Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2019/03088

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр          Дугаар 184/ШШ2019/03088                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох,

Барааны дутагдал, гэрээний төлбөрт 3.963.250 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс, гэрээний төлбөрт 5.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б би хувиараа хөдөлмөр эрхэлж, малын тэжээл борлуулах бизнес хийдэг бөгөөд иргэн Д.Мтай харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан 2016 оны 5 дугаар сараас хойш малын тэжээл борлуулах ажлыг хийлгэж хөлсөнд нь эхэн үедээ 250.000 төгрөг, хэсэг хугацааны дараа 350.000 төгрөгийн хөлс өгч байсан. Түүний гуйсны дагуу дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Борлуулалтын гэрээ”-г бичгээр байгуулсан ба түүнийг 2016 оны 4-6 сар, мөн оны 10-12 сард, 2017 оны 1-6 дугаар сар, мөн оны 10-12 дугаар саруудад ажиллуулсан. Хариуцагч Д.М нь сүүлийн үед борлуулсан тэжээлийн мөнгийг өгөхгүй бие өвдсөн хэмээн худлаа хэлж, бараа дутагдуулсан байсныг би 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлж 1.223.250 төгрөгийн дутагдал гарсныг илрүүлсэн. Үүнийг өөрөө мэдэж байсан хирнээ тооцоон дээр гарын үсэг зурахгүй гээд зураагүй болно. Уг тооллого тооцоог хийхэд манай гэрээт нягтлан бодогч О.Э байлцан, мэргэжлийн хүний хувьд үнэн зөв тооцоог хийсэн билээ. Мөн Д.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр чингэлгээс ачиж аваачсан 120 ширхэг хивгийг дутагдуулсан бөгөөд нийт 1.440.000 төгрөгийн үнэтэй юм. Миний бие гэрээт борлуулагчаар малын тэжээл борлуулах ажлыг хийлгэхдээ өгсөн, зарагдсан, үлдсэн тэжээлийн тоо, ширхгийг нарийн тооцож, тооцоон дээр гарын үсэг зуруулж өгч авдаг билээ. Д.М нь надад өөрийн өмчлөлийн хашааны газраас тасалж зарна хэмээн надаас 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1.300.000 төгрөгийг авсан боловч тухайн газар нь бидний анх тохиролцсон байршилтай тохирохгүй байсан учир газрыг нь аваагүй бөгөөд одоо хүртэл газрын төлбөрт өгсөн 1.300.000 төгрөгийг өгөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Д.Маас 2018 оны 3 дугаар сарын 10-ны тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 1.223.250 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 ширхэг хивгийн үнэ 1.440.000 төгрөг, газрын төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөг, нийт 3.963.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Н.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэл байна. Өмнө нь Н.Б нь энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж хариуцагч 2018 оны 06 сарын 26-ны өдөр эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч нь төлбөр тооцоог тухай бүрд нь хийж гүйцэтгэдэг байсан учир барааны дутагдал гараагүй. Д.М нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Тооцоо нийлсэн акт, баримтууд нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.М нь Н.Бгийн хүсэлтийн дагуу сарын 350.000 төгрөгийн хөлстэйгээр малын тэжээл борлуулах үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд мөн тэжээл борлуулах контейнерыг нь гаднаа байрлуулж, харж хамгаалсны төлбөрт 1.500.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл Н.Б нь миний энэхүү цалин хөлсийг хугацаанд нь бүрэн олгож байсан удаагүй, түүнчлэн контейнер харж хамгаалсны төлбөрт 1.000.000 төгрөг төлөөд үлдэх 500.000 төгрөгийг төлөөгүй. Н.Бгээс 2016 оны 5-8 дугаар сар, 2017 оны 6-12 дугаар сар, 2018 оны 2-5 дугаар саруудын хөлсийг тус тус аваагүй. Иймд иргэн Н.Бгээс 14 сарын цалин хөлс 4.900.000 төгрөг, контейнер харж хамгаалсны төлбөр 500.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Мын өөрийнх нь хүсэлтээр өөрийн өмчлөлийн малын тэжээлийг борлуулах ажлыг сарын 250.000 төгрөгийн хөлстэйгээр хийлгэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон бөгөөд тухайн тохиролцооны дагуу ажлын хөлсийг цаг тухайд нь олгож байсан. Хариуцагч Д.М нь зарим үед малын тэжээлийг борлуулсан бэлэн мөнгөнөөс өөрийн ажлыг хөлсийг суутган авдаг байсан бөгөөд зарим үед миний бие ажлын хөлсийг нь дансаар шилжүүлж байсан. Тухайлбал 2016 онд түүний ажлын хөлсөнд 900.000 төгрөг, 550.000 төгрөгийг орлогоос суутгасан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг түүний Хаан банк дахь 50690884... дугаарын дансанд шилжүүлсэн. 2017 онд тэрээр нийт 9 сар, сарын 350.000 төгрөгийн хөлстэйгээр ажилласан. Уг хугацааны ажлын хөлс болох 2017 оны 02 сар, 3 сар, 4 сар, 5 сар,11 сар,12 дугаар сарын ажлын хөлс нийт 1.800.000 төгрөгийг орлогоосоо хариуцагч Д.М нь суутган авсан бөгөөд миний бие дансаар 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын ажлын хөлс болох 700.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын ажлын хөлс 400.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үлдсэн 1.100.000 төгрөгийг түүний Хаан банк дахь 509088414... дугаар дансанд шилжүүлсэн. Одоо миний бие түүнд төлөх ажлын хөлсний үлдэгдэл байхгүй бөгөөд хэрэв тийм үлдэгдэл төлбөр байсан бол хариуцагч Д.М нь малын тэжээл борлуулсан бэлэн мөнгөнөөс хэзээ ч суутган авах боломж, бололцоотой байсан. Ингэж ажлын хөлсөө суутган авч байсан болох нь, мөн үлдэгдэл ажлын хөлсийг суутган авсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр өөрийн гараар гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримтаар нотлогдоно. Малын тэжээл борлуулах худалдаа зуны 7, 8, 9 дүгээр сард бүрэн зогсдог бөгөөд энэ хугацаанд мал бэлчээрээр өвс ногоо идэж малын тэжээл борлуулалт буурдаг учир энэ хугацаанд миний бие бүх борлуулагч нарыг ажиллуулдаггүй. Энэ нь хариуцагч Д.Мын Хаан банк дахь 506908... тоот дансны хуулгаар давхар нотлогдоно. Мөн миний бие 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Д.Мыг ажлаа зогсоож, тэжээл худалдахгүй байхыг хатуу анхааруулж хэлсэн. Тэрээр ер нь бол 2018 оны 01 дүгээр сард бие муу гэдэг шалтгаанаар огт ажиллаагүй. Миний бие хариуцагч Д.Мтай нийтийн эзэмшлийн газар, контейнер байрлуулж түүний хөлсөнд 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэдэг нь огт худлаа бөгөөд ямар ч хүн тийм хэлцэл хэзээ ч хийхгүй гэдэг нь тодорхой. Ийм худалд хуурмаг зүйл нэхэж миний шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг төлөхгүй байх арга заль зохиож байгаад ихэд гомдолтой байна. Иймд хариуцагч Д.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор дутсан барааны үнэ 1.223.250 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 ширхэг хивэгийн үнэ 1.440.000 төгрөг, газрын төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөг, нийт 3.963.250 төгрөгийг хариуцагч Д.Маас шаардсан байна.

Хариуцагч Д.М нь барааны төлбөр тооцоог бүрэн хийж дууссан, газрын төлбөр биш, чингэлэг харсан ажлын хөлс гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар 14 сарын хөдөлмөрийн хөлс 4.900.000 төгрөг /хожим багасгаснаар/, чингэлэг харсны үлдэгдэл хөлс 500.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

Хариуцагч Д.М нь нэхэмжлэгч Н.Бгээс харилцан тохиролцсон хөлс авч, түүний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ажлыг 2016 оноос хойш эрхэлж байжээ. Улмаар талууд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Борлуулалтын гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь сар бүр 350.000 төгрөгийн хөлс төлөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна.

/хх 15 дугаар тал/

  1. Үндсэн нэхэмжлэл

1.1 Барааны дутагдал 1.223.250 төгрөг шаардсан талаар /2018 оны 03 сарын 10-ны өдрийн тооллого/

Худалдан борлуулсан барааны үлдэгдэл, төлбөр тооцооны талаар талууд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус тооллого хийж байсан болох нь хариуцагч Д.Маас шүүхэд гаргаж өгсөн, “Складны бүртгэл” баримт, нэхэмжлэгч Н.Бгээс шүүхэд гаргаж өгсөн “2017-2018 онуудад тушаасан бэлэн мөнгөний тооцоо” баримт, “Тооцоо бодсон акт №01” баримт болон бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байна.

/хх 16-22 дугаар тал/

Хариуцагч Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тооллого хийгээгүй гэсэн бол нэхэмжлэгч Н.Б нь нягтлан бодогч О.Э+-ийн хамт очиж, тооллого хийлгэж, тооцоог бодуулсан, хариуцагч гарын үсэг зураагүй гэж маргасан.

Хэдийгээр талуудын хэн аль нь О.Э-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан боловч түүний үйлдсэн бичмэл баримт, тооцооллыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж үзэх боломжтой байна. Энэ төрлийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцдог ба уг баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байна.

/хх ___ р тал/

Дээрх бичмэл баримт /О.Э-ийн үйлдсэн гэх/-ыг үйлдэхэд ашигласан тэмдэглэл, тооцооллын аргачлал мөн хэрэгт авагдсан байх ба тэмдэглэл, тооцоололд бичигдсэн бэлэн мөнгө болон барааны үлдэгдэл нь хариуцагч Д.Мын гарын үсэг бүхий 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооллогын дүн болон түүний хувийн бүртгэл болох “Складны бүртгэл” баримтад бичигдсэн үлдэгдэл, үнийн дүн, тоо ширхэгтэй тохирч байхаас гадна уг тооцоолол дахь бэлэн мөнгөний зарлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр давхар нотлогдож байна.

                                                                                                /хх ____ р тал/

Иймд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор гарсан барааны дутагдал болох 1.223.250 төгрөгийг хариуцагч Д.Маас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

1.2 Барааны дутагдал 1.440.000 төгрөг шаардсан талаар

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 ширхэг хивэгийн үнэ 1.440.000 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Талууд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тооллого хийхдээ энэ дутагдлын талаар: “...120 ширхэг хивгийг тодруулна...” гэж бичсэн байх боловч сүүлд буюу 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тооллого хийхэд энэ дутагдал гараагүй, гарсан талаар тэмдэглэл байхгүй байна.

/хх ___ р тал/

Нэхэмжлэгч Н.Б нь: 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын дүн нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарна, өмнөх дутагдлыг оруулж тооцоогүй гэх боловч 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын баримтад өмнөх дутагдал болох 1.173.060 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдлыг оруулсан атлаа 120 ширхэг хивэгийн дутагдлыг оруулаагүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн хувийн тэмдэглэл болох “Складны бүртгэл” баримтад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.440.000 төгрөгийн үнэ бүхий 120 ширхэг хивэгийг хүлээн авсан талаар бичигдсэн боловч өнгөрсөн хугацаанд хүлээн авсан барааны нийт үлдэгдэл нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын баримттай тохирч байгаа, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын баримтад бэлэн мөнгө, бараа тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдлийг тооцсон, эдгээр хугацаанд шилжүүлсэн нийт мөнгөн дүнтэй барааны үлдэгдэл тохирч байна.

/хх ____ р тал/

Ийнхүү хариуцагч Д.М нь 1.440.000 төгрөгийн барааны дутагдал гаргасан болох нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооллогын баримтад: “...120 ширхэг хивэгийг тодруулна...” гэж бичсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “эргэлзээгүй”, “үнэн зөв” гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 120 ширхэг хивэгийн үнэ 1.440.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзлээ.

  1. Газрын төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч Н.Б нь барааны чингэлэг байршуулах зорилгоор, хариуцагч Д.Мын эзэмшлийн газраас зарим хэсгийг 1.500.000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцож, урьдчилгаа 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр, уг мөнгийг хариуцагчаас буцаан шаарджээ.

Хариуцагч Д.М нь 1.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хүлээн авснаа үгүйсгээгүй боловч уг мөнгийг газар эзэмших эрх худалдах зорилгоор бус, Н.Бгийн чингэлэгийг харж, хамгаалсны төлбөрт шилжүүлэн авсан гэж маргажээ.

Н.Бгийн чингэлэг нь хариуцагч Д.Мын хашааны гадна талд байрлаж байгаа талаар зохигчид маргаагүй, мөн хариуцагч Д.М нь чингэлэгт хадгалагдаж байгаа барааг худалдан борлуулсны хөлсийг гэрээгээр тохиролцож, сар бүр авч байгаа нөхцөлд зөвхөн чингэлгийг дангаар хадгалах, эсхүл хамгаалсны төлбөрт 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авахаар тохирсон хэмээн тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг байна.

Хариуцагч нь өөрт ашигтай татгалзлын энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэг хүлээдэг ба энэ үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндэслэлийг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Д.М руу 1.550.000 төгрөгийг шилжүүлэхдээ “цалин, төлбөр” гэсэн 2 зориулалтыг нэрлэн шилжүүлжээ. Нэхэмжлэгч нь 2016 онд Д.Мад 250.000 төгрөгийн хөлс төлж байсан болох нь хариуцагч Д.Мын эзэмшлийн Хаан банк дахь 5069088414 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 25 дугаар тал ар, өвөр/

Иймд чингэлэг харж, хамгаалахаар бус, газар эзэмших эрх шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон, газрын төлбөрийн урьдчилгааг цалингийн хамтаар, нийт 1.550.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу шилжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Д.М нь өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгөх боломжгүй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны лавлагаа баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шилжүүлсэн 1.300.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм. /хх 138-139 дүгээр тал/

  1. Сөрөг нэхэмжлэл

2.1 Дутуу авсан цалин хөлс буюу 14 сарын цалин хөлс 4.900.000 төгрөг гаргуулах тухай.

Хариуцагч Д.М нь 2016 оны 5-8 дугаар сар, 2017 оны 6-12 дугаар сар, 2018 оны 2-5 дугаар сарын цалин хөлсөд 4.900.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаарджээ.

Нэхэмжлэгч нь зуны улиралд малын өвс тэжээл борлуулах шаардлагагүй байдаг тул хариуцагчийг 2016 оны 4-6 дугаар сард, 2016 оны 10-12 дугаар сард, мөн 2017 оны 1-6 дугаар сард, 2017 оны 10-12 дугаар сард тус тус ажиллуулсан, 2018 оны 1 дүгээр сард гэрээг цуцалсан хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

Хариуцагч Д.М нь борлуулалтын орлогоос цалингаа суутгаж авдаг байсан болох нь түүний хувийн тэмдэглэл болох “Складны бүртгэл” баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн, Д.М нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тооллого хийж, тооцоо нийлэхдээ цалингийн үлдэгдлээ тооцож, 700.000 төгрөгийн “суутгал” хийлгэснээс гадна 1.173.060 төгрөгийн дутагдал үлдсэн болохоо гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа 2016 оны 5-8 дугаар сарын хөлс төлөөгүй хэмээн нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна.

Мөн хариуцагч нь 2017 оны 6-12 дугаар сард нийт 9.119.400 төгрөгийн борлуулалтын орлого, 2018 оны 1-2 дугаар сард нийт 2.766.500 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус тушаасан болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд хариуцагчийг 2016-2018 оны нийт 14 сарын хөлсөө суутгаж аваагүй гэж үзэх боломжгүй байна. /хх 16 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь гэрээг 2018 оны 1 дүгээр сард цуцалсан, 2018 онд хөлс төлөөгүй хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, түүний зөвшөөрсөн хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч Д.Мыг 2018 оны 1 сараас хойш ажиллуулаагүй хэмээн нэхэмжлэгч тайлбарлах боловч Д.М нь 2018 оны 1 сард 1.214.000 төгрөгийн бараа хүлээж авч байсан, 2018 оны 1-2 сард барааны төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж байснаас гадна нэхэмжлэгч Н.Б нь үлдэгдэл барааг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөр бусад этгээдтэй гэрээ байгуулж, 2.553.300 төгрөгийн үнэ бүхий барааг актаар хүлээлгэн өгсөн байна. /хх 112 дугаар талын ар, 16, 70 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь 2018 оны 1, 2, 3 дугаар сард ажилласан гэж үзэхээр байх боловч хариуцагч нь мөн оны 2-5 дугаар сарын хөлсийг нэхэмжилсэн байна.

Иймд 2 сараас хойшхи, гэрээ цуцлах хүртэл хугацааны хөлсийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй юм.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Борлуулалтын гэрээ”-нд хөлсийг сараар тооцож, сар бүр 350.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1-д: “Хөлс төлөх хугацаанаас хамаарч гэрээг дараахь хугацаанд цуцална”, 365.1.3-т: “Хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор” цуцлана гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь хөлс төлөх хугацааг тогтоосон хуулийн зохицуулалт тул ажиллуулагч Н.Б нь 2018 оны 2 дугаар сараас мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хөлс болох 875.000 төгрөгийг ажиллагч Д.Мад төлөх үндэслэлтэй байна.

2.2 Чингэлэг харж хамгаалахаар тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан тухай

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага болон үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн 1.300.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан шаардлага, түүний үндэслэлээр үгүйсгэгдсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон хариуцагч нар хөлсөөр ажиллах гэрээ, худалдах-худалдан авах гэрээний дагуу харилцан бие биенээсээ гэрээний үүргийг шаардах эрхтэй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас 2.523.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 875.000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Д.Маас 2.523.250 төгрөгийг гаргуулан Н.Бд олгож, нэхэмжлэлээс 1.440.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Н.Бгээс 875.000 төгрөгийг гаргуулан Д.Мад олгож, сөрөг нэхэмжлэлээс 4.525.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.000 төгрөгөөс 117.350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 78.500 төгрөгөөс 78.362 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 650 төгрөгийг, хариуцагч Д.Маас 55.322 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Бд, мөн улсын төсвийн орлогоос илүү төлсөн 138 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Бгээс 25.550 төгрөгийг тус тус гаргуулан Д.Мад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР