Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

  

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

            Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн А-д холбогдох эрүүгийн 2313000000129 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын .... дүгээр баг “Х” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт А-ийн А-, регистрийн дугаар БГ...............,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А- нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ардчиллын Өргөө байрны 1 давхарт байрлах “Smart store” дэлгүүрээс хохирогч Т.Х-ий “LG G8” загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Тухайн утсанд А.А- нь сэвтээж зураас бий болгосон тул түүний үнэ 400000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй, нэмж нэхэмжилсэн зүйлгүй” гэв.

2. Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохиролд нэхэмжилсэн 400000 төгрөгийг миний үйлчлүүлэгч төлж өгөх болно. Харин сэв зураас толбо үүсгэсэн утсыг шүүгдэгчид олгох нь зүйтэй” гэв.

 

Эрүүгийн 2313000000129 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

4. Иргэн Т.Х-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

 

6. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

 

7. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-21 дэх тал/,

 

8. Хохирогч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дэх тал/,

 

9. Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0115 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-44 дэх тал/,

 

11. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадалгааны 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

12. Шүүгдэгч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэргийг,

 

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадалгааны 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/, шүүгдэгч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 83-102 дахь тал/, гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /хавтаст хэргийн 35 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

           

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч А.А- нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ардчиллын Өргөө байрны 1 давхарт байрлах “Smart store” дэлгүүрээс хохирогч Т.Х-ий “LG G8” загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

17. Иргэн Т.Х-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

 

19. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

 

20. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-21 дэх тал/,

 

21. Хохирогч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Смарт сторе” гар утасны худалдааны төвөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 16:20 цагийн үед LG G8 загварын 128 GВ багтаамжтай цоо шинэ гар утас хулгайд алдагдсан байна. Тухайн өдрийн хяналтын камерыг шүүж үзэхэд камерын цагаар 17:30 цаг харин Өлгийн цагаар 16:20 цагийн үед хар өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн куртиктэй 18-25 орчим насны эрэгтэй хүн манай худалдагч С.С-ээс LG G8 загварын 128 GВ багтаамжтай цоо шинэ гар утсыг авч үзэж сонирхоод бараг 1 цаг орчим зогсож байгаад манай худалдагч нар өөр хүмүүст үйлчилгээ үзүүлээд холдоод явах үед тухайн гар утсыг аваад явчихсан байна. Би тухайн хяналтын камерын бичлэгийг хүлээлгэн өгч байна. Тухайн гар утас нь цоо шинэ гар утас бөгөөд LG G8 загварын 128 GВ багтаамжтай, имей дугаар нь 359964100159908 юм. Манайх 400,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Энэ хэргийн улмаас надад 400,000 төгрөгийн хохирол учирч байна. Уг хулгайд алдагдсан гар утас шинэ утас байсан юм. ...би тухайн гар утсыг харлаа. Гар утасны арын хэсэгт нь 2 жижиг зураас, сэв үүссэн байна. Хулгайд алдагдах үед ямар нэгэн сэв зураас байхгүй байсан. Харин одоо ар талдаа сэвтэй утсыг хүмүүс худалдаж авдаггүй юм. Би тухайн гар утас хулгайлсан гэх А.А- гэх залуутай уулзаж тохиролцлоо. Тухайн залуу нь надад гар утасны үнэ болох 400,000 төгрөгийг өгч тухайн гар утсыг авахаар болж тохиролцлоо...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дэх тал/,

 

22. Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай гар утасны худалдааны төвд Өлгийн цагаар 16:20 цагийн үед “Nike” гэсэн бичигтэй саравчтай малгайтай, ногоон өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй 18-25 орчим насны эрэгтэй хүн ирээд надаас LG G820N загварын гар утас авна хэмээн сонирхсон. Би тухайн хүнд хар хөх өнгийн LG G820N загварын гар утсыг лангуунаас авч өгсөн. Тухайн хүн уг утсыг авч сонирхож, сим картаа хийж хүнтэй ярьж байсан, мөн фейсбүүк татаж оруулж байсан, би тухайн залууг уг утсыг худалдан авах юм байна хэмээн бодоод өөр ирсэн хүмүүст гар утас үзүүлээд явж байсан юм. Тухайн залуу өөрөө гартаа Sumsung 67 energy загварын гар утас барьж байсан юм. Уг залуу тухайн гар утсыг авч бараг 1 цаг гаруй сонирхоод зогсож байсан юм. Харин намайг өөр хүмүүст утас үзүүлээд холдоод явангуут тухайн гар утсыг авч явсан байна. Нэг харахад тухайн залуу гараад явсан байсан бөгөөд, тухайн гар утсыг авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

23. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0115 дугаартай “...2023 оны 5 дугаар сарын байдлаар шинэ LG G8 загварын 128 GВ багтаамжтай гар утас 400,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-44 дэх тал/,

 

24. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадалгааны 12 дугаартай “...А.А- нь 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр сэтгэцийн хувьд эрүүл байсан. ...А.А- асуусан асуултанд үнэн зөв тусгаж мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. А.А- нь ухаан санаа нь гүйцэт хөгжсөн, хэрэг болсон үед сэтгэхүйн насанд хүрсэн хүний адил сэтгэж үйлдэл хийж байсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

25. Шүүгдэгч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын 2313000000129 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа прокурорын тогтоолтой холбоотой гомдол санал байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Смарт Сторе нэртэй гар утасны дэлгүүрээс гар утас сонирхоод очсон, улмаар тус дэлгүүрийн лангуунд байсан LG G8 загварын гар утсыг үзэж сонирхож зогсож байтал худалдагч нар нь өөр тийшээ анхаараад намайг нэг их тоохгүй байхаар нь гар утсыг барьж зогсож байгаад л шууд дэлгүүрээс гараад яваад өгсөн. Би тухайн үед гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. ...тухайн гар утсыг би хулгайлах үед ямар нэгэн сэв зураас байгаагүй, цоо шинэ гар утас байсан. Улмаар би гар утсыг ашиглаж байх явцад гарнаасаа унагаасан тул гар утасны ар тал нь зурагдаж бага хэмжээний сэв үүссэн юм. Би 2022 оны 9 дүгээр сарын үед мотоциклээс унаж толгойндоо гэмтэл авсан тул толгойдоо хагалгаа хийлгэж байсан. Тэр цагаас эхлэн миний толгой өвдөх болсон. Тиймээс Б- гэх эмчийн хяналтад байдаг. Мөн 2023 оны 1 дүгээр сараас эхлэн групп буюу хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авдаг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

27. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

28. Шүүгдэгч А.А- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

29. Шүүгдэгч А.А-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын LG G8 загварын гар утсыг хулгайлж, Т.Х-д 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

31. Шүүгдэгч А.А-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Х-д 400.000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0115 дугаартай “...2023 оны 5 дугаар сарын байдлаар шинэ LG G8 загварын 128 GВ багтаамжтай гар утас 400,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-44 дэх тал/-ээр автаст хэргийн 26-29 дэх тал/-ээр тогтоогджээ.

 

32. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.  

 

33. Шүүгдэгч А.А-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Х-д 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн хохирол 400.000 төгрөгийг шүүгдэгч А.А-аас гаргуулан хохирогч Т.Х-д олгож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

35. Шүүгдэгч  А.А-аас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү, хохирогчийн нэхэмжилсэн 400000 төгрөгийг төлж өгөх болно” гэх мэдүүлгийг,

36. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

37. Шүүгдэгч А.А- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

39. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

41. Шүүгдэгч А.А- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 75 дахь тал/ тогтоогдож байна.  

42. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

44. Шүүгдэгч А.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус хуульчилжээ.

46. Шүүгдэгч нь хууль бусаар хулгайлж авсан гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн LG G8 загварын, цэнхэр өнгийн корпустай, 128 GB багтаамжтай, 359964100159908 имей кодтой гар утсыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

47. Шүүгдэгч А.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч А.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-аас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.Х-д олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн LG G8 загварын, цэнхэр өнгийн корпустай, 128 GB багтаамжтай, 359964100159908 имей кодтой гар утсыг хурааж, улсын орлого болгосугай.

 

9. Шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК