Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 09

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Цолмон, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Цолмонд холбогдох эрүүгийн 201608000171 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Цолмон /РД:МЮ87031039/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,  ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжингийн 26-633 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Цолмон нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 14 дүгээр зөрлөгийн орчимд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн чиглэлд П.Болорын эзэмшлийн Тоёота Харриер маркийн 31-40 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт  60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэснийг тус тус зөрчсөний улмаас автомашин нь онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан өөрийн эхнэр П.Болорчимэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Цолмон нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай засмал замаар Дорноговь аймгийн Хамрын хийдийн чиглэлд П.Болорын эзэмшлийн 31-40 УНЕ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 14 дүгээр зөрлөгийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэг "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 9.3 дахь хэсэг “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт  60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч П.Болорчимэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Цолмон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 31-ний өдөр талийгаач Болорчимэгийн хамт Болорчимэгийн эгч Болорын эзэмшлийн 31-40 УНЕ улсын дугаартай Тоёото Харриер маркийн тээврийн хэрэгсэлээр Барсболд, Дамбийням нарын хамт Дорноговь аймгийн Хамрын хийд орохоор явсан. Эхнэр нарийхан замтай болохоор машин ойрхон эвгүй зөрөөд байна болж өгвөл жаахан хол зөрөөрэй гэж хэлсэн. Ер нь их хурдтай яваагүй эхнэр хажуунаас аажуухан яв гээд байсан. 80-90 км цагийн хурдтай явж байсан. Хотоос гараад нэг ч зогсолтгүй явсан тул нэг зогсъё гэж бодоод явж байтал өөдөөс машин ирж байхаар нь баруун тал руугаа шахаад замын хажуугийн сул шороо руу гараад буцаад зам руу ортол машин шарваад хөмөрсөн. Зогсоох арга хэмжээ авах нөхцөл байгаагүй. Нэг секунтын хугацаанд л машин хөмөрсөн. Нэг сэрэхэд би машин дотроо, харин хажуу талд эхнэр байхгүй байсан. Дамбийням машинаас гараад цаашаа мөлхөж байсан. Барсболд бүсээ зүүлттэй хойд талд байж байсан. Би машинаас гараад  эхнэрээ хайсан чинь машинаас зүүн тийш 5, 6 метрийн зайтай дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эхнэр дээрээ очоод зүрхийг нь чагнахад зүрх нь цохилж байсан. Би зүрхэн дээр нь дарахад миний гарнаас атгаад нүдээ арай гэж жаахан нээгээд юм ярьж чадахгүй байсан. Би хамгийн түрүүн Болор эгч рүү болсон асуудлын талаар ярьсан. Би машинаа жолоодож явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би 2006 онд жолооны курс В ангилалаар сурч төгссөн. Урьд нь машин жолоодож байсан. Гэхдээ хөдөө замд машин барьж байгаагүй. Өөрөө өөрийгөө л буруутгаж байна. Маш их гэмшиж байна гэв.   

 

2. Хохирогч П.Болор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 30 минутын үед манай төрсөн дүү Болорчимэг “эгч би Цоомоогийн найз, эхнэртэй нь Ээж хад явлаа, аавынд очиж чадахгүй нь ээ” гэж мессеж бичсэн шиг санагдаж байна. Тэгээд 10 цаг 30 минутын үед манай дүү Болорчимэгийн нөхөр Цолмон над руу залгаад “осолд орчихлоо Болорчимэг амьсгалахгүй байна” Боогий эгчээ гэж ярьсан. Тэгээд би хамаатнуудаа аваад осол болсон гэх газар руу гарсан. Манай талийгаач Болорчимэг урьд нь хүүхэд төрүүлж байгаагүй, нас барах үедээ 7 сартай жирэмсэн байсан. Болорчимэг нь Цолмонтой 10 жилдээ танилцсан. Гэр бүлийн харьцаатай байж байгаад саяхан 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр гэрлэлтээ батлуулсан. Манай дүү Болорчимэг жолооны үнэмлэхтэй боловч жирэмсэн болохоороо жолоо барьдаггүй байсан. Цолмон машинаа барьж явсан байх. Осолд орсон 31-40 УНЕ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Harrier маркийн авто машин нь миний машин байгаа юм. Хаан банкны лизингээр авсан. 2-3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-26 дугаар хуудас/

 

3. Гэрч Г.Барсболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 сарын 31-ний өдөр 10 цагийн орчимд Цолмон, Дамбийням, Цолмонгийн эхнэрийн хамт Дорноговь аймгийн Хамрын хийд орохоор Harrier маркийн машинтай Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд цаг орчим засмал замаар яваад бид нарын сууж явсан машин онхолдсон. Нэг мэдэхэд Улаанбаатар хот руу машинд сууж яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Дамбийням бид хоёр хойд талд нь сууж явсан. Бид нар машин дотор юм яриад явж байгаад машин онхолдсон. Машин жолоочийн эсрэг тал руу замаас гараад онхолдсон. Машиныг Цолмон барьж явсан. Цолмоныг хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. Машин юунаас болж онхолдсоныг мэдээгүй. Цолмон архи уугаагүй эрүүл байсан. Би хавирга, аарцаг орчимдоо гэмтэл авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 дүгээр хуудас/

 

4. Шинжээч Ц.Равдан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Хэрэгт авагдсан материалтай танилцахад 31-40 УНЕ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины жолооч Б.Цолмон нь суурин газрын гаднах замд 80 км цагийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн нь харагдсан. Тухайн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний үзэгдэх орчин нөлөөлөөгүй. Тухайн осол нь хурд хэтрүүлснээс  болсон гэж үзэх үндэслэлтэй байсан тул дүгнэлтийг гаргасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48 дугаар хуудас/

 

5. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар дүгнэлтэнд: 31-40 УНЕ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины жолооч Б.Цолмон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна.

Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч Ц.Равдан гэжээ. /х.х-ийн 47 дугаар хуудас/

 

6. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаар дүгнэлтэнд: Талийгаач П.Болорчимэгийн цогцост гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл, гавлын суурь хэсгийн яснуудын шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, хуйхны дотор гадаргын цус хуралт, зүүн талын олон хавирганы хугарал, хугарал орчмын эдийн цус хуралт, 2 талын уушгины цус хуралт, сэмжний цус хуралт, дух, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, доод уруулын доод хэсгийн няцарсан шарх, эрүүний цус хуралт, цээжний цус хуралтууд, зүүн бугалга, баруун шуу, баруун гарын алганы, зүүн шуу, зүүн бугуй, зүүн алганы цус хуралт, зүүн ташааны зулгаралт, цус хуралт, баруун гуяны зулгаралт, цус хуралт, зүүн гуяны цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016.10.31-нд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь амьд ахуйд үүсч үхэлд шууд хүргэсэн байна. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач П.Болорчимэг нь 7 сартай жирэмсэн байжээ. Ургийн хөгжил нь зөв, хүн төрхөө олсон. 7 сар тээгдсэн байна. Талийгаач П.Болорчимэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг нэн даруй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

Дүгнэлт гаргасан: Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 63-64 дүгээр хуудас/

 

7. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15307 дугаар дүгнэлтэнд: Барсболдын биед баруун талд 10-р хавирга нугалмын хажуу шугамаар зөрөөгүй ташуу хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, шинжээч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 67 дугаар хуудас/

 

8. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15302 дугаар дүгнэлтэнд: Дамбийнямын биед гуя, шилбэ, тахиманд зулгаралт, цус хуралт, цээжний баруун хэсэг, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, шинжээч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 70 дугаар хуудас/

 

9. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15306 дугаар дүгнэлтэнд: Б.Цолмонгийн биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ард цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, зүүн бугуй, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, шинжээч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 74 дүгээр хуудас/

 

10. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.Цолмонгийн гэх цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 78 дугаар хуудас/

 

11. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 007/102 дугаар дүгнэлтэнд: Хэргийн газраас бэхжүүлэн авсан №1, №4 дугаартай мөрний папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. №2, №3, №5, №6 гэсэн дугаартай мөрнүүдийн папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Папилон санд бүртгэлтэй сэжигтэн Баярсайхан овогтой Цолмонгийн гарын мөртэй тохирох “MN003210005459” кодтой дугаар мөрний баруун гарын дунд хурууны мөрөөр дарагдсан байна.

Дүгнэлт гаргасан: Говьсүмбэр аймгийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /х.х-ийн 81-83 дугаар хуудас/

 

            12. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 8, 9 дүгээр хуудас/

 

13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 10-17 дугаар хуудас/

 

14. Цогцосны хувцасанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /х.х-ийн 18-19 дүгээр хуудас/

 

15. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 57-62 дугаар хуудас/

 

16. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6584 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэнд: 31-40 УНЕ улсын дугаартай, Toyota Harrer маркийн, ACU35-0010192 тоот арлын дугаартай, хүрэн улаан өнгийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлүүдийг тогтоожээ. /х.х-ийн 33-44 дүгээр хуудас/

 

17. “Ашид билгүүн ХХК”-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 89 дүгээр хуудас/

 

18. Шүүгдэгч Б.Цолмонгийн хувийн байдлыг тодруулсан гэрч Ж.Баярсайхан, Л.Зоригтбаатар, С.Алтантуяа нарын мэдүүлэг /хх-ийн 27, 30-31 дугаар хуудас/

 

19. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Цолмонг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Болор нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Цолмонг бусдад төлөх төлбөргүйг болон цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Цолмонг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж ялыг тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цолмонгийн 427174 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Цолмонг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Цолмонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цолмонд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Цолмон нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Цолмонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Цолмонгийн 427174 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Цолмонд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цолмонд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА