Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0507

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ийннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: Б.Ц

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А

Гуравдагч этгээд:Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3896 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 276 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх ху  ралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч улсын байцаагч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0060

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Цгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Ат холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3896 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Цгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Ат холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3896 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Цгаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын хувьд “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 459 тоот шийдвэрээр олгогдсон 6 дугаар хороолол, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорины давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхрын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 47/2009 дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгч, орон сууц захиалгын гэрээний дагуу иргэдэд худалдан борлуулж байх үед нэхэмжлэгч нь Х тоот орон сууцыг худалдан авч амьдарч байгаад 2022 оны 12 дугаар сард тус байрны 2Х тоот орон сууцыг зарна гэсний дагуу Х тоотзогсоолын хамт 250 000 000 /байр 220 000 000 төгрөг, зогсоол 30 000 000 төгрөг/ төгрөгөөр худалдан авсан.

3.2. Тухайн орон сууцыг худалдан борлуулж байсан өмчлөгч Ц.О нь тус орон сууцанд мөн л 2009 оноос хойш амьдарч байсан, Х тоотзогсоолыг тасралтгүй 13 жил эзэмшиж ашиглаж байсан, ингэж ашиглаж байхад ХХ тоот зогсоолын эзэн гэх Н нь мөн л авто зогсоолоо эзэмшиж, ашиглаж байсан. Бид дээрх авто зогсоол, орон сууцыг худалдаж авахдаа зогсоолын өмчлөлийн маргаан байгаа эсэхийг барилга байгууламжийг ашиглалтад оруулсан “Х” ХХК болон СӨХ зэргээс лавлаж асуусны үндсэн дээр худалдаж авсан. Хэрэв эрхийн болон биет байдлын зөрчилтэй байсан бол бид дээрх зогсоолыг худалдаж авахааргүй байсан. Эрхийн болон биет байдлын аливаа зөрчилгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 29 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Үүнийгээ ч гомдол шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байдаг. Гэтэл хариуцагч нь хууль, журмыг зөрчиж миний өмчлөх эрхэд халдан, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

3.3. Түүнчлэн, гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...тус авто зогсоолыг 2016 оны 3 дугаар сард худалдаж авсан...” гэдэг, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ... худалдаж авахад давхар зогсдог гэдгийг н.Б хэлж байсан...” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд уг нөхцөл байдлаас үзэхэд 2016 онд эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн атлаа холбогдох эрх бүхий байгууллагад авто зогсоолтой холбоотойгоор гомдол гаргаж байгаагүй, 8 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэхээр байгаа. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

3.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан бөгөөд тус зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь холбогдох баримтаа бүрдүүлэн хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэж улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэж, гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч нь авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхэд хуульд заасан ямар нэгэн хязгаарлалт байхгүй, ямар нэгэн зөрчил байгаагүй учраас бүр хуульд нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн байдаг. Гэтэл хариуцагч нь уг нөхцөл байдлыг тогтоохгүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

3.5. Улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” эрх, үүрэгтэй байхаар хуульчилсан. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь эрхээ хамгаалуулахаар гаргасан этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа үүссэн нөхцөл шаардлагыг тогтоох, эрх зүйн шаардлагыг хангаж (эрх зүйн хамгаалалтын хугацаа буюу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа) байгаа эсэхийг шалгах үүрэгтэй, нөгөө талаас эрх зүйн хамгаалалт хүсэж буй иргэн, хуулийн этгээдийн зүгээс хуульд заасан гомдол гаргах журам, хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүргийг хүлээх юм. Гэтэл улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг хэрэгжүүлж маргаан бүхий дүгнэлтийг үйлдэхдээ хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.6. Учир нь өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт явуулахдаа уг гомдол нь хууль тогтоомжид заасан хугацаанд хамаарч буй эсэх, гомдол шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас үүсэх үр дагавар нь бодит нөхцөл байдалд нийцэх эсэхийг шалган тогтоолгүйгээр /галын дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад/ хүчингүй болгох дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэн эрхээ хамгаалуулахыг хүссэн этгээд буюу гуравдагч этгээд Нандинболдын хувьд өөрт нь сөрөг нөлөөлөл үүсгэсэн хууль бус актыг хүчингүй болгохыг шаардах эрхтэй боловч тухайн акт нь хаяглагдсан этгээдэд эерэг үйлчлэлтэй байж, түүнд гомдол гаргах (ерөнхий) хугацаа дууссанаар түүнийг хүчингүй болгохыг шаардах эрх хязгаарлагдах бөгөөд хуульд заасан журмын дагуу бүртгэж өмчлөх эрх олгосон байхад тус бүртгэлийг хүчингүй болгосноор өмчлөх эрхийг үгүйсгэсэн үр дагаврыг үүсгэсэн, гомдлыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг баримтлаагүй, эерэг нөлөөлөлтэй актыг хүчингүй болгох зохицуулалтыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.  

3.7. Түүнчлэн, Улсын байцаагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, улсын бүртгэл “үнэн зөв, бодитой байх” байх зарчмыг хэрэгжүүлсэн гэж маргах боловч хариуцагчид хуулиар олгогдсон энэхүү эрх нь хуульд үндэслэх зарчмын хүрээнд хязгааргүй олгогдсон эрх биш юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон өмчлөх эрхийг шууд үгүйсгэж хүчингүй болгох эрхийг олгоогүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Тухайн орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс 2009 онд ажиллаад холбогдох баримтуудыг хянаж шалгасан байдаг. Уг комиссын бүрэлдэхүүнд галын байцаагч нар хамт ажиллаад галын норм, стандарт зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргасан. Комиссын дүгнэлтэд үндэслээд дээрх орон сууцыг байнгын ашиглалтад хүлээгээд авсан. Ингэж хүлээж авснаас хойш өмнөх галын дүгнэлтийг хүчингүй болгосон талаарх аливаа шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл ЧД-ийн онцгой байдлын хэлтсийн байцаагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн бүрэн эрхэд олгогдоогүй буюу комисс ажиллаж хүлээж авч байх үеийн өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох эрх олгогдоогүй байхад галын байцаагч нар хууль бус шийдвэр гаргаж дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслээд хариуцагч шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

3.8. Гэтэл шүүх уг үндэслэлгүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэгч нь холбогдох хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан бөгөөд тус хүсэлтэд төрийн байгууллагаас баталсан журмын дагуу бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг хавсаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэн холбогдох бүртгэлийг хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3896 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчид олгосон Ү-22020307** дугаартай бүртгэлийг хүчингүй болгосон.

3.9. Ингэж шийдвэрлэснээр хууль ёсоор үүссэн нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шууд халдсан үйлдэл болсон бөгөөд уг нөхцөл байдлаас үүдэж нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол үүссэн. Тодруулбал, тухайн авто зогсоолыг 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хэрэв хариуцагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүхээс шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид үүссэн тухайн хохирлыг хэн, хэрхэн хариуцах талаар шүүх дүгнэлт өгөхөөр байсан. Гэтэл шүүх тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0276 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч Б.Цгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.Ат холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3896 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.2. Маргаан бүхий улсын байцаагчийн 3896 дугаар дүгнэлтээр “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасны дагуу Б.Ц-ийнөмчлөлд бүртгэсэн 0Х тоотзогсоол ньБ.Нын өмчлөлийн ХХ тоотзогсоолын талбайд автомашины орох гарах хөдөлгөөнийг хааж, талбайн хэмжээг таллан давхардуулж бүртгэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, Б.Ц-ийнөмчлөлд бүртгэсэн 0Х тоотавто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч “...тус байранд 2010 оноос хойш 15 жил амьдарч байна, 2022 оны 12 дугаар сард 5Х-2Х тоотыг зарна гэсний дагуу Х тоотзогсоолын хамт худалдан авахаар тохирч, 2023 оны 01 дүгээр сард төрийн байгууллагаас шаардсан нотлох баримт, хүсэлт гаргасны үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор авсан, давхцсан зүйл байхгүй гэтэл ХХ тоот зогсоолын өмчлөгч Б.Н маргаан үүсгэж, гомдол гаргасны дагуу улсын байцаагч нь үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж, хариуцагчаас “...Х тоотзогсоол Х тоот зогсоолоо хааж байрласан, м.кв-ыг давхардуулаад бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хуульд заасан зарчимд нийцүүлэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж, гуравдагч этгээдээс “...Х тоотзогсоолыг давхардуулан бүртгэж орох гарах гарцыг хаасан нь авто зогсоолын стандартыг зөрчсөн байна гэсэн Онцгой байдлын хэлтсийн гаргасан дүгнэлт гарсан, мөн миний эзэмшлийн зогсоолын орц, гарцыг яаралтай чөлөөлж өгнө үү гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 3.1.7-д “эх нотлох баримт бичиг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, ... биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг”,  4 дүгээр зүйлийн 4.5-д “эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална”, 4.6-д “эрхийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгч хөтөлнө”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 10 дугаар зүйлийн 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”, 10.6.5-д “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг” гэж, мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 5 дугаар зүйлийн 5.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж тус тус заасан.

2.5. Анхан шатны шүүхээс “...2008 онд хийж гүйцэтгэсэн барилга архитектурын өөрчлөлтийн зургаар 11 ширхэг авто зогсоол, сан узель, дулааны өрөө нь зоорины давхрын баруун хойд хэсэгт байхаар зурагдсан, хариуцагчаас хийсэн үзлэгээр гуравдагч этгээдийн B1 давхрын ХХ тоотавто зогсоол нь ертөнцийн зүгээр зүүн хойд булангийн ханан талдаа ХХХ тоот зогсоолын зэрэгцээ байрлалтай, аль аль нь баруун эсхүл зүүн тийшээ авто машиныг харуулан байрлуулж зогсохоор байрлалтай, нэхэмжлэгчийн Х тоот авто зогсоол нь ХХ тоот зогсоолын баруун талд, авто машины орж гарах зорчих хөдөлгөөнийг хааж, авто машиныг баруун эсхүл зүүн тийшээ харуулан байрлуулж зогсохоор байрлалтай гэсэн нь эдгээр зогсоолууд нь тус тусдаа давхцалгүйгээр 23 м.кв байх боломжгүй, нэхэмжлэгчид ХХ тоот зогсоолыг 23 м.кв хэмжээгээр олгох үндэслэлгүй, гуравдагч этгээдийн орж гарах хөдөлгөөнийг хаасан болохыг маргаан бүхий дүгнэлтээр зөв тогтоосон, ...хариуцагч улсын ахлах байцаагчаас хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хүчингүй болгож дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, гуравдагч этгээд Б.Н нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Л-ны гудамж, 57 дугаар байр, зоорийн давхар ХХ тоот хаягт байршилтай 23м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ү-22020167** дугаар гэрчилгээ авсан, нэхэмжлэгч Б.Ц нь маргаан бүхий Х тоотхаягт байршилтай 23.м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0010529** дугаар гэрчилгээ авсан. Гуравдагч этгээд Б.Ноос 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт “...2023 оны 02 дугаар сараас миний зогсоолтой давхардуулж орц, гарцыг хааж Х тоотзогсоолд гэрчилгээ олгосноор тус Х тоотын эзэмшигч Б.Цтай маргаан үүсэж эхэлсэн тул ...миний эзэмшлийн зогсоолын орц, гарцыг яаралтай чөлөөлж өгнө үү” гэх гомдлыг гаргасны дагуу хариуцагч улсын ахлах байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг тогтоож, маргаан бүхий дүгнэлтийг гаргасан үйл баримтууд тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...2016 онд эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн атлаа холбогдох эрх бүхий байгууллагад авто зогсоолтой холбоотойгоор гомдол гаргаж байгаагүй, 8 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэхээр байгаа. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.1. Учир нь дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдийн “...гэрчилгээ гаргуулан хуулийн дагуу өмчлөгч болсныг 2023 оны 2-р сард мэдсэнээс хойш би өөрийн өмчлөлийн 23 м.кв талбайгаа хамгаалж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтэст, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст гомдол гарган өөрийн өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэн хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хамгаалсан. Б.Цг   гэрчилгээгээ надад үзүүлснээс хойш л би Х тоотзогсоол минийхтэй давхардсан гэдгийг мэдсэн ба түүнээс хойш холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсаар ирсэн” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг өмчлөгч болсныг мэдсэнээс хойш уг шийдвэртэй тасралтгүй маргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул улсын байцаагч гомдлыг шийдвэрлэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх  хугацааг баримтлаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

4. Түүнчлэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаас үзэхэд эрх нь зөрчигдөж байгаа этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад хандан өргөдөл гаргах эрхтэй, хэрэв тухайн бүртгэл нь буруу ташаа хийгдсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор хуульчилсан. Хариуцагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах нь албан тушаалын хувьд хуулиар хүлээсэн эрх, үүрэг бөгөөд үүнийгээ хуулийн дагуу биелүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “...хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон өмчлөх эрхийг шууд үгүйсгэж хүчингүй болгох эрхийг  хариуцагчид олгоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Харин нэхэмжлэгч  нь тухайн авто зогсоолыг 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг нөхцөл байдлаас үүдэж тодорхой хэмжээний хохирол үүссэн” хэмээн маргаж буй энэ энэ тохиолдолд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       ШҮҮГЧ                                                                                                                                   Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                                                                                                  А.САРАНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                                                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН