Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/523

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000001085 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “******* ХХК”-д инженер ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Хувьсгалчдын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИС*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүүн талын автобусны буудал дээр хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслээ асаалттай үлдээсэн хойгуур тухайн автотээврийн хэрэгслийг түр хэрэглэх, зугтаах зорилгоор буюу завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүүн талын автобусны буудал дээр хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслээ асаалттай үлдээсэн хойгуур тухайн автотээврийн хэрэгслийг түр хэрэглэх, зугтаах зорилгоор буюу завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ийн "...2023 оны 4 дүгээр сарын 22-аас 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Эх нялхсын зурагт талын автобусны буудал дээр улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг асаалттай нь нормалдаж гадна талаас түгжээд үлдээж Түц орж тооцоо нийлээд гарч ирэхэд автомашины мөргөлдөх чимээ гарсан. Би юу болоод байгаа юм бол гэж бодоод гарч ирэхэд “Prius 20” маркийн автомашин урсгал сөрчихсөн миний машин мөргөлдсөн байдалтай байсан. Би цагдаад өөрийн автомашиныг хулгайд алдсан талаар гомдол гаргаж мөргөлдсөн машин дээр очиход миний машины гупер, гэрэл хагархай зам дээрээс олдсон. Цагдаа маш хурдан ирсэн 3 орчим минут болсон байх юу болсон талаар цагдаад хэлэхэд араас нь хөөе намайг цагдаагийн машинд суучих гэж хэлээд хамт авч яваад нэг буудал орчим явахад Сэрүүлэг дээд сургуулийн урд мөргөлдсөн “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл миний машины урдуур хашиж ахиж мөргөж зогссон байдалтай байсан цагдаа шууд сууж ирээд хулгайч залууг барьж авч машинд суулгаж цагдаагийн газар авчирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

Гэрч С.н "...2023 оны 4 дүгээр сарын 22-23-ны шилжих шөнө захынхаа 73-70 улсын дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Баянгол дүүргийн нутагт ардын хоршоогоор дээш зурагт тал руу өгсөж байхад авто машин урсгал сөрж орж ирээд миний машины хойд хонгыг мөргөж зугтаасан. Би араас хөөж Гандангийн буудал дээрээс барьж авсан араас цагдаа нар ирсэн. Миний машиныг мөргөсөн машины жолооч гэх өндөр туранхай согтуу залуу бууж ирсэн их согтуу залуу байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 36935 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Яллагдагч П.н “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө 10 жилийн 46 дугаар сургууль дээр очиж тэмцээн оролцсон юм.Тэгээд архи ууж юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан машинд суусан явсан, машинтай мөргөлдсөн цагдаа ирээд намайг гавлаж явсан тэрийг санаж байна өөр зүйл санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон согтуугаар ******* нь хохирогч *******ийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийг асаалттай үлдээсэн хойгуур тухайн автотээврийн хэрэгслийг түр хэрэглэх, зугтаах зорилгоор буюу завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт хохирогч ******* нь “...2.600.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан, одоо гомдол саналгүй...” гэсэн, нь “...миний улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан. Одоо хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй.” гэсэн хүсэлтийг тус тус (хавтаст хэргийн 25, 26 дахь тал)-д гаргасан байх тул энэ хэрэгт шүүгдэгч П.г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч П.н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч П.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ