Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

                        

 

 

“СК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “СК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М” ХХК нь “СК” ХХК-ийн харьяа TV-8 ХХК телевизтэй рекламын блок бүрийн эхний байршилд реклам цацуулахаар 1 сарын 1 500 000 төгрөгөөр тохиролцож, 2011 оны 6 дугаар сард “хамтран ажиллах гэрээ” байгуулсан. 2015 оны 7 дугаар сар дуустал төлбөр цаг хугацаандаа төлөгдөж байсан ч 2015 оны 8, 9 дүгээр сарын төлбөрийг 2015 оны 12 дугаар сард 1 008 000 төгрөгөөр бартер, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны дансаар төлсөн, 2015 оны 10 ,11, 12 дугаар сар, 2016 оны 1 сар буюу нийт 4 сарын төлбөр болох 6 000 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулаагүй байна. Энэ талаар мэдэгдлийг цаг тухай бүр нь “М” ХХК-д хүргүүлж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн нягтлан н.Цацаа гэж хүн хүлээн авсан байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл дээр зурагт, телевиз, радиогийн нэвтрүүлэг хийх үйл ажиллагааны чиглэлтэй. “СК” ХХК-ийн TV-8 телевиз нь салбар төлөөлөгчийн газар болон хуулийн этгээд биш. Хөдөлмөрийн гэрээг “СК” ХХК болон н.Отгонмөнх нарын хооронд байгуулагдсан. н.Отгонмөнх TV-8 телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ажиллах хугацаандаа төлөөлж гарын үсэг зурж, гэрээ байгуулах талаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байгаа. Хамтран ажиллах гэрээн дээр “М” ХХК-ийн тамга дарагдсан. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэж хариуцагч тал маргаж байгаа хэдий ч хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хамтран ажиллах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Өнөөдрийн байдлаар гэрээ цуцлах санал ч гаргаагүй, гэрээг цуцлаагүй байгаа. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээд 2015 оны 7, 8, 9 дүгээр сар, 2016 оны 1 дүгээр сард “СК” ХХК нь үйлчилгээгээ үзүүлээд явж байсан. Гэрээний алданги гэж 3 000 000 төгрөг нэхэмжилж байсан боловч дээрх 3 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул хариуцагчаас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монфреш жүүс” ХХК, TV-8 телевизийн хооронд хийсэн гэрээ, нөгөө нь “М” ХХК, TV-8 телевизийн хооронд байгуулсан гэрээ байгаа. Энэ 2 гэрээнээс өөр нэхэмжлэгч “СК” ХХК, “М” ХХК-ийн ямар нэгэн гэрээ огт хийгдээгүй байгаа. Тийм учраас 2 хуулийн этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ТV-8 телевиз, “СК” ХХК-ийг төлөөлөх эрхийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. “СК” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр TV-8 телевиз гэсэн нэг ч үг байхгүй. Улсын бүртгэлээс авсан лавлагаанд салбар төлөөлөх гэсэн асуудал байгаа. Үүн дээр хоосон байгаа. TV-8 компани гэрээ хийсэн бол 2 гэрээн дээр TV-8 компанийн захирал н.Отгонмөнх гэрээ хийсэн. н.Отгонмөнх “Сэрүүлэг констрашн” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Энэ хүн хөдөлмөрийн гэрээгээр байгууллагыг төлөөлөх эрхгүй. TV-8 компани, “М” ХХК-ийн хооронд хийсэн гэрээн дээр “М” ХХК-ийг төлөөлж н.Насанхүү гэж байгаад н.Мөнхбат гарын үсэг зурсан. Мөн итгэмжлэлгүйгээр гэрээн дээр гарын үсэг зурсан тул уг гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй. Энэ гэрээ 2011 онд хийгдсэн буюу гэрээний хугацаа нэг жилээр хийгдсэн. 2017 он буюу 6 жилийн дараа нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. “М” ХХК-ийн сурталчилгаа зурагтаар байнга гардаг. Гэрээ хийгээд сар бүр тооцоо нийлж төлбөрөө төлдөг. Нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СК” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Монфрэш” ХХК /захирал нь Т.Насанхүү/ болон ТV-8 телевиз байгууллагатай /захирал нь С.Отгонмөнх/ 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу 6 жилийн өмнө хийгдсэн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргасан. Мөн дээрх хоёр гэрээний 1.2-т "гэрээний хугацаа нэг жил байна" гэж заажээ. Гэрээ 2011 онд хийгдсэн учраас гэрээний хугацаа 2012 онд дуусгавар болсон, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэл хангагдах биш хэрэгсэхгүй болгогдох учиртай. Компанийн хуулийн 6.5 "Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй" гэж заасны дагуу “Монфрэш” ХХК нь толгой компанийн хувьд охин компани болох “Монфрэш шүүс” ХХК-ийн өрийг хариуцахгүй. “Монфрэш” ХХК болон ТV-8 гэрээнд “Монфрэш” ХХК-ийн захирал Т.Насанхүүг төлөөлөх эрхтэй бус этгээд төлөөлөн гарын үсэг зурсан учраас хүчин төгөлдөр хэлцэл байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

Нэхэмжлэгч “СК” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 6 000 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ”СК” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2011 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, ТВ-8 телевизийн эфирийн цагуудаар зар сурталчилгааны блокны эхнээс нь хоёрт “М” ХХК-ийн 5 секундын сурталжилгааг 1 жилийн хугацаатай явуулах, гэрээний үнэ 1 сард 1 500 000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна. /хх 38-39/

 

            Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч татгалзал, гомдолдоо гэрээний хугацаа 1 жил байсан тул гэрээ дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд 2015, 2016 онуудад зар сурталчилгааны үйлчилгээг авч байсан нь хариуцагч байгууллагаас явуулж байсан цахим шуудан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 68-72-р тал/

 

            Хэргийн 6 дугаар талд нэхэмжлэгч “СК” ХХК нь “Монфреш шүүс” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ байгаа боловч нэхэмжлэгч нь “М” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул “Монфреш шүүс” ХХК-тай байгуулсан гэрээ энэ хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгч нь “Монфреш шүүс” ХХК-тай гэрээ байгуулсан нь “М” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардахад саад болохгүй юм.

 

            Иймд хариуцагч “М” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СК” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцжээ.     

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ 

 

                              ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ