Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0152

 

 

                                               

 

                                             

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х ББСБ” ХХК,                                                         

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хооронд үүссэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Х ББСБ” ХХК нь тус шүүхэд хандан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 1.1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.

2.2. Үүний дараа 2015/186 дугаар бүхий Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус компанид олгосон.[1]

2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий А/79 дугаар тушаалыг[2] гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 9-д “Х ББСБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалж, хүчингүй болгосон.[3]

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргаж, “Х ББСБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан журмаар тушаалыг гардуулаагүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, учир нь өнгөрсөн хугацаанд “Х ББСБ” ХХК нь газрыг ашиглахтай холбоотойгоор дэлхийд тулгамдаад буй Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар газрын зориулалтын дагуу ашиглаагүй байхад газрын ашиглах эрхийг цуцалсан нь буруу...” гэх зэргээр маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгосон тушаал гарснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон 2015 оноос хойш газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан, тус компанид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр маргаан бүхий А/79 дугаартай захирамжийг мэдэгдсэн байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэх үндэслэлгүй...” гэх зэргээр маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Х ББСБ” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 тоот “Газар эзэмшүүлж, ашиглуулах тухай” тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Түргэний аманд байрлах ашиглах зөвшөөрөл бүхий 1.1 га газрын зөвшөөрөл авсан байдаг. Уг газарт аялал жуулчлалын чиглэлээр гадаадын компанитай хамтран уйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах зөвшөөрөл авсан боловч дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас тус төлөвлөсөн ажиллагааг явуулах боломжгүй болсон.

Гэсэн хэдий ч манай компани гадаадын хуулийн этгээдтэй хамтран аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах сонирхолтой байгаа. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаартай тушаалаар “Х ББСБ” ХХК-ийн Түргэний аманд байрлах 1.1 га газрын ашиглах зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон байх ба энэхүү шийдвэрийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Х ББСБ” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 405 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" мэдэгдлийг хүргүүлжээ. Уг мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Тус мэдэгдлийг хүлээн авахаас өмнө Түргэний аманд байрлах ашиглах зөвшөөрөл бүхий 1.1 га газрын ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгон цуцалсан тухай Байгал орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарсан талаар огт мэдээгүй ба манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагаа явагдаагүй тул Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд тус тус заасан холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаартай тушаал хууль зөрчсөн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд тухайн байгууллага, албан тушаалтнаас гарч буй захиргааны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай.

Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Уртнасан нь “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийг тодорхойлох, сонсох ажиллагаа хийх боломжоор хангах ёстой байсан ба тусгай зөвшөөрөл дуусгавар болох гэж байгаа эсхүл дуусгавар болсон талаар "Х ББСБ” ХХК-д мэдэгдэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, энэ тухай бүртгэл хийх тухай шийдвэр гаргахдаа “Х ББСБ” ХХК-д мэдэгдэж, түүнийг сонсож, тайлбар мэдүүлэг авах ёстой байсан.

Иймд сонсох ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байх ба энэхүү алдааны улмаас захиргааны акт нь эрх зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт байх тул тушаалыг хүчингүй болгохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаартай тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох юм.

... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа газар ашиглах, эзэмшигч этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Уг газрыг ашиглах зөвшөөрөл анх авахдаа гадаадын хөрөнгө оруулалт, татар аялал жуулчлалын бүс байгуулах зорилготой байсан. Гэтэл олон нийтийг хамарсан цар тахал гараад эдийн засаг хямралтай байгаагаас хамаараад бизнес төсөл маань хэрэгжих боломжгүй байгаа. “Х ББСБ” ХХК-иас шууд хамааралтай бус дэлхийг хамарсан цар тахалтай холбоотой учраас хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийсэн эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн гэдгийг яамнаас бичиг явсан гэж байгаа боловч “Х ББСБ” ХХК нь хүлээж авсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. “Х ББСБ” ХХК-ийн захирал н.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ яамнаас ирсэн мэдэгдлийг огт хүлээж аваагүй, төрийн тусгай хамгаалалттай захиргаанаас ирсэн албан бичиг ирэх үед манай ашиглах гэрчилгээг хүчингүй болгож байгааг гэдгийг мэдсэн гэдэг тайлбарыг гаргасан. Тийм учраас яасны зүгээс сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь нотлох баримт нь хэрэгт авагдаагүй гэж үзэж байна.

... Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зөрчиж захиргааны актыг гаргасан байна. Тийм учраас захиргааны актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Асуулт хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Х ББСБ” ХХК-д мэдэгдлийг хэрхэн хүргүүлсэн бэ, гэхэд хавтас хэргийн 33 дугаар талд авагдсан мэдэгдлийг гаргасан гэж байна. Гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч эрх ашиг нь хөндөгдөж буй “Х ББСБ” ХХК нь хүргүүлсэн гэсэн баримт нь авагдаагүй байна. “Монгол шуудан” ХК-д компанид хүргүүлсэн, “Монгол шуудан” ХК нь цааш хүргэсэн эсэхийг мэдэхгүй байна гэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Монгол шууданд хүргэсэн гэсэн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй байгаа тул сонсох ажиллагаа хийгдэж эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Х ББСБ” ХХК-д мэдэгдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 03 дугаар сарын 12-ны А/79 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар "Х ББСБ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.1 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд газар ашиглах эрх нь сунгагдаагүй байна. Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд нэхэмжлэгч компани хамаарахгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Мөн Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тухай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн /нэхэмжлэгч орсон/ газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр "Х*******" ББСБ -д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас бол 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/7593 тоот албан бичгийг шийдвэр гаргахдаа бүх аж ахуйн нэгжүүд рүү мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнтэй холбоотой санал тайлбар явуулахыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ирүүлээрэй гэсэн мэдэгдлийг хүргүүлж ажилсан байдаг. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бүртгэлтэй иргэн, аж ахуй нэгжийн компанийн гэрчилгээний эрх хаягийн дагуу хүргүүлж ажилсан байдаг. Иймд захиргааны байгууллага өөрт хүлээсэн үүргээ биелүүлж бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн тушаалыг гаргасан учраас тус тушаалыг хүчингүй болгуулах нөхцөл бүрдэхгүй байна.

... Гадаадын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарыг хуульд нийцсэн тайлбар биш гэж үзэж байна.

... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх зүйл ойлгомжтой болж байна гэж харж байна. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь огт төлөөгүйн байна, газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдлоо. Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын тухайн тушаалын үндэслэл бол Газрын тухай хуулийн 40.1.5 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар тухайн газраа 2 жил дармаллан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар хүчингүй болгох нөхцөл байдал тогтоохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж байна. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газраа, төлбөрөө, хугацаанд нь бүрэн төлөх гэсэн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс сонсох ажиллагаа хийлээ гэж бодоход 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Х ББСБ” ХХК-тай сонсох ажиллагаа хийе гэхэд хуульд заасан нөхцөл байдал хангагдах байсан уу. 2015 оноос өмнө газар ашиглах эрхээ авчаад 2020 он хүртэл нэг ч төлбөр хийгдээгүй. Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь 2015 оноос 2020 он хүртэл нийтдээ 4 жил хагасын хугацаанд “Х ББСБ” ХХК нь огт үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн нь ямар ч баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж заажээ.

1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэжээ.

1.3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаж буй А/79 дугаар тушаалыг[4] 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байх бөгөөд тус тушаалаар “Х ББСБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.

1.4. Тодруулбал, “Х ББСБ” ХХК-ийг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, түүнчлэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж үзжээ.

1.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гээд мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:” гээд 37.2.2 дахь заалтад “2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” гэж зохицуулжээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээ байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар ашиглагч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

1.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-ийн зүгээс “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг байгуулаагүй, түүнчлэн ямар нэг байдлаар газрын төлбөр төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1732 тоот албан бичгээр[5], мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/1468 тоот албан бичгээр[6] тус тус тогтоогдож байна.

1.8. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.9. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

1.10. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

1.11. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

1.12. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн ашиглаж чадаагүй гэх баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

1.13. Тухайлбал, тус компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 1.1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн гэрчилгээг авсан боловч гэрчилгээ авсны дараагаар газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах хүсэлт огт гаргаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэх зэрэг баримтуудаас үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглах талаар нэхэмжлэгч компанийн зүгээс ямар нэг идэвхтэй үйлдэл хийж байгаагүй болох нь тогтоогдож байна.

1.14. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий тухайн газраа заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлсэн “... дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ашиглаж чадаагүй ...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

1.15. Учир нь, нэхэмжлэгч компани нь анх 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал 2020 оны 01 дүгээр сараас гарсан гэж үзэхэд 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашиглах талаар арга хэмжээ авах бүрэн боломж нэхэмжлэгчид байсан гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байжээ.

1.16. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газрын ашиглаагүй, газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй” гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй байна.

Хоёр. Нөхцөл байдлыг тогтоох, мэдэгдэх сонсгох зэрэг хариуцагчийн үүргийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж зохицуулжээ.

2.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус тогтоолын 1.11 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ.” гэж тайлбарласан байна.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 405 тоот албан бичгээр[7] “Х ББСБ” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гарсныг мэдэгджээ.

2.4. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр[8] газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэж байжээ.

2.5. Тиймээс хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдсэн гэж үзнэ.

2.6. Иймд хариуцагч нь тухайн санал, мэдэгдэлд заасан үйл баримтуудыг нягтлан Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шалган тогтоох, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах үүргээ биелүүлсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гурав. Шүүх хуралдаан дээр хүсэлт шийдвэрлэсэн талаар:

3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтийг[9] хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн 1.1-д дурдсан асуудалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар өөр бусад гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох үндэслэлгүй буюу шүүхээс маргаж буй захиргааны актын биелэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн тул тухайн газрыг өөр гуравдагч этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан эсэхийг хариуцагчаас тодруулах шаардлагагүй гэж, мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр газрын төлөв байдлыг бэхжүүлэн авсан тул Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тэр тухай баримт гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн 1.2, 1.3-т дурдсан асуудалд маргаж буй захиргааны актад үндэслэсэн эрх зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт байгаа энэ тохиолдолд шүүхээс Авлигатай тэмцэх газрын болон эрүүгийн цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан холбогдох баримтуудыг гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй бөгөөд хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтууд, тухайлбал, хавтаст хэргийн 33 дахь талд мэдэгдэл, 38 дахь талд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны санал зэрэг баримтууд тус тус авагдсан байх тул тэдгээртэй адил агуулга бүхий 2731 болон 214 дугаартай албан тоотуудыг гаргуулан авах шаардлагагүй гэж шүүх үзсэн.

3.4. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн 2-т дурдсан асуудалд маргаж буй захиргааны актад үндэслэсэн эрх зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан агуулгын хүрээнд баримт бичгийн үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан “Х ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 11 дэх тал

[2] Хх 40 дэх тал

[3] Хх 41 дэх тал

[4] Хх 32 дахь тал

[5] Хх 202 дахь тал

[6] Хх 117 дахь тал

[7] Хх 9 дэх тал

[8] Хх 33 дахь тал

[9] Хх 216-217 дахь тал