| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-06-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Бүжинлхамаар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 2324000000029 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * төрсөн, 48 настай, эрэгтэй, *боловсролтой, *, мал малладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт * оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг Булжихын давааны зүрх гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.7017 метр куб хэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 928,905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг Булжихын давааны зүрх гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4.7017 метр куб хуурай хэрэглээний модыг бэлтгэж, ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу тээвэрлэж, сумын ойн санд 928,905 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр экологийн ахлах мөрдөгч ажилтай *******аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймаг Тосонцэнгэл сумын баг Булжихын даваа гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байсан” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас /,
-2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг Булжихын давааны зүрх гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-13-р хуудас/,
-2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн *******ийн бэлтгэж тээвэрлэсэн 160 ширхэг шургааг модыг хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р хуудас/,
-2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн *******ийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан алаг өнгийн цахилгаан хөрөөг битүүмжилсэн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-ийн 18-24-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/,
-Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тосонцэнгэл сумын багийн иргэн ******* 2023 оны 03 дугаар сарын 07, 08-ны үед ЗИЛ-131 маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ автомашинтай манайд болон манайхтай ойролцоо нутаглаж байсан айлуудад өвс хүргэх ажлаар ирээд хоноод буцаж байсан. ******* манайд хонох үедээ надад танай өвөлжөөний урд талын Булжихын давааны зүрх гэх газрын ойгоос хэрэглээний шургааг мод бэлтгэж сумын төв рүү ачиж явна гэж хэлсэн. Тухайн үед манайд ******* ирэхдээ ******* гэх хүний хамт ирээд буцаж байсан. Тэгээд ******* 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байх манай өвөлжөөний урд талын Булжихын давааны зүрх гэх газраас мод бэлтгээд хөрөө дугараад байсан. Харин би мод бэлтгэж байхад нь яг хажууд нь очоогүй. Хэрэглээний 3 метрийн урттай шургааг моднуудыг бэлтгээд өөрийнхөө ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлээд явсан. Ямар ч байсан *******, ******* нар манай өвөлжөөний урд талын Булжихын давааны зүрх гэх газрын ойгоос мод бэлтгэсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/,
-Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* ах 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр надтай Тосонцэнгэл сумын төвд уулзаад багаас мод бэлтгэх гэсэн юм хамт яваад өгөөч ажлын хөлсийг чинь өгье гэж гуйгаад тэгээд би зөвшөөрсөн юм. Тэгээд ******* ах бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөө баг руу мод бэлтгэхээр түүний эзэмшлийн бор ногоон өнгийн ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар яваад багт гэдэг айлд очиж хоносон. Тухайн үед гэх айлд өвс, тэжээл, хивэг хүргэж өгсөн юм. Тэгээд ******* ах бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэх айлын өвөлжөөний урд талын модноос 3 метрийн урттай 160 орчим ширхэг шинэс төрлийн хуурай, шургааг модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед ******* ах өөрийнхөө цагаан, хөх өнгө алагласан моторт хөрөөг бариад мод бэлтгэсэн. Миний хувьд шургааг мод бэлтгэхэд хажуу талаас нь тусалж байсан юм. Би өөрөө багийн иргэн биш учир мод бэлтгэсэн газрын нэрийг сайн мэдэхгүй байна. Ойгоос шургааг мод бэлтгэхдээ 40 орчим тооны босоо шүүдэнгэ мод, 10 гаран тооны цөөхөн унанги мод зэргээс тайрч дээрх 3 метрийн шургааг моднуудыг бэлтгэсэн. Тэгээд *******ийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлээд гэх хүний хөрөө рамын хашаанд буулгасан юм...******* ах надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Түүнээс яг надад эрхийн бичиг үзүүлж харуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №23-030544 дугаартай түлээний 14 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан. Тухайн эрхийн бичигт мод бэлтгэх газрыг Урд шивэртийн Оцонгийн зоо гэх газраас бэлтгэхээр бичүүлсэн. ...Тухайн иргэний зүгээс 2023 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудад надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №22-096346 дугаартай түлээний 14 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан. Тухайн иргэний зүгээс 2023 оны 01,02, 03,04 дүгээр саруудад надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-р хуудас/,
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний одоо санаж байгаагаар 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* манай хөрөө рамын хашаанд надтай таараад баг руу Булжихын давааны зүрх гэх газар луу хэрэглээний шургааг модонд явлаа гэж хэлсэн. Тэр үед ******* надад чи хө нэг аргалаад эрхийн бичиг авчхаач гэж тоглоом шоглоомоор хэлсэн. Харин миний зүгээс тэр үед *******ид ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тэгсэн намайг байхгүй хойгуур 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөрт шилжих шөнө манай хөрөө рамын хашаанд ******* хэрэглээний 3 метрийн урттай 100 гаран тооны хуурай шургааг модыг буулгачхаад явсан байсан. Тэгээд би дараа нь *******оос чи хаанаас шургаагуудыг хийгээд ирэв гээд асуутал Булжихын давааны зүрхээс хийсэн гэж хэлсэн. Миний зүгээс *******оос тэр шургааг моднуудыг худалдан авсан асуудал байхгүй. Манай хашаанд оруулаад буулгасан байсан. Уг нь гэх хүний хөрөө рамын хашаанд буулгах гэж байгаад тэр хашаанд нь зай муутай болохоор нь манай хашаанд буулгасан юм байна лээ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-р хуудас/,
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр ******* 2023 оны 3 дугаар сарын 7, 8-ны үед өөрийнхөө эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар Булжихын даваа гэх газар руу гэх айлд өвс хүргэх ажлаар явсан. Тэгээд манай нөхөр ******* 2023 оны 3 дугаар сарын 09-ний шөнө байх өглөө үүрээр хөдөөнөөс буцаж ирсэн. Тэгсэн манай нөхөр ******* хөдөөнөөс Булжихын давааны зүрх гэх газраас хуурай 3 метрийн урттай шургааг моднууд бэлтгээд ачаад ирлээ гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/,
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр надаар №22-096599 дугаартай түлээний 14 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан. Тухайн иргэний зүгээс 2023 оны 01, 02, 03, 05 дугаар саруудад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-р хуудас/,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр надаар №22-077896 дугаартай түлээний 14 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан. Харин 2023 он гарсаар өөр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ хуурай мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний шургааг мод байна. 2,20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн, модны тайралт бүгд жигд байна. Ойгоос бэлтгэсэн гэх моднуудыг нь 2023 оны 03 дугаар сарын эхний 10 хоногт бэлтгэгдсэн байх магадлалтай, модны тайралтыг харахад шинэвтэр бага зэргийн хаталттай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нийт 4.7017 метр куб мод байна. Мод бэлтгэсэн гэх багийн нутаг Булжихын давааны Зүрх гэх газар нь ойн 2 дугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109.760 төгрөг байна. Тосонцэнгэл сумын багийн нутаг Булжихын давааны зүрх гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197.568 төгрөг болж, бэлтгэсэн мод 4.7017 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 928.905 төгрөг болж байна. Иргэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэх ёстой. Босоо модыг огтлох замаар бэлтгэж болохгүй. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй хэрэв эрхийн бичиггүй мод бэлтгэсэн тохиолдолд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Хэрэв түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойгоос мод бэлтгэсэн гэх иргэн ******* нь Ойн тухай хуулийн 35.4.2 -р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай “...Иргэн *******ийн хууль бусаар бэлтгэсэн 4,7017м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах, Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 4,7017м3=928905 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 928905х3=2786715 төгрөгийг нөхөн төлүүлэх, Актаар тогтоосон төлбөр болох 2786715 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүрэн барагдуулахыг иргэн *******ид сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,
-Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн ЗАВ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр гэдэг хүний өвс, тэжээл, хужир зэргийг ачаад хадам талын хамаатны залуу болох *******ийн хамт багийн нутаг Булжихын давааны Нурамт гэх газар руу явсан. Тэгээд тэр шөнө гэдэг айлд очоод өвс, тэжээл, хужрыг нь буулгаж өгөөд тэр өдрөө тэднийд өнжсөн. Маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр *******ийн хамт гэдэг айлын өвөлжөөний урд талд байх Булжихын давааны зүрх гэх газраас мод бэлтгэсэн. Би тэр газраас 40 орчим босоо мод хөрөөдөж унагаасан, 10 орчим унанги мод хөрөөдөөд нийт 3 метрийн урттай 160 ширхэг шургааг хуурай мод ачаад Тосонцэнгэл сумын төв рүү явсан. Тэгээд сумын төв ороод гэдэг хүний хөрөө рамын хашаанд буулгаж орхиод гэртээ харьсан. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй байсан. ******* намайг эрхийн бичиггүй гэдгийг мэдээгүй, би *******т эрхийн бичиг байгаа талаар ярилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/, гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд *******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурорын санал болгосноор торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 2,786,715 төгрөгийг төлж барагдуулсан байх ба цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, ЗАВ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд улсын орлого болгохоор хуульчилсан ба *******ийн мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, ЗАВ улсын дугаартай 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 960,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4.7017 метр куб хуурай шинэс модыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул мөн улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.
Түүнчлэн шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 4.7017 метр куб хэрэглээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, ЗАВ улсын дугаартай “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН