Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

2023        06            16                                            2023/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

            Хохирогч: Ж.А,

   Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц. Ц холбогдох эрүүгийн 2335000000133 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, .... оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ...... сумын . дүгээр багийн .... тоотод оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан О овогт Ц.Ц /РД:......../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 728 тоот хашаанд байрлах Ж.А  гэрт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Ж.А, Ц.Г нартай хамт архидан согтуурч байхдаа Ж.А  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ц  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 728 тоот хашаанд байрлах Ж.А гэрт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Ж.А, Ц.Г нартай хамт архидан согтуурч байхдаа Ж.А хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-11 дэх тал),  

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал), 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-21 дэх тал),  

Хохирогч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр найз Г утсаар холбогдож уулзахаар болж 19 цагийн үед Г гэрт очиж уулзаад түүний найз болох Ц гэрт очсон. Би Ц гэрт очиход архи уусан байсан бөгөөд Ц нь намайг Г хардсаны улмаас өөрийн байрандаа намайг гараараа цохиж газар унгаасны дараа учиргүй өшиглөж эхлэхэд нь Г хүн аллаа ш дээ гэж хэлээд салгасан. Бид хоёрыг салгасны дараа бид хоёр ярилцаж эвлэрээд манайд манай гэрт очиж архи уухаар болсон. Анх Ц гэрт очиход эрүүл согтууг нь сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би өөрөө согтуу байсан. Бид гурав 23 цагийн үед манай гэрт очиход хүү Ц  нь унтаж байсан бөгөөд бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байхад Ц бид хоёр дахин маргалдаж Ц нь миний дээр гарч байгаад гар болон хөлөөрөө намайг нүүр болон цээж гэдэс рүү цохиж эхэлсэн. Тэгэхэд нь манай хүү сэрсэн учраас цагдаа дууд гэхэд Ц намайг гэрээс чирч гараад гэрийн үүдэнд байх цемэнт мөргүүлсэн. Мөн явган замын хоёр талд гаргаж шороон дээр зодож цохисон. Тэгэхэд нь Г салгах гэж оролдсон боловч хүч хүрэхгүй байсан. Гадна гарч намайг цохиж зодсоны дараа Ц, Г нар нь намайг орхичихоод явахаар нь би араас нь гарч яваад эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн няцралтай байна өглөө ирж дахин үзүүл гэсэн тул би гэртээ очиж унтаж байгаад өглөө 06-07 цагийн үед хүргэн ах Б.Т  гэрт очиж болсон явдлыг хэлчихээд буцаж гэртээ ирж хүүхдээ аваад цагдаагийн байгууллага дээр очиж мэдэгдсэн. Би эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан надаас ихээр зардал гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл болон гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35, 37 дахь тал),  

Хохирогч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт: Ц бид хоёр хамт архи ууж зодолдсон нь үнэн. Бид хоёр адилхан амьдралтай бөгөөд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг нь хамгийн хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг өгсөн.

Насанд хүрээгүй гэрч А.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би өөрийн төрсөн аав А хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 15-16 тоот хашаанд монгол гэрт хамт 2022 оны 12 дугаар сараас хойш байж байгаа. Манайх хашаандаа ганц гэрээрээ байдаг. Манай аав Г гэх эгчтэй 1-2 сарын өмнө утсаар харилцаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 21-ний орой 00 цагийн үед гэрт авч ирсэн. Тухайн үед орой аав эхлээд ганцаараа архи уугаад сууж байхад утас нь дуугарч эмэгтэй хүн залгаад очиж байна таксины мөнгө аваад гараад ир гэж хэлэхийг нь би сонссон. Аав гарч явснаас 1-2 цагийн дараа Г эмэгтэй мөн нэрийг нь сайн мэдэхгүй эрэгтэй хүний хамт архи уусан байдалтай мөн орж ирэхдээ нэг шил архи авч орж ирээд гэрт уусан. Архи уугаад сууж байхдаа аав нөгөө эрэгтэй хоёр хоорондоо маргалдаж нөгөө хүн аавын дээр нь гарч байгаад гараараа нүүр лүү нь цохисон, мөн гэдэс болон цээж рүү нь дэвсэхэд Г гэх эмэгтэй салгах гэсэн дийлээгүй. Дахин аавыг гэрийн гадагш чирч гараад үснээс нь барьж байгаад толгой руу нь цохиж, газар мөргүүлж байгаад аавыг орхиод Г гэх эмэгтэйтэй явсан. Аав удалгүй араас нь гарч яваад үүрээр ганцаараа орж ирээд би зодуулсны дараа эмнэлэгт үзүүлчихээд ирлээ гэж хэлээд өглөө болсны дараа би хүргэн ахын гэр лүү явлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй аав хүргэн ах болон авга эгчийн хамт гэрт ирсний дараа бид нар цагдаад ирж мэдээлсэн. Аав урьд өмнө гэмтэл аваагүй байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний орой Г гэх эмэгтэйтэй хамт ирсэн ахад зодуулсны улмаас баруун нүд нь хөхөрсөн, нүүр нь шалбарсан мөн цусаар шээдэг зэрэг гэмтэл авсан. Аав тухайн хүнтэй харилцан зодолдсон зүйл байхгүй. Уг хүн аавыг доороо оруулж байгаад учиргүй зодсон мөн гэрийн гадна хүртэл чирч гаргаж байгаад цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

Гэрч Б.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө хадам дүү Ж.А нь 07 цагийн үед манай гэрт ганцаараа ирсэн. Ирэхдээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө гэртээ урьд өмнө харьцаж байсан Г гэх эмэгтэй болон түүнтэй хамт ирсэн залуутай цуг архи ууж байгаад маргалдсаны улмаас зодчихлоо хамт цагдаа болон эмнэлэг ороод өгөөч гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр хамт гарсан. Манайд анх ирэхэд уусан архи гараагүй нүд нь хөхөрч нүүр нь шалбарсан. Мөн дотор гэмтэл болон хавирга нь гэмтсэн хүн шиг гэдсээ дараад байгаа, өөрөө хэлэхдээ цус амтагдаж цусаар шээж байгаа гэдэг зүйлийг ярьсан. Бас тухайн шөнө 02-03 цагийн үед өөрөө 103-т үзүүлсэн боловч бие нь өвдөж байгаа гэдэг зүйлийг ярьсан. Өнөөдөр А нь надад хэлэхдээ Г найз нөхдийн холбоотой мөн цаашид хамтран амьдрах бодолтойгоор харьцдаг байсан боловч гэрт нь хамт ирсэн залуу нь нөхөр нь байсан учраас зодож цохисон зүйлийг ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 5 дугаар багт оршин суух Ж.А найз нөхдийн холбоотой бөгөөд харилцаж эхлээд 14 хоног орчим болж байгаа. Урьд өмнө 3 дахь удаагаа уулзаж байгаа. Харин Ц.Ц бас нөхдийн холбоотой бөгөөд хоорондоо харилцаад 4-5 сар болж байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Ж.А  нь над руу утсаар холбогдож өөрийнхөө гэрт хүрээд ир гэхээр нь би удахгүй яваад очъё харин тэгэхдээ Ц хамт яваад очъё гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадна нь очиж Ж.А утсаар яриад гэрийн гадна ирчихлээ гэж хэлэхэд өөрөө гэрээсээ гарч ирж дагуулж орсон. Гэрт нь ороход хүүхэд унтаж байсан бөгөөд А нь архи ууж байсан бөгөөд Ц бид эрүүл очсон. Тэднийд орсны дараа 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Уугаад байж байхад А, Ц нар хоорондоо маргалдаж гэрт харилцан зодолдсон. Мөн гэрийн гадна барьцалдаж зодолдоход би салгах гэсэн боловч хүч хэрээгүй. Хэсэг хугацааны дараа А, Ц хоёр хүүхэд нь цагдаа дуудсан учраас Ц бид хоёр 23 цагийн А гэрээс гарч цагдаа ирж магадгүй гэж бодоод хороолол тойрч зугтаж явж байгаад 04 цагийн үед Ц гэрт очсон. Гэрт нь очиход Ц хоёр хүүхэд нь унтаж байсан тул бид хоёр хамт унтсан. Тэгээд би өглөө нь Ц гэрээс гараад А гэрт очиход гэр нь цоожтой байсан. Учир нь би тэдний гэрт утсаа орхичихсон байсан. Бид гурав хамт архи ууж байхад А Ц би Г урьд өмнө дотно харилцаанд орсон цаашид хамт амьдрах гэж байгаа гэдэг зүйлийг ярьсны улмаас Ц уурлаж хоорондоо барьцалдаж зодолдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би хашаандаа байхад найз Ц.Г нь миний урьд өмнө нэг удаа уулзаж байсан Ж.А гэх залуутай хамт ирсн бөгөөд тухайн залуу нь согтуу байсан бөгөөд анх манайд ирэхэд зодоон болсон асуудал байхгүй. Ж.А нь өөрөө согтуу ирсэн учраас манай гэрээс гараад шөнө Ж.А гэрт очиж Ц.Г бид гурав хамт архи ууж байхдаа Ж.А бид хоёр маргалдаж би А унагааж нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа цохисон. Түүний гэрийн гадна гарч бид хоёр барьцалдаж газар унаж ноцолдсон зүйл байгаа. Бид хоёр хамт архи ууж байхдаа маргалдаж түүний улмаас би архи уусан байх үедээ зодож цохисон зүйл болсон. Би тухайн хохирогчтой уулзаж байгаад үндэслэлтэй хохирлыг төлж барагдуулах болно. Би Ж.А хамт архидан согтуурч байхдаа маргалдсаны улмаас зодож цохисноо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 204 дугаартай “Үзүүлэгч Ц.Ц биед хүзүүний урд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын нурууны угт, баруун сарвууны ард зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд 3-4 хонгийн өмнө үүссэн байх боломжтой. Хүзүүний урд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын нурууны угт, баруун сарвууны ард зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбай хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал)-ээр шүүгдэгч Ц.Ц биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 207 дугаартай “Үзүүлэгч Ж.А биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хамрын угт, зүүн чихний дэлбэнд, баруун, зүүн чамархайн хуйханд, баруун чихний урд хэсэгт, эрүүний зүүн урд хэсэгт, хүзүүний зүүн ард, өвчүүний зүүн талд, баруун, зүүн тохойд, баруун гарын дунд, чигчий хурууны ард зулгаралт, цээжний баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны 12 цаг 21 минутанд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн 5993 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 112-114 дэх тал)-ээр хохирогч Ж.А биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ж.А  биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Ц овогтой Ц гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 178 дахь тал), хохирогч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт “Ц бид хоёр хамт архи ууж зодолдсон нь үнэн. Бид хоёр адилхан амьдралтай бөгөөд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг өгснийг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Ц нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 131, 134-152 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Ц.Н “Ц.Ц зан байдлын хувьд нийтэч харилцаатай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хүн таарамжгүй харилцвал багын цочмог зантай, Эдийн засгийн хувьд тогтмол орлого гэвэл хүүхдийн мөнгө ордгоос өөр орлого байхгүй уяир хөлсний ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог. Аж амьдарлын хувьд гэвэл өөрийн эзэсшлийн хашаанд монгол гэрт амьдардаг. Аавын пробокс машинаар таксинд явдаг, урьд өмнө 2 удаа хорих ялаар шийтгүүлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Ц ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Ц.Ц  2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Ц  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч  Ц.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ..... овогт Цийн Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

             3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Ц зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч  Ц.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ