| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0716/З |
| Дугаар | 221/МА2025/0512 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0512
М.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: М.А
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.М нарыг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 128/2024/0716/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Аоос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.3, 91.2, 91.4, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аоос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Аыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын З, т х д-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хариуцагчийн зүгээс маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс 2024 онд алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон хүрэх алба хаагчдад алба хаах хугацааг сунгуулах, эсхүл чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий 134 алба хаагчид хүргүүлж, гаргасан хүсэлтийг нэгтгэн "Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын тухай" танилцуулгаар 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулахад тухайн жилд алба хаах насны дээд хязгаар буюу 55 нас хүрсэн боловч үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан цагдаагийн хурандаа М.А нарын нэр бүхий 3 алба хаагчийн хугацааг сунгуулахаас татгалзсан.
3.2. Удирдлагаас М.А-ын алба хаах хугацааг сунгуулахаас татгалзсан талаар Хүний нөөцийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/109 дугаартай мэдэгдлийг түүнд гардуулан өгч, танилцуулахад тэрээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн боловч Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гомдол гаргаагүй. Мэдэгдлийг М.А од танилцуулснаас хойш цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгуулах албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлснээр "Алба хаах хугацааг сунгах тухай" мөн сайдын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/19*дугаар тушаал батлагдсан.
3.3. Нэхэмжлэгчийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх захиргааны актын талаар мөн гомдол гаргаагүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын байдлаар тэрээр 55 нас хэтэрсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалаар түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн.
3.4. Дээрх үйл баримтаас үзэхэд "Алба хаах хугацааг сунгах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/19*дугаар тушаалаар М.А-ын алба хаах хугацаа сунгагдаагүй тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2, 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар цагдаагийн ахлах цолтой алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар 55 нас байхаар хуульчилсан.
Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны актыг "илт хууль бус захиргааны акт" гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон үзэх боломжгүй байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0367 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Аоос “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
4. Анхан шатны шүүхээс “...алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг өөрийнх нь хүсэлтээр цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгжүүлэхээр заасан, харин хариуцагч нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, М.Аыг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, 3.6 дахь хэсэгт дурдсан мэдэгдлийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасан захиргааны акт илт хууль бус шийдвэр болсон байна” гэх дүгнэлтийг хийж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:, 91.1.3-т цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас, 91.2-т Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно гэж” гэж, 91.3-т Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлнө”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл ...хугацаа сунгуулж ажиллах хүсэлтээ гаргана. ...төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.
6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05/59 дугаар албан бичгээр “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдад алба хаах хугацааг сунгуулах, эсхүл чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх талаар нэхэмжлэгч М.А-од мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь тус мэдэгдлийн дагуу алба хаах хугацааг 1 жилээр сунгуулах хүсэлт гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/109 дугаар мэдэгдэх хуудсаар “...Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас М.А-ыналба хаах хугацааг сунгуулахаас татгалзсан тул тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.
7. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан, алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагыг хангасан байхад худал үндэслэл зааж, алба хаах хугацааг сунгах тухай хүсэлтийг хууль болон журамд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлаагүй орхигдуулсан нь хууль бус” гэж маргасан бөгөөд дээрх 2024/109 тоот албан бичгээр “...алба хаах хугацаа сунгахаас татгалзсан талаар” мэдэгдсэн тус шийдвэртэй танилцсан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн яам руу миний хүсэлтийг хүргүүлсэн гэж ойлгосон учир эс зөвшөөрч маргаагүй гэх тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байна.
8. Мөн, нэхэмжлэгчээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн "Алба хаах хугацааг сунгах тухай" А/19*дугаар тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн гэж тайлбарлах боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “...Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэж заасан байгаа энэ тохиолдолд тус шийдвэрийг гарсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус шийдвэрийг гарсантай холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд аливаа байдлаар хандаж, гомдол гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
9. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/109 дугаар хугацаа сунгахаас татгалзсан мэдэгдэл болон түүний хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан аливаа байдлаар гомдол гаргаагүй бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 21-ний байдлаар тэрээр 55 нас хүрсэн энэ тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалаар түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т тэтгэвэр тогтоолгох нас хэтэрсэн албан хаагч тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь томилох эрх бүхий этгээдээс түүнийг чөлөөлөх шийдвэр гаргахад саад болохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
10. Нөгөөтээгүүр, Б/188**дугаар тушаалаар М.Аыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хадгалуулан, Монгол цагдаа медалиар шагнаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох бүрдэл баримт бичиг болохын хувьд түүнийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан уг актыг гаргах үүрэгтэй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
11. Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шаардлагын тухайд “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” хоёр урьдач нөхцөл хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хувьд биелэгдэх боломжтой, уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжтой эсэхийг шүүх анхаарч үзээгүй нь буруу болжээ. Тухайлбал, маргаан бүхий акт хэрэгжээд нэхэмжлэгчийн хувьд нэгэнт шагнагдаж олгогдсон Монгол цагдаа медаль, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж, 2025 оны 1 дүгээр сараас эхэлж олгогдож буй өндөр насны тэтгэвэр зэргийг одоо буцаах боломжтой эсэх болон үүсэх үр дагаврыг зайлшгүй анхаарах нь зүйтэй.
12. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлсон маргаан бүхий акт нь хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, хууль буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийдвэр хууль зөрчсөн эсэх хүрээнд л дүгнэлт хийхээс бус дээр дурдсанчлан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/109 дугаар хугацаа сунгахаас татгалзсан мэдэгдэл болон түүний хүсэлтийг салбарын сайдад уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй энэ тохиолдолд хариуцагчаас М.А-ыналба хаах хугацааг сунгахаас татгалзсантай холбоотой хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
13. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч М.А-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/188**дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН