи, тамхийг нь өгөөд явуулах байсан. ...Тухайн үед манай гэрийн гадна талын цоожны түлхүүр гэрийн босгонд байсан. Тухайн цоожийг эвдсэн шинж анзаарагдахгүй байна. Татаж онгойлгосон бололтой буцаад цоожлогдсон ч татахад онгойчихдог болчихсон байна. Би Эдэн нэртэй 1 литрийн 1 архийг Цагаан сарын үед сумын төвөөс 48000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бусад 3 шил архийг манай хүүхдүүд цагаан сараар бэлгэнд өгч байсан. Алтаннавчис нэртэй тамхийг нэгийг 3000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 5 хайрцаг тамхи алдагдсан, бэлэн мөнгө 230.000 төгрөг дутсан. “Б “миний хохирлыг барагдуулж өгсөн зүйл байхгүй. Уг нь төлж өгнө гэсэн төлөөгүй байна. Би гомдолтой байна. ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл гэвэл манай гэрээс хулгай хийсэн “Б” буюу Д.О гэх залуу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт ирж ах, эгч хоёр уучлаарай, миний буруу гэж хэлээд 230,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг хавраас оронд нь мал өгье гэж хэлээд явсан. Бид нар ч одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрт нь бас дахиж хулгай хийж болохгүй шүү гэдгийг нь сайн хэлсэн. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Учирсан хохиролд 230,000 төгрөг өгсөн. Үлдсэнд нь нэг эр хонь өгөхөөр тохиролцоод явсан. Би тэр залууг “Б” гэх гэрийн нэрээр нь мэддэг бөгөөд тухайн үед нэр нь орж ирэхгүй байсан болохоор Б  гэж хэлсэн. Сүүлд хүмүүс түүнийг Д.О  гэж хэлэхээр нь жинхэнэ нэр нь Д.О гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-19 дэх тал);

4.  Гэрч  Д.Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мал хариулж гэртээ иртэл эхнэр Ж.С надаас авдар дотор байсан 4 шил архийг авсан юм уу, эсвэл хүнд өгсөн юм уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн ба авдрыг онгойлгож үзтэл 4 шил архи /бугын зурагтай/, алтан навчис нэртэй 5 хайрцаг тамхи, намрын мал нядалж зараад үлдсэн 800000 төгрөг байснаас 230,000 төгрөг дутсан. Тэгээд өчигдөр хоёулаа гэртээ байхгүй хойгуур хүн ирээд авсан юм байна....Тэгээд би тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа “Б” ахын гэрт очсон ба тэдний гэрт Б  /О /, М  хоёр согтуу сууж байсан. ....Б /О / дуудаж уулзаад "би битгий хүн доромжлоод байгаарай" гэж хэлэхэд би төлж өгнө, миний буруу гэж хэлээд явсан. Тэгээд Б  /О / 2 хоногийн дараа манай гэрт өөрөө ирж би танай гэрийн гадна хаалганы цоожийг татаж онгойлгосон. Авдрын чинь түлхүүр байхаар нь онгойлгож архи, тамхи, мөнгө авсан, би танд оронд нь мал өгч хохиролгүй болгоё гэхээр нь би мал авахгүй гэхэд бэлэн 230,000 төгрөг өгье, үлдэгдлийн хавар ноолуур гарахаар өгье гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 22-24 дэх тал);

5.  Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аавын гэрээс архи, бэлэн мөнгө, тамхи зэрэг зүйлүүд алга болсон талаар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн ба ээж Ж.С  манай гэрт ирэхдээ манай гэрээс архи алга боллоо, хулгай орсон юм шиг байна лээ гэж хэлсэн. ...Тэгэхэд аав Б /О /, М  хоёроос яагаад хулгай хийгээд яваад байгаа юм бэ гэж асуухад” М” наадах “Б” /О / танай гэрээс юм алдагдах өдөр отрын гэртээ 2 шил Эдэн нэртэй архи уусан байдалтай сууж байсан. Би хамт уусан юм гэж хэлж байсан. Тухайн үед М  Б  /О /-т “чи хулгайн архи гэж хэлсэн бол би уухгүй ш дээ" гэж хэлэхэд Б  /О/ чи намайг гэрчилдэг хэн бэ гэж нэг удаа” М” цохиод авсан. ... Тэгээд сүүлд аавын гэрт “Б”  /О/ өөрөө очиж яаж хулгай хийсэн талаар хэлж хохирлын барагдуулж өгөхөөр тохиролцсон байна лээ. Надад өөр мэдэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 25-26 дахь тал);

6.  Гэрч Ш.М.  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 03 сарын 01-ний өдөр ...................... сумын 1-р багийн нутаг Г нэртэй газраас малаа тууж нүүж ирсэн ба тэр орой нь Э гэх газар дүү “Б”  отрын гэрийн гадна малаа хонуулж амарсан. Тэгээд Б \О /-ын гэрт ороход гэртээ Эдэн нэртэй 1 литрийн 2 шил архи тавьчихсан, нэгийг нь задалж дээрээс нь жаахан уусан бололтой, нөгөөдөх нь бүтэн бололтой өөрөө унтаж байсан. босоод задалсан архинаас хийж өгөөд хоёулаа хувааж уугаад дуусгасан. ...Тэгээд 2 хоногийн дараа сумын төвөөс гарч ирээд Б ахын гэрт ороход  Д.Г  ах, Б, Б  ах нар байсан. Д.Г ах надаас яагаад архи хулгайлаад байгаа юм бэ, өчигдөр манай гэрт хулгай орж, авдар ухсан байна гэхээр нь би намайг нүүж ирэхэд “Б “2 шил Эдэн нэртэй архи тавьсан гэртээ согтуу унтаж байсан шүү дээ гэхэд  Д.Г  ах Б чи манайх руу орсон байна шүү дээ гэхэд” Б” чи намайг гэрчиллээ гээд цохиод авсан... " гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 27-29 дэх тал);

7.  Гэрч Я.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д. овогтой “О”  гэдэг хүнийг танина. Би түүний төрсөн нагац ах нь болдог юм.” О” гэрийн нэр нь “Б” гэдэг бөгөөд зарим манай багийн хүмүүс Д.О  гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй болохоор” Б”  гэж нэрлээд хэвшсэн. Бид нар” О” гэртээ” Б  гэж дууддаг. Өөрийнх нь аав, ээжийн өгсөн нэр болон иргэний үнэмлэх дээр “О” нэртэй байгаа юм. Д.О  өөрийнхөө аав “Д “гэрт байхгүй бөгөөд тэдний гэрээс яваад 5 жил болж байгаа, цэргийн алба хааж ирээд манай гэрт аав, ээжээсээ мал хөрөнгөө таслуулаад ирсэн. Тэрнээс хойш бид хоёр малаа нийлүүлж хамт мал хариулж байгаа юм. ....би энэ хэргийн талаар юу болсныг  Д.О  асуухад би хулгайлж авсан юм гэж хүлээн зөвшөөрсөн. Чухам яаж хулгайлсан талаар хэлсэн зүйл байхгүй. Төлж өгөх гэж байгаа гэж хэлээд мөнгө хайж явсан. Сүүлд нь  Д.О  Д.Г гэх айлд очиж хохиролд нь бэлэн 230000 төгрөг өгсөн гэж сонсогдож байсан. .." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-31 дэх тал);

8. Хөрөнгийн үнэлгээний Увс Финанс аудит ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн тухай үнэлгээчний тайлан (хавтаст хэргийн 40 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Я.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.О нь дуугүй, номхон, дөлгөөн, даруухан залуу юм. Юм асуухаар хариулчхаад байж байдаг. Хамгийн муу зан нь гэвэл архи уухаараа хэрэг зөрчилд холбогдох гээд байдаг юм. Мөн бичиг үсэг мэдэхгүй, сургууль соёлд сураагүй хүн юм." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31 дэх тал);

2. Гэрч Ө.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.О  аав, ээж нь хөдөө малчин бөгөөд  Д.О  нь сүүлийн 5-6 жил манай гэрт амьдарч байна. Манай нөхрийн болон өөрийнхөө малыг нийлүүлж хариулаад байж байдаг. Д.О  зан аашийн хувьд дуугүй, номхон дөлгөөн даруухан, ажилсаг хүүхэд юм. Манай гэрт согтуу ирж байгаагүй бөгөөд архи уусан үедээ тэнээд айл хэсээд явчихдаг. Амдралын хувьд боломжийн бөгөөд өөрийнхөө 100 бог, 10 үхэр, 15 адуутай манайд ирж нийлүүлсэн. Тэрнээс хойш жил болгон малаа тоолуулж байгаа юм. Д.О  нь ах, дүү, төрөл садангийн хүмүүстэй эвсэг найрсаг харьцаатай байдаг" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 33 дахь тал);

3. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 47-53 дахь тал);

4. Д.О  яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн айлаас авсан 230.000 төгрөгийг нь буцаан өгсөн. Үлдэгдэл архи тамхины оронд нэг эр хонь өгөхөөр тохирч уучлалт гуйсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж гэмшиж байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

5.  Д.О. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал);

6. Увс аймгийн ...................... сумын ............. багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай “Д.О  нь ам бүл-1, тус багийн иргэн мөн” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал);

7. Увс аймгийн Цагдаагийн газарт хохирогч Ж.С аргасан “Д.О  нь хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлын мөнгө болох 230.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цаашид  Д.О ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 Шүүгдэгч  Д.О нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багийн нутаг “Ар бэл” гэх нэртэй газарт байрлах иргэн Д.Г гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 230.000 төгрөг, Эдэн гэх нэртэй, 4 шил архи, 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи зэргийг тус тус хулгайлж нийт 434.500 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр эзэмшлээс нь нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч “О”   нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багийн нутагт байх иргэн Д.Г гэрт буюу хүн байнга амьдрах Монгол гэрийн цоожийг хүчтэй татан онгойлгож, гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, гэрийн хойморт байх авдраас  230.000 төгрөг, Эдэн гэх нэртэй 4 шил архи, 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи тус тус хулгайлж, нийт 434.500 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хохирол санаатай учруулсан нь  тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Шүүгдэгч Д.О  нь идэвхтэй үйлдлээр хохирогч Ж.С /Д.Г.  нарын/ хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, гэрт хууль бусаар нэвтрэн орж, авдраас нь бэлэн 230.000 төгрөг, 4 шил Эдэн гэх нэртэй архи, 5 хайрцаг алтан навчис нэртэй тамхи хулгайлсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэх  хүндрүүлэх шинжийг хангаж байна.

3. Шүүгдэгч Д.О  нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Иймд шүүгдэгч Д.О үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Д.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч Ө.Н дэмжиж оролцсоныг  тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Д.О  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.С  эд хөрөнгөд 230.000 төгрөг, Эдэн гэх нэртэй архи 4 ширхэг буюу  48.000х4=192.000 төгрөг, Алтан навчис нэртэй тамхи 5 ширхэг буюу 2.500х5=12.500 төгрөг, нийт 434.500 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.О  нь гэмт хэргийн хор уршигт 230.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Ж.С шүүгдэгч Д.О  ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 84 дэх тал),

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9 настай морь, эмээл, хазаар зэргийг шүүгдэгчээс хурааж, улсын орлогод болгох” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Д.О  нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлэг гаргаагүй болно.

5. Шүүгдэгч Д.О  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.О  нь хувийн байдлын хувьд ........ онд төрсөн, ....... настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн ...................... сумын Даланхуруу багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч  Д.О  хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 31, 33 дахь талд авагдсан Я.Н, Ө.Т нарын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

-Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр гэмт хэргийн хор уршигт 230.000 төгрөг төлж барагдуулсныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Шүүгдэгч  Д.О.  нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон ба шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.О. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн хор уршгийг арилгасан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Д.О-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Д.О. хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.

9. Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О. хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлх нь зүйтэй.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Иймд шүүгдэгч Д.О. хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан, шүүгдэгчийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий хээр зүсмийн 9 настай морь, 15.000 төгрөгийн үнэ бүхий модон бүүрэгтэй эмээл, эсгий тохом, суран хазаар зэргийг тус тус Д.О . хураан авч, улсын орлогод оруулж, уг эд зүйлийг битүүмжилсэн шийдвэрийг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О-д  1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар Д.О  гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан, түүний эзэмшлийн 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий хээр зүсмийн 9 настай морь, 15.000 (арван таван мянга) төгрөгийн үнэ бүхий модон бүүрэгтэй эмээл, эсгий тохом, суран хазаар зэргийг тус тус шүүгдэгч Д.О  хураан авч, улсын орлогод оруулж, уг эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА