| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2019/01013/И |
| Дугаар | 184/ШШ2019/03061 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2019/03061
2019 оны 11 сарын 28 өдөр Дугаар 184/ШШ2019/03061 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ............... тоотод байрлах “Бг” ХХК-ийн /регистрийн дугаар ........../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. байрлах НШШГГ-т холбогдох
“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БГ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр “Винсконкрейт” ХХК-аас 47,439,901 төгрөгийг гаргуулж “БГ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан Liugong ZL 50с маркийн 10-09 УБ улсын дугаартай авто ачигчийг шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээг “БГ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан бөгөөд LIUGONG ZL 50С маркийн авто ачигчийг 72,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Liugong ZL 50с маркийн авто ачигчийг 72,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, шинжээч томилж үнэлгээ тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 325 дугаар шийдвэрээр “Винсконкрейт” ХХК-аас 47,439,901 төгрөг гаргуулж “БГ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. “Винсконкрейт” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжилсэн Liugong ZL 50с маркийн авто ачигчийн үнийн санал дээр талууд харилцан тохиролцож чадалгүй шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээг “БГ” ХХК нь 2019 оны 03 сарын 21-ний өдөр гардан авч танилцахад Liugong ZL 50с маркийн авто ачигчийг 72,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Манай компанийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дараах нөхцөлөөр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1.Манай компани нь уг авто ачигчийг 2015 оны 09 сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөгөөр үнэлж “Винсконкрейт” ХХК-д зарсан. Авто ачигчийн хувьд 2012 оны 8 сард Монгол улсад орж ирээд 6 жил 9 сар орчим болсон цаг хугацааны болон бусад мараалын элэгдэлд орсон, он хуучинтай болох нь харагдаж байна. Мөн одоогоос 4 жилийн өмнө 80,000,000 төгрөгөөр үнэлж байсан техникийг өнөөдөр 72,000,000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн ханшнаас давсан хэт өндөр үнэлгээ байна.
2.Шинжээчийн дүгнэлт нь хэрхэн ямар аргачлалаар тухайн авто ачигчийг үнэлсэн, зах зээлийн ханшийг хэрхэн яаж судалсан нь тодорхойгүй ямар нэгэн үнэлгээний харьцуулан судалсан баримт тайланд харагдахгүй шинжээчийн дүгнэлт нь үндэслэл муутай, эргэлзээтэй байна. Иймд Шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1 дэх хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...1-рт манай компани нь уг авто ачигчийг 2015.9.29-ний өдөр 80 сая төгрөгөөр Винс конкрейт ХХК-д зарсан. Ачигчийн хувьд 2018.8 сард Монгол улсад орж ирсэн. Монгол улсад орж ирээд 6 жил 9 сар орчим болсон, цаг хугацааны хувьд элэгдэлд орсон, одоогоос 4 жилийн өмнө 80 сая төгрөгөөр үнэлж байсан техникийг 72 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлгээ байна гэж үзсэн. 2-рт шинжээч нь ямар аргачлалаар үнэлсэн, зах зээлийн ямар тооцоолол хийсэн, ямар байдлаар харьцуулсан судалсан болох нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай гэж үзэх нөхцөл болсон. Ийм учраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт 72 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө үнэлгээний тайланд дурдагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн тайлангаас харахаар зах зээлийн үнэлгээг ямар аргаар яаж харьцуулсан бэ гэдэг нь харагдахгүй, ямар нэгэн тоо баримт дурдагдаагүй байдаг. Тайлан нь тодорхойгүй, зах зээлийн үнэлгээ хэр өндөр байна. Сүүлд Хөрөнгийн үнэлгээний төвөөс ирүүлсэн, хөрөнгийн үнэлгээний тайланд зургийг нь бүгдийг авчихсан, зах зээлийн харьцуулсан жишиг аргын үнэлгээг ашигласан, өртгийн үнийн үнэлгээ гэдгийг ашиглаагүй байдаг. Тухайн ачигчийн үнэлгээг 46 сая төгрөгөөр гэж байгаа нь тогтоогдож байгаа авто ачигчийн хувьд 1 дугуй нь 1,8 сая төгрөг 3 дугуйг хасаад тодорхойлов гээд бодит үнэлгээг нь гаргасан байна гэж үзэж байгаа. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг 2019.3.21-ний өдөр мэдсэн, авсан байгаа нь зөв. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 72 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас сая 2012 оны ижил төрлийн ковшийн үнийн талаар баримтыг өгсөн байна. Энэ баримттай холбоотой үнэлгээний хувьд харьцангуй өөрчлөлттэй үнийн дүнтэй гарч ирж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээ аргачлал тодорхойгүй байна гэж байна. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлсэн 72 сая төгрөгийн үнэлгээний тайлангийн 4 дээр үнэлгээний ажлын зарчим гэж заасан байгаа, бүхэлд нь судалж үзлээ, шүүгчийн захирамжийн дагуу үнэлгээ хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн зах зээлийн харьцуулах жишиг аргын үнэлгээ гээд үнэлгээг харьцуулж үзэхээр яг адилхан зарчмын дагуу худалдан борлуулагдаж байгаа зах зээлийн үнэлгээг судалж хөрөнгийн үнэлгээг хийсэн байна, энэ 2 үнэлгээний хувьд хоёулаа. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас үнэлсэн 42 сая төгрөг гэдэг үнэлгээ нь болохоор 2012 онд үйлдвэрлэгдсэн ийм ковшийг зарагдсан гэдэг үнийн дүнг нь сонгон авч үнэлсэн учраас буруу болжээ гэж үзэж байна. Яагаад гэвэл зах зээл дээр худалдан борлогдож байгаа үнэлгээний дунджаар нь үнэлгээг тогтоох атал Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь өөрөө зарагдсан үнийн дүнгийн ганцхан 1 ковшийн зах зээл дээр зарагдсан үнийн дүнгээр үнэлээд 42 сая төгрөг гэж үнэлсэн нь буруу байна. Хөрөнгийг яг зах зээлийнхээ журмаар, үнэлгээний хуульд нийцээгүй байна. Бэст рөүд групп ХХК нь Винс конкрейт ХХК-д худалдахдаа уг ковшийг 80 сая төгрөгөөр худалдаад Винсконкрейт компани нь 50 сая төгрөгийг өгөөд 30 сая төгрөгийн үлдэгдэл дээр талууд маргаад арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн болох нь шүүхийн шийдвэр болоод шийдвэрт дурдсан талуудын баримт сэлтээр нотлогдож байгаа. 2015.9 сард гэхээр одоогоос 4 жилийн хугацаатай 80 сая төгрөгөөр зарсан ковш нь 42 сая төгрөгийн үнэлгээтэй буюу 100%-ийн 50%-иар үнэ цэнээ алдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Ийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд өгсөн нотлох баримтаар харагдаж байна 72 сая гэж үнэлэгдсэн баримт өгсөн байна, тийм учраас мөн дээрх үнэлгээ нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БГ” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу “ хэмээн маргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр хариуцагч “ Винсконкрейт” ХХК-аас 46.375.000 төгрөг, арбитрын зардал 1.064.901 төгрөг, нийт 47.439.901 төгрөгийг гаргуулж, нэхэмлэгч “БГ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/05858 дугаар захирамжаар Арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 552 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдож байна. / хх 6,7/
Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 6 сарын 06-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан ба 2019 оны 01 сарын 20-нд ZL-50 с маркын 10-09 УБ улсын дугаартай авто ачигч /хуучин ковш/ зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгслийг хурааж, шийдвэрт заасан төлбөрийг 2019 оны 02 сарын 05-нд бүрэн төлж барагдуулах хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. /хх 20-21/
Улмаар 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 6 тоот шинжээч томилох тогтоолоор ZL-50 с маркын 10-09 УБ улсын дугаартай авто ачигч /хуучин ковш/ зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахаар мэргэжлийн шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилоход 2019 оны 02 сарын 28-нд дээрх авто ачигч машиныг 72.000.000 / далан хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт ирүүлсэнийг шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 03 сарын 18-нд 4/6888 тоот мэдэгдлээр төлбөр авагч “БГ” ХХК болон төлбөр төлөгч нарт мэдэгдэхэд төлбөр авагч талаас эс зөвшөөрч шүүхэд 2019 оны 03 сарын 26-нд хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргав. /хх 8,25-31/
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг авто ачигч нь 2012 оны 8 сард Монгол Улсад орж ирээд 6 жил 9 сар орчим болсон, цаг хугацааны хувьд болон бусад мараалын элэгдэлд орсон . 4 жилийн өмнө 80,000,000 төгрөгөөр үнэлж байсан техникийг өнөөдөр 72,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас давсан хэт өндөр үнэлгээ гаргасан, шинжээчийн дүгнэлт нь хэрхэн ямар аргачлалаар тухайн авто ачигчийг үнэлсэн,зах зээлийн ханшийг хэрхэн яаж судалж, харьцуулсан нь тодорхойгүй, ямар нэгэн тоо баримт дурдагдаагүй байгаа тул дүгнэлт нь үндэслэл муутай, эргэлзээтэй хэмээн тайлбарлажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42 2.2 дах хэсэгт “ Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална “ гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь авто ачигч зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргасан тайландаа: зах зээлийн харьцуулан/ жиших/ зэрэгцүүлэх аргыг сонгож авсан буюу ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалагдсан тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш /www.unegui.mn.http//unelgee.mn/https://unaa.mn/ болон зарын сайт, байгууллагын архив, холбогдох бусад материалуудаас судалгаа хийж, шаардагдах мэдээлэл олж авсан, үнэлгээг хийхдээ Олон улсын Үнэлгээчдийн Нийгэмлэгээс нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний хуулийн хүрээнд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн боловсруулан мөрдөж байгаа аргачлалын дагуу Олон улсын үнэлгээний стандартын аргыг харьцуулан жиших аргыг ашиглан тооцсон...ҮОУС101,ҮОУСХ102,ҮОУСХ103 дагуу... тайланг бичсэн талаар тусгажээ./хх 26-29/
Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд зарын сайтаас татаж авсан 1 хуудас гэрэл зураг хавсаргасан боловч түүнд ижил төсөөтэй авто ачигчийн худалдах үнэ ханш болон худалдаалагдсан үнэ ханш нь тодорхойгүй, хэдэн тооны авто ачигчийн жишиг үнэ авсан тоо баримтгүй, ямар мэдээнд тулгуурлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш болох 72,000,000 төгрөгөөр үнэлж буй нь тодорхойгүй, 1 хуудас гэрэл зургаас өөр баримтгүй байх тул дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн гэж шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь авто ачигч /хуучин ковш/ зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргахдаа хуульд заасны дагуу үнэлсэн гэх хэдий ч дүгнэлт нь тухайн авто ачигчийн зарагдах болон худалдаалсан зах зээлийн ханшийг хэрхэн яаж судалж харьцуулсан нь тодорхойгүй, үндэслэл муутай байна.
Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзалаа нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 06 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “ZL-50 с” маркын 10-09 УБ улсын дугаартай авто ачигч /хуучин ковш/ зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэлийг 72.000.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн №01/22 тоот шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх үнэлэв.
Шүүхээс шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээ төв“ ХХК-аар дүгнэлт гаргуулахдаа хүсэлт гаргасан тал болох нэхэмжлэгч “БГ” ХХК-аар зардалыг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүхэд дүгнэлт ирснээс хойш 2019 оны 11 сарын 05-нд шинжээчийн зардал 150,000 төгрөгийг төлсөн болохыг дурдав. /хх 50-53, 67,84/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Винсконкрейт” ХХК-ийг татан оролцуулах хүсэлтийг зохигчид гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 06 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “ZL-50 с” маркын 10-09 УБ улсын дугаартай авто ачигч зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэлийг 72,000,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн №01/22 тоот шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НШШГГаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ