Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02768

 

2019 оны 12 сарын 17 өдөр

     Дугаар 183/ШШ2019/02768

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 00 тоотод байрлах, М ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ажилчны гудамж,  00 тоотод байрлах, Н ХХК /рд:0000000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29 157 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б /ШТЭҮД-0000/, хариуцагчийн өмгөөлөгч С.Д /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хариуцагч Н ХХК-д нийт 33 793 060 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч компаниас хүлээн авсан барааны төлбөрөө цаг тухайд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын оронд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан, нэхэмжлэгч нь нийт 9 671 000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч компанид нийлүүлсэн боловч хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 4 331 000 төгрөгийг төлж үлдэгдэл 5 340 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, үүний алданги 2 670 000 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 934 000 төгрөгийн хуванцар цонхны бэлдцийг хариуцагчид нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн, мөн алданги 2 967 000 төгрөг болж байна. Талуудын хооронд үлдэх 18 188 060 төгрөгт аман байдлаар гэрээ байгуулж, бараа нийлүүлсний дараа төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч одоог хүртэл дээрх үнийн бүх хүлээн авсан барааны төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс удаа дараа хүлээн авсан барааны төлбөрөө төлж бүрэн төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд талуудын эрх бүхий хүмүүс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, Н ХХК нь М ХХК-иас нийт гэрээнүүдийн үнийн дүнд 33 793 060 төгрөгийн бараа хүлээн авч, 10 273 060 төгрөг төлсөн, үлдэгдэл 23 520 000 төгрөг болохыг харилцан баталж, акт үйлдэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан худапдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөг, алданги нийт 5 637 000 төгрөг, нийтдээ 29 157 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэв.

 

Хариуцагч Н ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд байгуулсан худапдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг хариуцагч компаний захирал нь хүлээн зөвшөөрч байгаа учраас маргахгүй. Алдангийн хувьд гэрээний заалтыг ярьж байгаа ч тухайн компанид энэ мөнгийг төлөөгүй байснаар ямар хохирол учирсан бэ гэдгийг нотолсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг заасан. Мөн хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох гэж заасан. Тус заалтын 63.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан тул энэ төлбөрийг бид төлөхийг зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр гэрээнд алданги төлөхөөр заасан боловч энэ талаараа шаардлагадаа дурдаагүй учраас хангах боломжгүй” гэв.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23 520 000 төгрөг, алданги 5 637 000 төгрөг нийт 29 157 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27, 2017 оны 8 дугаар сарын 08, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, мөн хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.    

 

Харин хариуцагч нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан, гэрээнд алданги төлөхөөр заасан боловч энэ талаараа шаардлагадаа дурдаагүй учраас алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч М ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “...нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөг, алданги нийт 29 157 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон бөгөөд уг үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн төлсөн байна. Улмаар шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн 29 157 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид гардуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.4, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т тус тус алданги тооцох талаар талууд тохиролцсон нь хуулийн дээрх заалттай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэлд 23 520 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан алданги 5 637 000 төгрөг, нийт 29 157 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө нь тус шүүхэд “...шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өмгөөлөгч С.Д-г оролцуулахад татгалзахгүй” гэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 29 157 000 гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ