Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн туслах О.Янжиндулам

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ж.Батаа нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хөтөл овгийн Жагдалын Батаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201612000158 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1952 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бага боловсролтой, Дундговь аймгийн Өлзийт суманд малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Гүнзгий гэх газар оршин суух, 4, 5 дугаар V-н жилийн гавшгайч шагналтай, 1982 онд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, мөн 1986 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Хөтөл овгийн Жагдалын Батаа /Регистрийн дугаар ЗИ52090110/,                                                                                                     

 

           Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ж.Батаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс урагш 8 километрт хогийн цэг гэх газарт улсын дугааргүй даюун маркын мотоциклийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Наранцэцэгийн баруун хөлийн дунд чөмөг хэсгээр хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

                                                                                                                                                                                       

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

              Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Ж.Батаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр намайг хөдөө байж байтал Б.Наранцэцэг хөдөө гэрт хүргээд өгөөч гэж утсаар дуудахаар нь тэгье гэж хэлээд үдээс хойш явсан. Тэр орой салхитай байсан. Явах газар маань 110 км зайтай байсан. Ингээд гараад явж байтал Б.Наранцэцэг нимгэн хувцастай байна, өнөөдөр оройтлоо буцъя, маргааш болъё гэж хэлэхээр нь буцаж явж байгаад би бие засах гээд буусан юм. Бие засаад иртэл надад 2,5 литрийн пиво гаргаж өгөхөөр нь уусан. Ингээд хогийн цэг орчим явж байгаад товгийн өөд хүч алдуулан унаад түүний хөлийг гэмтээсэн. Би түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт хоноод, маргааш нь хот руу эмчилгээнд авч явсан. Хийсэн хэрэгтээ мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Наранцэцэгийн Би 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ж.Батаа гэх хүнтэй уулзаад 14 цагийн үед дэлгүүрээс 3 ширхэг том хүрэн савтай пиво аваад Ж.Батаагийн мотоцикльтой аймгийн төвөөс урагш дэрстэй газар очиж уусан. Бид хоёр тэнд сууж байгаад орой 20 цагийн үед намайг хүргэж өгөхөөр аймгийн төврүү явж байгаад хогийн баруун талд мотоцикль баруун гар талруугаа унаад миний баруун хөл дунд чөмгөөрөө хугарсан. Намайг босож чадахгүй байхад Ж.Батаа түргэн дуудаад намайг түргэн ирж авсан. Би одоогоос 4 жилийн өмнө баруун хөлөө дунд чөмөгөөр нь хугалаад хадуулж байсан. Батаа бид хоёр тэр өдөр аймгийн төв дээр хоёр сав пиво уусан. Тэгээд хөдөө гараад нэг том савтай пиво уусан. Би нэг их согтоогүй байсан. Батааг ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй. Батаа жолоо бариад явж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Н.Өлзийбаярын ...Манай ээж Б.Наранцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, Өлзийт сумын 2 дугаар багт байх Батаа ахаар мотоцикльтой гэрлүүгээ хүргүүлнэ гээд Сайнцагаан сумын 7 дугаар багийн 11 дүгээр байрны 23 тоотод байх гэрээс гараад явсан. Тэр өдрийн орой харанхуй болсон хойно ээж утсаар яриад Батаагийн мотоцикльтой явж байгаад мотоциклоос уначихлаа. Хөл гэмтсэн байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас /,

 

Гэрч П.Мягмарсүрэнгийн ...би 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхад аймгийн төвөөс урагш хогийн цэгээс баруун урд талд шороон зам дээр Б.Наранцэцэг гэх эмэгтэй хүн тухайн үед дээшээ харсан байрлалтай, хэвтэж байсан...Б.Наранцэцэгийн биед үзлэг хийхэд баруун талын хөлний гуяны дунд хэсэгт овойж тэмтрэгдэж маш их эмзэглэлтэй байхаар нь би өвчин намдаах тариа хийгээд хөлийг нь бүсээр чиг тавьж боогоод  түргэн тусламжийн машинаар эмнэлэг дээр аваачсан. Б.Наранцэцэгт хүнд тусламж үзүүлэхэд нэг ахмад насны эрэгтэй хүн байсан, тэр 2 мотоцикльтой явж байгаад ойчсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

 

Шинжээч эмч Д.Мөнхбатын ...Б.Наранцэцэгийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл юм. Б.Наранцэцэг урьд нь баруун дунд чөмгөө хугалаад хадуулсан байсан нь хадаасны хамт тухайн өмнө нь хугарсан хэсгээрээ хугарсан байсан. Үүнийг шүүх эмнэлэгт шинэ гэмтэл гэж үздэг. Өмнө нь хугарсан байсныг хадсан нь хэвийн байсан гэж үздэг гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,

 

Замын Цагдаагийн газрын байцаагчийн зам тээврийн осол дээр тогтоосон акт:

-Жолооч Ж.Батаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан Согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн, жолооч Ж.Батаа нь 1.12 хувийн согтолттой гэсэн акт /хх-ийн 9-10-р хуудас/,

 

           Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №12855 дугаар дүгнэлтэд:

         1. Б.Наранцэцэгийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

           3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-р хуудас/

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

           Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/

          Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 15/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/

          Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-25/

          Хураан авах тогтоол /хх-ийн 26/

           Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

                Шүүгдэгч Ж.Батаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс урагш 8 километрт улсын дугааргүй “даюун” маркын мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Наранцэцэгийн баруун хөлийн чөмөг дунд хэсгээр хугарч хүндэвтэр гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Батаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Батаад ял оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Батаа нь 1982 онд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, мөн 1986 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Наранцэцэг нь шүүгдэгч Ж.Батаагаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 13, 72/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч Б.Наранцэцэг нь энэхүү гэмт хэргийн улмаас цаашид өөрт учирсан хохиролыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Батаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөтөл овгийн Жагдалын Батааг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаад оногдуулсан 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Батаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Наранцэцэг нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

              5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 7 тооны гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ж.Батаагийн 00673934 дугаартай 3546 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, 056612 дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Ж.Батаад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ