Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/03226

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 12 өдөр

   Дугаар 184/ШШ2019/03226

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: БЗД, 00 дугаар хороо, ЭТӨЧ ББ төв /00-0 байр/, 000 тоот хаягт байрлах “П ББСБ” ХХК /регистрийн дугаар: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, О 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Г-ын Б /регистрийн дугаар: АА00000000/,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, ЭТӨЧ, 000-00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ын Э /регистрийн дугаар: АА000000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 126 000 531.64 төгрөг, шүүхэд хандах үед гарсан хохирол буюу нотариатын зардалд 33 500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5 322 235 төгрөг, нийт 131 356 266.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б, Д.Э нар нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2018.05.30-ны өдөр ЗГ 0100180007 дугаартай зээлийн гэрээ байгуулж 90 сая төгрөгийг сарын 3.0%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг зээлийн барьцаанд СХД, 00 хороо, д 0 гудамж, 00 тоот хаягт орших 000 м.кв хэмжээтэй газар, мөн хаягт орших 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц, СХД, 00 хороо Э у б х 000 гудамж, 0000 тоот хаягт орших 506 м.кв хэмжээтэй газар, СХД 00 хороо, Э у б х 000 гудамж, 0000 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг мөн D L автомашин зэргийг барьцаанд бариулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021.05.30-ны өдөр дуусна. Гэвч зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваариар төлөлт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар 2018.06.29-ний өдөр 1 л удаа төлөлт хийгдсэн түүнээс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. Бид Г.Б-т зээлээ гэрээнд заасан хувиарын дагуу төлөхийг удаа дараа шаардаж гэрт нь хүртэл очиж байсан ба зээлээ төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл удаа дараа өгсөн боловч үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.3-т заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасны дагуу Г.Б, Д.Э нараас үндсэн зээлд 88 111 425.87 төгрөг үндсэн хүүнд 37 006 798.86 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 882 306.91 төгрөг нийт 126 000 531.64 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт,

мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасныг үндэслэн шүүхэд хандахад гарсан хохиролд тухайлбал нотариатын зардал болох 33 500 төгрөг, өмгөөллийн хөлсний зардалд төлсөн 5 322 235 төгрөг нийт 131 356 266.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах дээрх бүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “”П” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээлийн хүү хэт өндөр 1 жилийн 33 %-ийн хүүтэй байгаагаас шалтгаалан зээлийн хүүгийн шаардлагад нэхэмжилж буй 37 сая 006 мянган төгрөгийн 18.5 саяыг мөн өмгөөллийн хөлсний зардал хэмээн шаардсан 5 322 235 төгрөгийг төлөхөөс татгалзаж ..., үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ... уг нэхэмжлэлийг 2019.09.04-нд гардан авсан боловч жирэмсэн байсан, мөн даралт ихтэй байсны улмаас эмнэлгийн хяналтанд байсан тул хуулийн хугацаанд хариу тайлбар өгч чадаагүй болно. Мөн миний бие нь төрсний дараа толгой хүчтэй өвдөж биеийн байдал хүнд байсны улмаас удаа дараа шүүхээс дуудахад ирж чадаагүй ...

Уг нэхэмжлэлд дурдсан шаардлагыг миний бие хариуцах боломжгүй. Учир нь барьцаа хөрөнгө болон зээлэнд авсан мөнгө надад хамааралгүй. Өөрөөр хэлбэл зээл авахад би тухайн мөнгөнөөс хэрэглээгүй учир надад энэ асуудлыг хариуцах шаардлага байхгүй гэж үзэж байна. Мөн 2019.12.12-нд болох шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Нярай хүүхэдтэй байгаа тул өвлийн хүйтэн, ханиад томуугаас сэргийлж гадуур явж болохгүйг харгалзан үзнэ үү ...” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч Г.Б, Д.Э нарт холбогдуулж үндсэн зээлд 88 111 425.87 төгрөг, үндсэн хүүнд 37 006 798.86 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 882 306.91 төгрөг, нийт 126 000 531.64 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, мөн шүүхэд хандахад гарсан хохиролд тухайлбал нотариатын зардал болох 33 500 төгрөг, өмгөөллийн хөлсний зардал 5 322 235 төгрөг нийт 131 356 266.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах дээрх бүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б 2019 оны 10 сарын 10-нд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... зээлийн хүү хэт өндөр 1 жилийн 33 %-ийн хүүтэй байгаагаас шалтгаалан зээлийн хүүгийн шаардлагад нэхэмжилж буй 37 сая 006 мянган төгрөгийн 18.5 саяыг мөн өмгөөллийн хөлсний зардал хэмээн шаардсан 5 322 235 төгрөгийг төлөхөөс татгалзаж ..., үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан байна.

Хариуцагч Д.Э 2019 оны 12 сарын 09-нд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... уг нэхэмжлэлд дурдсан шаардлагыг миний бие хариуцах боломжгүй. Учир нь барьцаа хөрөнгө болон зээлэнд авсан мөнгө надад хамааралгүй. Өөрөөр хэлбэл зээл авахад би тухайн мөнгөнөөс хэрэглээгүй учир надад энэ асуудлыг хариуцах шаардлага байхгүй гэж үзэж байна ...” гэснээс өөр тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 05 сарын 30-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнүүдийг үндэслэл болгосон байна. /хх-9-11, 12, 13-15, 16-18, 19-21, 22-24/

Зээлдэгч Г.Б, Д.Э нар нь СХД, 00 хороо, д 0 гудамж, 00 тоот хаягт орших 479 м.кв хэмжээтэй газар, мөн хаягт байрлах 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц,

СХД, 00 хороо Э у б х 000 гудамж, 0000 тоот хаяг байрлах 506 м.кв хэмжээтэй газар,

СХД, 00 хороо, Э у б х 000 гудамж, 0000 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд,

D L автомашин зэргийг барьцаалж, 2018 оны 05 сарын 30-ны өдөр “П ББСБ” ХХК-тай ЗГ 0100180007 дугаартай зээлийн гэрээ байгуулж 90,000 000 /ерэн сая/ төгрөгийг сарын 3.0%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээүй гэрээний зөрчил үүссэн байна.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул зээлийн үндсэн хүү төлөх үүрэгтэй байна. Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа болон үүргээ биелүүлж дуусах хугацаа болоогүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж 882 306, 91 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндслэлтэй байна

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлиййг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагчийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тодорхой үйлдэл буюу зээлдүүлэгч шаардах эрхээ удаа дараа хэрэгжүүлсэн эсэх, зээлийн зориулалт, зээлдэгчийн хувийн байдал зэрэгт судалгаа хийсэн байх ёстой бөгөөд энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс: “Шүүхэд хандахад гарсан хохирол” гэх нотариатын зардал 33 500 төгрөг, өмгөөллийн хөслний зардал 5 322 235 төгрөг нэхэмжилсэн байна. Дээр дурдсан хуульд зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх ажиллагаа хийсэн эсэх нь учир дутагдалтай бөгөөд хариуцагчийг үүрэг биелүүлэх хугацаа зөрчихөд нэхэмжлэгч тал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэвч хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй хэдий ч графикийн дагуу төлбөр төлөх үүргийг нэг удаа төлөлт хийсэн байна. Зохих ёсоор үүргээ биелүүлээгүй зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учирсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар өмгөөллийн хөлсний тал хувь буюу 2 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3 382 306.91 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нийт 127 973 959.73 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээний зүйл буюу хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Хариуцагч нарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч .... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүнийг эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно ... шүүх тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч нарыг эзгүйд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Г-ын Б /регистрийн дугаар: АА00000000/,

Б овогт Д-ын Э /регистрийн дугаар: АА000000000/ нараас 127 973 959.73 /нэг зуун хорин долоон сая есөн зуун далан гурван мянга есөн зуун тавин есөн төгрөг, 73 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК /регистрийн дугаар: 5633443/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 382 306.91 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан СХД, 00 хороо, д 0 гудамж, 00 тоот хаягт орших 479 м.кв хэмжээтэй газар, мөн хаягт байрлах 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц,

СХД, 00 хороо Э у б х 000 гудамж, 0000 тоот хаяг байрлах 506 м.кв хэмжээтэй газар,

СХД 00 хороо, Э у б х 000 гудамж, 0000 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар

D L автомашин зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас төлбөл зохих үнийн дүнгээс тооцож 797 820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ