Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 08

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч С.Энхжаргал,

шүүгдэгч А.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэгшдэрэн овогт Амаасүрэнгийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201708000004 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Тэгшдэрэн овогт Амаасүрэнгийн Отгонбаатар /РД:ЗЮ72080877/, Дундговь аймгийн Дэрэн суманд 1972 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, гэрэлтүүлэгч мэргэжилтэй, ам бүл 6, хадам ах, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 4-9 тоотод оршин суух, Боржигон чуулгад гэрэлтүүлэгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч А.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 4-9 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр С.Энхжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 4-9 тоотод эхнэр С.Энхжаргалыг хүүхэд загиналаа гэх шалтгаанаар зодож түүний бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд, хүзүүнд, эрүүний баруун өнцгөөр, цээжний зүүн талаар, зүүн хөхний дээд хэсэгт, баруун хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд, баруун бугалганд, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Отгонбаатар хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа 12 цагийн үед цайндаа явахаар Сайнбаяр ахын хамт гэрт очсон. Гэрт ирэхэд эхнэр ууртай хүүхдүүдээ загинаад байж байсан. Цай уугаад сууж байтал хүүхэд загинахаа болиод намайг загинаад нууц амрагтай болсон юм уу гэж хардаад, мөн мөнгө төгрөгний асуудлаас болж намайг хүний хажууд доромжлоод байсан. Хүний хажууд доромжиллоо гээд уусан цайны аягаа Энхжаргал руу шидсэн боловч оноогүй. Тэгээд чимээгүй сууж байтал дахин хэл амаар дарамтлаад байхаар нь савтай мах ширээнээс унагасан. Тэгтэл эхнэр босож ирээд чи яах гээд байгаа юм бэ гээд түлхэхээр нь би зодсон юм. Би эхнэрийгээ амаараа дийлэхгүй болохоор гараараа цохисон. Сайнбилэг ах дундуур орж салгасан. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид гэр бүл болоод 15 жил болж байна. Хааяа гар хүрч байсан. Эхнэрээ зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 дугаар хуудас/

 

2. Шүүгдэгч А.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялын санал дээр тайлбар байхгүй. Торгох ялыг ойлгож байгаа. Мөн зөвшөөрч байна гэв.

 

3. Хохирогч С.Энхжаргал хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ах, хүүхэд хоёрт хэдэн үг хэлээд загинаад байж байтал гаднаас 12 цагийн үед нөхөр Отгонбаатар цайндаа ирсэн. Би мах чанаад хоол хийгээд байж байсан ба махаа нөхөртөө тавьж өгсөн. Гэтэл Отгонбаатар чи цайндаа ирэхэд хэрүүл хийлээ боль гэсэн. Би хэрүүл хийхгүйг хичээгээд байж байтал Отгонбаатар би ч бас хөдөлж чадна шүү гээд уусан цайныхаа аягыг шидээд дараа нь идэж байсан савтай махаа шидсэн. Босоод ирэхээр нь би түлхсэн чинь өмнөөс барьж аваад цохиж зодсон. Хамт ирсэн Сайнаа гэдэг ах дундуур орж салгасан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гээд гэрээс гартал ардаас гарч ирээд ахиж зодох гэхэд Сайнаа ах болиулаад гэр рүү авч орсон. Бид гэр бүл болоод 17 жил болж байна. Намайг урьд нь зөндөө зодож байсан. Тэр үед нь хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Зодуулсандаа гомдолтой байна, нэхэмжлэх зүйл алга. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 дүгээр хуудас/

 

4. Хохирогч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялын санал дээр тайлбар байхгүй. Зөвшөөрч байгаа гэв.

 

5. Гэрч Б.Сайнбилэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ”2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цайндаа явахаар Отгонбаатар бид хоёр ажлаасаа гарсан. Отгонбаатарынд очиход эхнэр нь нилээн ууртай хүүхдүүдээ загинаад ширүүхэн байдалтай байсан. Тухайн 2 хүний хэрүүл хийх шалтгаан нь усанд явсангүй, зурагтын суваг булаацалдсан зэрэг тулга тойрсон хэрүүл болсон. Отгонбаатар хэрэлдэж байгаад цай ууж байсан аягаа эхнэр рүүгээ шидсэн. Түүний дараа  савтай махаа шидсэн. Тэдгээр зүйлс нь эхнэрээ оноогүй. Отгонбаатар чимээгүй хэсэг дуугүй суугаад байсан ч эхнэр нь хэрэлдээд элдвээр хэлсэн. Отгонбаатар аргаа бараад босож очоод эхнэрээ цохисон. Би дундуур нь орж салгасан. Энхжаргал цагдаад дуудлага өгнө гээд гэрээсээ гарсан. Араас нь Отгонбаатар гарахаар нь би дагаж гараад гэрт оруулж ирсэн. Төд удалгүй цагдаа нар ирсэн. Отгонбаатар эхнэрээ гараараа цохисон, нүүр рүү нь цохих шиг болсон. Отгонбаатар эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 дугаар хуудас/

 

6. Насанд хүрээгүй гэрч О.Номинзул хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед аав ажлаасаа цайндаа ирсэн. Ээж аавыг хувцас хунараа соль, цайгаа уу гэсэн чинь аав уурлаад ямар хамаатай юм гэх зэргээр хэрүүл хийсэн. Ээж рүү дайраад түлхсэн. Тэгсэн ээж чи намайг түлхлээ гэснээс болж ээжийг зодсон. Жил болгон аав ээжийг зоддог байсан. Тэр үед нь ээж цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 дугаар хуудас/

 

7. Гэрч Ц.Түмэндэмбэрэл хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ”...дүү Энхжаргал хүргэн Отгонбаатартай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэрэлдээд байсан. Юуны тухай хэрэлдсэнийг нь би сайн мэдээгүй. Сүүлдээ Отгонбаатар дүү Энхжаргалыг зодоод хамт ирсэн гэх залуу нь дундуур нь орж салгасан. Өмнө нь зоддог байсан. Миний хувьд олон жилийн өмнө аваарт орж сонсголгүй болсон ч юу болж байгааг нүдээрээ харж байсан болохоор асуудлыг мэдэж байна. Отгонбаатар архи дарс уудаггүй. Дүүд маань хааяа гар хүрчихээд байдаг. Миний хувьд айлд толгой хорогдож байгаа болохоор яаж ч чаддаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 дүгээр хуудас/

 

8. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 тоот дүгнэлтэнд: С.Энхжаргалын биед тархи доргилт, баруун нүдний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд, хүзүүнд, эрүүний баруун өнцгөөр, цээжний зүүн талаар, зүүн хөхний дээд хэсэгт, баруун хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд, баруун бугалганд, баруун гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 17 дугаар хуудас/

 

9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Отгонбаатарын дээрх үйлдэлд 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах тогтоол үйлдэж, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Отгонбаатар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Энхжаргал нь түүнд оногдуулах ял шийтгэл болон өөрт учирсан хохирол гэмтлийн талаар маргаагүй, шүүгдэгч хохирогч нар нь харилцан зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан, мөн Прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч А.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Отгонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт шүүгдэгч А.Отгонбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тэгшдэрэн овогт Амаасүрэнгийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Отгонбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 5 = 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч А.Отгонбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Отгонбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Отгонбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА