Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/500

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч С. /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2303002220224 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын татах хэсэгт ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* дугаар гудамжны ******* оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо, ******* гудамжны 20 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт *******ын .

Шүүгдэгч С. нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ******* хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр “Toyota Alphart” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С. нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ******* хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр “Toyota Alphart” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),

Хохирогч ийн “...Энхбаярын зам дагуу алхаж яваад бичлийн замыг хойноос урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гараад алхаад явсан. Тухайн үед замын 2 талаас машин байгаагүй, би замын хойд талыг гараад урд талын хэсгээр явж байтал нэг цагаан юм нүдний үзүүрт гялс хийгээд баруун талаас нэг юм түг гээд нэг мэдсэн би газарт унаад зам дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4856 дугаартай “ийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн шуу, хамар, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн уушгины шугаман авчилт, цээжний хөндийд бага хэмжээний шингэн хуралт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, уруул, баруун бугалга, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхи, хацар, баруун тохой, сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

Яллагдагч С.ын “...Өргөө кино театрын хойд уулзварыг баруунаас зүүн тийш өнгөрөөд явж байх үед өглөөний нар өөдөөс гялбаад зам харагдахгүй байсан тэр үед зам хөндлөн гарч явсан хүнийг машинаараа мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад хартал газарт зам дээр нэг эмэгтэй унасан байсан. Би тэр хүн дээр очиход тэр эмэгтэй намайг түргэн дууд гээд байсан тэгэхээр нь би түргэн дуудаад яах юм бэ би таныг эмнэлэгт хүргэж өгье гээд өөрийн машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэмтэл дээр очоод хүлээн авах дээр нь бүртгүүлээд хүлээн авахын эмчид нь үзүүлээд гар, цээжний зураг авхуулаад гарынх хугархайд нь гипс тавьсан. Би эмнэлэг дээр ирээд хүнээ үзүүлж байхдаа 102-т цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаагаас 09 цагийн үед хүмүүс гэмтлийн эмнэлэг дээр ирээд тэндээсээ хэргийн газарт очиж үзлэг хийгээд миний машиныг ачуулаад явуулсан би буцаад гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүнээ үргэлжлүүлээд гэмтлийн эмнэлгийн хажуугийн хувийн эмнэлэгт томографи, компьютер оношилгоо, тархины имра-д харуулж үзүүлсэн... Би ослоос хойш ийн эмчилгээний зардалд баримтаар эмчилгээний зардалд 1.700.000 орчим мянган төгрөг төлсөн. Цалин гэж 1.400.000 төгрөг дансаар шилжүүлсэн ЭМДЕГ-ын даатгалын 1.800.000 орчим төгрөг нийт 4.900.000 таван сая шахуу төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон С. нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зам хөндлөн гарцаар гарч байсан явган зорчигч ийг мөргөж түүний биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн шуу, хамар, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн уушгины шугаман авчилт, цээжний хөндийд бага хэмжээний шингэн хуралт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, уруул, баруун бугалга, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхи, хацар, баруун тохой, сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч С.ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С. нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт С. цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ