Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0113

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Р овогтой Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Д,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ж нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гэрч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Э  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Р.Э  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилогдсон.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнээс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2/29 дугаар гишүүний шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20211 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.Э д “...албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04/2290 дугаар албан бичгээр “Та зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана уу” гэсэн хариуг авсан.

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч Р.Э  нь байгаль орчны салбарт 25 жил ажиллаж байгаагаас Ховд аймаг дахь Хар нуур, ховд голын сав газрын захиргааны даргаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж шийтгэл хүлээж байгаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн гэнэт ярьж үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг мэдэгдсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээрх шийдвэрийг гаргах гэж байгаа бол зохих ажиллагаа, шалгалтын ажлыг хийх ёстой. Шууд 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авахаар боллоо гэж хэлсэн байдаг. Р.Э  нь энэ үед сайдад “Авах гээхийн ухаанаар хандана уу" гэсэн агуулга бүхий тайлбарыг явуулсан байдаг.

Харамсалтай үүнийг хариуцагч шүүхэд ирүүлсэн баримтдаа сонсох ажиллагаа явуулсан болгоод бичсэн байгаа. Улмаар уг шийтгэлийг ногдуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг мэйл хаягаар ирүүлсэн. Тушаалыг эх хувийг одоог хүртэл нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй. Яг энэ үед Р.Э  нь "Ковид19" өвчнөөр өвчилсөн байжээ.

Сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагыг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх ёстой гэж Б/31 дүгээр тушаалыг үндэслэлгүйгээр хамгаалсан. Иймд нэхэмжлэгч Р.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ямар ч ажиллагааг хийгээгүй. Шууд сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Иймд гомдол, нэхэмжлэлээ гаргаад явж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/31 дүгээр тушаалд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж буруутгасан байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон тус улсын нэгдэн орсон ч олон улсын хүний эрхийн бичиг баримтуудад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгөх, цагдан хорих, баривчлахыг хориглосон утгаар ойлгодог. Мөн хувийн, гэр бүлийн захидал, харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хамааруулдаг. Гэтэл байгууллага дотроо албан хэрэгцээнд зориулж камер байрлуулсан нь дээр дурдсан хүний ямар ч эрхийг зөрчөөгүй. Р.Э  нь өөрийн өрөөнд мөн камер байршуулсан байдаг. Сав газрын захиргаануудад гол усаа хамгаалах зорилгоор камержуулах ажлыг хийж байгаа. Ховд голын дагуу тавьсан камерууд цөөхөн байсан учраас буулгаад зарим камерыг Хар нуур, ховд голын сав газрын захиргааны байранд тавьсан гэдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргахдаа үүнийг буруу ойлгосон байна. Хүний эрхийн үндэсний комисс хүний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж юуг ойлгох вэ гэдгийг судаллаа. Хүний эрхийн үндэсний комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар үндэсний илтгэл гэж гаргадаг. 2010 оны үндэсний илтгэлийг харахад хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур хүнийг нэгжих, мөрдөн мөшгөх, цагдан хорих, баривчлахыг хориглохоор заасан байна. Хар нуур, ховд голын сав газрын захиргааны байранд камер байршуулснаар хүнийг мөрдөн мөшгөсөн, хувийн эрхэд нь халдсан зүйл огт байгаагүй.  Иймд тохиолдолд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж үзнэ гэж хуульчлан заагаагүй учраас Хүний эрхийн үндэсний комисс буруу ойлгосон байна гэдгийг хэлэхээс өөр аргагүй байна. Хэрэв хариуцагч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж үзэж байгаа бол нотолсон байх ёстой. Гэтэл хариуцагч талаас өнөөдрийг хүртэл үүнийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ямар тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж болох талаар тодорхой зааж өгсөн. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг зааж өгсөн байгаа. Гэтэл Р.Э  нь байгууллага, хамт олны хурлаар асуудлыг 2 удаа хэлэлцэж шийдвэрлүүлсний үндсэн дээр байгууллагын гадна болон дотор талд 5 камер түр тавиулаад буулгуулсан нь дээр дурдсан хууль, журмын заалтыг зөрчөөгүй байна. Камерууд тавьсан нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах болон ажилтнуудын сахилга, хариуцлага, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилготой. Камерыг өөрийн өрөө болон 2 мэргэжилтний өрөөнд тавьсан нь тэд байгууллагын удирдлагын хувьд ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа, ажлын цагийг яаж ашиглаж байгаагаа бусад ажилтнуудад харуулж үлгэрлэх зорилготой юм.

Мөн байгууллагын гадна болон дотор талд камер байршуулсан. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэснээс гадна Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байгаа. Камерууд байрлуулснаар мөн Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчигдөөгүй болно. Хэрэв хэн нэг хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол зүйн хариуцлагын асуудал яригдах байсан. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд сахилгын биш ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг билээ.

Р.Э д сахилгын шийтгэл ногдуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/31 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа. Тухайлбал захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тушаалд заагаагүй. Р.Э  нь мэргэжилтэн Мөнхцэцэгийн хэлсний дагуу л Хүний эрхийн үндэсний комисс түүнийг байгууллага дээрээ камер тавьсан гэж буруутгажээ гэж ойлгосноос бус тушаалд түүнийг ямар сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн талаар заагаагүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч нь Б/31 дүгээр тушаал гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 15, 16, 32 дугаар зүйлүүдэд заасан эрхээ эдлэх боломж түүнд олгоогүй байна. Захиргааны акт гаргахын өмнө мөн хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулах журмыг зөрчсөн байгаа.

Р.Э д сахилгын шийтгэл ногдуулах явцдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын олон заалтыг зөрчсөн. Тухайлбал тус журмын 2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажиллагаа хийгдээгүй. Хариуцагчийн зүгээс манайх ийм шалгах ажиллагаа хийсэн гээд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй. Хуульд зааснаар ажиллагаа хийж шалгах ёстой. Мөн ажиллагаа хийгдэж дүгнэлт гаргаад Р.Э д мэдэгдсэн байх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй.

Хүний эрхийн үндэсний комисс хариуцагч биш боловч Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу комиссын гишүүн хяналт шалгалт хийх ёстой. Гэтэл Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтныг явуулснаас өөр ажиллагаа хийгдээгүй. Улмаар арга хэмжээ ав гэсэн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар комиссын гишүүн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлэх ёстой. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэж үзэхээр өөр аргагүй байна. Зөрчил байсан гэж бодоход Хүний эрхийн үндэсний комисс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ хүнд арга хэмжээ авч гэж шаардахаас өмнө камеруудыг буулгасан байсан. Хүний эрхийн үндэсний комисс камерыг зөвшөөрөлгүй байршуулсан үзсэн байдаг. Гэтэл байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал юм. Камер тавих үед хуульчлагдаагүй байсан. Харин одоо зохицуулсан хуультай болсон байгаа. Тус хуульд зааснаар байгууллагын өрөөнд камер тавихыг хориглосон зохицуулалт байхгүй. Албан өрөөнд камер байршуулсан маш олон байгууллага  байгаа. Байгаль орчны салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа Р.Э д хууль, журамд заагаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь түүний ахуй амьдралд ч хүндээр туслаа. Учир нь энэ үед Р.Э  нь "Ковид19" цар тахлаар өвчилсөн байсан ба удахгүй олон хүүхэдтэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах бодолтой байгаа юм. Иймд тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тус шүүхэд Р.Э  нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.09.06-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Р.Э  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Хар нуур, ховд голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилогдсон байдаг. Тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Р.Э  нь Хар нуур, ховд голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан зөрчлийг гаргасан болох нь ажилчдын гаргасан гомдол, хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнтэй холбоотой баримт материалыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн.

Тухайн Б/31 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тусгайлан заасан. Нэхэмжлэгч Р.Э  нь 2 нийтлэг үүргийг зөрчсөн болох нь тогтоогдог. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийн хүрээнд Б/31 дүгээр тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан. Тийм учраас мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасныг зөрчсөн учраас 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзээд 48.1.3-д зааснаар цалингийн хэмжээгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан учраас цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь сав газрын захиргааны даргыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд учраас тухайн тушаалыг гаргасан.

Зөрчлийг хэрхэн яаж тогтоогдож байгаа нь хэд хэдэн баримтаар харагдана. Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шаардлагад “...Р.Э  нь ажилтнуудын ажлын байранд хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчлийг таслан зогсоох, цаашид ажилчдын хэвийн ажиллах нөхцөлийг хангах, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, илэрсэн зөрчлийг арилгуулах нь зүйтэй гэж” зөрчлийг тогтоосон байна. Р.Э  нь өөрийн гаргасан тайлбартаа камер байрлуулсан болохыг хүлээн зөвшөөсөн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой хуулийн нөхцөл байдлуудыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн тухайн байгууллагын албан тушаалтан, ажилтнуудын хувийн орон зайд халдсан нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр дээрх хуулийн заалтыг баримталсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй, хяналт шалгалтаар тогтоогоогүй, камер байрлуулсан нь хууль зөрчөөгүй, байгууллагууд камер байршуулсан байдаг. Тийм учраас хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагаа хийсэн 1 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн н.Мөнхцэцэг нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 20 минутад сонсох ажиллагааг хийж мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д “утсаар санал авах” гэсэн хэлбэрийг тодорхой зааж өгсөн байгаа. Сав газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хол байршилтай гэдгийг хэн аль нь мэдэж байгаа. Иймд хүний нөөцийн мэргэжилтэн н.Мөнхцэцэг нь сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар хийж, тэмдэглэл үйлдсэн. Энэ баримтыг шүүхэд хүргүүлсэн.

Камер байршуулсан нөхцөл байдлыг хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна. Тухайн камерыг ажилчдын ажиллаж буй өрөөнд байршуулсан. Төрийн байгууллагууд аюулгүй байдлаа хангах үүднээс гадна болон дотор коридор, давхруудад байрлуулдаг. Албан хаагчдын өрөө тасалгаанд байрлуулсан камер төрийн байгууллагуудад байхгүй. Байрлуулж байгаа тохиолдолд тухайн албан хаагчдад мэдэгдэх ёстой. Гэтэл камерыг хууль бусаар, тухайн албан хаагчдад мэдэгдээгүй нууцаар байрлуулсан. Өөрийн хэрэглэж буй гар утас дээрээ камерыг ашиглаад харж, сонсох нөхцөл байдал байсан. Мөн тухайн байгууллагын ажилтны гомдол байгаа. Гомдол дээр нөхцөл байдлыг тодорхой дурдсан. Гомдлыг нэг бүрчлэн унших шаардлагагүй.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн гэж ярьж байна. Тухайн журмын 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 1.3.3-д “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг зөрчсөн байна. Тус журмын 2-т заасан шаардлагыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тухайн этгээдээс тайлбар мэдүүлэг бичгээр өгсөн. Хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Журамд мэдээ мэдээллийг цуглуулах гэж зааснаар тухайн сав газрын захиргаанд ажиллаж байгаа этгээдийн гаргасан гомдол, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага, тухайн этгээдийн гаргасан тайлбар зэрэг баримтуудыг цуглуулсан. Баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийгээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/31 дүгээр тушаалыг гаргасан. Тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагаа хийсэнтэй холбогдуулан Р.Э  нь тушаал гарах хүртэлх хугацаанд холбогдох тайлбар, үгүйсгэх баримтыг ирүүлээгүй. Өнөөдрийн байдлаар энэ талаарх хэрэгт авагдсан баримт, энэ талаар дурдсан зүйл байхгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/31 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Р.Э гийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр “Р.Э д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

            1. хамт олны хурлаар хэлэлцэж байж албан байгууллагын дотор болон

гадна талд ... өөрийн болон 2 ажилтны өрөөнд камерууд байрлуулснаар

хүний  ямар ч эрхийг зөрчихгүй, ...2 мэргэжилтэн нь хувь хүний нууцаа хуульд

зааснаар өөрсдөө хамгаалах нь ойлгомжтой,

2. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 40 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг хийгээгүй,

3. Зөрчлийг шалгах ажиллагааг хийгээгүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын олон заалтыг зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Р.Э  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос явуулсан шалгалтын ажиллагааны хүрээнд “...Р.Э  нь ажилтнуудынхаа тухай байгууллагад болж буй үйл явдлыг хянадаг сонсох, чагнах техник тоног төхөөрөмж дуу дүрс бичлэгийн камер байгуулсан нь тогтоогдсон”-той холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “...Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Э  нь ажилтнуудын ажлын байранд хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж дуу, дүрс бичлэгийн камер байрлуулсан зөрчлийг таслан зогсоох, цаашид нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөл боломжийг хангах, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, илэрсэн зөрчлийг арилгуулах... ” агуулга бүхий 2/29 дугаар гишүүний шаардлагыг хүргүүлж, “... шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний шаардлагатай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны Б/84 дугаар тушаал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2/29 дүгээр шаардлага болох холбогдох бусад баримтаар,

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний шаардлагатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 264826 дугаарын утсаар нэхэмжлэгчтэй холбогдон “...Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос ... хариуцлага тооцуулах тухай шаардлага ирүүлсэнтэй холбогдуулан ... сонсох ажиллагаа хийж байгаа” хийгээд “Та сонсгох ажиллагааны санал авах тухай хуудаст саналаа бичиж өгнө үү” хэмээн мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн 22 цагт [email protected] цахим хаягаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “...би өөрөө алдаа хийсэн юм байнаа гэдгээ ойлгосоон Сайдаа, Та минь авах гээхийн ухаанаар хандаж тусална уу” гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч Р.Э гээс 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/749 дүгээр албан бичиг холбогдох бусад баримтаар,

Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Э  нь ажилтнуудын ажлын байранд “сонсох, чагнах төхөөрөмж дуу, дүрс бичлэгийн камер” байрлуулж, тодорхой хугацаанд ажиллуулж байсан хийгээд тухайн камерын бичлэгийг зөвхөн түүний өрөөнөөс үзэх боломжтой байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны хурлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021 оны 2/29 дүгээр шаардлага, гэрч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн Б.У-н мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална хэмээн,  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлага, зөвлөмж гаргана”, 27.2-т “Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлнэ”, 28 дугаар зүйлд 28.1-т “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 28.2-т “Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор...хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ”, 28.3-т “Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно” хэмээн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д  төрийн албан хаагч “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” нийтлэг үүрэг хүлээн хэмээн,  48 дугаар зүйлийн 48.1-д  “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:

48.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”[1] хэмээн тус тус заасан бөгөөд

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:

1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 2.4.1-т “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авна” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Р.Э д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу сахилгын зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан бөгөөд Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Э гээс зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг сайдад цахим шуудангаар ирүүлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагыг хүлээлгэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна хэмээн үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хүний эрхийн комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р.Э гийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М

 

 

 

 

 

[1] Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна