Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0121

 

 

                                               

 

 

 

 

                                             

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ХО” ХХК,                                                                  

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хооронд үүссэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “ХО” ХХК нь тус шүүхэд хандан “Манай компанийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан газар ашиглах эрхээ сунгуулах тухай №15 дугаар хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 захирамжаас өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

1.2. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Манай компанийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан газар ашиглах эрхээ сунгуулах тухай №15 дугаар хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн шаардлага болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 захирамжаас өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “ХО” ХХК нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай тогтоолын[1] дагуу тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар[2] Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газар 2.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.

2.2. Үүний дараа 0160754 дугаар бүхий Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус компанид олгосон.[3]

2.3. Хэдийгээр аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах эрх олж авсан боловч гэрчилгээг 2018 онд гардаж авсан, мөн хуульд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2019/75 дугаартай гэрээг байгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс уг гурван талт гэрээг баталгаажуулаагүй тул тус компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү эс үйлдэхүйн эсрэг нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0117 дугаартай шийдвэр гарсан.[4]

2.4. Тус шийдвэрийн дагуу “газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг түүнд даалгаж” шийдвэрлэсэн.[5]

2.5. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2019/75 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”[6] гэх гурван талт гэрээг хожим нь буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулан байгуулсан.[7]

2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий А/79 дугаар тушаалыг[8] гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтын[9] 136-д “ХО” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалж, хүчингүй болгосон.[10]

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргаж, “ХО” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан журмаар тушаалыг гардуулаагүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, учир нь өнгөрсөн хугацаанд “ХО” ХХК нь газрыг ашиглахтай холбоотойгоор худаг гаргах зөвшөөрөл авсан, байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан, аялал жуулчлалын амралтын цогцолборын эскиз зургаа боловсруулж баталгаажуулсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж баталгаажуулсан гэх зэргээр газрыг ашиглах санаачлага, идэвхтэй үйл ажиллагаа хийж байсан, гурвалсан гэрээ байгуулахгүй байсан нь Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой байсан, газрын төлбөр огт төлөөгүй биш, 2019 онд төлбөр төлсөн, гурвалсан гэрээ байгуулахгүй байсан атлаа газрын төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэх зэргээр маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгосон тушаал гарснаас хойш буюу 2016 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон 2017 оноос хойш газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан, тус компанид 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09/1234 тоот албан бичгээр маргаан бүхий А/79 дугаартай захирамжийг мэдэгдсэн байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэх зэргээр маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А79 дүгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “ХО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ шаардлагаа дэмжиж байгаа. Үүнийг бол дараах хэдэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа.

Товчхон байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх өөрөө яаж үүссэн талаар товч тайлбарлахад анх газар ашиглах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаад, Богд хан уулын хамгаалалтын захиргаанд хандаад 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хандсан. Уг хүсэлтийг шийдвэрлээгүй. Дахиж 05 дугаар сарын 15-ны өдөр дахиж өгсөн.

Улмаар хүсэлт өгсөн газар өөр этгээдэд давхцуулан газар олгосон асуудал үүссэн. Энэ асуудлаар 2015 онд шүүхэд хандаж маргаад эцсийн байдлаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор давхардуулан олгосон иргэний газар эзэмших эрхийг нь цуцлаад нэхэмжлэгч аж ахуй нэгжид газар олгох нь зүйтэй юм байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд А/53 дугаар тушаалаар Богдхан Уулын Богины аманд 2 га газар ашиглах эрхийг олгосон.

Гэхдээ гэрчилгээгээ бол яамнаас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэвлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны захирамжийн дагуу гарч байгаа 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрчилгээг 2018 онд хүлээж авсан. Энэ яаж мэдэгдэж байгаа гэхээр 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/1759 гэсэн мэдэгдэл нэхэмжлэгчид ирсэн. Үүнээс өмнө ямар нэгэн байдлаар яамнаас танай гэрчилгээг гаргасан. Захирамж гарсан, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэдэг талаар ямар нэгэн мэдэгдэл бол өгөөгүй байсан.

Тэгээд 2018 онд аваад нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гээд холбогдох баримтуудаа Богдхан уулын хамгаалалтын захиргаанд өгөөд, мэдээллийн санд оруулаад, газар ашиглахтай холбоотой төлөвлөгөө, скиз зураг, нарийвчилсан үнэлгээ зэрэг зүйлүүдийг хийлгээд, 2019 онд дууссан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс болсон учраас Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаад 03 дугаар сарын 20-ны өдрөөр хамгаалалтын захиргаанд гарын үсэг зуруулаад гараад ирсэн учраас Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлтээ өгсөн. Хамгаалалтын захиргаанаас гарын үсгээ зурсан.

Манай гурвалсан гэрээг баталгаажуулж өгнө үү гэсэн байдлаар дүүргээс хандсан. Дүүргээс хүсэлт болон холбогдох баримтуудыг хүлээн аваад, шийдвэрийг гаргаагүй. Үүнтэй нь холбогдуулаад бидний зүгээс бас дахиад маргасан. Захиргааны байгууллагын зүгээс энэ компанитай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй. Заавал ямар нэгэн байдлаар шүүхээр хандаад маргаан үүсгэж явдаг. Мөн нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг 2020 онд гаргаад 2021 онд шийдвэрлэгдсэн. Газар ашиглах эрхийн гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг нь хууль бус болохыг нь тогтоогоод газар ашиглах гэрээ байгуулахыг нь даалгуулах гэсэн шийдвэрүүд байсан.

Энэ хэрэг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдээд, энэ шийдвэрт гомдол гаргаагүй. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Энэ шийдвэр гарсны дараахан гэрээ байгуулагдаад, үйл ажиллагаа явуулаад, хашаагаа барьж болох юм байна. Газар шорооны ажлаа эхлүүлээд явж болох юм байна гэдэг агуулгаар үйл ажиллагаа явж байсан боловч, маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаал гарч байгаа. Энэ тушаал гарахаас өмнөх Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа, эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг захиргааны акт гаргах үйл ажиллагаанд оролцуулах гэсэн ажиллагаа бол хийгдээгүй байдаг. Хоёр үндэслэлийг бол заасан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэж заасан байгаа. 40.1.5-д заасан үндэслэл бол газрын төлбөрийг бүрэн хугацаанд нь төлөөгүй гэдэг агуулгаар гарсан.

Гэхдээ бид нар үүнийг өмнөх 2021 онд шийдвэрлэсэн шийдвэр дээр энэ талаар дурдаж маргадаг. Газрын гэрээ байгуулаагүй байхад газар ашигласан гэж төлбөр нэхэмжлэх нь дүүргийн Засаг даргын буруу байна. Гэрээ байгуулчхаад төлбөрийн тооцоо нэхэх нь зүйтэй гэж нэхэмжлэлийн агуулгаа тайлбарламаар байсан. Энэ үндэслэлийг ч гэсэн хуульд нийцсэн байна гэдэг агуулгаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдагдсан байгаа.

Энэ тохиолдолд газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бас тодорхой хэмжээний төлбөрийг бол хийсэн. Гэрээ байгуулахтай холбоотой 5 сая төгрөгийг шилжүүлээд одоо манай гэрээг байгуулаад өгнө үү гээд холбогдох баримтуудаа өгөхөөр Хан-Уул дүүргийн Засаг даргаас хүлээж аваад гэрээ байгуулсан зүйл бол байхгүй. Заавал шүүхээр шийдүүлж байж өөрсдөө гэрээ байгуулсан баримт бол сүүлд ирсэн байгаа.

Төлбөрийн үндэслэлийг бол шүүхийн шийдвэрийг дүгнэсний дагуу төлөх үндэслэлгүй байсан гэдгийг тогтоосон. Ийм байхад үүнийг анхаарч үзээгүй. Энэ актыг төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг оруулж ирсэн нь буруу байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг ярьж байгаа. Энэ хуулийн заалтыг Улсын Дээд шүүхээс тайлбарласан байдаг. 2 жил ашиглаагүй гэдгийг яаж тогтоох юм бэ гэдэг зохицуулалт байгаа.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарлахдаа гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй. Барилга байгууламж зам талбай бариагүй. Товчхондоо зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгоно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргах үед нь нэхэмжлэгч аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний хугацаа бол тодорхой бус хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргаас гэрээнд гарын үсэг зурсан.

Уул нь гурвалсан гэрээг эцсийн байдлаар яамны тусгай хамгаалалттай газар нутгийн газар нь өөрөө эцсийн байдлаар баталгаажуулаад, гэрээ нь хүчин төгөлдөр болдог зүйл юм. Гэтэл энэ тушаалыг гаргахдаа гэрээний 2 жилийн хугацааг ямар хугацаанаас тоолоод яаж ашиглаагүй гээд байгаа нь тодорхой бус юм. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглахтай холбоотой хэд хэдэн ажиллагаануудыг хийсэн. Амжилттай болсон зүйлсээс бол цахилгаан татсан байгаа. Үүнийг бол өөр аж ахуй нэгжтэй хамтарч байгаад шонгоо суурилуулаад цахилгаанаас татсан байгаа. Хашаа барих болон газраа ашиглах асуудал нь Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчтай уулзахаар гурвалсан гэрээ байхгүй гэдэг үндэслэлээр хашаа барих зөвшөөрлүүдийг олгоогүй энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн яриад байгаа ийм 2 үндэслэлээр нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү.

... Газар ашиглах, төлбөр төлөх, аялал жуулчлалын түр отоглох буудал нь буруу зөвшөөрлөөр газар ашигласан гэж нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас гаргаагүй. Хариуцагчийн зүгээс ч гэсэн тогтоож бол чадаагүй байна. Цагдаагийн мөрдөгчийн мэдэгдэл, хамгаалалтын захиргааны мэдэгдэл нь захиргааны акт гаргахдаа баримтлах зарчим, нотлох баримт зэрэг бүгдийг нь урсгачихсан. Шаардлагыг бол хангахгүй байна гэж үзэж байна.

Газар ашиглах үүднээс нэхэмжлэгчийн зүгээс идэвхтэй үйлдэл санал санаачлага зэргийг гэрчилгээг авснаас хойш хэдийн хэмжээний хүсэлт гаргаж байсан талаарх зүйлсийг хэрэгт гаргаж байсан. Тодорхой хэмжээний цаг хугацаа, мөнгө гаргаж байсан талаар өгсөн. Ямар нэгэн байдлаар зөвхөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж өгдөггүй. Удаадаг, ямар нэгэн байдлаар тогтсон практик байдаг. Энэ тал дээр яам арга хэмжээ аваагүй байж, газраа та нар ашигласан гэдэг үндэслэлээр үндэслээд байгаа. Газар ашиглаж байгаа гэдэг нь газрын ашигтай чанарыг эзэмшигч бодитой хүртэхийг хэлэхээс биш, нэр дээрээ аваад ашиглаж чадахгүй байхын төлөө мөнгө төлөх агуулга биш юм. Гэтэл бодит нөхцөл байдалд газраа ашиглах гэж байхад саад болж байгаа нь хангалттай хүсэлт, хөрөнгө мөнгөө ч бас гаргасан зүйл байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг Улсын Дээд Шүүхийн тайлбарт тодорхой тайлбарласан байгаа. Үүнийг анхаарч үзээсэй. Мөн шүүхийн тогтоол дээр гэрээ байгуулаагүй байхад гэрээний үүргийг шаардах нь үндэслэлгүй байна гэдэг нь шүүхийн шийдвэр, тогтоол, яамнаас гаргасан хүсэлтийг нь даалгаж шийдвэрлэсэн зүйл байгаа. Өнөөдөр цагдаагийн мэдэгдэл өгснөөс хойш бид нар аялал жуулчлалаар өгсөн нь буруу байна гэдэг эрх мэдлээ буруугаар хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн. Ийм учраас энэхүү актыг хэрэгт авагдсан баримт болон тайлбараар хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Аялагч зөвшөөрөл бүхий бусад буудаллах отоглох, ажиглах, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар орон байх ашиглах”, Газрын тухай хуулийн 35.3.1-д “Газар эзэмших хуульд заасан нөхцөл болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40.1.5-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/29 албан бичгээр зөрчлийн мэдүүлгийг хүргүүлсэн. Зөрчлийн мэдэгдэл дээр газар ашиглах зөвшөөрөл авснаас хойш барилга байгууламж бариагүй учраас холбогдох арга хэмжээг ав гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мөн 2021 оны 365 дугаар албан бичгээр 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцлах үндэслэл бүрдсэн байна гэсэн саналыг яаманд ирүүлсэн байна.

Үүний дагуу холбогдох ажлын хэсэг гараад, судалгааг гаргаж холбогдох шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А28 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Энэ нь өөрөө тусгай хамгаалалттай газар нутагт заасан 11 дүгээр зүйлийн 11.7-д заасныг зөрчсөн. Ашиглах эрх олгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Сайдын А79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Захиргааны байгууллага бол захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчингүй болгох эрх хэмжээ нь бол байгаа. Аялал жуулчлалын зориулалтаар олгосон байхад зориулалтаараа ашиглаагүй бол хүчингүй болгоод, шүүхийн маргаанаар яваад зөндөө хоносон. Сайдын тушаал бол үндэслэлтэй гарсан байна гэж шийдвэрлэгдсэн хэргүүд зөндөө байгаа. Зориулалтыг нь өөрчлөөд гаргах боломжтой гэж байна. Ер нь бол анхнаасаа тусгай хамгаалалттай газар нутгийн маргаан нь энгийн маргаанаас бол өөр юм. Тусгай зориулалт, болзолтойгоор ашигладаг. Энэ бол урт удаан хугацаагаар ашигладаг. 5 жил хүртэл хугацаагаар ашигладаг байгаа. Тухайн газарт заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг байгаа. Тухайн газар дээр аялал жуулчлалын цогцолбор барина гээд төсөл өгдөг. Төслийг нь харгалзаж үзээд яамнаас олгодог байгаа. Тэгэхээр анхнаасаа нэхэмжлэгч нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглая гэсэн хүсэлт ирүүлсэн. Тийм учраас зориулалтыг нь өөрчлөх боломжгүй. Хэрвээ өөрчилнө гэж байгаа бол бүх хүнийг анхнаасаа явдаг журмын дагуу төслөө өгөөд сайдаас тушаал шийдвэр гардаг.

Хоёрдугаарт 2019 онд яамнаас нэхэмжлэгчид хариу өгч, тайлбар тодруулга өгсөн байдаг. Түүнд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль болон Газрын тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах идэвхтэй санаачлага гаргахгүй байгаа бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдэж байгааг мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн байдаг. Тэгэхээр хугацаа хэзээнээс тооцогдож эхэлж байна гэхээр 2016 онд танай газар ашиглах эрх олгогдсоноор эрх нээгдсэн байсан. Үүнд идэвхтэй санаачлага гаргаж газраа ашиглаагүй байна. Иймд газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн. Та бүхэнд сануулаад мэдэгдэл хүргүүлж өгсөн байсан. Мэдэгдэх сонсгох ажиллагааны хувьд яамнаас бүх цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуй нэгжид мэдэгдэлд хүргүүлсэн. 6 аж ахуйн нэгж тус мэдэгдлээ аваад, тайлбараа өгсөн байдаг. Үүнийг улсын бүртгэлийн лавлагааг аваад хүргүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн хаяг дээрээ байхгүй байна гэсэн зүйл байгаа. Тэгэхээр Байгал орчин аялал жуулчлалын яамыг буруутгах үндэслэл байхгүй.

... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь 5 жилээр олгогдсон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс бол 03 дугаар сард дууссан. 2014 оноос ашиглах эрх аваад, 2019 оны 03 дугаар сар хүртэл санаачлага гаргаад газар ашиглаж байгаагүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сард Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлээд, танайх идэвхтэй газраа ашиглаагүй байна. Энэ нь газрын эрх цуцлах үндэслэл болно шүү гэсэн мэдэгдэл анхааруулга өгсөн. Анхааруулга мэдэгдэл өгсний дараа 2019 оны 12 дугаар сард захиргааны хэрэг үүсээд дүүргийн Засаг даргад холбогдох хэрэг үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн иргэн аж ахуй нэгжүүдэд газрын төлбөрөө төлөөд ингээд явж байсан бол нэхэмжлэгчийн хувьд 37 сая 500 мянган төгрөгийг байршуулах боломж байсан. Гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр шууд сайдын 19 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг үндэсгүй болгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж заажээ.

1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэжээ.

1.3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаж буй А/79 дугаар тушаалыг[11] 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байх бөгөөд тус тушаалаар “ХО” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.[12]

1.4. Тодруулбал, “ХО” ХХК-ийг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, түүнчлэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж үзжээ.

1.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гээд мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:” гээд 37.2.2 дахь заалтад “2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” гэж зохицуулжээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох бөгөөд тийнхүү тохиролцож гэрээг байгуулснаар газар ашигласны төлбөр төлөх үүрэг газар ашиглагчид үүснэ гэж үзнэ.

1.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ХО” ХХК-ийн зүгээс “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2019/75 дугаартай гэрээг байгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс уг гурван талт гэрээг баталгаажуулаагүй тул тус компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү эс үйлдэхүйн эсрэг нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0117 дугаартай шийдвэр гарсан үйл баримт тогтоогдож байна.

1.8. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагчаас гэрээ байгуулаагүй атлаа газрын төлбөрийг төлөх шаардлага тавьж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Учир нь газар ашиглах гурвалсан гэрээнд талууд бүгд гарын үсэг зурж ёсчилсноор хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч биелүүлэх үүрэггүй ...”[13] гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

1.9. Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө Хан-Уул дүүргийн Засаг дарга нь гурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр[14] 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2019/75 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”[15] гэх гурван талт гэрээг баталгаажуулан байгуулсан болох нь тогтоогдсон болно.

1.10. Тиймээс 2019/75 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээг баталгаажуулахаас өмнө нэхэмжлэгч талд газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээ ёсчлон баталгаажсаны дараа газрын төлбөр төлөх үүрэг үүснэ гэдгийг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0117 дугаартай шийдвэрээр нэгэнт дүгнэжээ.

1.11.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын ... талаар маргах эрхгүй.” гэж заасныг дурдах нь зүйтэй.

1.12. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.13. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

1.14. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

1.15. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

1.16. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ХО” ХХК нь өөрөөс хамааралгүй шалтгааны улмаас буюу тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн ашиглаж чадаагүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.17. Тухайлбал, тус компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар[16] Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газар 2.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан боловч гэрчилгээгээ 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан, улмаар газар ашиглах гурвалсан гэрээг баталгаажуулахгүй байсны улмаас шүүхийн журмаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл маргасан, түүнчлэн уг гурвалсан гэрээг шүүхийн шийдвэр гарсны дагуу буюу хожим нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулсан гэх зэрэг үйл баримтуудаас үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн зүгээс шалтгаалсан гэж буруутгах боломжгүй.

1.18. Түүнчлэн газар эзэмшүүлэх /ашиглуулах/ тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч /ашиглагч/ нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2019/75 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-г байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн хоёр жилийг тоолвол уг гэрээ нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд хариуцагч уг хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутган газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

1.19. Хэргийн оролцогч талууд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2019/75 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-г байгуулсан хугацааны талаарх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан” гэх агуулгаар маргасан.

1.21. Хэдийгээр төрийн холбогдох байгууллагуудаас аливаа санал, мэдэгдэл ирүүлсэн байж болох хэдий ч хариуцагч нь тухайн санал, мэдэгдэлд заасан үйл баримтуудыг нягтлах, Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бодит байдал дээр бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах үүргээ биелүүлсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах учиртай.

1.22. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зөвшөөрөл олгохоор заасан атал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад бэхжүүлсэн “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчин хариуцагч өөрөө нэхэмжлэгч “Хөхүүл одон” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байх бөгөөд хариуцагчийн гаргасан уг шийдвэрт нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

1.23. Тодруулбал, маргаж буй А/79 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Хөхүүл одон” ХХК-ийн хувьд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт болох А/53 дугаар захирамжаар олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хариуцагч хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан аль үндэслэл бүрдсэн болохыг тогтоон тодорхойлж, маргаан бүхий тушаалдаа тэрхүү үндэслэлийг зааж өгөх учиртай.

1.24. Гэтэл хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг тогтоогоогүй атлаа “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээргүй байна.

1.25.  Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс маргаан бүхий А/79 дугаар тушаалдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлийг хэрэглээгүй байх тул шүүх тэр талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Хоёр. Нөхцөл байдлыг тогтоох, мэдэгдэх сонсгох зэрэг хариуцагчийн үүргийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж зохицуулжээ.

2.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус тогтоолын 1.11 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ.” гэж тайлбарласан байна.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8159 тоот албан бичгээр[17] “ХО” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон талаар мэдэгдсэн гэх боловч тухайн мэдэгдэл нь нэхэмжлэгч “ХО” ХХК-д “заасан хаягт ийм байгууллага байхгүй” гэх үндэслэлээр хүрээгүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04/696 тоот албан бичгээр тогтоогдсон[18].

2.4. Тиймээс хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдээгүй байна гэж үзнэ.

2.5. Түүнчлэн хариуцагчийн зүгээс “... тус компанид 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09/1234 тоот албан бичгээр маргаан бүхий А/79 дугаартай захирамжийг мэдэгдсэн байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх агуулга бүхий тайлбар гаргасныг үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

2.6. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх албан тоотыг шуудангаар явуулсан гэж тайлбарлах боловч тус шүүхэд ирүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05/78 тоот албан бичгээс[19] үзвэл тус албан бичиг нь шуудангаар хүргэгдээгүй болох нь тогтоогдож байна.

2.7. Дээрх байдлаар хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийг сонсох, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй эрх зүйн алдаа гаргасан байх тул уг маргаж буй А/79 дугаар тушаалын “ХО” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт болохоор байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “ХО” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “ХО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн /цаашид “1Хх” гэх/ 167-171, 209-213 дахь тал

[2] 1Хх 199 дэх тал

[3] 1Хх 200 дахь тал

[4] 1Хх 18-21 дэх тал

[5] Мөн тэнд

[6] 1Хх 233-237 дахь тал

[7] 2-р хавтаст хэргийн /цаашид “2Хх” гэх/ 8 дахь тал

[8] 1Хх 60 дахь тал

[9] 1Хх 61 дэх тал

[10] Мөн тэнд

[11] 1Хх 60 дахь тал

[12] 1Хх 60-61 дэх тал

[13] 1Хх 20-21 дэх тал /дурдсан шүүхийн шийдвэрийн 6-7 дахь тал/

[14] 2Хх 8 дахь тал

[15] 1Хх 233-237 дахь тал

[16] 1Хх 199 дэх тал

[17] 1Хх 71 дэх тал

[18] 1Хх 85 дахь тал

[19] 2Хх 7 дахь тал