Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/499

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2302003250196 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 21-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИИ*******/, ******* овогт *******гийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 3,8596 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мансууруулах бодисыг хэрэглэхээр сонсгол сайжирч, тайвширсан мэдрэмж төрсөн. Би өөрөө өөрийгөө маш их хохироосон байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2302003250196 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Хүний биед үзлэг хийсэн тухай “...М.*******ын биед үзлэг эхлэхийн өмнө түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд М.******* нь хар өнгийн цүнхний урд талын халааснаас гялгар уутанд хийсэн өвс гэх зүйл гаргаж өгсөн ба уг өвсийг “1” гэж дугаарлаж эд мөрийн баримтаар хураан авч жинлэхэд 6,3 грамм байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-11 дэх тал)

3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...М.*******ын биеэс биологийн дээж авахын өмнө М.*******-д хандан биологийн дээж буюу шээс өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад би шээсний дээж өгөхөд татгалзах зүйлгүй, сайн дураараа шинжилгээ өгнө, би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулахад бэлэн, сайн дураараа өгнө үнэн зөв гэснээр ажиллагааг эхлүүлэв. 1 дүгээр багана буюу OPI /Опийт- гэройн/-илрээгүй, 2 дугаар багана буюу TML /трамадол/- илрээгүй, 3 дугаар багана буюу COC /Кокайн/-илрээгүй, 4 дүгээр багана буюу KET /Кетамин/-илрээгүй, 5 дугаар багана буюу THC /Марихуан/-илэрсэн, 6 дугаар багана буюу LSD /Диэтиламид лизергиний хүчил/- илрээгүй, 7 дугаар багана буюу MOP /Морфин/- илрээгүй, 8 дугаар багана буюу MDMA /Эктази/-илрээгүй, 9 дүгээр бана буюу MET /Метамфетамин/-илрээгүй,10 дугаар багана буюу AMP /Амфетамин/-илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-13 дэх тал)

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал)

5. Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал)

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1891 дугаартай “Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна.  “******* /РД:ИИ*******/ 2023.04.13” гэж хаягласан хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрч байна.  Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн I2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1889 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ Г-89 *******ын биеэс хураан авсан 6,3 грамм өвс а/д М.*******н 2023.04.13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно.“Г-89 *******ын биеэс хураан авсан 6,3 грамм өвс а/д М.*******н 2023.04.13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 6.3128 грамм, цэвэр жин 3.8596 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-29 дэх тал)

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай “М.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. М.******* нь болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.М.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд ажил явдлаар яваад буцах замдаа Төв аймгийн Жаргалант сумын нутгаас зам дагуу зогсож бие зассан. Тэгсэн чинь  интернэт орчноос харж байсан каннабис гэдэг ургамалтай адилхан ургамал байхаар нь жоохныг тастаж аваад гялгар уутанд хийгээд гэртээ буюу Баянгол дүүргийн ******* хороо ******* тоотод авчирч хадгалсан. Би тухайн үед өөрийн авч явсан хувцасны цүнхний ёроолд хийсэн байсан. Би гэртээ цүнхээ оруулаад тавьсан учир тэр чигээрээ мартсан байж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Гэртээ байж байхдаа хувцсаа янзалж хуучин хувцсаа ялгаж байгаад нөгөө өвсөө олоод өөрийн үүрдэг цүнхэндээ хийсэн. Тэр өвс гялгар ууттай маш удсан учир  хатсан байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн гэрээс тусдаа гарч байр түрээслэн амьдрах болсон. Би Баянгол дүүргийн 24-р хороо “Ривер стоун” хотхонд 24б байрны 8 давхарт 812-р тоот нэг өөрөө байрыг түрээслэн амьдрах болсон. Тэгээд би түрээсийн амьдардаг байрандаа ганцаараа байхдаа нөгөө өвснөөсөө ундааны саванд бонго бэлдэж, балны гэрээр сорж нэг удаа хэрэглэсэн юм. Би тухайн өвсийг түүхдээ ганцаараа байсан. Харсан үзсэн сонссон хүн байхгүй. Тэгээд би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед нөгөө өвсөө цүнхэндээ хийж явж байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдсан юм.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 3,8596 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-11 дэх тал),Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-13 дэх тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал), Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1891 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-23 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1889 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-29 дэх тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), М.*******ын яллагдагчаар өгсөн: “...интернэт орчноос харж байсан каннабис гэдэг ургамалтай адилхан ургамал байхаар нь жоохныг тастаж аваад гялгар уутанд хийгээд гэртээ буюу Баянгол дүүргийн ******* хороо ******* тоотод авчирч хадгалсан. Би тухайн үед өөрийн авч явсан хувцасны цүнхний ёроолд хийсэн байсан. Би гэртээ цүнхээ оруулаад тавьсан учир тэр чигээрээ мартсан байж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна...нөгөө өвснөөсөө ундааны саванд бонго бэлдэж, балны гэрээр сорж нэг удаа хэрэглэсэн юм...би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед нөгөө өвсөө цүнхэндээ хийж явж байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдсан юм.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хяналтын прокуророос М.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.*******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.******* болон түүний өмгөөлөгч  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч М.*******д шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Тав: Бусад асуудлын талаар

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан Хар тамхитай тэмцэх газар гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийсэн дотроо гялгар ууттай цэвэр жин нь 3.8596 грамм өвс зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 ******* овогт *******гийн *******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. М.*******ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан Хар тамхитай тэмцэх газар гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийсэн дотроо гялгар ууттай цэвэр жин нь 3.8596 грамм өвсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Энэ хэрэгт М.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ