Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/398

 

 

 

   2023          05          17                                     2023/ШЦТ/398

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205018730775 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “дуудахад эргэж харсангүй” гэх шалтгаанаар хохирогч ***ы нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “5 дугаар сарын 18-ны өдөр тухайн хэрэг болсон. Прокурорын хэлсэнтэй санал нийлж байна. Эмчилгээний зардалд 3.600.000 төгрөг, эм тарианы мөнгө нийлээд 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байсан. Орой 00 цагийн үед ...Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арктай шар байрны баруун талд үл таних эрэгтэй хүн намайг дуудахаар нь тоохгүй явсан. Тэгтэл хойноос уг үл таних хүн гүйж ирээд “дуудаад байхад эргээд хардаггүй юм уу” гээд хараал хэлэх шиг болсон. Би уг залууг “яваад унтчих аа” гэж хэлсэн. Тэгтэл намайг “юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлж байснаа миний нүүр рүү нэг удаа цохисон. Одоо санаж байгаагаар үл таних хүмүүс л байх шиг байсан бид хоёрыг салгах гээд оролдсон байх. Уг үл таних залуу миний нүүр рүү дахиж нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Шинжээчийн 7421 тоот дүгнэлтэд: “...***ы биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 29-30/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Хохирогч *** 1-6 хүртэл дугаарласан зургаан хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр 4 дугаараар тэмдэглэлсэн хүнийг зааж “энэ залуу мөн байна” гэж хэлэв...” гэжээ. /хх-н 36-39/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа үл таних залуугийн нүүр рүү 2 удаа цохиж улмаар уг залуугийн хамар хэсэгт гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг залууд учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэжээ. /хх-н 46/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 15/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 16/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49, 51-58, 72-75/   зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “дуудахад эргэж харсангүй” гэх шалтгаанаар хохирогч ***ы нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ны мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ыг “дуудахад эргэж харсангүй” гэх шалтгаанаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохисон үйлдлийг улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ы эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд эмчилгээний зардал 3.600.000 төгрөг, эм, тарианы мөнгө нийт 4.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба тухайн хохирлын талаар баримтыг мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул дээрх хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт 3.669.000 төгрөг /хх-н 78/ гэсэн эмчийн жор авагдсан ба дээрх баримтаар хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь тухайн баримт нь ямар эмнэлэг, хэн гэдэг эмч бичсэн мөн ямар эмчилгээ, хагалгаа хийлгэх нь тодорхойгүй ба зүгээр үнийн дүн бичсэн байх тул дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх” эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.2 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд  дараах ял оногдуулна. 1.1-т нийтэд тустай ажил хийлгэх, 1.2-т зорчих эрхийг хязгаарлах, 1.3-т сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж, 8.3 дугаар зүйлийн 2-т “шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-с дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хохирогч *** нь шүүгдэгчийн учруулсан тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас яаралтай тусламж 161.000 төгрөг, эмийн эмчилгээ 212.500 төгрөг, амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, нийт 388.500 төгрөгийн үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн мэдээллээр /хх-н 66/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, үзлэгт эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож буй 388.500 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 180 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэтэй болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 388.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР