Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 517

 

Ц.Д, Ш.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Д, Ш.Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ц.Д, Ш.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх Ц.Дгийн нөхөр н.Ганбат нь “Н” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1012 тоот орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 хороо Үйлдвэр /17014/ Туул голын гудамж ХД-67 дугаар байрны 12 тоотын 2 өрөө орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаа 30 хувийн төлбөр 18 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 70 хувь 42 170 000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаанд 18 000 000 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлснийг “Э” ХХК хүлээн авсан бөгөөд нь “Э” ХХК гэж тайлбарласан. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Н” ХХК санхүүжилтгүй болсон тул хөрөнгө оруулагч “Э” ХХК-тай гэрээгээ шинэчлэх хэрэгтэй болж тухайн үед Д.Гын нэр дээр банкны зээл гарах боломжгүй болсон тул орон сууц худалдах-худалдан авах гэрээг өөрчлөн Д.Гын оронд түүний эхнэр Ц.Дг, “Н” ХХК-ийн оронд “Э” ХХК-ийг оруулан, гэрээний бусад бүх нөхцлийг хэвээр үлдээн 10/12 дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” болгон өөрчилж, “Э” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүр авч Ш.Дыг байрандаа түр оруулсан.

            Гэрээний дагуу орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ бэлэн болмогц өмчлөлийг шилжүүлэн авч, улмаар банкны зээлд хамрагдан, банкнаас Ц.Дд олгосон зээлийн санхүүжилтээр үлдэгдэл 42 170 000 төгрөгийг “Э” ХХК-д төлөхөөр хүлээх хооронд “Э” ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ гарган авч улмаар шүүхэд хандсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 хороо, ХД-67 дугаар байрны 12 тоотоос Ш.Дыг албадан гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу орон байрнаас албадан гаргах ажиллагаа явагдаж 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр албадан чөлөөлүүлэн орон сууцыг “Э” ХХК буцаан авсан. Нэгэнт “Э” ХХК гэрээний зүйл болох орон сууцаа эргүүлэн авсан тул Ц.Д би хариуцагч “Э” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Э” ХХК-иас байрны урьдчилгаа төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд биш тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК” шүүхэд гаргасан талбартаа: “Н” ХХК болон Д.Г нар нь 2010 оны 12 дугаар сарын 03-ний өдөр “Орон сууц худалдах худалдан авах” гэрээ байгуулсан. Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр-17041, ХД 67-р байрны 12 тоот хаягт байрлах 54.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барилгыг манай компани барьж 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтад оруулсанаар тус байранд иргэн Д.Г, Ц.Д нар нүүж орсон ч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. “Н” ХХК нь 2011 оны 3, 4, 8, 10, 12 дугаар саруудад тус тус гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Ц.Д, Д.Г нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг Ц.Дгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар “Э” ХХК нь Ц.Дтэй 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн огноотой 10/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК нь Д.Г, Ц.Д нарт 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр багтаан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 42 170 000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж гуравдагч этгээдэд худалдахыг мэдэгдэж Ц.Д, Д.Г нар уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир гэрээг “Э” ХХК-ийн санаачилгаар цуцалж, Д.Г, Ц.Д нарт байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ч чөлөөлөөгүй тул орон сууцнаас Ш.Дыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 08 сарын 29-ний өдөр байрыг чөлөөлүүлсэн.

Д.Г, Ц.Д, Д.Гын ээж Ш.Д нар нь 2011 оноос хойш нийт 6 жилийн хугацаанд дээрх байранд амьдарч, ашигласаар ирсэн. 6 жил буюу 72 сар тэд 2 өрөө байрыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 500 000 төгрөгөөр түрээслэн амьдарсан бол 36 000 000 төгрөгийг төлөх боловч ямар ч төлбөр төлөхгүйгээр 6 жил уг орон сууцыг ашигласан тул энэ хугацаанд ямар ч эд хөрөнгөд элэгдэл хорогдол үүсдэг тул байрны үнэлгээ буурах үр дагавартай. Иймд “Э” ХХК нь нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийн улмаас тухайн байрыг бусад этгээдэд худалдан борлуулж чадаагүй байрны үнэлгээ буурсан учир нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “Э” ХХК-иас 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д, Ш.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 150 төгрөгөөс 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Э” ХХК-иас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Н" ХХК болон Д.Г нар нь 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Орон сууц худалдах-худалдан авах" гэрээ байгуулж, улмаар орон сууцны барилгыг 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/2011 тоот Улсын комиссын актын дагуу байнгын ашиглалтад оруулсан. Ингээд тус байранд Д.Г, Ц.Д нар нүүн орсон ч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. "Напоко" ХХК нь 2011 оны 3, 4, 8, 10, 12 саруудад гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Д.Г, Ц.Д нар нь "Орон сууц худалдах-худалдан авах" гэрээг Ц.Дгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу "Э" ХХК нь иргэн Ц.Дтэй 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн огноотой 10/12 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр "Э" ХХК нь Д.Г, Дуламсүрэн нарт 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр багтаан гэрээний үлдэгдэл төлбөр 42 170 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж гуравдагч этгээдэд худалдахыг мэдэгдэж, Д.Г, Дуламсүрэн нар нь мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар "Э" ХХК-ийн зүгээс Д.Г, Дуламсүрэн нарт 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 3.9, 2.3, 5.2.1 болон Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалж, гэрээ дуусгавар болсон. Улмаар "Э" ХХК нь хариуцагч Ш.Дт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх Ш.Дыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн "...Э" ХХК нь орон сууцаа чөлөөлүүлж авснаар гэрээнээс татгалзсан байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан тусгай хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болох үл хөдлөх хөрөнгийн онцлогоос шалтгаалж гэрээний харилцаанд хэрэглэгддэг хөөн хэлэлцэх хугацаанаас илүү урт хугацаатай байдаг бөгөөд гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй шууд холбогдсон байх шаардлага тавигддаг. Ц.Дгийн урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох бус харин гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах тухай гэрээтэй холбогдож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна. "Э" ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г цуцалсан бөгөөд гэрээг цуцалснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцвол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь 2016 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/12 дугаартай гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах, төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгчид мэдэгдэхийн даалгуулах" тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлийг гаргах үед нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийнэ өнгөрсөн байсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаагүй. "Э" ХХК нь 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тухайн нэхэмжлэл нь "Орон сууц захиалгаар барих гэрээ"-тэй холбоогүй бөгөөд орон сууцнаас иргэн Ш.Дыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс "Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардаагүй байхад шүүх санаачилгаараа хохирлыг төлөх төлбөрөөс суутгаж шийдвэрлэх боломжгүй" гэж дүгнэсэн. Гэрээ цуцалсантай холбогдуулан 6 жилийн турш 2 өрөө байрыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 500 000 төгрөгөөр түрээслэн амьдарсан бол 36 000 000 төгрөгийг төлөх боловч ямар ч төлбөргүй 6 жил уг орон сууцыг ашигласан бөгөөд энэ хугацаанд тухайн байрны үнэлгээ буурч элэгдэл, хорогдол явагдаж "Э" ХХК-д хохирол үүссэн. Гэрээгээр орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Барилга байгууламжийн ашиглах хугацааг 40 жилээр тооцсон байдаг ба Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар тус барилгыг 40 жил ашиглана гэж тооцож шулуун шугамын аргаар тооцвол 1 жилд 1 504 250 төгрөгийн элэгдэл хорогдол, байрыг ашигласан 6 жилийн хугацаанд 9 025 500 төгрөгийн элэгдэл, хорогдол үүссэн.

Ш.Дыг тус орон сууцнаас албадан чөлөөлүүлсний дараа орон сууцны засварын ажлыг "Их мөрөн цамхаг" ХХК-иар 3 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн мөн иргэн Ш.Дыг тус байрнаас албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарсны дараа байрыг чөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад 1 400 000 төгрөг төлсөн. Дээрх хохирлыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас суутгах үндэслэлтэй.

Урьдчилгаа 30 хувийн төлбөр төлж 6 жил шинэ орон сууцанд амьдраад гэрээнээс татгалзсан тул өмнө төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилж байгаа нь шударга ёс хийгээд хууль ёсны зарчимд огт нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Ц.Д, Ш.Д нар хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Д нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргадаг.

Иргэн Д.Г, “Н” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул үүргийн 15 дугаар хороо, ХД 67 дугаар байрны 12  тоотод байрлах 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 30 хувь болох 18 000 000  төгрөгийг мөн өдрөө өгчээ. /хх 9-11 дэх тал/

            Гэрээний талууд тохиролцон, “Н” ХХК хариуцагч “Э” ХХК-д, Д.Г нь нэхэмжлэгч Ц.Дд дээрх гэрээний үүргээ шилжүүлэн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин гэрээ байгуулахдаа өмнөх гэрээний огноо, нөхцлийг хэвээр үлдээсэн байна. /хх-9-13, 35 дахь тал/ Ингэснээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байх тул хэн аль нь шаардах эрхтэй.

            Талууд дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагч тал “... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан,  гэрээ цуцлагдсан, орон сууцыг үнэ төлбөргүй 6 жил ашигласан учир урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхгүй” гэж марган шүүхэд 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх 37 дахь тал/

            Уг бичгийн нотлох баримтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ц.Д орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцон, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хариуцагчийн санаачилгаар гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл байна. Энэ мэдэгдэл нь хариуцагч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэснээр буюу нэхэмжлэгч Ш.Дыг орон сууцнаас албадан гаргуулах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 дугаар шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссанаар хэрэгжсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

            Талууд худалдах-худалдан авах гэрээний 2.3 дахь заалтаар орон сууцны үлдэгдэл төлбөр болох 42 170 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц банкны зээлээр төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд хариуцагч тал үүргээ гүйцэтгэсний дараа нэхэмжлэгч Ц.Дгийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээр байна. Хариуцагч “Э” ХХК орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны гэрчилгээг шилжүүлэн банкнаас зээл авах нөхцөл боломжоор хангасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр гэрээнээс татгалзан шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Гэрээнээс татгалзах нь шаардах эрх биш учир Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй юм. Иймээс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар, татгалзалыг үндэслэлгүй гэж үзнэ. 

            Шүүх хариуцагч “Э” ХХК-ийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардаагүй гэх үндэслэлээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД