Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0165

 

 

                                               

 

 

 

 

 

                                            

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “И т” ХХК                                                             

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Ггаас шийтгэлийн хуудас оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, гэрч Э.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “И т” ХХК нь тус шүүхэд хандан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.Ггийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “И т” ХХК нь Баянгол дүүрэгт байрлах “Т*******” хүнсний захыг хүнсний бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр бусдад түрээслүүлэн ажиллуулдаг.

2.2. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын мөн оны 20 дугаартай тушаал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ерөнхий байцаагчийн мөн оны 110 тоот албан шаардлага гарсан.

 2.3. Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг ажиллаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Т*******” хүнсний захад хяналт шалгалт хийсэн.

2.4. Уг хяналт шалгалтаар тус зах нь үхрийн махыг урд өдөр нь 8500 төгрөгөөр худалдаалж байсан атлаа хөл хорио тогтоосон өдөр үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь зөрчил гэж үзэж, тодруулбал, гомдол гаргагч “И т” ХХК-ийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хялбар журмаар шийдвэрлэж, 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгосон.

2.5. Шийтгэлийн хуудсыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г гаргасан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн огноотой, 00******* дугаартай.[1]

2.6. Шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” зөрчил гаргасан гэж үзсэн.[2]

2.7. Тус шийтгэлийн хуудсыг хариуцагч улсын байцаагч Д.Г гомдол гаргагч “И т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд гардуулаагүй, харин 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн эрүүл ахуйч ажилтай Э.Б*******д гардуулсан.[3]

2.8. Шийтгэлийн хуудас гарсныг тус компанийн эрх бүхий албан тушаалтан болох Гүйцэтгэх захирал З.П 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн[4] бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/27 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.[5]

2.9. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1305 тоот албан бичгээр гомдолд хариу өгсөн.[6]

2.10. Дээрх хариуг гомдол гаргагч эс зөвшөөрч, тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан.

2.11. Гомдол гаргагчийн зүгээс “... улсын байцаагч тус компанийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, тус компани өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн шинжтэй үйл ажиллагаа огт явуулаагүй, мөн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглээгүй, манай компани зөвхөн лангуу түрээслүүлдэг, өөрөө мах болон бусад бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэггүй, түрээслэгч нарын худалдаалж байгаа махны үнийг тогтоох, үнэд нөлөөлөх, үнийн талаар санал өгөх эрх хэмжээ тус компанид байхгүй, хариуцагч улсын байцаагч шийтгэлийн хуудсаа манай компанийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, гардуулаагүй, тиймээс шийтгэлийн хуудас хууль бус болсон ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчийн зүгээс “... хяналт шалгалтаар тус зах нь үхрийн махыг урд өдөр нь 8500 төгрөгөөр худалдаалж байсан атлаа хөл хорио тогтоосон өдөр үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” гэх зөрчил гэж үзэх үндэслэлтэй, шийтгэлийн хуудсыг тус компанийн захиралд гардуулаагүй боловч тус компанийн эрүүл ахуйч Э.Б*******д танилцуулж, улмаар тэрээр “хүлээн зөвшөөрөхгүй” гэж гарын үсэг зурснаар мэдэгдсэн гэж үзнэ, тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү ...” гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 005320999 дугаартай шийтгэлийн хуудсаар “И т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзээд 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг нь хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсвэл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулж өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулсан гэсэн агуулгатай. “И т” ХХК нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуулийн заалтад дурдаад байгаа хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсвэл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зүйл байхгүй. Өрсөлдөөнийг хязгаарласан юм байхгүй гэсэн агуулгатайгаар шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа. Үүнтэй холбоотой шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.  

... Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заагаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ гэж заасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцааг Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогч гэж үзээд байгаа “И т” ХХК-ийг бүхэлд нь танилцуулсан гардуулах ажлыг зохион байгуулж байгаагүй байна.  

Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцааг Д.Г нь хариу тайлбартаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогч “И т” ХХК-ийн эрүүл ахуйч Э.Б*******д шийтгэлийн хуудастай танилцсан зөрчлийн хэргийн 22 дахь талд авагдсан шийтгэлийн хуудас дахь тэмдэглэгээгээр нотлогдоно гэж дурдаад байгаа юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийн тухай заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасан. Эрх бүхий албан  тушаалтан гэдэг ойлголт нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт  компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтныг ойлгохоор  зааснаар эрүүл ахуйч Э.Б******* эдгээрийн аль ч албан тушаалтан биш байна. Э.Б******* нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдээс шаардлага хангасан итгэмжлэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй. 

Захиргааны хэрэгт мөн авагдаагүй байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараах хүн төлөөлж болохгүй гээд 3.2 дахь хэсэгт тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримтуудаас үзэхэд Э.Б******* өөрөө холбогдогч юм байна гэдэг нь харагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дэх хэсэгт оролцогч гэж хэн бэ, гэдгийг заахдаа зөрчилд холбогдогч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэсэн. Баримтуудаас үзэхэд Э.Б******* “И т” ХХК-ийг хуулийн энэ заалтаар төлөөлөх эрхгүй, болохгүй байсан байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцааг Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогч “Итгэлт билэг трейд” ХХК-д биечлэн танилцуулсан, гардуулсан баримт байхгүй, танилцуулаад байгаа нь үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцааг Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогч “Итгэлт билэг трейд” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан. “И т” ХХК нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж биш гэдэг нь тогтоогдсон. Шийтгэл ноогдуулсан заалтыг харахад аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан бол гэж заасан заалтын гол зорилго нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх ёстой. Худалдан авагч нар “И т” ХХК-ийн өрсөлдөгч биш. Өрсөлдөгч гэж хэн бэ, гэдэг нь Өрсөлдөөний тухай хуульд заасан тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчдийг заасан. Асуулт хариултын шатанд өрсөлдөгч байж болох хуулийн этгээд хамгийн ойрхон хаана байна, гэхэд Хүчит шонхор, Хархорин, Нарантуул-2 захууд гэж хэлсэн. “И т” ХХК нь өрсөлдөөнийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ тохиолдолд үнэ өсгөсөн байлаа гэж бодоход үнэ өсгөлөө гэдэг агуулгаар өрсөлдөөн хязгаарлагдахгүй. Харин нөгөө талдаа боломж бий болгоно. “И т” ХХК-ийн  объектыг түрээсэлж байгаа түрээслэгч нарын худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн зарчмаар тогтож байгаа.

“И т” ХХК-аас тухайн үнэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. “И т” ХХК болон  төр өөрөө ийм байдалд нөлөөлөх боломжгүй гэдэг нь Үндсэн хуульд заагдсан байдаг. Энэ нь ямар аргаар тогтож байгаа вэ, гэвэл зардал-ашиг гэдгээр тогтож байгаа. Асуулт хариултын шатанд зардал хаана гараад байгаа вэ, гэхээр тээвэрлэлтийн зардал, Хүчин шонхор захаас мах худалдан авч байгаа зардал, Хүчин шонхор захын түрээслэгч нарын худалдагч нарын ашиг нэмэгдэж үнэ тогтож байгаа. Тийм учраас “И т” ХХК-д энэ нөлөөлөх боломжгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдалтай холбоотой асуудал. Хүчит шонхор захаас 8500 төгрөгөөр худалдаад авсан. 10000 төгрөгөөр тээвэрлээд ирсэн махыг 7800 төгрөгөөр зар гэсэн чиглэл өгөх боломжгүй юм. Түрээслэгч байгууллагын хувьд бол зөвхөн түрээсийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын байдал, түрээсийн төлбөрөө цаг тухайд нь авахтай холбоотой харилцаанд орсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 54 дүгээр зүйл дээр төр үндэсний эдийн засгийн байдал аж ахуй бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн өөрчлөлтийг харахад тандах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан. Эдийн засгийг зохицуулна гэдэг нь нэгдмэл төлөвлөгөөгөөр захирах, боломжийг нь нээж өгөх гэсэн заалт байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас “И т” ХХК-ийг түрээслэгч нарынхаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж байгаа үнэ дээр ямар нэгэн зохицуулалт хийсэнгүй гэдэг агуулгатай. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байна гэсэн агуулгатайгаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

3.2. Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “И т” ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайн үед хөл хориотой холбогдуулан манай байгууллагаас үнийн хөөрөгдөлтэй тэмцэх арга хэмжээг Улсын онцгой комисстой хамтран  яаралтай зохион байгуулж ажиллаж байсан. Монгол Улсын засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих зэргээр зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоол гаргасан байдаг бөгөөд тогтоолын 10 дугаарт хүнсний нэрийн гол бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт борлуулалтын байдал үлдэгдлийн үр дүнд өдөр тутамд хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл зохиомол хомсдол үүсгэх хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах үүрэг болгож өгсөн.

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай удирдамж батлах тухай тушаалаар  Засгийн газрын 78 дугаар тогтоолтой агуулга бүхий шийдвэрийг гаргаж хэрэглэх хэрэгжилтийг хангаж ажиллахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өөрөө өгсөн байдаг. Тийм болохоор Монгол улсад хөл хориотой тохиолдолд Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд махны үнэ хөөргөдөж дамлан худалдаалж зарах, иргэдийг төөрөгдүүлэх байдлаар худалдаалан мөнгө нэмж зарсан байна гэсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу томоохон захууд дээр шуурхай ажилласан байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бол “И т” ХХК-ийн 5 эрдэнэ захад албан шаардлагыг өгөөд энэ тушаал, шийдвэрийн дагуу танай захиргааны хэргийн шүүх дээр ирсэн гомдол мэдээллийг үндэслээд дахин шалгалт хийж байна. Мөн албан шаардлагыг өгч байсан. Энэ нь улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагын хэрэгжилтийг шалгах хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газрын хамтран баталсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 тоот удирдамжийн дагуу мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч н.Цэрэндулам даргаар ахлуулан Д.Г миний бие газар дээр нь 5 эрдэнэ зах дээр ажилласан. Түрээслэгч нараас нь бид нар үнийн мэдээлэл асууж байсан. Хөл хорио тогтоохоос өмнө ямар үнэтэй байсан, өнөөдөр ямар үнэтэй болсон байна. Манай хэрэглэгчийн 115 дугаар төв дээр ирсэн гомдол мэдээлэл нь 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна гэсэн гомдол мэдээлэл ирээд байна. Энэ нөхцөл байдлаар тайлбар өгнө үү гээд Э.Б*******гаас тайлбар авч байсан. Албан шаардлагыг танилцуулахад Э.Б******* эрүүл  ахуйчаас өөр хүн байгаагүй.

Тухайн үед байгаа хүнд гардуулж албан шаардлагыг хүлээлгэн өгөөд энэ асуудлаар нь хэлээд явж байсан. Эрүүл ахуйч Э.Б*******гаас тайлбар авахад манай зах үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдаж байсан, яг үнээрээ зарагдаж байгаа гэтэл хөл хорио тогтоохоос өмнөх өдрүүдэд 115 дугаартай хэрэглэгчийн утсаар маш олон хүн хандсан. Үхрийн ястай мах 8500 төгрөгөөр худалдаж байсныг гомдол гаргасан хүмүүс нотлоод байгаа юм. Махны лангуу түрээслэгчээр гэрчээр тайлбар авсан. Ж.Оюунтунгалаг тайлбар өгсөн. Үхрийн махны дундаж үнийг зах зээлийн дундаж ханшид нийлүүлэн хэрэглэгчийн боломжит үнэ бүхий махаар хангаж ажилласан. Улсын байцаагчийн шаардлагыг тавихад үнийг буулгах боломжгүй гэж хэлсэн яагаад гэвэл “Хүчит шонхор” зах дээр нэмээд байна, нэмэгдээд ирсэн учир бид нар 3000 төгрөг нэмэхээс өөр аргагүй гэдэг тайлбар өгч байсан. Хөл хорио тогтоох шийдвэр гарсныг далимдуулаад цар тахалтай холбоотойгоор 115 тоот албан шаардлага бол Таван-Эрдэнэ зах биелүүлж ажиллаагүй гэж үзэж байгаа. Удаа дараа бид нар зурагтаар, хэвлэл мэдээллээр, цахим хаягаар агентлагийн даргын гарын үсэгтэй албан шаардлагыг өгөөд  тухай бүрд нь хяналт шалгалт тавиад ажиллаж байхад Таван-Эрдэнэ зах дотоод хяналтаараа нийт түрээслэгч иргэддээ хяналт тавьж, зөвлөмж хүргэж ажиллаагүй  байсан. Ямар ч үндэслэлгүйгээр махны үнийг нэмсэн байна гэж үзээд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6  дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан юм.

...Гэрч Э.Б*******гийн мэдүүлгийг тодорхой бус хариулт гэж үзэж байна. Тухайн үед шийтгэлийн хуудсыг буруу үйлдсэн. Мэдүүлэг аваад шийтгэлийн хуудсаа гардуулж өгөхдөө бүх материал дээр гарын үсэг зуруулаад биечлэн гардуулж өгч байсан. Эх хувь нь нягтланд, дунд хувь нь хэргийн материалд, гурав дахь хувийг гардуулж өгч байсан. Хүлээн зөвшөөрөхгүй би энийг яах юм бэ, гээд авсан. Удирдах албан тушаалтандаа хүргэж өгөөрэй, 20 сая төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас байгаа  юм гэж өгч байсан.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манайх энэ зөрчлийг үйлдээгүй гэж байгаа юм байна.Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан. Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт аж ахуй эрхлэгч гэж хэн бэ, хуульчилж тодорхойлсон. Монгол улсад бүртгэлтэй аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд хамаарна гэж байгаа юм. Үүнд нь 5 эрдэнэ зах, “И т” ХХК нар хамаарна гэж харагдаж байгаа юм. Үүний дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Тухайн үед хөл хорио тогтоосон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монголд ковид-19 илрээд албан ёсоор батлагдсан. Үүний дагуу эстратекийн хүнсний бүтээгдэхүүн мах, сүү гэж явдаг. Захууд дээр махны үнийн өсөлт явсан. Үүнтэй холбоотой гомдлууд их ирсэн. Засгийн газрын 78 дугаар тогтоолоор үүргийг хүлээлгэсэн. Хэт нөөцлөх, дамлан худалдах, үнийн хөөргөдлөөс сэргийлж ажиллана уу, гэдэг үүргийг өгсөн. Ковид-19 цар тахлыг далимдуулаад яаж байгаа вэ, гэхээр хэт үнэ тогтоох зөрчил гаргаж байгаа нь тодорхой болсон. Хууль зүйн хувьд үнийг тогтоох боломжгүй байна. Олон улсдаа юу гэж үзээд байна вэ, гэвэл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдаанд орно гэж манай байгууллага бусад орны хэрэглэгчийн болон өрсөлдөөний байгууллагуудын сургалтад сууж байгаа. Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны акт гэдэгт ковид-19 цар тахлыг далимдуулаад үнэ хөөрөгдөж байгаа асуудал нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга дээр багтах юм байна гэж ойлгож байгаа. Хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж харж байгаа болохоор шийтгэл оногдуулсан байгаа.

... Э.Б******* холбогдогч байхад мэдүүлэг авсан гэж байна. Энэ тохиолдолд зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа хүнийг холбогдогч гэж үзнэ гэсэн хуулийн заалттай. “И т” ХХК-ийг тогтоогоод мэдүүлэг авах байсан. Үүн дээр Э.Б*******гаас авсан нь алдаа гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ яагаад ийм алдаа гаргасан бэ, гэхээр гүйцэтгэх захирал Баянхонгорт байсан гээд тайлбар хэлсэн. Дээрээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа болохоор хуулийн 5 хоногийн хугацаатай байсан болохоор тэгж шийдвэрлэхээс өөр арга байхгүй байсан. Зөрчлийн хэргийн оролцогч байхад нь мэдүүлэг авсан уу, гэвэл үгүй. “И т” ХХК-тай холбоотой зөрчлийн хэргээс болоод хохирсон гэж байвал холбогдогч буюу буруутгагдаж байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохгүй гэсэн хуулийн заалт юм. Гэрчийн өгсөн мэдүүлгээс харахад 2013 оноос хойш ажилсан захиралтайгаа шууд харилцдаг хүн гэж ойлголоо.  Шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг буюу ямар нэгэн монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хамаарах заалт биш юм. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа заавал байхыг шаардаж байгаа дээр санал нэг байгаа.

Гэхдээ үнэ өсгөж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэх юм уу гэвэл үгүй гэж хариулж байна. 5 эрдэнэ захын мах өдөр 15 цагт дуусчихлаа. Өндөр үнээр махаа борлуулж байгаа энэ компани нь маргааш тухайн авч байгаа газраасаа өндөр үнээр аваад бусад зах худалдааны төв дээр адилхан шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлана гэж харж байгаа. Энэ агуулгаараа өрсөлдөөнийг хязгаарлана. Тухайн үед махны эрэлт өссөн, ковидын нөлөөллөөс болоод махаа өндөр үнээр зараад бусад нийлүүлэгчээсээ өндөр аваад өөрсдөө илүү шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байгаа үйлдэл байнга гарах боломжтой гэж харж байгаа учраас өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэдгийг хангана гэж үзэж байгаа. Тээврийн зардал өссөн гэдэг бол нийт махны тээвэрлэлтийн зардал 10000 төгрөгөөр өссөн гэдэг нь 300-500 грамм мах авах юм бол түүндээ хуваагдаад авах ёстой. Түрээслэгч түрээсийн гэрээтэй холбоотой гэрээний чөлөөт байдалтай нийцнэ гэж байна гэвэл “Итгэлт билэг трейд” ХХК нь яагаад эрүүл ахуйч ажиллуулж байгаа юм. Мах гэдэг тодорхой хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндтэй холбогддог учраас заавал эрүүл ахуйч байхыг шаарддаг. Тодорхой хэмжээнд махны худалдаанд оролцох ёстой гэдэг агуулгыг хэлэх гэсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтэрсэн байна гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоочихлоо гэж харж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дүгээр зүйлээс 14.4 дүгээр зүйл хүртэл заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Мөн хуулийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байгаа. Мэдэгдсэн гэдэг дээр маргаан өрнөх гээд байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 6949 дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн захирамж байгаа.

Үүн дээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юу гэж хэлсэн бэ, гэвэл энэхүү шийдвэрийг манай компани эрх бүхий этгээдүүд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч манай компанийг дуудах үед мэдсэн. Утсаар дуудах үед мэдсэн юм бол телевизээр үзээд маргааш нь эрүүл ахуйчаа явуулаад тэр талаар нь мэдээлэл авсан гэж үзэх үү, үгүй юу гэдэг дээр  хариуцагчийн зүгээс мэдсэн гэж ойлгож байгаа. Мэдсэн учраас 30 хоногийн дотор гомдлоо гаргаад шүүхэд хандах бүрэн эрх нь байсан. Гэтэл хугацааг хэтрүүлээд 2021 оны 05 дугаар сард мэдсэн гэж маргаж байгаа нь учир дутагдалтай гэж харж байгаа. Гэрч хэлэхдээ н.Цэрэндулам дарга телевизийн мэдээлэлтэй холбоотой гайгүй гэж хэлсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй бас нотлох баримт байхгүй. Мөн гэрч ороод манай байцаагчийг анх удаа харж байна гэж байна. Бид нар нь өмнө уулзсан, утсаар ярьсан гээд олон процессыг үгүйсгэж байгаа нь гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Шийтгэл оногдуулсан маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгч танилцуулсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, тайлбар, холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:” гээд мөн зүйлийн 4.7 дахь заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад хариуцагч нь маргаж буй 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа дээр дурдсан хуулийн зохицуулалтын “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь ...” гэх хэсэгт хамаарах зөрчлийг гомдол гаргагч гаргасан гэж үзжээ.

1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээг үзэхэд тухайн хэм хэмжээг хэрэглэхийн тулд зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа этгээд нь “... өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” шинжтэй үйл ажиллагаа явуулсан байхыг шаардах бөгөөд түүнээс гадна хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болохыг хариуцагч тогтоохыг шаардаж байна.

1.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч “И т” ХХК-ийг дээрх үндэслэлээр зөрчил гаргасан гэж буруутгахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.5. Тодруулбал, хариуцагч нь “... И т ХХК нь үнэ хөөрөгдөж, 8500 төгрөгөөр худалдаалж байсан үхрийн махыг хөл хорионы үед 10500 төгрөгөөр худалдаж байсан нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйлдэл мөн ...” гэх агуулгаар тайлбарлах боловч бодит байдал дээр гомдол гаргагч компанийг мах худалдаалдаггүй, зөвхөн талбай түрээслэх үйл ажиллагаа явуулдаг болохыг хяналт шалгалт хийхдээ бүрэн судлан тогтоогоогүй байна.

1.6. Тухайлбал, хариуцагч улсын байцаагч нь “Т*******” захыг хариуцан ажиллуулдаг “И т” ХХК-ийн зүгээс талбай түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг нотлох баримтаар татан авч судлах, тэгснээр махны үнийг үндэслэлгүй өсгөсөн бол тэр талаарх хариуцлагыг хэн хүлээх талаар тухайн гэрээнд зохицуулалт байгаа эсэхийг тодруулах боломжтой байсан атал тэр талаар нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа гомдол гаргагчийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

1.7. Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд[7] “... Т******* худалдааны төв нь махны үнийн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангаж дотоод хяналтаа тавьж ажиллаагүй ...” гэсэн нь ойлгомжгүй.

1.8. Учир нь, гомдол гаргагч “И т” ХХК-ийн хувьд махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах, үнийн талаар зохицуулалт хийх үүрэгтэй байсан гэдэг нь ямар баримт бичгийн хүрээнд тодорхойлогдож, нотлогдож байгаа гэдгийг хариуцагч тогтоогоогүй атлаа гомдол гаргагчийг тийм үүрэгтэй байсан гэж буруутгасан нь хуульд нийцээгүй байна.

1.9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... тус захад лангуу түрээсэлж байсан тодорхой иргэдийг мөн энэ үндэслэлээр торгосон ...” гэх агуулгатай тайлбар хэлснийг дурдах нь зүйтэй бөгөөд уг тайлбараас үзэхэд махны үнийг үндэслэлгүй хөөрөгдсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байна гэж дүгнэхээр байна.

1.10. Иймд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” гэх зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.

Хоёр.Хариуцагчийн үйл ажиллагааны үндэслэлийн талаар:

2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гээд мөн зүйлийн 1.2 дахь заалтад “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж заажээ.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж зохицуулжээ.

2.3. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн шалгуулж буй хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг зайлшгүй тогтоосон байх үүрэгтэйгээс гадна тэрхүү хууль ёсны төлөөлөгчид шийтгэлийн хуудсыг мэдэгдэж, гардуулах үүрэгтэй болно.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн хариуцагчийн тайлбараас үзэхэд “И т” ХХК-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирал З.Пыг оролцуулаагүй, оролцох боломжгүй байсан бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуульд зааснаар томилуулаагүй, мөн шийтгэлийн хуудсыг тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч болох З.П, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулаагүй болох нь тогтоогдож байна.

2.5. Тиймээс хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчиж, хууль ёсны төлөөлөгч биш этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар түүнд шийтгэлийн хуудсыг гардуулсан гэж шүүх дүгнэлээ.

2.6. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гээд мөн зүйлийн 1.1 дэх заалтад “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж заажээ.

2.7. Гомдол гаргагч “И т” ХХК нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” гэх зөрчил гаргасан гэдэг нь ил тодорхой биш, түүнчлэн зөрчил, бусдад учруулсан хохирлыг нотлох шаардлагатай байхад хариуцагч нь тэрхүү ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтыг баримтлан хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

2.8. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу маргаж буй 00******* дугаартай шийтгэлийн хуудас хууль бус захиргааны акт болно.

Гурав. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн талаар:

3.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдол гаргагчийн гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан.

3.2. Тус хүсэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

3.3. Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд маргаж буй шийтгэлийн хуудсыг хариуцагч улсын байцаагч Д.Г гомдол гаргагч “И т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд гардуулаагүй, харин 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн эрүүл ахуйч ажилтай Э.Б*******д гардуулсан, шийтгэлийн хуудас гарсныг тус компанийн эрх бүхий албан тушаалтан болох Захирал З.П 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/27 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан үйл баримт тогтоогдсон.

3.4. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1305 тоот албан бичгээр “И т” ХХК-ийн гомдолд хариу өгсөн байх тул энэ цаг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

3.5. Тиймээс гомдол гаргагчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “И т” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Ггийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 97 дахь тал

[2] Мөн тэнд

[3] Мөн тэнд, шүүх хуралдаанд өгсөн гэрч Э.Б*******гийн мэдүүлэг

[4] Хх 2 дахь тал

[5] Хх 6 дахь тал

[6] Хх 7 дахь тал

[7] Хх 20-21 дэх тал