| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0278/З |
| Дугаар | 221/МА2025/0518 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0518
Нийслэлийн прокурорын газрын
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих
хэлтсийн хяналтын прокурор Т.Э-ийн
дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц
Гуравдагч этгээд: “О т” ХХК
Дүгнэлтийн шаардлага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06665** дугаартай “О Т” ХХК торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0375 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Дүгнэлт гаргагч Т.Э, хариуцагч Н.Цэвээнсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0278/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Эөөс “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” -аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0375 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э-ийн дүгнэлттэй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цд холбогдох хэргийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “О т” ХХК-ийн өмгөөлөгч О.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. … Анхан шатны шүүхээс прокурор Т.Э-ийн дүгнэлттэй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цд холбогдох “...2025.02.04-ний өдрийн 06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр буруу, дутуу үнэлэх замаар зөрчлийн хэргийн үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, хууль буруу хэрэглэн тайлбарласнаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
3.2. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна.
1/ Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “ ...Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах аль ч тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл шаардахаар, хариуцагчаас гуравдагч этгээдийг дээрх хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасан атлаа зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна...” гэх дүгнэлт нь илтэд хууль бус байна.
2/Хэрэгт авагдсан баримтаар “Э ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20231012** дугаар “Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил” нэртэй тендер шалгаруулалтын Багц №1: “Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад “О т” ХХК оролцож шалгарсан үйл баримт,
3/Тендерийн бичиг баримтад тухайн ажлыг хийж гүйцэтгэх этгээд тусгай зөвшөөрөл авах Ёстой гэсэн тусгай шаардлага тавигдаагүй үйл баримт, гуравдагч этгээд “О т” ХХК “Э ү” ТӨҮГ-аас ирүүлсэн гэрээ байгуулах мэдэгдлийг үндэслэн 2023.12.25-ны өдөр “Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил”-ын Багц-1 “Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх” худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт хэргийн баримтаар нотлогддог.
3.3. Дээрх гэрээгээр “О т” ХХК нь “Э ү” ТӨҮГ-т Инкотермс 2020-DDP нөхцөлөөр барааг нийлүүлэхээр тохиролцсоноос гадна ЭҮТӨΥΓ/20231012** тоот тендерт хүргүүлсэн техникийн тодорхойлолт бүхий баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээгээр талууд харилцан тохиролцсон. Гэрээ байгуулах хүртэл тендерийн бичиг баримт, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай гэдгийг гуравдагч этгээд мэдээгүй тул тусгай зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийн талаар маргаагүй, энэ талаар маргахгүй болно.
3.4. Харин гэрээний 3-р зүйлийн 3.1-т: “...энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэх цацрагийн үүсгүүр, хэмжүүрүүдийн татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад холбогдох зардлыг Нийлүүлэгч хариуцна...” гэж, гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т “...нийлүүлэгч нь гэрээт ажлаас гүйцэтгэхэд туслан нийлүүлэгч авах шаардлагатай бол түүнтэй гэрээ байгуулж ажиллана...” гэж тохиролцсон ба энэ эрхийг захиалагч тал гүйцэтгэгчид олгосон учраас тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах замаар хамтран ажиллаж 8 ширхэг цацрагийн үүсгүүрийн бортогыг хадгалалтын болон тээвэрлэлтийн горимын дагуу захиалагч талд хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан ба уг зүйлийн 1.1-т “...хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх...” эрхтэй гэж эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэх эрхийг хуульчилсан тул улсын байцаагч тус зөрчлийг илрүүлж, улмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх агуулгатай шүүхийн дүгнэлт илтэд үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.6. Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.56-т цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ба ингэхдээ тус хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц “О т” ХХК-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй тул энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй.
3.7. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд хялбаршуулсан журмаар шалгах шийдвэрлэх үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд тухайн хуулиар тухайлан тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагааг зөрчлөө сайн дураараа илчилж ирсэн, ил тодорхой зөрчил гэж үзэх боломжгүй...”, “...Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах бөгөөд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдийн тухайд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналтад шилжүүлж, зөрчлийн шинж чанарыг тодорхойлох ёстой бөгөөд ингэснээр зөрчил мөн эсэхийг тогтоох учиртай...” гэж дүгнэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.8. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгээс танай компани цацрагийн үүсгүүр худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл аваагүй атлаа "Э ү” ТӨҮГ-т 8 ширхэг цацрагийн үүсгүүр худалдсан зөрчил гаргасан байна гэж мэдэгдсэний дагуу гуравдагч этгээд “О т” ХХК-иас албан бичгээр улсын байцаагчид хандаж зөрчлөө сайн дураараа илчилж, холбогдогчоос мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг өгөхдөө зөрчлөө хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал, хүсэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж шийтгэвэр оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа ба шүүхийн дээрх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй төдийгүй шүүх тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
3.9. Прокурорын дүгнэлтэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бичихдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан байхад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-ын яг аль хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэж 106.3.12-т зааснаар прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул энэ талаар мөн гомдол гаргаж байна.
3.10. Прокурорын дүгнэлтэд “О т” ХХК нь 8 ширхэг Цацрагийн үүсгүүрийн бортогыг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтад зааснаар холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр “Н т ю” ХХК-аас худалдан авсан, “Э ү” ТӨҮГ-т худалдсан үйл баримт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан цөмийн бодис, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж дүгнэлт гаргасныг гуравдагч этгээд “О т” ХХК-иас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба хууль бусаар худалдан авсан, худалдсан гэх байдлыг үгүйсгэхтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд хангалттай гаргаж өгсөн тул гэмт хэргийн шинжтэй гэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.19-ний өдрийн 128/2025/0375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
2. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор Т.Эөөс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Цд холбогдуулан “2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гээд 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэж зааснаар улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхийг, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 8.1-д шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох гэж, 9 дэх хэсэгт Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 1.1-д зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална гэж зааснаар прокурорт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар олгосон байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Ц нь “О т” ХХК нь 8 ширхэг Цезий-137 цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүйгээр “Н л ю” ХХК-иас худалдан авсан, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр “Э ү” ТӨҮГ-т худалдсан гэх асуудлыг шалгаад, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр “О т” ХХК-д шийтгэл оногдуулсан байна. Улмаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э нь улсын байцаагчийн шалган шийдвэрлэсэн дээрх зөрчлийн хэргийн материалыг 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянасан болох нь №06665** дугаар Шийтгэлийн хуудасны арын нүүрэнд тэмдэглэж, гарын үсэг зурснаар тогтоогдож байна. Харин прокурор уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий 24 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн болох нь шүүхийн хүлээн авсан №370 дугаар дардас дээрх тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д энэ хуульд заасан "гомдол" гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг гэж шүүхэд нэхэмжлэл гаргах буюу прокурор дүгнэлт гарган маргах хугацааг хуульд тусгайлан тодорхой заасан байхад анхан шатны шүүх “...06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаарч үзэлгүйгээр прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
6. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдүүд хуулийн хүрээнд адил тэгш эрхтэй оролцох ба гомдол гаргах, дүгнэлт бичих хугацааг хуульд нарийвчлан зааснаас гадна зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг аль болох хурдан, шуурхай байдлаар шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан. Ялангуяа прокурорын дүгнэлтэд дурдсанчлан зөрчлийн хэрэг биш эрүүгийн хэргийн шинжтэй гэх энэ тохиолдолд эрх бүхий этгээдээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж прокурорын байгууллагад хүргүүлэх үед уг зөрчлийн хэргийг хянах эрхийг прокурорт олгосон байхад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №06665** дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
7. Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор Т.Э-ийндүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор Т.Эөөс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Цд холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06665** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч нь шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН