Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 03197

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/03197

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.Б-д холбогдох

 

Түрээсийн төлбөр болон бусад зардлын 28 381 583 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

 

Олох байсан орлого 8 426 141 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Б.Бтай танилцаж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотын өргөтгөлд байрлах хүнсний Танзуур дэлгүүрийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа мөнгө 5 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдлийг нь Б.Бд 15 600 000 төгрөг хүлээлгэн өгсөн.Б.Б манай дэлгүүр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, 10 жил ажилласан, хүнээ татсан, ашиг орлого сайн, түрээсийн гэрээ засвар дууссаны дараа хэрэгжинэ, энэ хугацаанд дэлгүүрийн засвар үйлчилгээг та өөрийн хөрөнгөөр хийж, засан сайжруулж болно, гарсан засвар үйлчилгээний зардлыг түрээсийн 2 дахь жилийн түрээсийн төлбөрөөс суутган тооцно гэхээр нь өөрийн хөрөнгөөр дэлгүүрийн засварыг эхлүүлсэн.Засвар тохижилт дуусаж 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлэхээр шаардахад намайг дэлгүүр ажиллуулж бай ордер банкны барьцаанд байгаа учир гэрээ байгуулах боломжгүй байна гэж удаа дараа хойшлуулан 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүргэсэн.Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулж эхэлтэл хорооны цагдаагийн байгууллагаас удаа дараа тусгай зөвшөөрөл шаардаж, хааж, торгож байсан.Ажиллах боломжгүй шалтгааныг түрээслүүлэгчид хэлэхэд тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж байгаа, энэ байр минийх биш ахын байр, ах АНУ-д амьдардаг.Иймд түрээсийн гэрээ хийхэд би оролцох нь хуулиар харшилсан явдал болоод байна гэж хэлээд энэ хугацаанаас эхлээд би дэлгүүр ажиллуулах аман гэрээнээс татгалзаж, 11 сарын сүүлээр ажиллуулахаа больж байрыг Б.Бд хүлээлгэн өгсөн.Иймд Танзуур дэлгүүрийг засварласан материалын 8 067 200 төгрөг, засварын ажлын хөлс 3 800 000 төгрөг, 12 сарын түрээсийн төлбөр 15 600 000 төгрөг, 2016 оны 1-8 дугаар сарын цахилгааны төлбөр 616 440 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 297 943 төгрөг нийт 28 381 583 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:К ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр уг  түрээсэлж  байсан дэлгүүрийг хүлээлгэн өгсөн, 2017 оны 11 дүгээр сард тухайн дэлгүүрийг түрээслэх боломжгүй гэдэг талаараа Б.Бд хэлсэн, уг дэлгүүр нь  Б.Бы нэр дээр байдаггүй, тухайн дэлгүүрийг 8 нэрийн хүнсний дэлгүүр болгох гэтэл Б.Бых биш учир 8 нэрийн дэлгүүр болгох боломжгүй болсон, 2017 оны 11 дүгээр сараас тухайн дэлгүүрийг ажиллуулаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тухайн дэлгүүрийг хүлээлгэн өгсөн.Манайх 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тухайн 6 нэрийн барааны дэлгүүрийн түрээсийн төлбөрийг хариуцана.Засварын зардал асуудал бол 8 нэрийн дэлгүүрээр ажиллуулах боломжгүй болсон учраас нэхэмжилж байгаа Баярсайханы өөрийх нь тайлбар хавтас хэргийн 75 дугаар хуудсанд байгаа.Баянгол  дүүргийн  Цагдаагийн хэлтэст гэрчийн мэдүүлэг өгөхдөө 8 нэрийн хүнсний дэлгүүрээр ажиллуулах боломжгүй талаараа хэлсэн.Б.Б засвар хийсэн талаар мэдсэн байсан тухайн дэлгүүр үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй байсан учраас нэхэмжлэгч тал засвар хийсэн байдаг.Одоо түрээсийн илүү төлсөн төлбөрийн 9 100 000 төгрөг, засварын зардлын 10 443 440 төгрөг, цахилгааны төлбөр 6 160 440 төгрөг, СӨХ-ны 297 943 төгрөг нийт 20 458 233 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Манай дэлгүүрийг Танзуур гэдэггүй, 6 нэрийн барааны дэлгүүр бөгөөд 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.П.Баясгалантай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин К ХХК-тай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сарын 1 300 000 төгрөгөөр тооцож, эхний жилийн түрээсийн төлбөрийг бөөнд нь 15 600 000 төгрөг өгнө гэж тохиролцсон боловч үйл ажиллагаа эхэлснээс хойш түрээсийн төлбөрийг сар сард нь өгөхөөр тохиролцсон. Гэрээ нь нэг хувь хийгдсэн К ХХК-д байгаа.Би П.Баясгалан болон К ХХК-иас 15 600 000 төгрөг авч байгаагүй, түрээслэгч бэлнээр сар бүр 2017 оны 3 дугаар сарыг дуустал өгсөн ба өөр газар үйл ажиллагаа явуулах болсон гэж дэлгүүрийн байрыг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн, 2016 оны 1-8 дугаар сарын цахилгааны болон СӨХ-ны мөнгийг түрээслэгчийг орохоос өмнө би өөрөө төлсөн. Түрээслэгч гарахдаа 2017 оны 3, 4 дүгээр сарын цахилгаан болон СӨХ-ны мөнгө төлөөгүй байсныг би төлсөн.Манай дэлгүүрийн гэрчилгээ банкны барьцаанд байхгүй, урьд нь барьцаанд тавигдаж байгаагүй.Манай дэлгүүрт засвар хийснийг 2017 оны 4 дүгээр сард хүлээлцэхэд мэдсэн, эхний жил түрээслээд үзье, 2 дахь жилээс үргэлжлүүлэх бол засвар болон түрээсийн төлбөрийг дахин ярилцахаар болсон, тэд өөрсдөө 8 нэрийн барааны дэлгүүр болгож болох уу гэхэд нь хэрэв өөрсдөө чадна гэвэл надад татгалзах зүйлгүй гэсэн.Өөрсдөө надаас зөвшөөрөл авалгүй дураараа засвар хийчихээд надаас мөнгө нэхэх ёсгүй.Уг нь манай байр засвар сайтай, ойрын 1-2 жилдээ засвар хийхээргүй байсан.Цагдаагийн байгууллагаар намайг шалгуулаагүй, тухайн үед гэрчийн мэдүүлэг өгсөн, дэлгүүр миний нэр дээр биш ахын нэр дээр байдаг гэдгийг анх уулзахдаа л хэлж байсан, байрны гэрчилгээг хуулбарлаж өгсөн, надаас нэхэмжилсэн 28 381 583 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, К ХХКомпани байвал 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийг дуусталх 25 хоногийн түрээсийн мөнгө 1 083 500 төгрөг, 2017 оны 3, 4 дүгээр сарын цахилгааны 197 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 70 000 төгрөг нийт 1 350 500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 8 нэрийн барааны дэлгүүр байсан гэж тайлбарласан байдаг.Б.Быг ашиг орлого муу дэлгүүр түрээсэлсэн гэж байна.Хуурч мэхэлсэн талаар хэлж байна 6 нэрийн барааны дэлгүүр байсан нь үнэн манайх хэрвээ материалаа бүрдүүлээд өгвөл ахыгаа АНУ-аас авчирч болно гэсэн 2 хүний муудалцсан асуудлаас болоод гэрээ цуцлагдсан.Тухайн дэлгүүр өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан учраас эрүүл ахуйн шаардлага хангасан дэлгүүр байсан. Өөрсдөө 5 жилийн хугацаатай түрээслэх учраас засвар хийсэн гэж тайлбар өгдөг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хууль сануулсаар байтал шүүхэд худлаа ярьсан зүйл байхгүй, үнэндээ бол Баясгалан Уранчимэг нар л хоорондоо муудалцсан асуудлаас болоод дэлгүүр түрээслэх гэрээгээ цуцалсан асуудал манай талтай  ямарч  хамааралгүй түрээсийн гэрээгээ цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Б нь К ХХК-ийн захирал П.Баясгалантай 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 5 жилийн хугацаатай, ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан.Тухайн гэрээнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт сард 1 300 000 төгрөг нийт 15 600 000 төгрөг өгөхөөр, гэрээг жил бүр сунгаж байхаар тохиролцсон. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг байхаар, төлбөрөө сар бүр эсвэл бөөнд нь төлөх эсэхийг гэрээ тодотгох үед харилцан тохиролцоно гэсэн аман хэлцэл хийсэн.Б.Б тухайн ажлын байр, орон сууцаа урьд нь сард 2 000 000 төгрөгөөр түрээслэж ирсэн, учир нь ажлын байр нь 2 өрөө байр, 1 өргөтгөлтэй.Түрээслэгч К ХХК, түүний захирал Д.Баясгалан, Б.Уранчимэг нарын хоорондын маргаан, үл ойлголцолоос болж ажлын байр, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалгүй 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш Б.Б нь түрээслэгч олж чадахгүй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүргэж байж түрээслэсэн.Түрээслэгч нь ажлын байр, орон сууцыг 5 жилээр түрээслэнэ, эхний жил болон хүлээлгэж өгөхдөө засвар хийнэ, 2 дах жилээс түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон боловч түрээслэгчид нь өөрсдийн буруугаас болж гэрээнээс татгалзчихаад Б.Бы буруу мэтээр хандаж болохгүй юм.Б.Б нь тухайн ажлын байрыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бусдад түрээслэж 17 466 666 төгрөгийг олох байсан бөгөөд үүнээс К ХХК-д оногдох 50 хувьд тооцож 8 733 333 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 150 000 төгрөг нийт 8 883 333 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс цахилгааны төлбөр 616 440 төгрөг, СӨХ-ны зардал 297 943 төгрөгөөс К ХХК-ийн хариуцах 50 хувь болох 457 192 төгрөгийг хасч, 8 426 141 төгрөгийг К ХХК-иас гаргуулахыг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Б.Б 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцаа хүлээн авснаа зөвшөөрсөн байна.Энэ хугацаанаас хойш түрээслэх эсэх нь хариуцагчийн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгчтэй хамаагүй, олох байсан орлого, СӨХ-ны зардал, цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч компани хариуцах боломжгүй байна.Иймд Б.Бы 8 426 141 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХомпани нь хариуцагч Б.Бд холбогдуулан дэлгүүр засварласан материалын 8 067 200 төгрөг, засварын ажлын хөлс 3 800 000 төгрөг, 12 сарын түрээсийн төлбөр 15 600 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын цахилгааны төлбөр 616 440 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 297 943 төгрөг нийт 28 381 583 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн дүнгийн зарим хэсгээс татгалзаж, илүү төлсөн түрээсийн төлбөрийн 9 100 000 төгрөг, засварын зардлын 10 443 850 төгрөг, цахилгааны төлбөр 616 440 төгрөг, СӨХ-ны 297 943 төгрөг нийт 20 458 233 төгрөгийг Б.Баас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Б.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ажлын байрыг бусдад түрээслэн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 17 466 666 төгрөгийг олох байсан үүнээс К ХХК-д оногдох 50 хувьд тооцож 8 733 333 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 150 000 төгрөг нийт 8 883 333 төгрөгөөс цахилгааны төлбөр 616 440 төгрөг, СӨХ-ны зардал 297 943 төгрөг зэргээс К ХХК-ийн хариуцах 50 хувь болох 457 192 төгрөгийг хасч, үлдсэн 8 426 141 төгрөгийг К ХХК-иас гаргуулах сөрөг шаардлага гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

К ХХКомпани нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууц болон өргөтгөлтийг хүнсний /6 нэрийн/ дэлгүүрийн зориулалтаар 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, сарын 1 300 000 төгрөгийн төлбөртэй түрээслэх хэлцлийг Б.Бтай хийсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна./хх 81/

 

Мөн К ХХКомпани нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотод байрлах, өргөтгөлтэй байранд хүнсний /6 нэрийн/ дэлгүүр ажиллуулахаар болж уг барилгад засвар хийсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

 

К ХХК нь түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Бы 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн тайлбар, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Баясгалангийн эзэмшлийн гар утсан дах бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ тухайн түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийг 8 нэрийн барааны дэлгүүр болгон өөрчлөх гэхэд уг хөрөнгө нь түрээслүүлэгчийн өмчлөлийн хөрөнгө биш байсан тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байх ба энэ талаар хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан байна.

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотод байрлах, 2 өрөө бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Батсайханы Баярцэнгэл болох нь 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000243327 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

 

Хариуцагч Б.Б нь К ХХК-д бусдын хөрөнгийг ашиглуулж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын гэрээнээс татгалзсан үйлдэл үндэстэй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг Б.Бд буцаан хүлээлгэн өгсөн үеэс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийн мөнгийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй тул Б.Б 9 100 000 төгрөгийг К ХХК-д төлөх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 1 тоот байранд 2016 оны 8 дугаар сард хийсэн засварт зарцуулсан материалын болон ажлын хөлсний зардалд 10 433 850 төгрөгийг зарцуулсан болох нь Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай тайлан, дүгнэлтээр нотлогдож байх тул энэхүү зардлын 10 433 850 төгрөгийг Б.Баас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын цахилгааны төлбөр 616 440 төгрөг болон сууц өмчлөгчдийн холбооны 297 943 төгрөг нийт 28 381 583 төгрөг гаргуулах шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:Хариуцагч Б.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотод байрлах өргөтгөлтэй орон сууцыг бусдад ашиглуулах эрхтэй эсэх нь тодорхой бус байхад түүнийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд орлого олох байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууцны өргөтгөл бүхий барилгад нэхэмжлэгчээс хийсэн засварын зардалд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг томилж ажиллуулсан бөгөөд энэхүү шинжээчид төлсөн 150 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага төлөх үндэслэлгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 310 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 149 770 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсан 19 543 850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 255 669 төгрөгийг Б.Баас гаргуулан К ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Б.Б-аас 19 543 850 /арван есөн сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулан К ХХК-д олгож, үлдсэн 914 383 /есөн зуун арван дөрвөн мянга гурван зуун наян гурван/ төгрөг болон К ХХК-иас 8 426 141 /найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах Б.Б-ны сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 310 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 149 770 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Б-аас 255 669 /хоёр зуун тавин таван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан К ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН