Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/418

 

 

 

 

    2023          05          23                                     2023/ШЦТ/418

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305010550761 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Файр нэртэй бааранд “найзыг цохисон” гэх шалтгаанаар ***ын биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед салгах гээд очиход манай найзыг цохиод унагаасан байсан. Манай найз шалан дээр унаад татсан байсан. ...уурандаа цохисон. Манай найз олон хоног ухаангүй, ой санамжаа алдсан байсан. Цохисон үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны 01 цагийн үед найз ***, хамт ажилладаг ах *** хоёрын хамт ороод нэг, нэг пиво уугаад 0.75 литрийн Эдин нэртэй архи авч гурвуулаа хувааж ууж байгаад бид гурав 00 орох гээд явж байтал бид гурвыг үл таних нэг залуу дуудаад “хөөе” гэхээр нь эргэж харчхаад өөр хүн дуудаж байгаа юм байна гэж бодоод яваад өгсөн. Тэгсэн араас уг залуу 00 руу орж ирээд намайг боож аваад тэгснээ зүүн нүд рүү хуруугаа хйих гэхээр нь би баяр болж байхад муудалцаад яах вэ гэж хэлээд салаад явсан. Тэгээд бид гурав бүжиглээд зогсож байтал нөгөө үл таних залуу ахиж ирээд намайг заамдаж аваад тэгснээ *** ахыг цохиод унагаасан. Тэгэхээр нь би яаж байгаан гээд уг залууг нэг цохиод авсан чинь цаанаас уг залуугийн найз нь бололтой нэг залуу ирээд миний зүүн чих хавь руу хоёр удаа цохисон. Тэгээд хамгаалагч ирээд хоёр гарыг нь бариад авсан чинь уг намайг цохисон залуу миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд хамгаалагч нар нь салгаад тэр хэдийг баарнаас гаргаад явуулсан. Миний хамарнаас цус гоожоод үлдсэн..” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой найзууд болох ***, ***, ***, *** нарын хамт хорооллын эцсийн “Файр” нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад ***, *** хоёр тамхи татах гээд гараад ***, *** бид гурав 00 орох гээд явж байхад араас үл таних залуу дуудаад байхаар нь бид 3 тоохгүй яваад өгсөн. Тэгээд нөгөө залуу араас 00-д ганцаараа орж ирээд яасан нь мэдэгдэхгүй хэрүүл өдөөд ***ыг заамдаж авсан. Тэгээд бид 2 салгаад гараад бүжгийн талбайд зогсож байтал нөгөө үл таних залуу араас ирээд ***ыг заамдаж авангуут *** тэр хоёрыг салгаж байтал үл таних залуу ***ын шанаа руу нь цохиод авсан. Тэгээд ***, ***ын хажууд очиход нөгөө үл таних залуу ***тай барьцалдаж аваад, *** тэр залууг цохиод унагаасан. Тэгэж байтал тэр цохиулсан залуугий найз бололтой нэг махлаг, 180 орчим см өндөртэй залуу ирээд ***ыг ширээн дээр унагааж байгаад цохиод байсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаж аваад жоохон сууж байгаад тэр баарнаас 30 орчим минутын дараа гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

  Шинжээчийн 3106 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамрын ясны зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 15-16/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4-5/, комптютер оношлогоо /хх-н 18/, хохирлын баримтууд /хх-н 18 ар/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-г 39-47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Файр нэртэй бааранд “найзыг цохисон” гэх шалтгаанаар ***ын биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “найзыг цохилоо” гэх шалтгаанаар түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохисон үйлдлийг улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс ажилгүй байсан үеийн цалин нэхэмжилсэн ба Төвшин Богд ХХК-д сарын 3.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хохирогчийн дээрх цалингийн тодорхойлолтоор түүнийг ажилгүй байсан үеийн цалинг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас хэдий хугацаанд ажилдаа яваагүй, нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Хохирогч нь ажилгүй байсан үеийн цалин болон хохирол хор уршгийн талаархи бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээнд гарсан 175.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 175.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР