Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0497

 

 

025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0497

Улаанбаатар хот

 

Х б к ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Х б к ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдахгомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Н.Долгорсүрэн

Нэхэмжлэгч: Х б к ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, У.Б, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 265 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0986/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х б к ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О нарт холбогдуулан Татварын улсын байцаагчийн №НА-242400000** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. 15.3, 15.3.2, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д тус тус заасныг баримтлан Х б к ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг захиргааны шүүх бүрдүүлнэ гэж заасан байдаг учраас үүнийг үндэслэж С ХХК нь 2020, 2021 онд гаалиар ямар бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн талаар лавлагааг авъя гэсэн хүсэлтийг шүүхэд гаргахад шүүх хүлээж аваад нотлох баримтыг тус байгууллагаас гаргуулж аваагүй байдаг. Х б к ХХК нь энэ хүсэлтийг гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээ, тухайн үеийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б-ийн дансыг үндэслэж хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгч компани С ХХК-тай бодит худалдан авалт хийж байсан учраас үүнийгээ нотлохын тулд хүсэлт гаргаж байсан. Үүнийг хүлээж аваагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна.

3.2. Татварын улсын байцаагч нарын актад Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас татварын хий бичилт хийсэн, бусад аж ахуйн нэгжүүдийг татвараас зайлсхийх боломж бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн жагсаалтыг үндэслээд татварын акт тавьсан гэж ярьдаг ч эцсийн байдлаар шүүхэд хандсан үед С ХХК нь улсад хэдэн төгрөгийн хохирол учруулаад, ямар татвар төлөгч нарын татвар төлөхөөс зайлсхийсэн боломж бүрдүүлсэн талаар баримт одоогоор байхгүй байна. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж байсан ч хүлээж аваагүй. Иймд хувийн журмаар эрүүгийн шүүхэд хандаж авсан боловч хэргийн оролцогч биш учраас уг баримтыг гаргаж өгөөгүй. Эдгээр баримтуудыг цуглуулах гээд байгаа учир нь сүүлийн боломж нь шүүхэд хандаж байгаа учраас нотлох баримтаа хангалттай бүрдүүлээд, эрх ашгаа хамгаалуулах хэрэгтэй байгаа юм. Иймд нотлох баримт бүрэн цуглараагүй гэж үзэж байна.

3.3. Мөн 2020, 2021 онд ковид цар тахалтай байсан үед бүх нийтээрээ хорионд байсан учраас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд агуулахаас шөнө, оройн цагаар очиж авч, ажилладаг байсан. Үүний анхан шатны баримт болох падаан бичүүлж авч байгаагүй нь бидний буруу юм. Гэвч Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээний дагуу орж ирсэн мөнгийг өөрийн данс руугаа оруулаад, өөрийн данснаасаа зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Үүнийг нотлох баримтаар өгсөн. Иймд ковидын цар тахалтай үед хэвийн ажиллагаагаа явуулах гээд хичээсний үр дүнд татварын акт тавиулж байгаад гомдолтой байна. Мөн манай компанийн нягтлан тухайн үед хий бичигтэй, санхүүгийн баримтаа дутуу бүрдүүлсэн ч юм уу асуудалтай байсныг нь бид тухайн үед мэдээгүй. Татварын акт тавьсны дараа хандахад энэ хүний буруутай үйлдэл байгаа учраас бид шүүх, цагдаад хандсан байгаа юм. Манай компанийн зүгээс нотолж өгөх баримтууд хангалттай бүрдээгүй байхад шүүхийн шийдвэр гарсан учраас эрх ашгаа шүүхийн өмнө 100% итгэл төгс хамгаалах боломжийг минь нээж өгөөд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-ийг үндэслээд анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Х б к ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О нарт холбогдуулан Татварын улсын байцаагчийн №НА-242400000** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Ж, Д.О нар нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2424301384 дугаар томилолтын дагуу Х б к ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан-хэсэгчилсэн шалгалт хийжээ.

3.1. Дээрх шалгалтаар Х б к ХХК нь 2020 онд 644,864,003 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, 2020 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй 400,727,272.71 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан, С ХХК-иас 2020 онд 23 ширхэг 400,727,272.71 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд 18 ширхэг 207,732,727.27 төгрөгийн үнийн дүнтэй Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан авч, худалдан авалтын хасалт хийсэн гэж үзэж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №НА-242400000** дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 1,654,051,275.69 төгрөгийн зөрчилд 92,941,346.57 төгрөгийн нөхөн татвар, 28,867,229.54 төгрөгийн торгууль, 32,893,044.38 төгрөгийн алданги, нийт 154,701,620.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

3.2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан Х б к ХХК-ийн гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүлээн авч хянаад, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр энэхүү маргаан үүсжээ.

4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.2-т албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 16 дугаар зүйлийн 16.10-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй гээд 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х б к ХХК нь 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогоо 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын орлогоос зөрүүтэй тайлагнасан, С ХХК-иас 2020 онд 23 ширхэг 400,727,272.71 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд 18 ширхэг 207,732,727.27 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан авч, худалдан авалтын хасалт хийсэн болох тогтоогдсон байна.

4.2. Нэхэмжлэгчээс ... хоёр компаниудын хооронд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтууд бүрэн үзэж тогтоогоогүй, ... манай компани татварын хяналт шалгалт хийх явцад анхан шатны баримтыг гаргаж өгч чадаагүй гэж тайлбарлах боловч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх, 41 дүгээр зүйлийн 41.12-т Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна, 41.12.3-д татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Компани нь дараах баримт бичгийг хадгалах үүрэгтэй, 97.1.6-д санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ..., 97.1.8-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг гэж зааснаар өөрийн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, бичгийг хадгалах, татварын хяналт, шалгалтын явцад гаргаж өгөх нь нэхэмжлэгч компанийн үүрэг байх ба энэ үндэслэлээр хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... нотлох баримт бүрдүүлэхээр Гаалийн ерөнхий газраас С ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт, гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирж байсан эсэх лавлагааг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч энэ талаарх баримтыг шүүх аваагүй ... иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын алба руу буцааж, анхан шатны баримтуудыг нягтлан бодогчоос гаргуулах, С ХХК-ийн гаалийн лавлагааг гаргуулж байж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас С ХХК-ийн гаалийн лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, энэ талаар маргаагүй байх ба дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН