Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: НШГАт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Худалдаа хөгжлийн банк” ХХК,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг тус тус үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 сарын 11-ний өдрийн 3797 дугаартай захирамжаар “АБ” ХХК болон иргэн А.Батзориг, Ц.Тунгалаг, Д.Зоригтбаатар нараас 513 521 886 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч “АБ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000225019 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 148005/0021 дугаар 360 м.кв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 658 800 000 төгрөгийн 70 хувь болох 461 160 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000126364 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 94 514 100 төгрөгийн 70 хувь болох 66 159 870 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаагаар оруулж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 48005/0021 дугаартай 360 м.кв талбайтай газрыг дангаар үнэлэх ёстой байхад үнэлээгүй орхигдуулсан. Төлбөр төлөгч газрыг дангаар нь үнэлүүлэх саналаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч үнэлээгүй. Дээрх үнэлгээг төлбөр төлөгчид 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3/1290 дугаартай шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Иймд “АБ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000225019 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 148005/0021 дугаартай 360 м.кв талбайтай газрын хамт, Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцыг тус тус үнэлсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 772 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Манайх албан ёсны гэрээт үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгосон. Бид үнэлгээний байгууллагын зах зээлийн ханшийн дагуу тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаа явуулсан бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хуульд заасны дагуу талуудаас үнийн саналыг авч талуудад мэдэгдсэн бөгөөд харилцан үнийн санал дээрээ тохиролцоогүй учир хөндлөнгийн шинжээч томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж эхэлснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрээр 2 удаа хүчингүй болж, өнөөдөр гурав дахь удаагийнх нь үнэлгээний маргааныг шүүх хянан шийдвэрлэж байна. 3 үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “БД” ХХК 616 600 000 төгрөгөөр, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК 658 800 000 төгрөгөөр, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 603 000 000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв 658 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа. Эдгээр үнэлгээг харахад 3 үнэлгээний компани гурвуулаа 600 000 000-650 000 000 төгрөгийн хооронд үнэлсэн байдаг. 2 дахь барьцаа хөрөнгийн тухайд “БД” ХХК 2015 оны 4 дүгээр сард 111 000 000 төгрөгөөр, 2016 оны 1 дүгээр сард “Итгэлт эстимэйт” ХХК 95 000 000, 2016 оны 12 дугаар сард Хөрөнгийн үнэлгээний төв 94 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оноос хойш ажиллагаа хийгдсэн энэ 3 жилийн хугацаанд “АБ” ХХК нэг ч төгрөг төлөөгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байгаа. Үүнээс үүдэн Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа ноцтойгоор зөрчигдөж байх тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, төлбөр төлөгч “АБ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн                      Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000225019 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилга, Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гэрчээс мэдүүлэг авахаар "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зоригтыг дуудан ирүүлж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 хаягт байрлах 360 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 148005/0021 дугаартай 360 м.кв талбайтай газрын хамт үнэлгээний талаар тайлбар авахад гэрч Р.Зоригт нь үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь газраас салгавал эдийн засгийн утгаа алддаг, салгаж үнэлж болдоггүй учраас цугт нь үнэлсэн, 658 000 000 төгрөгийн үнэлгээнд газрын үнэ орсон, газрын байршлаас шалтгаалан үнэ тогтоогддог, тус үнэлгээний газрын үнэлгээ одоогийн зах зээлийн ханшийн дагуу үнэ зөв үнэлэгдсэн гэж тодорхой тайлбар гаргаад байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... хүчингүй болсон хуулийг буцааж хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй байхад хуулийг хэрэглэсэн нь ноцтой алдаа гарсан байна. ... Үнэлгээг хийсэн үнэлгээний ахлах мэргэжилтэн Б.Батзаяа шүүх хуралдаанд "...Газар, обьект хоёр нь хамт байрладаг тул хамтад нь үнэлсэн. ... хамтад нь үнэлж болно, салгаж тусад нь үнэлж болно. Би хамтдаа үнэлнэ гэж ойлгоод үнэлсэн ..." гэж мэдүүлсэн. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь НШГАт холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 772 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3797 дугаар захирамжаар “АБ” ХХК болон А.Б, Ц.Т, Д.З нар 510 652 722.75 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-7-р тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/27, 14/28 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах 360 м.кв газар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцыг тус тус битүүмжилж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05, 15/06 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авчээ. /хх-ийн 31-37-р тал/,

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК-иас гаргасан үнэлгээ тогтоолгох хүсэлтийг үндэслэн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 195 дугаар тогтоолоор, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нийг шинжээчээр томилж, шинжээч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 772 дугаартай үнэлгээг гаргасан байна. /хх-ийн 45-р тал/

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “772 дугаартай үнэлгээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 148005/0021 дугаартай, 360 м.кв талбай газрыг дангаар нь үнэлэх ёстой байхад үнэлээгүй орхигдуулсан тул үнэлгээг хүчингүй болгуулна” гэсэн боловч энэхүү шаардлага нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгосон нь буруу болжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 772 дугаартай үнэлгээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг, мөн хаягт байрлах 360 м.кв газрын хамт зардлын, өртгийн хандлагын, зах зээлийн, зах зээлийн харьцуулалтын, орлогын хандлагын, газар эзэмших эрхийн, газрын үлдэгдэл үнийн зэрэг олон аргуудыг хэрэглэж үнэлсэн нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул 360 м.кв газрыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, НШГА нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл болон хууль хэрэглээнд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч НШГАт холбогдох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 772 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “... үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ 

 

                              ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ