| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/03150/И |
| Дугаар | 184/ШШ2019/03070 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/03070
| 2019 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 184/ШШ2019/03070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, А о 00 гудамж, 0 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ийн О /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, Х 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, А а овогт Г-ийн У /регистрийн дугаар: АА00000000/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.О, иргэдийн төлөөлөгч О.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ ... Д.О нь 2016 онд Төв аймгийн Лүн суманд Ё.Сэр-Од гэдэг хүний малыг маллаж байх хугацаандаа миний өмчийн хүрэн халзан морийг уналагдаа хэрэглэж байсан. 2016.06.15-аас 16-нд шилжих шөнө гэрийнхээ урд замд адууг машинд дайруулж осол гаргуулсан. Д.О нь өөрийн хариуцсан малаа гэрийн гаднаа чөдөрлөж тавьснаас болж адуу нь машинд дайрагдсан. Түүний хариуцлагагүй байдлаас болж надад 1 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг төлөөгүй тул гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү ...” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... миний бие Д.О нь 2016.04.24-нд Төв аймгийн Лүн суманд Ё.Сэр-Одын малчнаар ажиллахаар тохирсон. Ажиллаж байх явцад Д.О гэгч эмэгтэйг хааяа Ё.Сэр-Одынд ирж байхыг мэднэ. Гэхдээ би энэ хүнээс ямар ч морь аваагүй, тэр адууг би машинаар дайраагүй. Д.О, Ё.Сэр-Од нарыг гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч гэж ойлгосон. Энэ хүнд өр авлага байхгүй, жолооч А. Ганбат гэх хүн зам тээврийн осол гаргаж бусдын адууг дайрч хохирол учруулсан. Үндэслэлгүй нэхэмжилж гүтгэж хэлмэгдүүлж байна.
Иймд түүний нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг би төлөх ёсгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... “ гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Оаас 1 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Г.У-т холбогдуулж түүний эзэмшилд байсан гэх 1 тооны адууны төлбөрт 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч би Д.О-ээс ямар ч морь аваагүй, тэр адууг би машинаар дайрч алаагүй, түүнд өр авлага байхгүй, түүний нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг би төлөх ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд 2016.06.15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр “Хоёр Мандал” гэх зоогийн газрын зүүн талд А.Ганбатын жолоодон явсан 4720 УБВ улсын дугаартай форд маркийн машинаар адуу дайрч зам тээврийн осол гарчээ.
А.Ганбатын гаргасан дээрх зам тээврийн ослын улмаас Д.О-ийн өмчлөлийн нэг тооны адуу үхэж 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн нь хуульд заасан бусдад үлэмж хэмжээний буюу 9 600 0001- 24 000 000 төгрөгийн хохиролд хүрээгүй ...” гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Төв аймгийн прокурорын газрын 2016.07.18-ны өдрийн 687 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай бичгийн нотлох баримт ирүүлсэн байна.
Уг тогтоолд: Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д “Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно, ... 50 метрээс дотогш хариулаггүй мал байлгахыг, ...зам хөндлөн түргэн бөөнөөр нь гаргах, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө” гэж зааснаар малчин байсан Д.Оыг буруутгасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө” гэж хуульчилсан байхад хариуцагч Г.У-т холбогдуулж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн хариуцагчаар тодорхойлогдсон Д.Оын эзэмшилд нэхэмжлэгч Д.О ямар үндэслэлээр дээрх 1 морийг шилжүүлэн өгсөн болох, уг морийг өөрийн өмчлөлийнх болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Д.О нь “... уг морийг Ё.Сэр-Одоос түүний малыг маллаж байх хугацаандаа малыг нь хариулахад унаж ашиглах зорилгоор хүлээн авсан, Ё.Сэр-Од миний ажлын хөлсийг өгөөгүй байгаа, энэ хүн компанийн захирал гэдэг, нэхэмжлэгч Д.Оийг нягтлан бодогч нь гэж яриад хамт явж байсан, энэ 2 хүнийг гэр бүлийн харьцаатай гэж би ойлгосон, энэ хүнд би морины үнэ төлөх ёсгүй ... “ гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбар татгалзлыг баримтаар болон тайлбараар няцааж чадахгүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь морийг Ё.Сэр-Одтой хамт очиж түүний гуйснаар малыг нь маллаж байсан гэх хариуцагч Г.У-т өгсөн гэх тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн морийг хариуцагч Г.У-т хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотлохоор 2016.06.20 ны өдөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ, Төв аймгийн прокурорын газрын 2016.07.18-ны өдрийн 687 дугаар тогтоол зэрэг 2 хуудас бичгийн баримтыг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй тул үнэлээгүй болно.
Өөрөөр хэлбэл болсон үйл явдлын талаар тухайн үед эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгахдаа төр оролцож шалгасан прокурорын тогтоолыг иргэний хэрэгт дахин нотлохоор
ашиглаж болохгүй болохыг хуульд заасан байна. Харин иргэний хэрэгт дахин нотлох шаардлагатай гэж үзэж байгаа бол нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шинээр явуулах хуулийн зохицуулалттай болохыг дурдав.
Иймд хариуцагч Г.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.О-ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа мөн нэхэмжлэгч нь хэргийн хариуцагчийг зөв сонгоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрлэдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.У-аас 1 тооны адууны үнэ 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ А.ЭНХТӨР